| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2018/00225/И |
| Дугаар | 224 |
| Огноо | 2018-05-10 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 224
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг************** тоотод оршин суух*******/РД:УД*******/
Хариуцагч: ******* дүүрэг************** тоотод оршин суух*******/РД:УД*******/
Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Илтгээлт, хариуцагч Б.Батбаасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Илгээлт шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: 2012 оны 12 дугаар сард Б.Батбаасантай танилцаж эр эмийн харьцаатай болж нэг гэрт ханилан суусан. Бид хамт амьдрах хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй, 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүү Б.Төгөлдөр, 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүү Б.Билгүүн нарыг төрүүлсэн. Зан харьцааны таарамжгүй байдлаас тусдаа амьдарч байна. Хүүхдүүд миний асрамжид байгаа. Цаашид хамт амьдрах боломжгүй тул Б.Батбаасангаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Батбаасан шүүхэд гаргасан тайлбартаа: 2 хүүдээ тэтгэлэг төлнө гэв. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Илгээлт нь хариуцагч Б.Батбаасангаас хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Батбаасан нэхэмжлэлд дурьдсан үйл баримт, шаардлагад маргаагүй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг зөвшөөрсөн.
Нэхэмжлэгч Н.Илгээлт нь тус дүүрэгт оршин суудаг учраас өөрийн оршин суугаа газрын шүүхэд тэжээн тэтгэхтэй холбоотой нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т нийцсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар хүү Б.Төгөлдөр, Б.Билгүүн нар нь Н.Илгээлт, Б.Батбаасан нарын дундаас төрсөн байх бөгөөд эцэг Б.Батбаасан хүүхдүүдээсээ тусдаа амьдарч байгаа нөхцөлд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 35 дугаар зүйлийн 35.1-д заасан тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй.
Нэхэмжлэгч Н.Илгээлт өөрийн асрамжид байгаа насанд хүрээгүй 2 хүүхдийн эцгээс хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхийг шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2-т заасан хэмжээгээр хариуцагч Б.Батбаасангаас сар бүр тэтгэлэг гаргуулж 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү Б.Төгөлдөр, 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Б.Билгүүн нарыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангасантай холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66.296 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 66.296 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.8-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү Батбаасангийн Төгөлдөр, 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Батбаасангийн Билгүүн нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Батбаасангаас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Илгээлтийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66.296/жаран зургаан мянган хоёр зуун ерөн зургаа/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Батбаасангаас улсын тэмдэгтийн хураамжид 66.296/жаран зургаан мянган хоёр зуун ерөн зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Илгээлтэд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ