Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2021/00319

 

2021           04            01                                          001/ХТ2021/00319

 

 

 

............., .............нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2019/01354 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1742 дугаар магадлалтай,

 

............., .............нарын нэхэмжлэлтэй

.............д холбогдох

 

Орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөр 200,000,000 төгрөг, алданги 100,000,000 төгрөг, нийт 300,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч ............., түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ............., нэхэмжлэгч .............ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл, Ц.Энхмөрөн, хариуцагч ............., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч ............., .............нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид хувийн орон сууц бариулахаар .............тай "Баянзүрх дүүрэг, Гачуурт Хар усан тохойд амины орон сууц бариулах гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр 247 м.кв талбайтай 3 давхар орон сууцны 1 м.кв талбайн үнэ 1,250,000 төгрөг, орон сууцны нийт үнэ 308,750,000 төгрөг байхаар тохирч, хариуцагч ............. нь бидэнтэй тухайн орон сууц барих газрын эрх шилжүүлэх гэрээг хийж, гэрчилгээг шилжүүлэхээр тохирсон. Гэрээнд заасны дагуу орон сууцны урьдчилгаа төлбөр болох 100,000,000 төгрөгийг 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр, мөн оны 8 дугаар сарын 14-ний өдөр 50,000,000 төгрөгийг, 9 дүгээр сарын 16-ны 23 950 ам.доллар тухайн өдрийн ханшаар 41,000,000 төгрөг, 10 дугаар сарын 31-ний өдөр 9,000,000 төгрөгийг хариуцагч .............д тухай бүр баримт үйлдэж, гарын үсэг зурж бэлнээр хүлээлгэн өгсөн. Төлбөрийг бэлнээр авахгүй бол зээл, татварын өрөнд суутгагдана гэж тайлбарласан. 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл орон сууц барьж хүлээлгэн өгөх, 700 м.кв газар шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй тул бид Иргэний хуулийн дагуу энэхүү гэрээнээс татгалзаж байгааг хэлсэн. ............. мөнгө өгнө гэсэн ч 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 6 дугаар сар хүртэл хүлээлт үүсгэж мөнгийг буцаан олгоогүй. Иймд бид уг гэрээнээс татгалзаж, хариуцагч талд төлсөн 200,000,000 төгрөг болон гэрээний дагуу алданги 100,000,000 төгрөг, нийт 300 000 000 төгрөгийг .............аас гаргуулж, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 219.2, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ............. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нь Иргэний хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн гэрээнээс татгалзаагүй тул татгалзсанаас үүдэлтэй хохирол төлбөр нэхэмжлэх эрхгүй. 2019 онд гэрээнээс татгалзсан гэж нэхэмжилж байгаа нь хуулийн болон бодит үндэслэлгүй. Миний бие Алтай таван богд хайрхан ХХК-ийн хувьцаа эзэмшигч байх үедээ тухайн төслөөс амины орон сууцны захиалгын гэрээ хийсэн бөгөөд ............., .............нарын оруулсан мөнгийг Алтай таван богд хайрхан ХХК-ийн барьж байгаа амины орон сууцны барилгын ажилд оруулсан. Өнөөдрийн байдлаар Алтай таван богд хайрхан ХХК-ийн хувьцааг өөр этгээд худалдан авч эзэмшиж байгаа. Өөрөөр хэлбэл би төлбөр мөнгө хариуцах үндэслэлгүй. .............нь тухайн төслийг түүний өртэй хамт шилжихэд хүлээн зөвшөөрч жагсаалтад нэрээ оруулсан атлаа нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2019/01354 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар хариуцагч .............аас 200,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ............., .............нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 100 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,157,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1742 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2019/01354 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,157,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ............., хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаяр нар хяналтын гомдолдоо: Магадлалыг хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.Үүнд: Нэг. Давж заалдах шатны шүүх нь Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 6 дугаар зүйлийн мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн боловч тус шүүхийн шүүгчийн 2019 оны 05 сарын 08-ны өдрийн 07395 дугаар захирамжаар хүсэлтийг үндэслэлгүй гэж үзэж, хангахаас татгалзсан” гэжээ. Өмгөөлөгч Б.Батбаяр миний бие 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 13:30 цагаас 2 шүүх хуралдаанд оролцохоор давхацсан байсан. Ингээд Баянгол Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхэд хянан шийдвэрлэгдэж байсан Х.Отгон-Эрдэнийн нэхэмжлэлтэй Ц.Цогтод холбогдох гэм хорын хохирол гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч Б.Азбаярын туслахад хандан шүүх хуралдаан давхацсан тухай хэлтэл гэм хорын нэхэмжлэлтэй хэргийг шүүгч нарын бүрэлдэхүүн шийдвэрлэнэ, 3 шүүгчийн ажлыг бодоод шүүх хуралдаандаа ороорой гэж өмгөөлөгч надад анхааруулсан. Ингээд өмгөөлөгч миний бие нэг өдөр, нэг цагт давхацсан байсан хуралдааныхаа бүрэлдэхүүнтэй шийдвэрлэж байгаа хэрэгт нь өмгөөлөгчөөр оролцсон. Харин ............., .............нарын нэхэмжлэлтэй .............д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг түр хойшлуулах тухай хүсэлтийг хүргүүлсэн ба хүсэлтэндээ шүүх хуралдаан өмгөөлөгч надаас үл хамааран давхцаж байгаад харамсаж байгаагаа шүүх болон хэргийн бусад оролцогч нарт илэрхийлсэн. Гэтэл шүүхээс өмгөөлөгч миний дээрх бодит шалтгааныг эс хэрэгсэн шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлэсэн байна. Тус шүүхээс 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 101/Ш32019/07395 дугаар гомдол гаргах эрхгүй захирамж гаргаж өмгөөлөгч миний шүүх хуралдааныг түр хойшлуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзсан байдаг. Мөн давж заалдах шатны шүүхээс “шүүх хариуцагчийн хүсэлтийг үндэслэн түүний шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаж, шүүх хуралдааныг 2 удаа хойшлуулж байсан болох нь хэргийн 29, 33-37, 40, 56-62 дахь талд авагдсан түүний хүсэлт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамж, мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдож байна. Улмаар шүүх 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан “шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах” хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг мөн хуулийн 4.1 дэх хэсэгт заасан талуудын тэгш эрхийг хангах зарчим болон хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэж үзэхгүй” хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Шүүх хуралдаан давхацсан асуудал хариуцагч, түүний өмгөөлөгчөөс үл шалтгаалах нөхцөл байдал байдаг ба өмнөх шүүх хуралд тухайн эрхийг хангасан байдал нь дараагийн шүүх хуралд хангахгүй байх үндэслэл болохгүй юм. Иймд давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэж, 6.2-д “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ” гэж, 6,3-д “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ” гэж 6.4-д “Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэж тус тус заасныг зөрчсөн. Мөн хуулийн 107 дугаар зүйлд Зохигч, оролцогч мэтгэлцэх гэж заасан. Тус зүйлийн 107.3-д “Хариуцагч хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж, 107.4-д “Бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй этгээд шүүх хуралдаанд тайлбар нотлох баримтаа гаргана” гэж тус тус заасан эрхийг ноцтой зөрчлөө. Хоёр. Мөн магадлалаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж хариуцагч .............аас 200 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн нь зөв гэж дүгнэсэн нь бодит үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүх нь “Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж хариуцагч .............аас 200 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн нь зөв” гэжээ. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2-т “Магадлалд анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн агуулга, давж заалдах гомдлын үндэслэл, гаргаж байгаа магадлалын үндэслэлийг тус тус тусгана” гэж заасан. Тус шүүхээс ямар нотлох баримтыг хэрхэн үнэлсэн эсэх нь тодорхойгүй, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар татгалзсан гэж үзсэн үндэслэлээ дурьдах ёстой байтал дурьдаагүй, тодорхой дүгнэлт хийгээгүй байна. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, 200 сая төгрөг, алдангид 100 сая төгрөг нэхэмжилсэн байдаг. Гэтэл хариуцагч нь гэрээнээс өнөөдрийг хүртэл татгалзаагүй байгаа. Учир нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гээд энд үүрэг гүйцэтгэгч нь үүргээ огт гүйцэтгээгүй, эсхүл гэрээнд заасан ёсоор гүйцэтгээгүй бол татгалзаж болдог харин хариуцагч нь гэрээнд заасан үүргээ огт биелүүлээгүй эсхүл гэрээнд заасан ёсоор биелүүлээгүй гэх зүйлгүй энэхүү үүрэг нь “Алтай таван богд хайрхан” ХХК-д шилжсэн байсан. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасан журмын дагуу явагдаагүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзсан гэж үздэг 2013 оны гэрээний талаар 2019 онд гэнэт гэрээнээс татгалзсан гэх зүйл нэхэмжилж байгаа нь хуулийн бодит үндэслэлгүй юм. ............. нь өмнө “Алтай Таван Богд Хайрхан” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байх үедээ тухайн төслөөс амины орон сууцны захиалгын гэрээ хийсэн бөгөөд ............., .............нарын оруулсан мөнгийг “Алтай Таван Богд Хайрхан” ХХК-ийн барьж байгаа амины орон сууцны барилгын ажилд оруулсан байдаг. Өнөөдрийн байдлаар “Алтай Таван Богд Хайрхан” ХХК-ийн хувьцааг өөр этгээд худалдан авч эзэмшиж байгаа бөгөөд тухайн амины орон сууцны төсөл нь бүхэлдээ бусдад шилжсэн байдаг. Мөн хариуцагч талаас үүрэг шилжсэн гэрээг гаргаж өгсөн байхад шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж заасны дагуу гэрээг үнэлж чадаагүй байна. .............нь тухайн төслийг түүний өртэй хамт шилжихэд хүлээн зөвшөөрч жагсаалтанд нэрээ оруулсан атлаа өнөөдөр .............д холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа үндэслэлгүй байна. Дээрхээс дүгнэхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйн дээр хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд магадлал, шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ............., .............нар хариуцагч .............д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан тул шилжүүлсэн 200,000,000 төгрөг, алданги 100,000,000 төгрөг, нийт 300,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч гэрээнээс татгалзах журам зөрчсөн, ...үүрэг өөр этгээдэд шилжсэн, энэ талаар нэхэмжлэгч нар мэдэж байгаа гэх үндэслэлийг заажээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, хариуцагчаас 200,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ.

 

Хэрэгт байгаа баримтын хүрээнд, 2013 оны 8 сарын 01-ний өдрийн гэрээгээр ............. нь Баянзүрх дүүргийн Гачуурт хар усан тохойд амины 3 давхар орон сууцны барилгыг инженерийн шугам сүлжээ, гадна зам, автомашины зогсоол, талбайн ногоон байгууламжийн хамт барьж 2013 оны 10 сарын 15-ны дотор хүлээлгэн өгөх, ............., .............нар ажлын хөлс 308,750,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн, захиалагч нар 2013 оны 8 сараас 10 сарын хооронд нийт 200,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч ............. нь ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, орон сууц баригдаагүй үйл баримт тогтоогджээ.

 

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

 

Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, хариуцагч ............. нь амины орон сууц хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн нь тогтоогдсон, шүүх Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.2, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж, гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шийдвэрлэж, алдангийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

 

Талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэйгээс  гадна гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар харилцан биелүүлэх үүрэгтэй.

 

............. нь гэрээг байгуулж, нэхэмжлэгч нараас мөнгийг хүлээн авсан,  нэхэмжлэгч нарын өмнө үүрэг хүлээсэн тул “Алтай таван богд” ХХК-д мөнгийг шилжүүлсэн, компанийн эрх үүргийг өөр этгээдэд шилжүүлсэн гэх татгалзал, энэ талаарх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна. Гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд өөрчлөгдөх, эрх үүргийг шилжүүлэх тохиолдолд гэрээний талууд оролцож шийдвэрлэх ёстой бөгөөд энэ талаар ............., ............., ............. нарын хооронд хэлцэл байхгүй тул ............. нь гэрээний нэг тал ............., .............нарын өмнө үүргээ биелүүлэх ёстой болно. ............. нь гэрээг байгуулж, нэхэмжлэгчээс мөнгийг хүлээн авсан нь баримтаар тогтоогджээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т хяналтын гомдлын үндэслэлийг заасан ба хариуцагч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хангахгүй орхиж,шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2019/01354 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1742 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлвөл зохих 1,157,950 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЦАГААНЦООЖ

 

                                 ШҮҮГЧИД                                              П.ЗОЛЗАЯА

 

                                                                                               Х.СОНИНБАЯР

 

                                                                                               Б.УНДРАХ

 

                                                                                               Д.ЦОЛМОН