Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/597

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,

улсын яллагч Б.Чинзориг

шүүгдэгч _________, түүний өмгөөлөгч ___ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ________ овгийн __________ холбогдох эрүүгийн 2203000980190 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, **** оны 06 дугаар сарын 13-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ЮБ каб” такси үйлчилгээнд жолооч ажилтай, ам бүл 1, Баянгол дүүргийн ___________дугаар гудамжны 330 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, __________

Холбогдсон хэргийн талаар

 

___________ нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 15 минутын орчимд Баянгол дүүргийн 22 дугаар хороо Бурхант төвийн ертөнцийн зүгээр урд замд “Соната-6” маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” мөн дүрмийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч __________ мөргөж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _______ мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Дахин мэдүүлэг өгөхгүй...”гэх мэдүүлэг “/шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч _________ өгсөн: “....2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр....Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Өргөө” кино театрын ертөнцийн зүгээр хойд талын замыг урд талын автобусны буудал дээр буугаад тус замын уулзвараар хойшоо алхаад орох санаатай замын гарцгүй хэсгээр ганцаараа урдаасаа хойшоо чиглэлд замд хөндлөн гарах санаатай явж байгаад хойд талаасаа зүүн чиглэлд явж байсан хар өнгийн “Соната-6” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлж газар өнхөрч унасан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

2022 оны 02 дүгээр сарын 10-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 06-14 дүгээр хуудас/,

  1.                                     Шүүхийн шинжилгээний үндэснии хүрээлэнгиин 2884 дугаартай  шинжээчиин дүгнэлт дэх “1. ______ биед баруун гарын шуу, богтос ясны далд хугарал, зүүн хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн осол болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн  25- 26 дугаар хуудас/,
  2.                         
      •                                     Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн “Мөрдөгчийн магадлагаа” /хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/,
  3.                                     Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлтээр “Хьюндай Соната” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсоолын тоормос баруун гар талдаа ажиллахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ их тэнхлэгт тохиргоо өөрчлөлттэй, дугуйн хэмжээ, хээ өөр, баруун гар талын урд дугуй хавантай, баруун гар талын их гэрлийн тусгалын чадал ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй, урд оврын гэрэл зөвшөөрөгдөөгүй өнгөтэй зэрэг нь тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлага хангахгүй, бүрэн бус байх хэдий ч осол өдрийн цагаар үйлдэгдсэн байх тул их гэрлийн тусгалын чадал ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй байгаа нь осолд нөлөөлөөгүй байна /хавтаст хэргийн 33-36 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна
  4.                                         Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд

               “Хьюндай Соната” маркийн ******* улсын дугаартай хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/,

            жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/,

               эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 55 дугаар хуудас/

               байнга оршин суугаа хаягийн лавлагаа / хавтаст хэргийн 53 дугаар хуудас/

              

               эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа / хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.    

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзлээ. 

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ________ ________ нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 15 минутын орчимд Баянгол дүүргийн 22 дугаар хороо Бурхант төвийн ертөнцийн зүгээр урд замд “Соната-6” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” мөн дүрмийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч _______ мөргөж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.  

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

            Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Г__________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг,

 

            шүүгдэгч __________ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх санал дүгнэлтийг тус тус гаргав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч ___________ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” мөн дүрмийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг гэм буруутайгаар зөрчсөн үйлдлийн улмаас хохирогчид хүндэвтэр хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтад хохирогч Г________ өгсөн: “....2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр....Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Өргөө” кино театрын ертөнцийн зүгээр хойд талын замыг урд талын автобусны буудал дээр буугаад тус замын уулзвараар хойшоо алхаад орох санаатай замын гарцгүй хэсгээр ганцаараа урдаасаа хойшоо чиглэлд зам хөндлөн гарах санаатай явж байгаад хойд талаасаа зүүн чиглэлд явж байсан хар өнгийн “Соната-6” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлж газар өнхөрч унасан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

2022 оны 02 дүгээр сарын 10-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 06-14 дүгээр хуудас/,

1.Шүүхийн шинжилгээний үндэснии хүрээлэнгиин 2884 дугаартай  шинжээчиин дүгнэлт дэх “1. ________ биед баруун гарын шуу, богтос ясны далд хугарал, зүүн хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн осол болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн  25- 26 дугаар хуудас/,

2.Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн “Мөрдөгчийн магадлагаа” /хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр болгоомжгүй үр дагаварт хүргэдэг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой. Хэрэгт цугларч, бэхжүүлсэн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч _________ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй юм.       

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г_________ нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.  

 

Хохирлын талаар     

             

              Хохирогч Г______ нь  мөрдөн байцаалтын шатанд хохиролд 406,450  төгрөг нэхэмжилсэн шүүгдэгч нь 500,000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

               Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

            Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г________ 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдуулах ...” гэсэн санал,  

 

            шүүгдэгч Г________ шүүхийн хэлэлцүүлэгт: “...гэм буруугийн талаар маргахгүй, гэмшиж байна...” гэсэн саналыг тус тус гаргав.

 

  Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэх  хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

           

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч __________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ________ 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000/зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г_________ оногдуулсан 600/зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000/зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч _________ нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.  

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ