Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/548

 

 

 

 

 

 

 

    2022         06           28                                    2022/ШЦТ/548

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,

улсын яллагч Б.Билгүүн,

шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************* А-од холбогдох эрүүгийн 2105010301498 тоот дугаартай хэргийг 2022 оны 06 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ***************** түр оршин суух,

- урьд Баянгол дүүргийн шүүхээс 1993 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар 2 хоног баривчлах ял тус тус шийтгүүлж байсан, *******************.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Г.А нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 05 дугаар 29-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 7-р хороо, 12 байр 00 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Р.Оюунцэцэгийг гэр бүлийн маргааны улмаас маргалдан байнга зодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Р.О:

“...2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр манай нөхөр А өдрийн 14 цагийн үед согтуу гэртээ унтаж байсан. Тэгээд би орой 17 цагийн үед гэртээ орж ирээд Аыг сэрээсэн чинь надаас тамхи нэхээд байхаар нь би “тамхи байхгүй” гэтэл “яваад олоод ир” гэхээр нь би “байхгүй” гээд гарах гэтэл “олоод ир” гээд ширээн дээр байсан аягатай цайг аваад цацахаар нь би босоод гэрээс гарах гэтэл миний хойноос цамцны захнаас татаж газарт унагаагаад өшиглөсөн. Тэр үед манай охин гаднаас орж ирээд аав руугаа “та яахаараа дандаа ингээд ээжийг зодоод байдаг юм, ээж бид 2 дандаа таны гарын шүүс болж чадахгүй шүү” гэтэл “чи эцгийнхээ өөдөөс юм хэллээ, хэзээ чи ийм том байсан юм” гээд араас нь үстэж унагаагаад, үснээс нь гараараа ороож барьж байгаад толгой руу нь 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд би салгах гээд дийлээгүй байж байхад охин босоод гарч зугтаад цагдаад дуудлага өгсөн. А ер нь өдөр болгон архи уудаг, ихэвчлэн согтуу байдаг. Тэгээд согтсон үедээ надаас болон хүүхдүүдээсээ архи нэхэж дарамтлан, айлган сүрдүүлдэг. Тэр өдөр А нэлээн согтуу байсан А өдөр болгон архи уудаг, тэгээд архи уусан үедээ охин болон намайг байнга “гичий, янхан” гэж дуудаж хэл үгээр харааж доромжилж, архи нэхээд, архи тамхины мөнгө нэхэж “архи олоод ир” гээд гэрээс гаргаад хөөдөг, эсвэл өөрөө гараад явчихдаг юм. Энэ байдал 2006 оноос хойш ер нь үргэлжилж байгаа. Өдөр болгон намайг “янхан, гичий” гэж дуудаад байр орцоор орилоод хэл үгээр харааж доромжлоод, охиныгоо бас хэл үгээр харааж доромжлоод байдаг болохоор 2009 оноос эхлэн цагдаад мэдэгдэж эхэлсэн. Тэгээд цагдаад дуудлага мэдээлэл өгсний дараа А өөрөө өвчтэй мэт жүжиглээд байдаг юм. Би нөхөр Аыг 4 удаа шүүхээр оруулж байсан боловч группт байдаг гэх шалтгаанаар торгууль төлөөд гарчихдаг, өөр арга хэмжээ авагддаггүй байсан. Тэгээд согтуу үед нь цагдаа дуудаад өгчихлөөр маргааш нь эрүүлжүүлэхээс гарч ирээд охин бид хоёрыг бас хэл үгээр хараагаад “намайг цагдаад өгчихлөө” гээд зоддог юм. Энэ байдал одоо 2006 оноос хойш байнга үргэлжилсээр байгаа. Тэгээд би СӨХ-д ажиллаад олсон орлогоо Аын торгуульд өгдөг байсан. Яагаад гэвэл А “чи намайг цагдаад өгсөн, энэ чиний хийсэн хэрэг, чи өөрөө өр төлбөрөө өг” гээд намайг хараагаад, хүүхдүүдийг “ална” гэж айлган сүрдүүлээд надаар торгуулийнхаа мөнгийг төлүүлдэг. Тэгээд өөрөө группынхээ мөнгийг авахаараа архи уугаад гэртээ ирэхгүй хэд хоног алга болчихдог. Архи уусан үедээ өдөр бүр “ална” эсвэл “цонхны чинь доор гал асаагаад 3 хүүхдийг чинь угаартуулаад алчихна шүү” гэж айлгаж заналхийлдэг. Би болон манай том охин Ариунцэцэг, Ариунбилэг, Алтаншагай нарыг үргэлж хэл амаар доромжилдог. Тэгээд Аыг архи уугаад ирэхээр манай хүүхдүүд айгаад хөдөлж чаддаггүй, хөдлөөд дугарах гэхээр хүүхдүүдээ “ална шүү, дуугарч болохгүй” гээд охиныгоо “янхан, гичий” гээд харааж зүхээд байдаг. Сүүлийн 2 сар орчим манай охин ааваасаа айгаад гэртээ ирэхээ болиод гадуур найз нөхдийнхөөрөө хонодог болсон. А намайг бусадтай нэлээн харддаг тэгээд ажил төрөл хийх гэхээр “хаагуур яваад юу хийв, хэнтэй уулзаад байгаа юм, чи ганцаараа ажил хийдэг нь юм уу” гээд үгээр харааж доромжлоод байдаг. Энэ байдал нь сүүлийн 1 сар тасралтгүй үргэлжилж байгаа. Өмнө би охинтойгоо Аоос зугтаад 2010 онд хамгаалах байранд орж байсан. Тэгээд хамгаалах байрнаас гарсны дараа А мөн миний ардаас мөрдөж хөөгөөд олоод ирсэн. Одоо хамгаалах байранд орох шаардлагагүй, өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангаж чадна. А 2006 оноод хойш гэр бүлийн хүчирхийллээр цагдаад шалгагдаж байгаа. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй гэдэг шалтгаанаар торгуулаад л салчихдаг юм. Тэгээд гарч ирчхээд намайг болон хүүхдүүдээ хэл үгээр доромжлон, зоддог юм. Атой 2005 оноос хойш хамтран амьдарч байгаа. Дундаасаа 3 хүүхэдтэй. Албан ёсоор гэрлэлтээ батлуулсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дэх тал/,

2. Гэрч Д.О:

“...Оюунцэцэг, А нар орц цэвэрлээд 12 дугаар байрны 5 дугаар орцны 00 тоотод 3 хүүхдийн хамт амьдардаг байсан. Намайг ажилд орохоос өмнө л хоорондоо хэрүүл маргаан хийгээд А нь архи уугаад байдаг байсан гэсэн. Тэгээд намайг ажилд орсны дараа ч мөн удаа дараа архи ууж, эхнэр хүүхдүүдээ зодоод байсан. Тэгээд бас оршин суугчид нь “энэ жижүүртээ хэлээч, байнга хэл амаар доромжлоод, харааж хашхичаад байх юм” гэж гомдол гаргадаг. Мөн эхнэр хүүхдээ байнга хэл амаар доромжлоод эхнэрээ “архи олж ир” гэж зодож цохиод цагдаагийн байгууллагад 5-6 удаа эхнэр нь дуудлага өгч бариулж байсан боловч шүүхээр ороод торгуулаад гараад ирдэг, тэр мөнгийг нь эхнэр цалингаасаа төлдөг байсан. Тэгээд эхнэр нь ажил хийж хүүхдүүдээ тэжээх гэж өдөр шөнөгүй маш сайн ажилладаг. Гэтэл нөхөр нь ажил хийхгүй архи уугаад, орц хонгил гудамжинд ажил хийж байхад нь “гичий, янхан, биеэ үнэлэгч” гээд хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод, хашхирч орилоод, ажлыг нь хийлгэхгүй байдаг байсан. Тэгээд сүүлийн үед илүү их архи уудаг болж, шөнө орой болохоор л агсам согтуу тавиад эхнэр нь ажлаа дуусгаад гэртээ орохоор “архи олж ир” гээд гэр орноосоо хөөгөөд гэрийнхээ хаалгыг онгойлгоод орилж хашхираад хүүхдүүдээ айлгаж уйлуулаад байдаг байсан. А нэг уухаараа 2-3 удаа дараалаад архи уучихсан харагддаг байсан. Архи уухаараа л эхнэр хүүхэд рүүгээ дайраад чанга чанга дуугараад орилж хашхичаад байдаг. Тэгээд А өөрөө чих хатуу “сонсохгүй байна, ярьж чадахгүй байна” гэж жүжиглээд тэгсэн хэр нь согтуу үедээ эхнэр хүүхдээ доромжлохдоо зүгээр болчихдог. А аймар аргатай бас худалч эсвэл архи их уухаараа тэгдэг юм уу эхнэр хүүхдүүдээ арай л их харааж доромжилдог. Охиноо бол “янхан, гичий” гээд л аймар хэл амаар харааж доромжилж загнадаг. Тэгээд СӨХ-ийн дарга бид нар бас архи уусан үед нь цагдаа дуудаад өгчихөөр бид нарыг хорлоод цэвэрхэн орц руу архичид оруулж шээлгэж, баалгадаг байсан. Ер нь бол байнга архи уудаг, ажил хийдэггүй, эхнэр нь гэртээ орохоор “архи олж ир” гээд хөөгөөд, хэл үгээр хараагаад унтуулдаггүй байсан гэсэн. Энэ тухай Оюунцэцэг маргааш нь хэлдэг байсан. Оюунцэцэг харин өөрөө архи уудаггүй, ажилдаа маш сайн ханддаг, хүүхдүүдээ тэжээх гэж өдөр шөнөгүй л ажилладаг байсан. Тэгээд сүүлд А архи уух нь дийлдэхээ болиод тэр 2 ажлаасаа гараад нүүгээд явсан. Эхнэр хүүхдүүдээ зодож байхыг нь бол харж байгаагүй. Харин хэл үгээр доромжилж харааж байхыг нь зөндөө харж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

3. Гэрч Ч.О:

“...Би 12-р байрны 5-р орцны 00 тоотын зүүн талын 147 тоотод 1972 оноос хойш амьдарч байгаа. Манай хажуугийн 00 тоотод 3 хүүхэдтэй эхнэр нөхөр 2 СӨХ-ийн үйлчлэгч хийж амьдардаг байсан. Тэгээд тэнд амьдардаг эхнэр нөхөр 2 байнга хэрэлдэж сонсогддог байсан. Бүр нэг их айхтар зодоон болж байгаа сонсогдохгүй, байнга хэрүүл хийж хашхичиж байгаа сонсогддог байсан. Нөхөр нь байнга л архи уучихсан байж байдаг байсан. Харин эхнэр нь орцоо цэвэрлээд л ажлаа хийгээд л байж байдаг. Хүүхдүүд нь орж гараад л явж харагддаг байсан. Нэг их шөнө орой хэрэлдээд байхгүй ч өдөр дунд л хоорондоо хэрүүл маргаан хийгээд эхнэр рүүгээ орилж хашхичаад байгаа нь сонсогддог байсан. ...А нэлээн их уудаг байсан. Ихэвчлэн согтуу дуу харагддаг. Тэгээд архи уусан үедээ эхнэр рүүгээ орилж хашхираад, хараагаад, хэрүүл хийгээд байгаа л сонсогддог. Бусдаар зодоон хийж байгаагүй. Эхнэр охин хоёроо харааж загнаад “гичий, балайгаар” нь дуудаад байдаг байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47/,

4. Гэрч О.Ц:

 “...А нь эхнэрээ гэрээсээ хөөсөн, хүүхдүүдийн дэргэд архидан согтуурсан, агсан согтуу тавьсан гэх зөрчлөөр 2-3 удаа шалгагдаж шүүхээр орж 70 хувиас дээш группт байдаг гэх шалтгаанаар 2 удаа торгуулийн арга хэмжээ авагдаж байсан. Эхнэртээ бол гар хүрдэг гэж байсан. Харин хүүхдүүдээ зодож цохидог талаар мэдэхгүй байна. ...Охиноо хөөж явуулсан гэх шалтгаанаар шалгаж байгаагүй, эхнэрээ гэрээсээ хөөсөн, гар хүрч зодож цохисон, агсан тавьсан гэх гомдол мэдээллүүдийг шалгаж байсан. Надад цохогдсон өргөдөл гомдлуудад үр хүүхдүүдээ зодож цохидог гэж гомдол гаргаж байгаагүй. Оюунцэцэг хүчирхийлэлд өртөж шалгуулж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 202-203 дахь тал/,

5. Гэрч Б.Чинбатын:

 “...А нь манай хороонд ирсэн үеэсээ хойш хэд хэдэн удаа гэртээ агсам согтуу тавьсан гэх зөрчлөөр шалгагдаж торгуулийн арга хэмжээ авагдаж байсан. Эхнэртээ бол хааяа нэг гар хүрдэг гэж байсан харин хүүхдүүддээ гар хүрдэг гэж байгаагүй. ...Манай хороонд шилжиж ирснээс хойш үр хүүхдүүдээ зодож цохисон, гэрээсээ хөөсөн гэсэн гомдол мэдээлэл огт шалгагдаж байгаагүй. Оюунцэцэг нь “манай нөхөр надад гар хүрсэн, гэртээ архи уугаад агсам тавьсан” гэж хэд хэдэн удаа гомдол гаргаж шалгуулж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 208-209 дэх тал/,  

6. Шуурхай удирдлагын тасгийн гомдол мэдээлэл хүлээн авсан лавлагааны хуудас /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,

7. Аюулын зэргийн үнэлгээ болон аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 12-18 дахь тал/,

8. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 522, 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 152 тоот шийтгэврийн хуулбарууд, /хавтаст хэргийн 92-98 дахь тал/,

9. Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн бүртгэлийн жагсаалт /хавтаст хэргийн 104-106 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Г.А нь хохирогч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Р.Оюунцэцэгийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Г.А болон түүний өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Аын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Г.А нь:

2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 05 дугаар 29-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 7-р хороо, 12 байр 00 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Р.Оюунцэцэгийг гэр бүлийн маргааны улмаас маргалдан байнга зодсон болох нь хохирогч Р.Оюунцэцэг, гэрч Д.Оюунцэцэг, Ч.Очирпүрэв, О.Цагаанхүү, Б.Чинбат нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шуурхай удирдлагын тасгийн гомдол мэдээлэл хүлээн авсан лавлагааны хуудас, аюулын зэргийн үнэлгээ болон аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 522, 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 152 тоот шийтгэврийн хуулбарууд, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн бүртгэлийн жагсаалт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, гэр бүлийн ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэнээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

 

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүс хамаарна. Гэр бүлийн гишүүн гэж “гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” тус тус ойлгоно.

Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг болно.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Аыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

  Шүүгдэгч Г.А нь хохирогч Р.Оюунцэцэгийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн боловч хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Г.А-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч нь гэм буруу дээр маргахгүй байх тул өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Г.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 2 удаагийн ял шийтгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Г.А-ыг “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэв.

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч Г.А-ын хувьд түүний хувийн байдал буюу өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамаарагдаж байгаагүй, оршин суух хаягтай, бусдад төлөх төлбөргүй, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан ... ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу түүнд оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас өршөөн хэлтрүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2105010301498 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *************** А-ыг “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.А-ыг 6 /зургаан/ сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.А-од оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Г.А-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         М.ДАЛАЙХҮҮ