Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 1348

 

МАГАДЛАЛ

 

2017.06.09                                              Дугаар 1348                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

Д.Цэвээндолгорын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/00850 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Цэвээндолгорын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар Төмөр зам"-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 3 282 989 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Энхтөгс,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч :О.Баясгалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Зочид буудлын зоогийн газрын удирдлага мэргэжилтэй, улсад 31 жил буюу Улаанбаатар Төмөр замын Баянбуурал амралтын тогооч, ерөнхий тогоочоор 1987 оноос 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл ажилласан. 2016 оны 10 дугаар сарын 28-нд Улаанбаатар Төмөр замын Дотоод аудит хяналтын албанаас 3 хүн санхүүгийн шалгалтаар ирсэн. Энэ үед би ээлжийн амралттай байсан, дуудагдаж ирж 6, 7, 8 дугаар саруудын ажлаа шалгуулсан. Шалгалтаар ямар нэгэн зөрчилж илрээгүй. Тухайн үед манай нөхөр Ж.Нармандах өөрийн ажиллуулдаг зоогийн газартаа тоолуур цахилгаан татсан байдаг бөгөөд цахилгааны төлбөрөө төлөөгүй гээд нэхэмжлэгч намайг байгууллагад хохирол учруулсан гэж үзэж Улаанбаатар Төмөр замын даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б-И-168 тоот тушаалаар Д.Цэвээндолгорыг ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлгүй. Дотоод аудитын шалгалтаар Д.Цэвээндолгорыг байгууллагадаа хохирол учруулсан талаар дүгнэлт гараагүй. Иймд нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин 3 282 989 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Д.Цэвээндолгор нь тус нийгэмлэгийн салбар нэгж болох "Баянбуурал" амралтын ерөнхий тогоочоор ажиллаж байсан бөгөөд нийгэмлэгийн Дотоод аудитын шалгалтаар өөрийн нөхөр болох Ж.Нармандахын хувиараа ажиллуулдаг цайны газарт хулгайгаар цахилгаан өгч түүнийх нь зардлыг "Баянбуурал" амралтын цахилгааны төлбөрт тусгуулж төлүүлж байсан нь илэрч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар халагдсан. Нэхэмжлэгч Д.Цэвээндолгорын ажлын байрны тодорхойлолтод "Зоогийн газрын ариун цэвэр, үйлдвэрлэл, үйлчилгээний бүх ажлыг удирдан зохион байгуулж ажиллана" гэж заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Хөдөлмөрийн гэрээний харилцааг шууд зогсоохоор тухайлан заасан буюу гэрээний 2.3-т "Нийгэмлэгийн өмч хөрөнгийг ашиглан шамшигдуулсан" зөрчил гаргасан учир ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д.Цэвээндолгорын "Баянбуурал амралтын ерөнхий тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 3 282 989 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх" тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар     нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сахилгын шийтгэл ногдуулсан 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн         Б-П-168 дугаар тушаалд "Байгууллагад хохирол учруулсан нь Дотоод аудитын хяналтын албаар тогтоогдсон" гэсэн зөрчлийг зааж халсан, уг зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа эсэх, уг зөрчлийг гаргасан эсэх зэргийг анхаарч үзээгүй. Анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар шийдвэрт заагаагүй. "Оч" зоогийн газар, караокед тус амралтын газрын эрчим хүчний эх үүсвэрээр цахилгаан авч хэрэглэх боломжийг олгож," гэж хуулийн болоод бодит үндэслэлгүйгээр дүгнэлтийг хийсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарахад нөлөөлсөн. Ж.Нармандахад хамааралтай хэрэг болохыг "Оч" зоогийн газрын цахилгааны хангамжид үзлэг хийсэн тухай 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн акт, цахилгааны хэмжих хэрэгсэлийн баталгаажилтын гэрчилгээ зэргээр нотлогдож байдаг. Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд заасан "Байгууллагад хохирол учруусан нь Дотоод аудит, хяналтын албаны шалгалтаар тогтоогдсон" гэсэн зөрчлийн талаар нотлоогүй. Нөгөөтэйгүүр шүүх хуралдаан дээр хэлэлцэгдээгүй асуудлын хүрээнд шүүх дүгнэлт гаргасан гэж үзэхээр байна. "Оч" зоогийн газар, караоке нь хэрэглэсэн цахилгааны төлбөрөө 2015, 2016 онуудад төлөөгүй, хэрэглэсэн цахилгааны төлбөр нь Баянбуурал амралтын ажилчдын орон сууц, зоорьны задгайгаар тооцогддог цахилгааны төлбөрт хамтдаа тооцогдон төлөгдөж байсан болох нь... хэргийг хянан шийдвэрлэхдээ бодит үндэслэлийг үнэн зөв тоггоогоогүй, иргэн Ж.Нармандах цахилгааныг тоолууржуулан ашиглаж, ашигласан тогны мөнгөө төлж байсан, төлсөн зэрэг бодит үнэн байдлаа нотолсон баримт болон шүүхэд гаргасан тайлбарыг үнэлэлгүйгээр, хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн тайлбарт байхгүй дүгнэлтийг хийснээр шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан. Нөхөр Ж.Нармандах хувийн аж ахуйгаа эрхлэх үндсэн хуульд заасан эрхийнхээ хүрээнд аж ахуй эрхэлсэн бөгөөд Баянбуурал амралтын захиргаанд мэдэгдэн тоолууржуулан, цахилгааны төлбөрөө төлж байсан зэрэг нь Д.Цэвээндолгорын хөдөлмөрийн гэрээтэй огт хамааралгүй юм. Хариуцагч хохирол учруулсан талаар тайлбар гаргадаггүй. Харин ашиглан шамшигдуулсан гэсэн тайлбар гаргадаг. Гэтэл тушаалд энэ зөрчлөөр халаагүй болох нь тодорхой харагдаж байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлэн дэвтэрт бичилтийг хийлгэж өгөх үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй боловч давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Д.Цэвээндолгор нь хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 3 282 989 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “...хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан зөрчил гаргаагүй байхад байгууллагад хохирол учруулсан гэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан...” гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...хөдөлмөрийн гэрээний 2.3-т “нийгэмлэгийн өмч хөрөнгийг ашиглан шамшигдуулсан” гэж заасан зөрчил гаргасан учир ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан...” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч байгууллагын даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б-П-168 тоот тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.2, 131.1.3, хөдөлмөрийн гэрээний 2.3-д үндэслэн нэхэмжлэгчийг байгууллагад хохирол учруулсан гэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Хариуцагч байгууллагын дотоод аудитын 2016 оны 10 дугаар сарын 28-наас 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Баянбуурал” амралтын газрын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайланд “...Д.Цэвээндолгор нь өөрийн эзэмшлийн зоогийн газар, караокед ашигласан цахилгааны төлбөрөө 2015, 2016 онд төлөөгүй, амралтын эх үүсвэрээс цахилгаан авсан, 2-3 жилийн хугацаанд 139 кв ажилласан заалттай...” гэж тэмдэглэсэн, нэхэмжлэгчийн нөхөр Ж.Нармандах нь зоогийн газар, караоке ажиллуулдаг, тэрээр цахилгааны төлбөрт 344 235 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сард төлсөн зэрэг үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Учир нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-д зааснаар гэр бүлийн гишүүдийн гэм бурууг халдаахыг хориглох бөгөөд нэхэмжлэгчийн нөхөр Ж.Нармандах цахилгаан эрчим хүч ашигласан төлбөрөө төлсөн, тэрээр хөдөлмөрийн гэрээний харилцаанд оролцогч биш, Д.Цэвээндолгор нь цахилгаан ашиглах боломжийг нөхөртөө олгосон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн ажил үүрэгт хамааралгүй үндэслэлээр ажлаас халсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээний 2.3-т “...нийгэмлэгийн өмч хөрөнгийг ашиглан шамшигдуулсан” гэх зөрчил гаргасан гэж үзэхгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, дээрх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/00850 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Цэвээндолгорыг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын “Баянбуурал” амралтын газрын ерөнхий тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт хариуцагчаас 3 282 989 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон хөдөлмөрийн дэвтэрт нь зохих бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид             67 477,82 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлого болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар     нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ЭНХТӨР

                                                ШҮҮГЧИД                                Ш.ОЮУНХАНД

                                                                                                 М.НАРАНЦЭЦЭГ