Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/595

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,     

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Эрдэнэбулган,               

улсын яллагч Б.Билгүүн

шүүгдэгч _________ нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Баянгол дүүргийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гангар овгийн _______ холбогдох эрүүгийн 2205002900135 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***** оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хуульч мэргэжилтэй, ам бүл 4, хүүхэд, зээ нарын хамт Баянгол дүүргийн ****** дугаар хороо З****** ******* тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, улсаас алтан гадас, хөдөлмөрийн хүндэт медаль авсан, ___________

 

Холбогдсон хэргийн талаар 

 

Шүүгдэгч ________ нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И март худалдааны төв дотор хохирогч __________ тээш хадгалах саванд түр үлдээсэн гоо сайхны хэрэгслүүд бүхий эд зүйлстэй цүнхийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 1.772.470 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _______ мэдүүлэхдээ:  “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч _______ өгсөн: “... 2021 оны 12-р сарын 24-ны өдөр би ээж _______ хамт хорооллын эцсийн Е март худалдааны төв ороод нэг давхарт байрлах тээш хадгалах хайрцгийн 15 номерт өөрийн гоо сайхны хэрэгсэлтэй хар өнгийн цүнхээ үлдээгээд дэлгүүр лүү орсон.Тэгээд дэлгүүр дотор 1 цаг орчим болоод гарч ирээд 15 номерын хайрцгаас эд зүйлээ авах гэтэл онгойхгүй байхаар нь Е март худалдааны төвийн ажилтныг дуудаж хаалгыг нь онгойлгоход дотор нь байсан миний цүнхтэй эд зүйл алга болсон байсан. Тэгээд би гайхаад камер шүүх гэтэл хяналтын камерын ажилтан нь өөрсдөө шүүчхээд надад шүүлгэж өгөхгүй байсан.Тэгээд цагдаад дуудлага өгч өргөдлөө бичиж өгсөн... Миний гоо сайхны цүнхний бариулыг сэтгээд урсан байсан. Өөр арга болсон эд зүйл байхгүй тухайн үед байгууллагуудын шинэ жил болж байсан учир би гадуур захиалгаар явж ажил хийдэг үед миний эд зүйлийг хулгайлсанд би гомдолтой байна. Би ажлын хэрэгслээ алдсанаас болж 2 хоногийн ажлаа алдсан. Би нэг өдөрт гэхэд ойролцоогоор 4 үйлчлүүлэгч авлаа гэж бодоод 200.000 төгрөгийн ажил 2 өдөрт нийлээд 400.000 төгрөгийн ажлаа алдаж хохироосон... Би алдсан эд зүйлээ бүрэн хүлээж авсан. Дотроос нь алдсан эд зүйл байгаагүй. Энэ хүнээс болж би ажлаа алдсандаа гомдолтой байна... Би тухайн ажил хийхээр бусадтай тохирсон байсан боловч урьдчилгаа болон ямар нэгэн байдлаар баталгаажуулсан зүйл байхгүй. Надад гаргаж өгөх баримт байхгүй. Миний тухайн алдсан үед алдсан эд зүйлийг бүрэн эргүүлэн өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,     

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн 1.772.470 төгрөг гэх үнэлгээний тайлан  /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад яллагдагч ________ өгсөн:   “...би бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Уг цүнхийг доторх эд зүйлийн хамт бүрэн эргүүлэн өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дүгээр хуудлас/,  

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/,

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/,

- улсаас авсан шагнал /хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/,

- Н.Наранцэцэгийн гэм буруугаа зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт /хавтаст хэргийн 63 дахь тал/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч ___________ өгсөн: “...миний ээж _______ нь 1963 онд Улаанбаатар хотод төрсөн. Бага залуудаа сургууль, цэцэрлэг боловсролын байгууллага дүүргэж 2 хүүхдэдээ үлгэр дуурайлалтай сайн ээж байсан бөгөөд манай ээж Хуулийн тусгай мэргэжилтэй. Бага залуудаа архивч хийж байгаад тэтгэвэртээ гарч, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Зан аашны хувьд энгийн гэр бүлдээ дотно, хүний юманд дураараа хүрээд байдаггүй. Эрүүл мэндийн хувьд эрүүл саруул өсөж, 2 хүүхэд өсгөсөн. Сайн ээж сайн эмээ. Бусадтай харилцахдаа боловсон хүнлэг зарчимч хүн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 56 дугаар хуудас /,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт / хавтаст хэргийн 52 дугаар хуудас/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа / хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.    

 Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

   Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч _________ нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И март худалдааны төв дотор хохирогч ________ тээш хадгалах саванд түр үлдээсэн гоо сайхны хэрэгслүүд бүхий эд зүйлстэй цүнхийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 1.772.470 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.     

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт:  “...шүүгдэгч _______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох саналтай байна...” гэх дүгнэлтийг,.

 

шүүгдэгч ________  шүүхийн хэлэлцүүлэгт:: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

шүүгдэгч _______ нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И март худалдааны төв дотор хохирогч ______ тээш хадгалах саванд түр үлдээсэн гоо сайхны хэрэгслүүд бүхий эд зүйлстэй цүнхийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 1.772.470 төгрөгийн хохирол  учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч _________  нь гэмт үйлдлийн улмаас хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирол зэргээс үзэхэд шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн  гэм буруугийн санаатай  хэлбэрээр хулгайлах гэмт  хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж  байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ________ холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. 

 

Хохирлын талаар

Хохирогч _______ 1.772.470 төгрөгийн хохирол учирсан бөгөөд  эд зүйлсийг хохирогчид хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч Н___________ бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч __________ 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах ...” санал,

 

шүүгдэгч __________ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэжээ.  

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч Шүүгдэгч _________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн  бүсчлэлээс 6 сарын хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх  хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

1. ___________________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ____________ Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн  бүсчлэлээс 6  сарын хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.      

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгч _______  сануулсугай

 

 4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ______ оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ