Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 91

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

улсын яллагч Т.Мижиддорж /томилолтоор/,

нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

шүүгдэгч Б.Тэмүүжин,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганчимэг,

хохирогч П.Батцэцэг, Д.Энхтайван нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Базарсадын Тэмүүжинд холбогдох эрүүгийн 201626030573 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 03-нд Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нагац ах Сүхбаатарын хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 12-445 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд:

- Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялын зарим болох 4 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг бүгд 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 11 сарын 08-ны 95 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 10 хоногийн ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Базарсадын Тэмүүжин /РД:НШ95070311/,

 

Холбогдсон хэргийн талаар : /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Тэмүүжин нь давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр:

            - 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 200-500а тоотод оршин суух иргэн П.Батцэцэгийн өвлийн сууцны цонхыг хагалан орж Next загварын 32 инчийн LCD зурагт хулгайлан авч 280.000 төгрөгийн,

            - 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага Дарь-Эхийн 2-1677 тоотод оршин суух иргэн Т.Ганзоригийн өвлийн сууцны цонхыг хагалан орж Lenovo загварын зөөврийн компьютер, htc загварын гар утас, чулуун /манан/ хөөрөг зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 700.000 төгрөгийн,

            - 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-Овоогийн 15-13 тоотод оршин суух иргэн Д.Энхтайваны өвлийн сууцны цонхыг мөргөн орж дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, эмэгтэй хүний монетон бөгж, гинж, ээмэг 1 хос, эрэгтэй хүний пүүз 1 хос, эмэгтэй хүний пүүз 1 хос зэргийг хулгайлан авч 1.705.000 төгрөгийн,

            - 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлхийн зуслангийн задгайд оршин суух иргэн Р.Батмөнхийн /А.Энхтуяа/ эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн орж мөнгөн аяга 3 ширхэг, Aser загварын зөөврийн компьютер, дуран, монетон бөгж, хөөрөг, мөнгөн гинж зэрэг эд зүйлүүдийг хулгайлан авч 1.430.000 төгрөгийн хохирол учруулсан ба бусдад нийт 4.115.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус  үйлдсэнд холбогджээ.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Б.Тэмүүжингийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би өөрийн үйлдсэн хулгайн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлгээ мөрдөн байцаалтын шатанд өгсөн. Ямар нэгэн маргаан байхгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Эрдэм боловсрол багатай учир намайг ажилд авах газар олдохгүй байна. Би хохирогч нарт учруулсан эд хөрөнгийн хохирлыг төлж барагдуулна. Одоогоор төлбөрийн боломжгүй байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна..” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч П.Батцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр би хүүхэдтэйгээ гэртээ ирээд хулгай орсныг мэдээд цагдаа дуудсан. Тэгээд Next загварын 32 инчийн LCD зурагт хулгайлан авч 280.000 төгрөгийн хохирол гарсан гэдгийг мэдсэн. Иймд үнэлгээгээр тогтоосон эд зүйлийнхээ мөнгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг,

 

3. Хохирогч Д.Энхтайванаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр би өглөө 08 цаг 10 минутад гэрээсээ гарч 15 цаг 00 минутад ирэхэд хулгай орсон байсан. Цагдаа дуудаж шалгуулсан. Хулгайд алдсан эд зүйлийнхээ хохирлыг гаргуулсан тохиолдолд гомдол саналгүй. Шинжээчийн дүгнэлтээр гарсан хохирол болох 1.705.000 төгрөгнөөс нэмж, хасагдсан зүйл байхгүй. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Би эрэгтэй хүний пүүзийг Солонгос улсаас захиалж авчирсан брэндийн пүүз байсан. Пүүзийг олон удаа өмсөөгүй байсан. Миний алдсан монетон бөгж, гинж, ээмэг нь монет байсан. Харин граммыг нь мэдэхгүй байна. Тухайн үедээ би Мөнгөн завъяа худалдааны төвөөс эхнэртээ авч өгч байсан...” гэсэн мэдүүлэг ,

 

Эрүүгийн 201626030573 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Т.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би Баянзүрх дүүргийн 21-р хороо Бага Дарь-Эхийн 2-1677 тоотод эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр өглөө эхнэр хүүхдүүдээ аваад ажилдаа явсан. Гэрт манай хадам аав үлдээд 11 цагт гэрийг маань цоожлоод ажил төрөлдөө явсан гэсэн. Орой 18 цагийн үед манай эхнэр над руу утсаар яриад байшингийн хаалганы цоож зүүлттэй байгаа мөртлөө эвдэрсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажлаасаа гараад гэртээ яваад очтол өвлийн сууцны баруун талын вакум цонхыг хагалж гэрт хулгайч орж гэрээс Леново маркийн нөүтбүүк, нэг ширхэг НТС маркийн хар өнгийн гар утас, орчин цагийн чулуун хөөрөг нэг ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Тэгээд цагдаа дуудсан.

Нөүтбүүк нь 400.000 төгрөг, НТС маркийн гар утас нь 350.000 төгрөг, чулуун хөөргийг 300.000 төгрөгөөр авч байсан. Үнэлсэн үнэлгээтэй санал нэг байна. Би вакум цонхны шил болон алга болсон хэтэвчээ үнэлэхгүй. Үнэлгээ хийлгэх шаардлага байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 22х/,

 

2. Хохирогч Р.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр миний бие эхнэр А.Энхтуяагийн хамт Сүхбаатар дүүрэг 20-р хороо Сэлхийн задгай тоот зуслангийн байшиндаа оройны 19 цагийн үед очсон юм. Эхнэр Энхтуяа машинаас түрүүлж буусан. Харин охин Номин бид хоёр машинд үлдээд, машинаа гражид тавих гэж байхад манай эхнэр байшин руугаа орж үзчихээд “гэрт хулгай орчихсон байна, гэрийн эд хогшлыг ухаж сэндийчсэн байна” гэж хэлээд гараад ирсэн. Тэгэхээр нь охин, эхнэр, бид гурав байшин руу оролгүй цагдаад дуудлага өгсөн.

Манай гэрээс Acer маркийн мөнгөлөг саарал өнгийн хуучин нөүтбүүк цүнхтэйгээ, уг нөүтбүүкийг манай том охин Болороо япон улсаас 10 жилийн өмнө авч ирж өгч байсан юм. Би 300.000 төгрөгөөр үнэлнэ, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын 1 ширхэг мөнгөн аяга, жижиг гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяган дээр нь /Шри Шри амьдрах урлаг багш нараас гэх бичигтэй/ би их гарын мөнгөн аягыг 250.000 төгрөг, дунд гарын 1 ширхэг мөнгөн аягыг 210.000 төгрөг, жижиг гарын мөнгөн аягыг 150.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Мөн маргад шигтгээтэй монетон бөгж 1 ширхэг, граммыг нь мэдэхгүй 600.000 төгрөгөөр, Оюун кулонтой мөнгөн гинж 230.000 төгрөгөөр үнэлнэ. Даваа толгойтой гуулин нуухтай дунд гарын цагаан цайвар манан хөөрөг 1 ширхэг 80.000 төгрөгөөр үнэлнэ. Дани улсаас авч байсан хар өнгийн 2 нүдний дуран 500.000 төгрөгөөр үнэлнэ. Харин манай эхнэр Энхтуяа урьд өгсөн тайлбартаа “Самсунг маркийн I7 үзүүлэлттэй нөүтбүүк алдагдсан” гэж мэдүүлсэн. Харин тэр нь байшингийн гражид миний автомашин дотор байсан. Одоо миний бодит хохирол нийт 1.430.000 төгрөг болж байна. Үүнээс “Aser” маркийн нөүтбүүк, мөнгөн гинж, манан хөөрөг, дурангаа буцааж хүлээн авсан. Одоо 870.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа. Иймд 870.000 төгрөгийг нэхэмжлэн гаргуулмаар байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 68-69х, 2-р хавтас 15-16х/,

 

3. Хохирогч Д.Энхтайваны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өглөө би 08:10 цаг гэж гэрээсээ гараад өдөр 15:10 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн вакум цонхыг хөшиж онгойлгон гэрт хулгай орсон байсан тул цагдаа дуудсан. Манай гэрээс дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, эмэгтэй хүний монетон хоёр хос ээмэг, гинж, бөгж, кулон, эрэгтэй, эмэгтэй хоёр пүүз зэрэг зүйл алдагдсан байсан. Мөн 2 ширхэг зэс аяга алга болсон байсан. Гэхдээ би алга болсон 2 ширхэг зэс аягаа үнэлүүлэхгүй. Бусдыг нь үнэлүүлсэн байгаа. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Би одоо 1.705.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 145-146х, 2-р хавтас 17х/,

 

 4. Хохирогч П.Батцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

  “...2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ байж байгаад 11 цагийн орчим гэрээ цоожлоод гарч явсан. Өдөр 14 цагийн орчим гэртээ ирчихээд буцаж гарсан. Намайг 14 цагийн орчим гэрт ирэхэд гэрийн цоож, болон цонх, гэр доторх эд зүйлс зүгээр байсан. Тэгээд эргээд гарч ажил хөөцөлдөж байгаад үдээс хойш 16:30 цагийн орчим гэрт ирэхэд манай байшингийн зүүн тийш харсан хоёр цонхны хойд талын модон цонхны том шилийг нь хагалан хулгай орж дотор талаас нь Next брэндийн 32 инчийн LCD зурагт хулгайд алдсан байна.

Үнэлгээний комисс Next брэндийн 32 инчийн LCD зурагт болон хагарсан шилийг 280.000 төгрөгөөр үнэлсэн байна. Би энэ үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Надад өр авлага, өс хонзонтой хүн байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 хавтас 220х, 222-224х, 2-р хавтас 13-14х/,

 

5. Гэрч Б.Номингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

   “...2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр оройны 18:00 цагт ээж Энхтуяа, аав Батмөнх нартай уулзчихаад аавын эзэмшлийн 90-19 УБН улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота Аллион маркийн автомашинаар Сүхбаатар дүүрэг 20-р хороо Сэлхийн зуслангийн задгайд байдаг байшиндаа очсон юм. Зуслангийн байшингийн гадаа очиход ээж түрүүлж буугаад байшин руу орсон. Харин аав бид хоёр машинаа гражид хийх гээд үлдсэн. Удалгүй ээж байшингаас “гэрт хулгай орчихсон байна” гэж хэлээд гараад ирсэн. Тэгэхэд аав “байшин руу битгий ор, цагдаа дуудъя” гэж хэлээд бид гурав дахиж байшин руу ороогүй. Байшингийн хаагуур нь яаж хулгай орсон талаар ...тойрч үзэхэд байшингийн тамбарны зүүн талын поорчик онгойчихсон юм шиг байсан. Удалгүй цагдаагийн бүрэлдэхүүн ирж манай гэрт үзлэг нэгжлэг хийгээд явсан.  Гэрээс аавын хар өнгийн 2 нүдний дуран, 3 ширхэг мөнгөн аяга, ногоон шигтгээтэй бөгж 1 ширхэг, хөөрөг, ээжийн мөнгөн зүүлт зэрэг эд зүйлс алга болсон байсан. Би нарийн сайн мэдэхгүй байна. Хамгийн сүүлд тэр өдөр ээж Энхтуяа 12:00 цагт зуслангийн байшингаас гарсан. Тэгээд орой 19:00 цагт ирэхэд хулгай орчихсон байсан. Урьд өмнө нь хулгай орж байгаагүй. Байшин маань ашиглалтанд ороод 4 сар л болж байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 70-71х/,

 

6. Гэрч Ө.Бат-Өрнөхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ажилтай байсан учраас хулгайн талаар сайн мэдэхгүй байна. Манай гэрээс 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 2 хос монетон ээмэг, нэг монетон гинж, нэг кулон гинжтэйгээ, нэг бөгж, хоёр зэс аяга зэрэг зүйл алдагдсан байсан. Нэг мөнгөн аяга нь ёроол нь цөмөрсөн, гадна ёзоортоо 3 ширхэг ногоон өнгийн шигтгээтэй. Нэг мөнгөн аяганы амсар нь харалсан байсан. Нөгөө мөнгөн аяга нь шинээрээ байсан. Хээгүй цулгай мөнгөн аяганууд байсан. Бөгж нь жижиг цагаан өнгийн 5-7 ширхэг церкон шигтгээтэй. Энэ бөгж нь кулон, ээмэгтэйгээ хос байсан. Нөгөө нэг ээмэг нь тусдаа ээмэг байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 185-186х/,

 

7. Гэрч Т.Дэлгэрцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Манай ломбарданд 2016 оы 5 дугаар сарын 12-ны өдөр Базарсадын Тэмүүжийн гэх хүн монетон бөгж тавьсан байна. Тэр бөгжийг буцааж аваагүй тул манай төв байгууллагаас 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хугацаа нь дуусаад авч яваад 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр зарагдсан гэж тэмдэг дарагдсан байна. Тийм болохоор 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрүүдийн хооронд зарагдсан байна. Бөгжийг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй.

Тус бөгж нь 3 граммын, 14 крат гэсэн цорьцтой, церкон шигтгээтэй, солонгос, эмэгтэй хүний монетон бөгж байсан. Ямар дүрс, хэлбэртэй байсныг санахгүй байна. Манайх камерын бичлэгээ 10 хоноод устгадаг тул 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн бичлэг байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 187-188х/,

 

  8. Гэрч Ц.Чулуунбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармаг 20-500а тоотод хадам ээж Батцэцэг, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр өглөө гарч яваад 14 цагийн орчим гэрт орж ирээд дүүгийнхээ цүнхийг аваад буцаж хадам ээжийн хамт 19 дүгээр хороололд айлд очсон. 14 цагт гэрээс гарахад гэрээ цоожлоод гарсан ба өдөр гэрт ороход гэрийн эд зүйл бүрэн бүтэн байсан. Тэгээд ажилтай явж байхад ээж түрүүлж гэрт ирсэн бөгөөд над руу утсаар залгаж “гэрт хулгай орсон” талаар хэлсэн.

 Өдөр гэрээс гарч явж байхад гудамжинд ямар нэгэн сэжиг бүхий хүн харагдаагүй. Би хөрш айлын хүмүүсийг огт танихгүй, сайн мэдэхгүй. Би тухайн хаягт, хадам ээжийнхээ гэрт 2015 оны 10 дугаар сараас хойш эхлэн байж байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 225-226х/,

 

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 05/351 тоот дүгнэлтэд:

“...1. Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 200-500а тоотод суух П.Батцэцэгийн эзэмшлийн байшингийн цонхыг хагалан хулгай орж, Next маркийн 32 инчийн LCD зурагт алдагдсан гэх, хэргийн газрын үзлэгээр д/ч Э.Гансүхийн илрүүлж бэхжүүлсэн № 1, 2, 3, 4, 5, 7, 8, 9 гэж дугаарласан дакто хальсан дахь гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. Харин № 6, 10 гэж дугаарласан дакто хальсан дахь гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд ирүүлсэн №4, 7, 8 “хулгай орсон гэх цонхны хагарсан хэлтэрхийнүүд дээрээс” илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүд нь Папилон санд MN003310003166, MN000110013923, MN000110020162 дугаараар бүртгэгдсэн Базарсад овогтой Тэмүүжингийн баруун гарын эрхий, зүүн гарын дунд хурууны хээтэй, “Гогцоо” гэсэн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тус тус тохирч байна.

3. Шинжилгээнд тэнцэх бусад гарын мөрүүд нь нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын хээний дардас, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илэрсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна...” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 231-232х/,  

 

10. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 9-15х, 54-60х, 129-135х/,

 

11. Хэрэг учралын газрын үзлэгийн үед үйлдсэн гар схем зураг /хэргийн 1-р хавтас 61х, 212-215х/,

 

12. Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримтууд /хэргийн 1-р хавтас 19х, 65х, 147х, 228х/,

 

13. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 64х/, 

 

14. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 180-181х, 183х, 2-р хавтас 59-62х/,

 

15. Шүүгдэгч Б.Тэмүүжингийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:

“...2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 200-500а тоот гэсэн пайзтай хашаа онгорхой байхаар нь дотогш орсон. Ороход нэг давхар улаан тоосгон байшин байсан. Уг байшингийн 2 цонхны нэгийг нь чулуугаар хагалан дотогшоо орж, зурагт байсныг хулгайлан аваад буцаж хагалсан цонхоороо гарсан. Яг ямар содон шинж тэмдэгтэй, хэдэн инчийн зурагт байсныг санахгүй байна. Уг зурагтыг би тэр өдөртөө Хархорин зах дээр аваачиж зарсан. Тэр айлаас өөр эд хулгайлж аваагүй.

Түүний дараа 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн Дарь Эхийн 2 дугаар гудамжаар зүүн тийш 500 метр орчим явж байгаад 1677 гэх пайзтай хашааны хаалга онгорхой байсан. Би уг айлын хашаанд явж ороход улаан өнгийн 2 давхар тоосгон байшин байсан. Байшинд хүн байхгүй бололтой байсан тул 2 давхрын баруун талын цонхыг төмрөөр хагалж дотогш орсон. Цонх хагалсан төмрөө хашаа давуулаад шидчихсэн. Тэгээд дотор талын өрөөнүүдэд орж үзсэн. Нэг өрөөний орон дээр нь нөүтбүүк, түүний хажуугийн жижиг шүүгээн дээр хөөрөг зэрэг зүйлс байсныг аваад, хагалсан цонхоороо буцаад гараад явсан. Эдгээр авсан эд зүйлээ мөн Хархорин зах дээр аваачиж зарсан.

2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт явж байгаад Мандал Овоогийн 15 дугаар гудамжны 13 тоот хашаанд нэвтрэн орж байшингийн вакум цонхыг түлхэн орэ дунд агрын мөнгөн аяга 3 ширхэг, эмэгтэй хүний монетон гинж, ээмэг нэг хос, бөгж, эрэгтэй хүний пүүз нэг хос, эмэгтэй хүний пүүз нэг хос зэргийг авч, цонхоор нь буцаж гарсан.

Эдгээр зүйлийг Хархорин зах дээр зарсан. ...Бөгжийг нь “Амазон” ломбарданд барьцаанд 94.000 төгрөгөөр тавьсан. Зарсан газруудыг мэдэхгүй байна. Тэнд явж байгаад тааралдсан авъяа гэсэн хүнд нь үнэ тохироод зарчихдаг юм. Эд зүйлсийг зарсан хүмүүсийг танихгүй.

2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг,  Сэлхийн зуслангийн айлуудаар явсан. Замаас зүүн тийш 300 орчим метр зайд 2 давхар, 1 давхарын үүдэн хэсэг нь шилэн цонхтой байшин байсан. Тэр байшингийн нэг давхрын дээд талын жижиг цонхыг түлхэн орсон. Дотор талд нь дахин вакум цонх байсан. Тэр цонхыг нь хөлөөрөө өшиглөн хагалж орсон. Тэгээд өрөөнүүдээр явж гал тогооны өрөөнөөс 3 ширхэг мөнгөн аяга, 2 давхарын өрөөнөөс монетон бөгж, мөнгөн гинж, хөөрөг, нөүтбүүк, дуран зэргийг авсан. Эдгээрээс 3 ширхэг мөнгөн аяга, монетон гинж зэргийг нь Хархорин зах дээр зарчихсан байсан. Харин бусад зүйлсийг нь зарах гэж байгаад цагдаад баригдсан. Тэдгээр зүйлсийг цагдаад хураалгасан. Би өөр хулгайн хэрэг хийгээгүй.

Би эхээс ганцаараа. Ээж Уянга нь намайг 10 настай байхад 2005 онд бамбайн өвчнөөр нас барсан. Түүнээс хойш ээжийн аав буюу эмээ, өвөө дээрээ өссөн. Өвөө 2015 онд, эмээ 2010 онд нас барсан. Түүнээс хойш харж хандах хүнгүй, ээжийн ах болох Очирпүрэв ахынд байдаг болсон. Сургуульд сураагүй, ажил хөдөлмөр хийе гэхэд авахгүй байдаг тул гадуур их явдаг болсон. Тэгэж явж байгаад хулгайн гэмт хэрэг хийчихдэг. Урьд өмнө 2 удаагийн ял шийтгэлтэй. Одоо цаашид дахи хулгай хийхгүй.

...Би дээрх 4 удаагийн хулгайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. Хамт хулгай хийдэг хүн болох хүүхдүүд байхгүй. Өмнө сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө “Хэдэн хүмүүстэй бүлэглэн үйлдсэн” гээд хэлчихвэл хэрэг шийдэгдэхгүй байх” гэж бодсон юм. Би Нямгэрэл, Түвшөө, Очки нарын хамт хулгайн гэмт хэргийг бүлэглэн үйлдээгүй. Би тэр хүүхдүүдийг танихгүй, ...тэд нартай хамт хэрэг хийгээгүй. Хэргийг удаашруулах гэж худлаа мэдүүлэг өгч байсан юм. Надад Нямгэрэл, Түвшөө, Очки гэх найз байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 26-27, 73-75х/ зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Я.Очирпүрэвийн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 72-73х, хэргийн 2-р хавтас 63-64х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 191х 2-р хавтас 3х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 246х/, төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 249х/, Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 12 сарын 21-ний өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 2-р хавтас 32-34х, Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 7 сарын 23-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 2-р хавтас 35-39х, 41-45х/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 11 сарын 08-ны өдрийн 95 дугаартай “Хорих ял хугацаанаас тэнсэн суллах тухай” шүүгчийн захирамжийн хуулбар /хэргийн 2-р хавтас 46х/, ялын тооцооны лавлагаа /хэргийн 2-р хавтас47х/ зэрэг баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.  

 

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч нар, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Б.Тэмүүжин нь давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр:

            - 2016 оны 4 сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 200-500а тоотод оршин суух иргэн П.Батцэцэгийн өвлийн сууцны цонхыг хагалан орж Next загварын 32 инчийн LCD зурагт хулгайлан авч 280.000 төгрөгийн,

            - 2016 оны 5 сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага Дарь-Эхийн 2-1677 тоотод оршин суух иргэн Т.Ганзоригийн өвлийн сууцны цонхыг хагалан орж Lenovo загварын зөөврийн компьютер, htc загварын гар утас, чулуун /манан/ хөөрөг зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 700.000 төгрөгийн,

            - 2016 оны 5 сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-Овоогийн 15-13 тоотод оршин суух иргэн Д.Энхтайваны өвлийн сууцны цонхыг мөргөн орж дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, эмэгтэй хүний монетон бөгж, гинж, ээмэг 1 хос, эрэгтэй хүний пүүз 1 хос, эмэгтэй хүний пүүз 1 хос зэргийг хулгайлан авч 1.705.000 төгрөгийн,

            - 2016 оны 5 сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлхийн зуслангийн задгайд оршин суух иргэн Р.Батмөнхийн /А.Энхтуяа/ эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн орж мөнгөн аяга 3 ширхэг, Aser загварын зөөврийн компьютер, дуран, монетон бөгж, хөөрөг, мөнгөн гинж зэрэг эд зүйлүүдийг хулгайлан авч 1.430.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Т.Ганзориг, Р.Батмөнх, Д.Энхтайван, П.Батцэцэг нарын мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 22х, 23-24х 68-69х, 70-71х, 220х, 222-224х, 2-р хавтас 13-14х, 15-16х, 17х/, гэрч Ө.Бат-Өрнөх, Т.Дэлгэрцэцэг, Ц.Чулуунбаатар нарын мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 185-186х, 187-188х, 225-226х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 05/351 тоот дүгнэлт /хэргийн 1-р хавтас 231-232х/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 9-15х, 54-60х, 129-135х/, илтгэх хуудас /хэргийн 1-р хавтас 18х, 62х, 138-140х, 219х/, эд зүйлийн үнэлгээ хийсэн үнэлгээний баримтууд /хэргийн 1-р хавтас 19х, 65х, 147х, 228х/, хэрэг учралын газрын үзлэгийн үед үйлдсэн гар схем зураг /хэргийн 1-р хавтас 61х, 212-215х/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 64х/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 180-181х, 183х, 2-р хавтас 59-62х/, болон шүүгдэгч Б.Тэмүүжингийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

 

Дээрх 4 удаагийн хулгайн гэмт хэргийн улмаас нэр бүхий хохирогч нарт нийт 4.115.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан бага бус хэмжээнд (хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /192.000 төгрөг/ нэгээс 50 дахин нэмэгдүлсэнтэй тэнцэх) хамаарах бөгөөд шүүгдэгч нь нэр бүхий хохирогч нарын өвлийн сууц, зуслангийн байрны цонхыг хагалах, мөрлөх, түлхэх зэргээр орон байранд нь нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна.   

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Тэмүүжинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэхдээ тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжид хамаарах “бусдын орон байранд нэвтэрч” үйлдсэн шинжийг орхигдуулж, энэ талаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй хэдий ч энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүх Б.Тэмүүжинг бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч, давтан үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.  

 

Шүүгдэгч нь өөрийн өмчлөлд тухайлсан эд хөрөнгө байхгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй болно.

 

Шүүгдэгч Б.Тэмүүжингийн үйлдсэн дээрх хулгайн гэмт хэргийн улмаас хохирогч хохирогч П.Батцэцэгт 280.000 төгрөгийн, Р.Батмөнхөд 1.430.000 төгрөгийн, хохирогч Т.Ганзоригт 700.000 төгрөгийн, хохирогч Д.Энхтайванд 1.705.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирснаас мөрдөн байцаалтын шатанд хохирогч Р.Батмөнхөд Aser маркийн зөөврийн компьютер, хоёр нүдний дуран, манан хөөрөг, кулонтай мөнгөн гинж зэрэг нийт 560.000 төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлсийг биет байдлаар нь эгүүлэн өгснөөс өөрөөр гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй болох нь хохирогч Т.Ганзориг, Р.Батмөнх, Д.Энхтайван, П.Батцэцэгийн нарын мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 64х/, эд зүйлийн үнэлгээний баримтууд, шүүгдэгч Б.Тэмүүжингийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байх тул шүүгдэгч Б.Тэмүүжингээс гэм хорын хохиролд бүгд 3.555.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Ганзоригт 700.000 /долоон зуун мянга/ төгрөг, Р.Батмөнхөд 870.000 /найман зуун далан мянга/ төгрөг, Д.Энхтайванд 1.705.000 /нэг сая долоон зуун таван мянга/ төгрөг, П.Батцэцэгт 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч Б.Тэмүүжин нь урьд Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жил 02 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялын зарим болох 4 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг бүгд 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосон бөгөөд Хан-Уул дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2013 оны 11 сарын 08-ны 95 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 09 сар 10 хоногийн ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж мөн хугацаагаар хянан харгалзаж ял шийтгэгдэж байсан.

Дээрх хянан харгалзах хугацаа нь 2014 оны 08 сарын 18-ны өдрөөр дуусгавар болсон хэдий ч шүүгдэгчийн хувьд ялгүйд тооцох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан хугацаа нь мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.4 дэх хэсэгт зааснаар үндсэн ба нэмэгдэл ял эдлэхээс чөлөөлөгдсөн үеэс нь эхлэн тоолоход 2018 оны 11 сарын 08-ны өдрөөр дуусгавар болохоор байна.   

 

Гэвч шүүгдэгчийг ялгүйд тооцох хугацаа нь Монгол улсын Их хурлаас 2015 оны 08 дугаар сарын 11-ны өдөр баталсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн “Зарим хугацааг хэрэгсэхгүй болгох” талаарх 6 дугаар зүйлийн  6.1.1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох” эрх зүйн зохицуулалтад хамаарах тул түүний ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлнэ.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь хэсэг, 17.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хүндэвтэр” ангилалд хамаарах ба шүүгдэгчийн хувьд ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосноор Б.Тэмүүжинг Эрүүгийн хуулийн “хүндэвтэр” ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж дүгнэх үндэслэл үүсэх юм.   

 

Шүүхээс, шүүгдэгч Б.Тэмүүжинд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр  гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ойлгон ухамсарлаж буй нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүний үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт Б.Тэмүүжин нь сэжигтэн, яллагдагчаар 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл нийт 123 /нэг зуун хорин гурав/ хоног цагдан хоригдсон /хэргийн 1-р хавтас 79х, 82-83х, 86-87х, 90-91х/ хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан журмын дагуу шүүгдэгчийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчтэй холбоотой иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурьдаж шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч: “мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны журам зөрчин шүүгдэгчийг байцаахдаа өмгөөлөгч байлцуулаагүй, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг үндэслэлтэй тогтоогоогүй буюу хохирогч Д.Энхтайваны хулгайд алдсан гэх эд зүйлсийн үнэлгээ хэт өндөр тогтоогдсон, хохирогчийн мэдүүлэгт хөтлөгдөн үнэлгээг гаргасан байх тул хэргийг нэмэлт мөрдөн буцаах үндэслэл байна” гэж мэтгэлцэж санал гаргасан.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч өөрөө мэдүүлэхдээ: “бичихдээ муу, харин үсэглэж уншина” гэж, гэрчээр асуугдсан түүний нагац ах Я.Очирпүрэвийн мэдүүлэгт: /хэргийн 2-р хавтас 63-64х/  “Б.Тэмүүжин уншиж бичиж чадна, Хан-Уул дүүргийн  63 дугаар сургуульд сурч байгаад 6-р ангиасаа сургуулиасаа гарчихсан” гэж мэдүүлснээс гадна шүүгдэгчид ял сонсгож, яллагдагчаар мэдүүлэг авахад болон шүүхийн хэлэлцүүлэгт түүнийг “эрх зүйн туслалцаа өмгөөлөгчөөс авах, өмгөөлүүлэх” эрхээр нь хангасан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт заасан журам зөрчигдсөн гэж үзэхгүй.

Мөн эд зүйлийн үнэлгээ хийсэн баримттай /хэргийн 1-р хавтас 147х/ шүүгдэгчийг танилцуулсан, тэрээр үнэлгээг эс зөвшөөрсөн талаарх гомдол хүсэлтийг мөрдөн байцаалтын шатанд гаргаагүй байх тул эд зүйлийн үнэлгээг бодитой биш, үндэслэлгүй гэж дүгнэх хуульд заасан үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул эд зүйлийн үнэлгээний талаар шүүгдэгчийн өмөөлөгчийн гаргасан саналыг шүүх хүлээн аваагүй болохыг дурьдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэг, 290, 294, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэг, 298, 299 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                        ТОГТООХ нь:

 

1. Боржигин овогт Базарсадын Тэмүүжинг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч, давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Тэмүүжинг эд хөрөнгө хураахгүйгээр 06 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Б.Тэмүүжинд оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Тэмүүжингийн цагдан хоригдсон 123 /нэг зуун хорин гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Тэмүүжингийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолын дагуу ял шийтгэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  тоологдох ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Тэмүүжингээс 3.555.000 /гурван сая таван зуун тавин таван мянга/ төгрөг гаргуулж,

- 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийг Баянзүрх дүүргийн 21-р хороо бага дарь эх 2-1677 тоотод оршин суух /РД:ОЭ86032577/ хохирогч Шавай овогт Тулгаагийн Ганзоригт,

- 870.000 /найман зуун далан мянга/ төгрөгийг Баянгол дүүргийн 1-р хороо 016-р байр 21 тоотод оршин суух /РД:ЧЗ55072411/ хохирогч Боржигон овогт Рагчаасүрэнгийн Батмөнхөд,

- 1.705.000 /нэг сая долоон зуун таван мянга/ төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо Мандал-Овоо 15-13 тоотод оршин суух /РД:ЧЙ80090974/ хохирогч Боржигон овогт Даваагийн Энхтайванд,

- 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийг Хан-Уул дүүргийн 5-р хороо Яармагийн 20-500а тоотод оршин суух /РД:ШВ74021369/ хохирогч Хүзүүгийнхэн овогт Пүрэвсүрэнгийн Батцэцэгт тус тус олгоугай.  

 

7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчтэй холбоотой иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.  

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Тэмүүжинд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслах сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Б.Тэмүүжинд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          С.БАЗАРХАНД