Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2024/0037

 

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2024/0037

УлаанБ*** хот

 

Ц.Б***ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч: шүүгч Г.Мөнхтулга

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгч Ц.Б***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О***

Нэхэмжлэгч: Ц.Б***

Хариуцагч: Булган аймгийн Сэлэнгэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нэхэмжлэлийн шаардлага: Булган аймгийн Сэлэнгэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10/03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 158/ШШ2023/0045 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Б***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О***, хариуцагч : Булган аймгийн Сэлэнгэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Э***, хариуцагчийн өмгөөлөгч М.Д***

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э***

Хэргийн индекс: 158/2023/0005/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Б*** нь Булган аймгийн Сэлэнгэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан “Булган аймгийн Сэлэнгэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10/03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр маргасан. 

2. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 158/ШШ2023/0045  дугаар шийдвэрийн:

      1 дэх заалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан Сэлэнгэ сумын иргэдийн төлөөлөгчдийн Хуралд дахин шинэ акт гаргахыг даалгаж, маргаан бүхий 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10/03 дугаартай тогтоолыг 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж,

2 дахь заалтаар  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий акт хүчингүй болох ба нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс нь  дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Шүүх “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид хууль зөрчиж шийдвэр гаргасан боловч уг шийдвэр нь олонхын шийдвэр тул буруутгах үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй,

3.2 Шүүх маргаан бүхий 10/03 дугаар тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан актын шинжийг агуулсан, уг акт нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг зөрчсөн гэж дүгнэсэн атлаа хууль бус захиргааны актыг шийдвэрлэхгүй орхиж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хууль бус захиргааны актыг хүчингүй болгох эрх зөвхөн шүүхэд олгогдсон,

3.3 Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 2022 оны 11  дүгээр сарын 21-ний өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагын талаар шүүх дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасныг зөрчсөн,

3.4 Маргаан бүхий актад хуралдаан даргалагч Д.О*** гарын үсэг зураагүй, уг тогтоолыг хуурамчаар үйлдсэн гэж үзэх бөгөөд уг үйлдэлд дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь буруу, гарын үсэг зураагүй нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасныг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

3. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, 

Булган аймгийн Сэлэнгэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/12 дугаар захирамжаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр товлож, захирамжийн 1 дүгээр хавсралтаар хэлэлцэх асуудлыг баталсан.

 Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий төлөөлөгчдөөс  2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, сумын Засаг дарга нарыг огцруулах саналыг гарган, хуралдаанаар хэлэлцэх асуудалд оруулахаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Б***т хүргүүлсэн.

2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаан 85.7 хувийн ирцтэйгээр эхэлсэн боловч нэр бүхий төлөөлөгчид иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, сумын Засаг дарга нарыг огцруулах асуудлыг хурлын эхэнд хэлэлцүүлэхийг шаардаж, улмаар хурлыг орхин гарснаар ирц хүрэлцэхгүй болж, хуралдааныг хойшлуулан 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр товлосон байна.

Улмаар Булган аймгийн Сэлэнгэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөөс дахин 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 35.1.15, 52 дугаар зүйлийн 52.1.5 дахь хэсэгт тус тус зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах саналыг хуралдаанаар хэлэлцүүлэхээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хүргүүлж, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Булган аймгийн Сэлэнгэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хуралдааны 10/01 дугаартай тогтоолоор Тооллогын комиссыг байгуулж, 10/02 дугаартай тогтоолоор Хуралдаан даргалагчаар Даваасүрэнгийн О***ыг сонгож, 10/03 дугаартай “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Б***ыг огцруулах тухай” тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 48 дугаар зүйлийн 48.2 дахь заалтыг үндэслэн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Б***ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгож батлах тухай” 10/04 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 48 дугаар зүйлийн 48.2 дахь заалтыг үндэслэн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналыг авсан Ц*** овогтой Э***г сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилсон болох нь тогтоогджээ.

4. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хувьд мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “б”-д заасан тухайн шатны Хурал нь Хурлын дарга, тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 24 дүгээр зүйлд 24.3-д “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасан журмыг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан  шаардлага хангагдаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэх хууль зүйн боломжгүй.

5. Тухайн тохиолдолд анхан шатны шүүхээс “... 2022 оны 11 дүгээр сарын 07-нд эхэлсэн хуралдаан түр завсарласан байхад ирүүлсэн ... саналыг 10 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын жагсаалтад оруулах эсэхийг шийдвэрлэхээр Зөвлөл хуралдах боломжгүй. Харин хуралдаан эхлэхээс өмнө буюу  11 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн саналыг 10 дугаар хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах, эсэхийг шийдвэрлэхээр Зөвлөлийн хуралдааныг зарлаж хуралдуулах, эсхүл ээлжит бус хуралдаан зарлах, эсэх асуудлыг Хурлын дарга өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байсан ... Өөрөөр хэлбэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга /нэхэмжлэгч Ц.Б***/ нь нэр бүхий төлөөлөгч нарын Хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан “сумын Засаг дарга болон Хурлын даргыг огцруулах” саналыг ээлжит 10 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах эсэх талаар урьдчилж хэлэлцэн, шийдвэрлэх эрх бүхий ИТХурлын Зөвлөлийн хурлыг товлож, хуралдуулаагүй ба Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэх шийдвэрийг хуралдааны явцад гаргаж, санал хураалт зохион байгуулсан нь 10 дугаар хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. ...Хурлын ээлжит 10 дугаар хуралдаан нь хууль болон дээрх журамд заасныг зөрчсөн” хэмээн маргаан бүхий үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоосон байх боловч “хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчийн 100 хувийн саналаар маргаан бүхий акт /тогтоол/ гарсан”, маргаан бүхий 10/03 дугаартай тогтоолд гарын үсэг зурж баталгаажуулах эрх бүхий этгээд болох хуралдаан даргалагч Д.О*** нь хуралдаанаас гарсан шийдвэрийг албажуулах үүргээ биелүүлээгүй ... боловч түүний буруугаас болж 10 дугаар хуралдааны нийт төлөөлөгч нарын сонголт, гаргасан шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй ...” гэж дүгнэн маргаан бүхий захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Тодруулбал, Булган аймгийн Сэлэнгэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 09:00 цагт хуралдуулахаар товлож, 19 асуудлыг хэлэлцэхээр тогтоосон боловч тус өдрийн хуралдаан нэр бүхий хурлын төлөөлөгчид хурлыг орхин гарсан шалтгаанаар хойшилж, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 09 цагт үргэлжлүүлэхээр товлогдсон. Улмаар 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаан 21 төлөөлөгчийн 76.19 хувийн ирцтэй хуралдан төлөөлөгч Б.Дамдиншараваас гаргасан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх, Засаг даргыг огцруулах саналыг хэлэлцэж, маргаан бүхий тогтоол гарсан нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан Зөвлөлийн хурлаар хэлэлцэн батлах, гарах шийдвэрийн төслийг төлөөлөгч нарт хүргүүлэхтэй холбоотой хууль тогтоомжид заасан журмыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 158/ШШ2023/0045  дугаар шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтыг “1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 35 дугаар зүйлийн 35.1.2, 47 дугаар зүйлийн 47.2, 52 дугаар зүйлийн 52.1.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101.2, 102.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Булган аймгийн Сэлэнгэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10/03 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож,  нэхэмжлэгч Ц.Б***ыг урьд эрхэлж байсан Булган аймгийн Сэлэнгэ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын ажилд эгүүлэн тогтоож, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин олговор болон, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид /Булган аймгийн Сэлэнгэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд/ даалгасугай” гэж, 2 дахь заалтыг хасч, 3 дахь заалтын дугаарыг “2” гэж тус тус өөрчилж бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

            ШҮҮГЧ                                              Д.ОЮУМАА

 ШҮҮГЧ                                              С.МӨНХЖАРГАЛ

 ШҮҮГЧ                                               Г.МӨНХТУЛГА