Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/612

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган     

улсын яллагч Б.Чинзориг,   

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч __________, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн

иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч “*********” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ________

шүүгдэгч __________, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар: 

              

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарынхан овогт ___________ холбогдох эрүүгийн 2203001530250 тоот дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгч Монгол улсын иргэн, ________ оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн **** суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “******с” ХХК-д жолооч ажилтай, одоо ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ____________

 

Холбогдсон хэргийн талаар

 

шүүгдэгч _________ нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 09 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “ТЭЦ-4” замд хороо, 21 дүгээр хороолол, Бодон хорооллын баруун урд замд “Эрдэм транс” ХХК-ийн өмчлөлийн “Hyundai New Aercity” маркийн 05-*****улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон зорчигч тээврийн үйлчилгээнд явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, ажиллахгүй болсон, бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” мөн дүрмийн 11.3 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, 11.14 дэх заалт “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэснийг тус тус зөрчсөний улмаас замын 1 дүгээр эгнээнд зогсож байсан “Toyota Camry" маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн, улмаар эсрэг урсгалд явсан “Hyundai Starex” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас тус тээврийн хэрэгслийн жолооч __________ амь нас хохирсон, талийгаач ******** оршуулгын зардалд баримттай 43.582.520 төгрөг, баримтгүй 12.566.500 төгрөг, _________ өмчлөлийн “Hyundai Starex” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 27,510,000 төгрөг, __________ өмчлөлийн “Тоyota Camry маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хэрэгсэлд 3.265.000 төгрөг, “Эрдэм транс” ХХК-ийн өмчлөлийн “Hyundai New Aercity” маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.316.300 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирч нийт 90.240.320 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч __________ мэдүүлэхдээ: “...тээврийн хэрэгслийн тоормостой холбоотой гэмтлийн талаар өмнө нь Засварын инженерт хэлж байсан. Заримдаа хийтэй, хийгүй болчихдог байсан. Зүүн салааны эцэс болон Халдвартын эцсийн автобусны зогсоолд байхад хөлдөж байсан.Тухайн осол болсон өдөр тормос нэг хөлдсөн ч буцаад гайгүй болсон. Автобусны тоормосны хий нь хөдөлгөөн дунд явж байхад хөлддөг. Хөсөгийн зам дээр явж байхад гэнэт тоормосгүй болсон. Урд дугуйны хий суларсан учраас зорчигчдоо өөр автобусанд шилжүүлж суулгасан. Хийгүй болсон талаараа дуудлагын Идэрээ инженерт хэлтэл одоо очих боломжгүй байна, дуудлага ихтэй байна, бааз руугаа очоод засуулчих, эсхүл өөрөө хийг нь нэмчих гэж байсан. Удаан зогсох тохиолдолд диспитчерүүд өөрсдөө залгаж бааз руу ир гэж дууддаг. Манай ээлжийн жолооч хөлддөг гэдгийг нь  мэддэг байсан. Бид 2 хөлдөхөөр нь дуудлага өгөхөд ирэхгүй үе байдаг. Ийм үед өөрсдөө автобусны доогуур орж гэсгээдэг байсан.Тээврийн хэрэгслийн гэмтлийн талаар байгууллагын холбогдох хүмүүст хэлж байсан. Гэрлэн дохио өнгөрөөд явж байхад урд гэнэт дохио өгөөгүй машин  зогссон байсан. Тэр машинаас холдох гэж эсрэг урсгал руу орсон. Мөн 1 дүгээр эгнээнд явж байсан машиныг автобус тоормосгүй болсны улмаас мөргөсөн.  Арга хэмжээ аваагүй нь миний буруу. Хохирогчийн ар гэрт нийт  54.000.000 төгрөг төлсөн. Энэ мөнгийг ах, дүү нараасаа болон зээл авч төлсөн. Байгууллагын зүгээс сүүлд 3.000.000 төгрөг өгсөн. Иргэний нэхэмжлэгч А.Булгантамирын машинд учруулсан 3,265,000 төгрөгийг төлж  барагдуулсан... гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “... 2022 оны 3 дугаар сарын 19-ны өдөр аав маань ажил руугаа явах замдаа осолд орсон. Би ажил дээр аавыг 10 цаг 30 минут хүртэл хүлээж байгаад гар утас нь холбогдохгүй байхаар нь ирдэг замаар нь тосож гарсан. Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн хажууд том осол гарсан байхаар нь хартал манай аавын машин осолд орсон байсан. Би осол болсноос хойш 1 цаг 30 минутын дараа очсон. Аав минь 12 хүүхэдтэй айлын том тул олон дүү нартай. Аав минь Солонгост олон жил ажиллаж олсон мөнгөөрөө Монголдоо ирж бизнес эрхэлж байсан. Жил бүр эмнэлэгт шинжилгээ өгдөг, эрүүл саруул хүн байсан. Бизнесээ өргөжүүлэх гэж олон газраас зээл авсан байсан. Энэ бизнесийг авч явдаг гол хүн нь аав маань байсан тул бидний зүгээс энэ бизнесийг үргэлжлүүлэхэд маш их хүндрэлтэй болсон. Ээжид маань биднийг санхүүгийн дарамтад орсон байгааг харах маш хэцүү байгаа. Бид нар үнэхээр гомдолтой байна. Одоогоор нийт 54.000.000 төгрөг төлөгдсөн. Аав маань олон зээл авсан байсан тул бид эдгээр зээлүүдийн хүү болох 151.000.000 төгрөг, баримтаар нэхэмжилж буй хохирлын үлдэгдэл 30.000.000 гаруй төгрөг, нийт 180.000.000  гаруй төгрөгийг нэмж нэхэмжлэх шаардлагатай байгаа. Мөн шинээр гаргаж өгөх гэж байсан сиди бүхий бичлэгт ямар ч чадвартай хүн байсан аавын минь хийж байсан ажлыг хийхэд хэцүү. Үйлчлүүлэгч байгууллагатай итгэлцүүрийн үндсэн дээр бизнесээ хийдэг байсан тул олон харилцагч нартай байсан. Гэтэл зарим харилагч нар харилцахаа больж, хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байгаа ....” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

иргэний хариуцагч,“Эрдэм транс” ХХК-н хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 3 дугаар сарын 19-ны өдөр 0560 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ___________ нь тээврийн хэрэгслийн дугуйн хий багассан гэх шалтгаанаар ээлжийн инженер болон хэсгийн даргад мэдэгдэлгүй, дур мэдэн ажлын маршрут зөрчиж бааз руу ирэх замдаа осол гаргасан. Жолоочийн ажлын байрны тодорхойлолтын 9 дэх заалтад заасны дагуу автобус шугам замд явж байгаад эвдрэл эсхүл саатал гарсан тохиолдолд ээлжийн инженер эсхүл хэсгийн ахлагчид яаралтай мэдэгдэж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замаа яаралтай чөлөөлж, чирэгч болон дуудлагын засварчин дуудсаны дараа аюулгүй байдлыг хангаж компани дээр авчрах үүрэгтэй гэсэн заалт давхар хөдөлмөрийн гэрээнд тусгагдан байгаа. Тээврийн хэрэгслийн техникийн саатал болон 2022 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн ашиглалтын саатал дээр 0560 улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээлэлд байхгүй байгаа нь ***** тээврийн хэрэгсэлд учирсан гэмтлийг ээлжийн инженерт мэдэгдээгүй гэсэн баримт нотолгоо байгаа. 0560 улсын дугаартай автобусны жолоочийг өглөө нийтийн тээврийн хэрэгслийг шалгах хуудсаар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал бүрэн хангагдаж байгааг нотолно. Компанийн зүгээс өглөө бүр нийтийн тээврүүдийг чиглэлд гарахаас нь өмнө үзлэг оношилгоо хийж, техникийн бүрэн байдлыг хангасны дараа замын хөдөлгөөнд гаргадаг. Уг тээврийн хэрэгслийн жолооч нарын мэдүүлэгт дурдагдсан байдаг. 4-5 удаа тоормос хөлдсөн. Тээврийн хэрэгслийн тоормосны ажиллагаа бүрэн бус. Энэ талаар удаа дараа хэсгийн ахлах, хэсгийн инженерүүдэд хэлсэн боловч тоогоогүй гэсэн мэдүүлэг худал болохыг мэдэгдэж байна. Жолоочийн өөрийн гэм буруугаас уг осол болсон гэж тогтоогдож байгаа. “Эрдэм транс” ХХК нь энэ хэрэгт иргэний хариуцагч болон иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож байгаа тул гэм хорын асуудлыг иргэний журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Тоормосны систем ажилгүй байгаа боловч цагдаагийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа. Мэргэжлийн шинжээчийн дүгнэлтэд техникийн шаардлага хангаагүйгээс энэ осол гараагүй гэх дүгнэлт байгаа. Гэм хорыг хариуцна. Иргэний журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа ...” гэх мэдүүлэг  /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч _______ өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1 дүгээр хавтаст хэргийн 8-17 дугаар хуудас/,

 

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл дэх “...бичлэгийг эхлүүлэхэд дэлгэцний зүүн дээд буланд 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 09 цаг 20 минут гэсэн бичвэр гарч эхлэх ба Баянгол дүүргийн замын цагдаагийн хэсгийн үүдний коридор хэсгээс хойш чиглэлд харуулсан байрлалтай байх ба осол болсон үеийг харуулав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтас хэргийн 26-27 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч ________ өгсөн: “...Манай байгууллага уг зам тээврийн ослын асуудалд иргэний хариуцагчаар татагдаж байгаа гэдгийг ойлгож байна. Байгууллагын зүгээс ажилтныхаа эрх ашгийг хамгаалж аль болох хохирлыг төлж барагдуулах чиглэлд ажиллах болно...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 190 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч _________ өгсөн: “...би “Toyota Camry” маркийн ****** улсын дугаартай автомашиныг 2021 оны 09 дүгээр сард 30 сая төгрөгөөр худалдан аваад өөрийн нэр дээр гэрчилгээг гаргуулан авсан.../...осол болох үед “Тайгын булаг” ХХК-ийн барьцаалан зээл авсан байсан, ослын дараа зээлээ хаагаад машинаа чөлөөлсөн.../...үнэлгээгээр тогтоогдсон дүнг автобусны жолоочоос гаргуулан аваагүй байгаа...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 194 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч А_________ өгсөн “...би 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 08:00 цаг өнгөрч байхад гэрээс гараад замаараа Эрүүл мэндийн яамны урдаас хамт ажилладаг Номинг суулгаад цааш ажил руугаа явсан. Тэгээд Гурвалжингийн гүүрний урд уулзвараас зүүн гар тийш “ТЭЦ-4” зам руу эргээд Баянгол замын цагдаагийн хэлтсийн урдуур ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлд явж байхад машины урд хянах дээр шар гэрэл асахаар нь юу болсон юм бол гэж бодоод баруун гар тийш дохио өгөөд зогсох үед араас гэнэт тас хийх чимээ гарч, хажуугаар автобус зэрэгцээд орж ирээд эсрэг урсгалд орж өөдөөс явсан автомашиныг мөргөж зогссон..." гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 199 дүгээр хуудас/,

 

 “Мастер үнэлгээ” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан дүгнэлтээр: “...“Hyundai Starex” маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 27,510,000 төгрөгийн хохирол учирсан...” гэх дүгнэлт, /1 дүгээр хавтаст хэргийн  205 дугаар хуудас/,

 

 "Вендо” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан дүгнэлтээр “...“Hyundai New Aercity” маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.316.300 төгрөгийн хөрөнгийн хохирол учирсан...” гэх дүгнэлт, /1 дүгээр хавтаст хэргийн  242 дугаар хуудас/,

 

 “Хас үнэлгээ” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан дүгнэлтээр “Toyota Camry” маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хэрэгсэлд 3,265,000 төгрөгийн хөрөнгийн хохирол учирсан...” гэх дүгнэлт, /1 дүгээр хавтаст хэргийн  248 дугаар хуудас/,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 951 дугаартай дүгнэлт дэх “...Талийгаач ***** учирсан гэмтлүүд нь зам тээврийн ослын үед тээврийн хэрэгслийн бүхээг дотор харагдах, шахагдах, цохигдох хүчний үйлчлэлээр нэг цаг хугацаанд учирсан гэмтлүүд байна.

 

Талийгаач ________ гавал, тархи, цээж, хэвлийн хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт, /2 дугаар хавтаст хэргийн 09-13 дугаар хуудас/,

 

“...Hyundai New Aercity” маркийн ***** улсын дугаартай тээврийн нэгдүгээр тэнхлэгний дугуйн тоормосны хүчний зөрүү 23% байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. /стандарт 20%/...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 25-28 дугаар хуудас /,

 

            мөрдөгчийн магадлагаа: “...6.1 Хьюндай маркийн **** улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ********** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” мөн дүрмийн 11.14-д “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын  болон хажуугийн зайг хөдөлгөөний  хурднаас хамааруулан сонгож явна. “3.4 а /энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос  эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд ....хол ойрын.. буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон цас бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 6.2 Тоёота старекс маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй  байна. 6.3 Тоёота камри маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч _______ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн  заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна /2 дугаар хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 2 дугаар хавтаст хэргийн 62 дугаар хуудас /,

оршин суугаа хаягийн тодорхойлолт / хавтаст хэргийн 52 дугаар хуудас/,

иргэний үнэмлэхийн лавлагаа / хавтаст хэргийн 40, 49 дүгээр хуудас/

бакалаврын дипломын хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 53-55 дугаар хуудас/

сурагчийн хувийн хэрэг /2 дугаар хавтаст хэргийн 56-61 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.    

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.  

 

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 09 цаг 30 минутын орчимд _________ хорооллын баруун урд замд “******с” ХХК-ийн өмчлөлийн “Hyundai New Aercity” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон зорчигч тээврийн үйлчилгээнд явах үедээ замын хөдөлгөөний дүрэм  тус тус зөрчсөний улмаас замын 1 дүгээр эгнээнд зогсож байсан “Toyota Camry" маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн, улмаар эсрэг урсгалд явсан “Hyundai Starex” маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас тус тээврийн хэрэгслийн жолооч ________ амь нас хохирсон хэргийн үйл баримт тогтоогдлоо.

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

 

   Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “... шүүгдэгч _______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Хохирлын үлдэх 17.092.520 төгрөгийн хохирол төлбөр  болон  иргэний нэхэмжлэгч А________ *** *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.265.000 төгрөгийн хохиролыг иргэний хариуцагчаас тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах, хохирогчийн хуль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс зээлийн гэрээтэй холбоотой баримтууд бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна... ” гэх дүгнэлтийг,

 

            шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _______: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т  заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг  /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч шүүхийн  хэлэлцүүлэгт: “...

 Хохирлын тооцоо дээр зан үйлтэй холбоотой 12.566.500 төгрөгийг нийт хохирлын хэмжээнээс хасаж тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Оршуулгын зан үйлийг эрт дээр үеэс хийж заншсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол дээр зөвхөн эд хөрөнгөд учирсан зардлын төлөөд дуусдаг баймааргүй байна. Үлдэж байгаа гэр бүл нь цаашдаа ч гашуудсаар байх болно. Иймд зан үйлтэй холбоотой гарсан зардлуудыг хасахгүй тооцож өгнө үү. Холбоотой бүхий л баримтыг мөрдөн байцаалтын шатанд мөрдөгчид гаргаж өгсөн. Үлдэгдэл хохирол болох 29.659.020 төгрөгийг  шүүгдэгч болон иргэний хариуцагч нараар гаргуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, эрхэлж байсан бизнес, түүний дор ажилладаг байсан хүмүүс зэрэг олон зүйлд гэм хор учирсан. Амь хохирогчийг нутаглуулснаар энэ харилцаа дуусахгүй. Гэм хорын улмаас хохирогчийн ар гэрт санхүүгийн дарамт үүссэн. Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нараас барьцааны гэрээгээр төлөгдөх боломжтой гэж байна. 600.000.000 төгрөгийн зээлийн гэрээний ард барьцааны гэрээ хавсаргагдсан байгаа.Өвийн асуудал ярьж байна. өвлөж байгаа компани нь өөрөө өрийн дарамтад орсон. Зээлийн гэрээний зориулалт амь хохирогчтой хамааралтай эсэх асуудал яригдсан. Энэ гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн. Иймд зээлийн хүү болох 151.850.000 төгрөг, үлдэгдэл хохирол болох 29.659.020 төгрөгийн хохирол нийт 190.809.911 төгрөгийг шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас нэхэмжилж байна....гэх санал,

 

шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч өөрийн гэм буруу дээр маргаагүй. Гэвч гэмт хэрэг гарах болсон шалтгаант холбоо байна. Тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл, шүүгдэгчийн урд зам дээр гэнэт зогссон машин, машин зам дээр явж байсан зорчигчоос бултахын тулд эсрэг урсгал руу орж хохирогчийн машинтай таарч энэ осол болсон нь харамсалтай. Энэ осол үнэхээр шүүгдэгчийн буруутай үйлдлээс болсон уу эсхүл компани тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангааагүйгээс болсон уу гэдэг асуудал яригдана. Компани хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бол өөрөө хариуцах ёстой. Гэм буруу дээр маргахгүй, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа. 151.850.000 төгрөгийг эрүүгийн шүүх хурлаар бус иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна .... гэх    саналыг тус тус гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

            1. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөнийг ойлгоно.

 

            Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

            Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон хор уршиг учруулсан гэмт үйлдэл хор уршгийн хооронд шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байна. Уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан.

 

            Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэжээ.

 

           2. Шүүгдэгч _________ хувьд тэрээр 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 09 цаг 30 минутын орчимд ________ хороолол, Бодон хорооллын баруун урд замд “******” ХХК-ийн өмчлөлийн “Hyundai New Aercity” маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон зорчигч тээврийн үйлчилгээнд явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, ажиллахгүй болсон, бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” гэснийг зөрчсөн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***** “...Гэрлэн дохио өнгөрөөд явж байхад урд гэнэт дохио өгөөгүй машин  зогссон байсан. Тэр машинаас холдох гэж эсрэг урсгал руу орсон. Мөн 1 дүгээр эгнээнд явж байсан машиныг автобус тоормосгүй болсны улмаас мөргөсөн...”гэх мэдүүлэг, Авто тээврийн үндэсний төв Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлтэд “...Энэ эвдрэл гэмтэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй.Тухайн эвдрэл гэмтэл нь зам тээврийн ослын үед үүссэн шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт зэргээс үзэхэд гэмт хэрэг үйлдэгдэх үед үүссэн шинэ гэмтлийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм. Мөн улсын яллагч яллах дүгнэлтийн энэ хэсгээр яллахаас татгалзсан болно.

 

3.Харин шүүгдэгч _______ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, 11.14 дэх заалт “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэснийг тус тус зөрчсөний улмаас замын 1 дүгээр эгнээнд зогсож байсан “Toyota Camry" маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн, улмаар эсрэг урсгалд явсан “Hyundai Starex” маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас тус тээврийн хэрэгслийн жолооч _________ амь насыг хохироосон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн “...Гэрлэн дохио өнгөрөөд явж байхад урд гэнэт дохио өгөөгүй машин  зогссон байсан. Тэр машинаас холдох гэж эсрэг урсгал руу орсон. Мөн 1 дүгээр эгнээнд явж байсан машиныг автобус тоормосгүй болсны улмаас мөргөсөн.  Арга хэмжээ аваагүй нь миний буруу...” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад гэрч _______ өгсөн “...би 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 08:00 цаг өнгөрч байхад...Баянгол замын цагдаагийн хэлтсийн урдуур ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлд явж байхад машины урд хянах дээр шар гэрэл асахаар нь юу болсон юм бол гэж бодоод баруун гар тийш дохио өгөөд зогсох үед араас гэнэт тас хийх чимээ гарч, хажуугаар автобус зэрэгцээд орж ирээд эсрэг урсгалд орж өөдөөс явсан автомашиныг мөргөж зогссон..." гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 199 дүгээр хуудас/ болон  “Мастер үнэлгээ” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн  205 дугаар хуудас/,"Вендо” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан дүгнэлтээр “...“Hyundai New Aercity” маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.316.300 төгрөгийн хөрөнгийн хохирол учирсан...” гэх дүгнэлт, /1 дүгээр хавтаст хэргийн  242 дугаар хуудас/,  “Хас үнэлгээ” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан дүгнэлтээр “Toyota Camry” маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хэрэгсэлд 3,265,000 төгрөгийн хөрөнгийн хохирол учирсан...” гэх дүгнэлт, /1 дүгээр хавтаст хэргийн  248 дугаар хуудас/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 951 дугаартай дүгнэлт дэх “...Талийгаач ________ учирсан гэмтлүүд нь зам тээврийн ослын үед тээврийн хэрэгслийн бүхээг дотор харагдах, шахагдах, цохигдох хүчний үйлчлэлээр нэг цаг хугацаанд учирсан гэмтлүүд байна. Талийгаач Б__________ гавал, тархи, цээж, хэвлийн хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт, /2 дугаар хавтаст хэргийн 09-13 дугаар хуудас/, “...Hyundai New Aercity” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн нэгдүгээр тэнхлэгний дугуйн тоормосны хүчний зөрүү 23% байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. /стандарт 20%/...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 25-28 дугаар хуудас / зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.   

 

Хохирлын талаар

 

Энэ гэмт хэргийн улмаас ________ амь нас хохирсон бөгөөд амь хохирогч нь шүүгдэгчийн төрсөн хүү, улмаар хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч ________ нь  оршуулгын зардалд 43,585,520 төгрөгийг,  зан үйлтэй холбоотой зардалд 12,566,500 төгрөг /баримтгүй гэх/, “Hyundai Starex” маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 27,510,000 төгрөг, нийт  83,059,020 төгрөг нэхэмжилсэн байх ба шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд 15,000,000 төгрөг, шүүхийн  шатанд 39,000,000 төгрөг нийт 54,000,000 төгрөгийг төлж  барагдуулсан байна.

Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч “*****” ХХК-ийн өмчлөлийн “Hyundai New Aercity” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.316.300 төгрөгийн хохиролыг даатгалын байгууллагаас гаргуулах тул нэхэмжлэхгүй  гэснийг дурдаж байна.

 

Иргэний нэхэмжлэгч А__________ тээврийн хэрэгсэлд 3,265,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүхийн шатанд 3,265,000 төгрөгийн хохирлыг _________ төлж барагдуулсан байна.  Тиймээс  шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг  дурдах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй байдаг тул  “Hyundai New Aercity” маркийн ******улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч “_______” ХХК-иас 29,659,020 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г_______ олгуулах нь зүйтэй.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт  шинээр  нотлох баримтаар амь хохирогчийн банкнаас авсан зээлийн гэрээнүүдийн  хүүнд 151.850.000 төгрөгийг гаргуулахыг шаардсан боловч, зээлийн гэрээний гэрээний хугацаа дуусаагүй байхад шаардах эрх нь хэнд шилжих нь тодорхойгүй, зээлийн гэрээнд барьцаалуулагчийн эрх ашиг хөндөгдөх, өв хүлээн авах зэрэг байдлуудаас хамаарч эрүүгийн хэрэгтэй  хамтатган шийдвэрлэх  боломжгүй  байх тул цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нээлттэй үлдээх нь  зүйтэй байна.

 

            Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид  ялыг эдлүүлэх... ” санал,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “... хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял  оногдуулж  өгнө үү ....” гэх санал,

 

Шүүгдэгч _________ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн,   учруулсан хохирол, хор уршгийн хувьд хүний амь нас хохирсон, хохирлын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 3 дахь  хэсэгт зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/-н жилийн хугацаагаар хасаж, 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, жолоочийн 898824 тоот үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

      1. Шүүгдэгч ___________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ___________ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/-н жилийн хугацаагаар хасаж, 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар _________  оногдуулсан  2/хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 3,4 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хариуцагч “________” ХХК-иас  29,659,020 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ________ олгосугай.

 

 5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ________ нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч ____________ оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

     7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, жолоочийн 898824 тоот үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч __________ нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шүүгдэгч ________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан  хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,  эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д__________ авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ