Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 128/шш2021/0019

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “Д” ХХК

Хариуцагч: Оюуны өмчийн газрын дарга

Хариуцагч: Оюуны өмчийн газрын дэргэдэх маргаан шийдвэрлэх комисс

Гуравдагч этгээд: “И” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/146 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Оюуны өмчийн газрын Маргаан шийдвэрлэх комиссын 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Л.Д, гэрч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилга угсралт, худалдаа үйлчилгээний чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, И хаягт өөрийн өмчлөлийн худалдаа. үйлчилгээний цогцолбор барьж байгуулан “И” гэж нэрлэсэн болно.

Тус барилга нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “И”-нд байрладаг тул “И” гэж нэрлэн, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийг баримтлан 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “И” үг, дүрсний хосолмол барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр Оюуны өмчийн газарт хүсэлд гаргасан ба Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А/08 тоот тушаалаар барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийг зөвшөөрч, улсын бүртгэлийн 40-******* дугаартай, Бараа үйлчилгээний олон улсын ангиллын 20, 35, 36, 37, 38, 30, 40, 41, 42, 43, 44, 45 дугаартай ангилалд баталгаажуулж гэрчилгээ олгосон юм.

Гэтэл “И” ХХК нь манай бүртгүүлсэн барааны тэмдгийг өөрийн эзэмшиж буй 14835 дугаар гэрчилгээ бүхий “И” гэх нэр бүхий барааны тэмдэгтэй давхцаж байна хэмээн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Оюуны өмчийн газрын дэргэдэх маргаан шийдвэрлэх комисст гомдол гаргасан байна. Тус гомдлыг Оюуны өмчийн газрын маргаан шийдвэрлэх комисс нь 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар хянан хэлэлцэж 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаартай тогтоолоор “Д” ХХК-ийн эзэмшиж буй 40-******* улсын бүртгэлийн дугаартай барааны тэмдгийн 35, 36, 39, 41, 43, 44, 45 дугаар ангиллуудыг хүчингүй болгохоор шийдвэрлэснийг Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/146 дугаар тушаалаар баталгаажуулсан болно.

Манай компани комиссын хуралдаанд биечлэн оролцоогүй бөгөөд тогтоолын 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр, тушаалыг 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр тус тус хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр хууль бус захиргааны акт гэж үзэж байна.

Монгол Улсын хууль зүй дотоод хэргийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/26 дугаар тушаалаар Оюуны өмчийн газрын дэргэдэх маргаан шийдвэрлэх комиссын ажиллах журам, бүрэлдэхүүнийг баталж 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгүүлсэн болно. Оюуны өмчийн газрын дэргэдэх маргаан шийдвэрлэх комисс нь энэхүү журмын дагуу маргааныг хянан шийдвэрлэх ба Оюуны өмчийн газрын дарга мөн журмын дагуу тушаал шийдвэр гаргах үүрэгтэй. Гэтэл Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/146 дугаар тушаал нь Маргаан шийдвэр комиссын ажиллах журмын 5.4-т “Тогтоолыг 7 хоногийн дотор Оюуны өмчийн газрын даргад хүргүүлэх бөгөөд уг тогтоолыг Оюуны өмчийн газрын дарга 3 хоногийн дотор тушаалаараа баталгаажуулна” гэж заасан хугацааг зөрчиж үйлдэгдсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн зүйлийн 37.6-д заасан хууль бус захиргааны акт болно. Маргаан шийдвэрлэх комиссын тогтоол 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гарсан бөгөөд түүнээс хойш 7 хоногийн дотор Оюуны өмчийн газрын даргад хүргүүлбэл 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр баталгаажуулсан тушаалыг 3 хоногийн догор гаргахад 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр болж байна. Харин Оюуны өмчийн газрын даргын тушаал үүнээс 9 хоногийн дараа буюу хууль, тогтоомжид заасан хугацааг ноцтой зөрчиж байгаа нь захиргааны акт болохыг нотолж байна.

“И” ХХК-ийн Маргаан шийдвэрлэх комисст гаргасан гомдол үндэслэлгүй бөгөөд “Д” ХХК-ийн эзэмшиж буй “И” гэх үг, дүрсний хосолмол бүхий “И” барааны тэмдэг нь бусдын эзэмшиж буй барааны тэмдгээс ялгагдах чадваргүй гэж Маргаан шийдвэрлэх комисс Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасныг удирдлага болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Маргаан шийдвэрлэх комиссын тогтоолын Үндэслэх хэсэгт: Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5-д “бараа, үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй” гэж заасны дагуу дуудлага байрлалын хувьд ойролцоо 2 барилга байгаа нь хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж болзошгүй” гэж үзсэн нь тогтоогдохгүй байна.  

“И” барааны тэмдэг бүхий барилга нь барааны тэмдэг бүхий барилга нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Иид буюу Маршалын гүүрний хойд талд байрладаг, харин “И” ХХК-ийн “И төв” нь Баянзүрх дүүргийн 26-р хороо, Хүннүгийн гудамж буюу Дүнжингарав худалдааны төвийн баруун талын уулзвар дээр байрладаг нь байрлалын хувьд хүмүүс андуурах боломжгүйг нотолж байна.

Мөн И ХХК нь “И” гэх латин үсэг бүхий, монгол бичгээр бичиглэсэн лого бүхий барааны тэмдгийг баталгаажуулсан нь өөрийн барилгыг "И төв” хэмээн нэрлэх дархан эрх олгож байгаа хэлбэр биш юм.

Маргаан Маргаан шийдвэрлэх комиссын тогтоолын Үндэслэх хэсэгт: “Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.6 дахь заалтад “Монгол улсад бүртгэгдсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн ижил бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил” гэж заасны дагуу ижил ангиллуудад хамгаалсан байгаа мөн хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй” гэж үзсэн нь тогтоогдохгүй байна.

"И” ХХК-ийн эзэмшиж буй 14835 дугаар гэрчилгээ бүхий барааны тэмдэг нь зөвхөн “I*******” гэж латинаар бичигдсэн бөгөөд харагдах байдлын хувьд “Д” ХХК-ийн эзэмшиж барааны тэмдгээс илтэд өөр байхын зэрэгцээ төв, плаза гэх үгийн агуулга агуулаагүй болно.

Оюуны өмчийн газар нь дээрх барааны тэмдгүүдийг Бараа үйлчилгээний олон улсын ангиллын 35, 36, 39, 41, 43, 44, 45 дугаар ангилалд давхардаж байна гэж үзсэн нь ч тогтоогдохгүй байна. “Д” ХХК-ийн эзэмшиж буй улсын бүртгэлийн 40-******* дугаартай барааны тэмдгийн гэрчилгээний хавсралтад барааны тэмдэгт хамаарах бараа үйлчилгээний жагсаалтын тодорхойлсон байх ба “И” ХХК-ийн эзэмшиж буй барааны тэмдгийн хамаарах бараа үйлчилгээний жагсаалтыг https://publish.ipom.mn албан ёсны цахим хуудаснаас шүүж харьцуулахад давхцаж байгаа нь тогтоогдохгүй байгаа болно.

Маргаан шийдвэрлэх комисс нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/26 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Оюуны өмчийн газрын дэргэдэх маргаан шийдвэрлэх комиссын ажиллах журам” буюу захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн тухайд маргаан шийдвэрлэх комисс нь дээрх журмын дагуу ажиллаж шийдвэр гаргах үүрэгтэй бөгөөд “И” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гаргасан гомдлыг хянан 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар хэлэлцүүлсэн нь  Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т “Маргаан шийдвэрлэх комисс нь энэ хуулийн 32.1-д заасан гомдол, хүсэлтийг хүлээж авснаас хойш зургаан сарын дотор хянан шийдвэрлэж энэ тухай, гомдол хүсэлт гаргагчид бичгээр мэдэгдэнэ” гэж заасныг Оюуны өмчийн газрын дэргэдэх маргаан шийдвэрлэх комиссын ажиллах журмын 3.3-т “Комиссын дарга хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор комиссын аль нэг гишүүнд хуваарилах бөгөөд уг гишүүн ажлын 10 хоногийн дотор комиссын даргад саналаа танилцуулна”, 3.4-т “энэ журмын 3.3-т заасан гишүүний саналыг үндэслэж, Комиссын дарга маргаан үүсгэх эсэх тухай шийдвэр гаргана” 4.1-т “Комисс нь энэ журмын 3.3-т заасан шаардлагыг хангасан өргөдлийг хүлээн авч, мөн журмын 3.5-д заасан маргаан үүсгэх тухай шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх бөгөөд нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзвэл Комиссын дарга уг хугацааг нэг удаа хойшлуулж 30 хоногоор сунгаж болно” гэж заасныг тус тус зөрчсөн байна. 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гаргасан гомдлыг хянан хэлэлцэх комиссын хуралдааныг 2020 оны 01 дүгээр сард нэг удаа товлосон боловч хуралдааныг хойшлуулж дахин товлохдоо 6 сарын дараа товлон хуралдуулж гомдол гаргаснаас хош 1 жил гаруй хугацааны дараа шийдвэрлэж байгаа нь захиргааны байгууллага Монгол улсын хууль болон захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж бусдын эрх ашгийг зөрчсөн захиргааны акт гаргаж байх тул хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна.

Оюуны өмчийн газрын дэргэдэх маргаан шийдвэрлэх комиссын ажиллах журмын 5.4-т “Тогтоолыг 7 хоногийн дотор Оюуны өмчийн газрын даргад хүргүүлэх бөгөөд уг тогтоолыг Оюуны өмчийн газрын дарга 3 хоногийн дотор тушаалаараа баталгаажуулна” гэж заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл Маргаан таслах комисс нь 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолыг 7 хоногийн дотор Оюуны өмчийн газрын даргад хүргүүлж, тогтоолыг даргын тушаалаар албажуулах байтал 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүргэл “Д” ХХК-д Оюуны өмчийн газрын даргын тушаалыг танилцуулаагүй юм.

Оюуны өмчийн газрын Маргаан шийдвэрлэх комиссын 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаартай тогтоол нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийг буруу тайлбарлан үндэслэлгүй шийдвэр гаргасан, комиссын хууль тогтоомж зөрчиж гаргасан тогтоолыг Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 7  дугаар сарын 09-ний өдрийн А/146 дугаар тушаалаар баталгаажуулсан нь бүхэлдээ Захиргааны хэм хэмжээний акт болох Оюуны өмчийн газрын дэргэдэх маргаан шийдвэрлэх комиссын ажиллах журмыг ноцтой зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон хууль бус захиргааны актуудыг хүчингүй болгож өгнө үү.

Өөрөөр хэлбэл тус компанийн бараа тэмдэгтэй давхардаагүй байна. Ажил үйлчилгээний “Д” ХХК-н эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Нэг нь байршлын хувьд яриад багаа юм Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд, И ХХК нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлаж байгаа буюу замаар хэмжвэл 1.7 км-т байрлаж байгаа газар нь яагаад хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж байгаа нь гээд байгаа юм бэ. Энэ нь тогтоогдохгүй байна юугаар тогтоогоод байгаа юм бэ. Харагдах байдлын хувьд И гэдэг нэрийг хамгаалж байгаа юмаа гэж яриад байх юм. Энэ нь барааны тэмдэг, үг дүрсний хосолмол байдлаар бүртгэгдсэн болохоос дан ганц И гэдэг үгээр бүртгэгдээгүй. И гэдэг үг нь дугуй дүрсэн доторх бичигтэй хамт хүчинтэй. И гэдэг үгтэй IN гэсэн үгтэйгээ хамт хамгаалагдаж байгаа. И гэж нэрлэнэ гэсэн дархан эрхийг олгоогүй. Тухайн ажил үйлчилгээний үед л бараа тэмдгийг ашигладаг хэрэв тийм агуулгагүй юм бол яагаад барааны тэмдгийг давхар баталгаажуулаад байгаа вэ. Тиймээс “Д” ХХК-н 41 дүгээр жагсаалтад байгаа зүйлүүдийг зөрчөөд байгаа биш юм. “Д” ХХК нь энэ 145 жагсаалтаас 6 эрх аваад үйл ажиллагаа явуулж байгаа юм. Гэтэл Маргаан шийдвэрлэх комисс нь давхардаж байна гээд бүгдийг нь хүчингүй болгосон. Плаза гэдэг үгний утгыг түрүүний шүүх хурал дээр нотлох шаардлагатай гэж яагаад ярьсан бэ гэхээр плаза нь монгол улсад орчуулгагүйгээр хэрэглэгддэг. Плаза гэдэг нь албан ёсны орчуулга нь худалдааны төв, талбай гэсэн агуулгыг илэрхийлдэг. Бид И гэдэг утгаар хэрэглэж байгаа болохоос дан ганц И гэдэг үгээр нь ашиглаагүй юм. “Д” ХХК-ийн барааны тэмдэг нь И ХХК-ийн барааны тэмдэгтэй давхцаад байгаа гэдгийг тогтоохгүйгээр шийдвэр гаргасан.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маргаан шийдвэрлэх комиссын хурлыг 2020 оны 6 дугаар сарын 19 ний өдөр хуралдаж, комиссын шийдвэр гаргасан бөгөөд Газрын даргад ажлын 7 хоногийн дотор танилцуулахаар хүргүүлсэн болно. Газрын даргын ажлын ачааллаас хамаарч тогтоолыг баталгаажуулсан тушаал гаргасан. Маргаан шийдвэрлэх комисс нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5.1.2 дахь хэсгийг удирдлага болгож шийдвэрлээгүй болно. Хаанаас харж ийм зүйл нэхэмжлэлд дурдсаныг ойлгохгүй байна. Улсын бүртгэлийн 40-******* дугаартай барааны тэмдгийг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5.2.5 дахь заалтад ‘бараа, үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй гэж заасны дагуу дуудлага ижил байрлалын хувьд ойролцоо 2 барилга байгаа нь хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж болзошгүй. 5.2.6 дахь заалтад "Монгол улсад бүртгэгдсэн эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн ижил бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил гэж заасны дагуу ижил ангиллуудад хамгаалсан байгаа мөн хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй”, 5.2.7 дахь заалтад “Монгол улсад бүтгэгдсэн, эсхүл бүртгэхээр мэдүүлсэн төсөөтэй бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил, төсөөтэйгөөс хэрэглэгчдийг төөрөгдөлд орлуулж болзошгүй” гэж заасны дагуу бараа, үйлчилгээний ижил ангилалд бүртгэж, үйл ажиллагаа явуулж байгаа нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар байна гэж үзсэн

Агентлагийн бүтэц орон тооны асуудлаас болж Маргаан шийдвэрлэх комисс нь 2016 оноос хойш үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах журамгүй байсаар 2019 оны 02 дугаар сард мөрдөж ажиллах журамтай болсон, Иймд 2016 оноос хойш маргаан шийдвэрлэх комисст ирүүлсэн өргөдөл гомдлыг он цагийн дарааллаар нь 2019 оны 4 дүгээр сараас эхэлж шийдвэрлэж эхэлсэн. Дарааллаараа явсаар 2020 оны 6 дугаар сарын 19-ны өдөр хуралдсан. 2019 оны 2 сард сайдын тушаалаар батлагдсан ажлыг хийж байгаа ба шинэ журамтай болсноор өргөдлийг шийдвэрлэсэн. И  плаза, И гэдэг нэр нь дуудагдаж байгаа нэрийнхээ хувьд ба ойролцоо байршлын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй байгаа юм. Бүх үйл ажиллагаанууд нь давхардсан. Хуульд заасан гурван шаардлагыг хангаагүй байна. 6.7-дүрэм 2 буюу түүнээс дээш ижил бараа, үйлчилгээ эзэмшиж байгаа бол анх мэдүүлэг гаргасан байгууллага нь хамгаалагдана.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...'И" ХХК нь Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 191 дүгээр тушаалаар 14835 дугаар гэрчилгээ авч, 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл “И” гэх үгэн илэрхийлэл бүхий барааны тэмдгийг эзэмших эрхтэй болсон. Ниццийн хэлэлцээрээр батлагдсан Бараа, үйлчилгээний олон улсын ангиллын дагуу 35, 36, 39, 40, 41, 43, 44, 45 дугаар ангилал бүхий бараа, үйлчилгээ эрхлэх эрхтэй.

Үүний дагуу “И” ХХК, “И” ХХК, “И " ХХК, "И” ХХК, “И", “И”, “И” ХХК гэх мэт хамаарал бүхий, охин компаниудаар олон тал үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Эдгээр компаниудынхаа гэрчилгээ, дүрмийг нотлох баримтаар гаргаж өгсөн. “И” гэх энэхүү нэр, илэрхийллээр манай байгууллагуудын үйл ажиллагаа тогтворжиж, нэр хүнд тогтож, үйлчлүүлэгч, харилцагчдын итгэлийг хүлээн, бизнесийн хүрээнийхэнд танигдах болжээ. Гэтэл “Д” ХХК нь “И” гэх үйлчилгээний төв байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд Маршалын гүүрний баруун хойд талд манай компанийн барааны тэмдгийн гэрчилгээнд заасан үйлчилгээ, үйл ажиллагааг давхардуулан хэрэгжүүлсээр байгаа бөгөөд бид энэ тухай “Д” ХХК-д мэдэгдэж, нэр, барааны тэмдгээ солих тухай хүсэлт, шаардлагаа хүргүүлж, ийнхүү ижил нэрээр үйл ажиллагаа явуулах нь иргэдийг төөрөгдүүлж байгааг хэлж байсан ч бидний шаардлагыг үл хэрэгсэн үйл ажиллагаа явуулсаар байна.

Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/08 дугаар тушаалаар “Д” ХХК-д олгогдсон “И” гэх барааны тэмдэг нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн дараах зүйл заалтыг зөрчсөн. Үүнд: 5 дугаар зүйл “Барааны тэмдэгт тавих шаардлага”, 5 2-т “Дараахь барааны тэмдгийг бүртгэхгүй”, 5.2.5-д “бараа, үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй”, 5.2.6-д “Монгол Улсад бүртгэгдсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн ижил бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил”, 5.2.7-д “Монгол Улсад бүртгэгдсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн төсөөтэй бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил, төсөөтэйгөөс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй”, 5.2.8-д “бараа, үйлчилгээний төрлөөс үл хамаарч нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэй ижил, эсхүл төсөөтэйгөөс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, шударга бус давуу эрх эдлэх, ашиг олох, хохирол учруулах, нэр хүндийг гутаахаар”, “И" ХХК нь 2014 онд “И төв” гэх оффис, худалдаа, үйлчилгээний цогцолборыг барьж үйл ажиллагаа явуулж байна. “Д" ХХК-ийн барьж, 2019 онд ашиглалтад оруулсан “И” цогцолбор нь манай цогцолбортой олон талаараа ижил төсөөтэй байгаагаас хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж, нэгэнт бий болгосон манай компаниудын бизнесийн нэр хүнд, брендийг ашиглаж ашиг олж байна. Ижил, төстэй гэдгийг дараах агуулгын хүрээнд тодорхойллоо.

“Гадаад үзэмж” цогцолборууд нь хоёул цагаан өнгөтэй, хар шилэн цонх фасадтай, нүдэн баримжаагаар ойролцоо хэлбэр, хэмжээтэй, “Үйл ажиллагаа” цогцолборуудад явуулж буй ижил үйл ажиллагааг дурдвал ресторан, караоке, худалдаа, үйлчилгээ, хүнсний дэлгүүр, бялдаржуулах төв, спорт заал, бэлэг дурсгал, цэцгийн худалдаа, үсчин, гоо сайхны салон, кофе шоп, бэйкэри, банк, банк бус санхүүгийн байгууллага, “АТМ”, хүүхдийн бараа, гоо сайхны барааны худалдаа, үзэсгэлэнгийн талбай, шоу рүүм, автозогсоол гэх мэт. “Байршил”: цогцолборууд нь хоорондоо ойр буюу 1.7 км зайд байрладаг. •”Нэршил”, барааны тэмдэг ижил. Дээрх ижил, төсөөтэй байдал нь хэрэглэгч, үйлчлүүлэгчдийг төөрөгдөлд оруулдаг, нэг компанийн цогцолборууд гэж ойлгоход хүрдэг, нэгийг нь нөгөөтэй нь андууруулдаг “И" ХХК-ийн "И төв" цогцолбор, “Д” ХХК-ийн “И” цогцолборууд нь хоорондоо огт ялгаагүй нэршилтэй болчихжээ. Учир нь Плаза гэх англи үг нь “Худалдааны төв, талбай, цогцолбор” гэх утгыг илэрхийлж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл “Төв” гэдгийг “Рlaza” гэдгээс ялгах боломжгүй юм. Аливаа үгэн илэрхийлэл бүхий барааны тэмдгийг “Төв, центр, плаза” гэх үгээр ялгаж, барааны тэмдгийн гэрчилгээ олгох боломжгүй.”

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Ялгагдах шинж чанар агуулаагүй дараахь зүйлийг барааны тэмдэгт тооцохгүй:”, 5.1.2-т “тухайн бараа үйлчилгээг тодорхойлсон нэр, барааны тоо, хэмжээ, жин, чанар, зориулалт, үнэ, үйлдвэрлэсэн газрын нэр, арга, хугацаа зэргийг тайлбарласан үг, дүрс” гэж заасан бөгөөд тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон нэр” гэдэгт “Төв, плаза, центр” гэх мэтийг ойлгохоор байна. Зүйрлэж хэлбэл “Номин супермаркет” гэх барааны тэмдэгтэй ижил “Номин дэлгүүр”, “Чингис зочид буудал” гэх барааны тэмдэгтэй ижил “Чингис хотел” гэх мэтээр барааны тэмдэг бүртгүүлж, ижил үйлчилгээ, үйл ажиллагаа явуулж болохгүйтэй адил юм. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5, 5.2.6, 5.2.7, 5.2.8-д зааснаар барааны тэмдэг нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах эсэх, ижил бараа, үйлчилгээнд ашиглагдах эсэх, шударга бус, давуу эрх эдлэх, ашиг олох, нэр хүндийг гутаах эсэхийг бодолцон барааны тэмдгийг бүртгэх ёстой. Оюуны өмчийн газраас “Д" ХХК-д барааны тэмдгийн гэрчилгээ олгохдоо энэхүү нөхцөл байдлыг бүрэн судалж үзээгүй, алдаатай шийдвэр гаргасан байсан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д “Хэрэв хоёр буюу түүнээс дээш этгээд ижил барааны тэмдгийг ижил бараа, үйлчилгээнд ашиглаж байгаа бол хамгийн анх мэдүүлэг гаргасан этгээдийн барааны тэмдэг эзэмших эрх хамгаалагдана” гэж заасны дагуу 2015 оны анхдагч огноотойгоор барааны тэмдгийг бүртгүүлж, сүүлийн 10 гаруй жил энэхүү нэршлийг ашиглаж байгаа компани болох “И” ХХК-ийн барааны тэмдэг эзэмших эрх хамгаалагдах учиртай.

Манай компанийн зүгээс “Д” ХХК-тай зөвшилцөж, маргаан үүсгэхгүйгээр асуудлыг шийдвэрлэх боломжийг эрэлхийлсэн. “Их тэнгэр плаза”, “Маршал плаза" гэх байдлаар нэрлээд, барааны тэмдгээ аваач гэж санал, шаардлагаа хүргүүлж байсан. “И” ХХК-ийн Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комисст гаргасан гомдлыг хариуцагч байгууллага, албан тушаалтан хянаад хуульд нийцсэн, үндэслэлтэй шийдвэр гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Хоёр нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлогдож байгаа захиргааны акт нь захиргааны акт мөн эсэхийг тогтоох шаардлагатай. Оюуны өмчийн газрын дэргэдэх маргаан шийдвэрлэх ажиллах  журмын 5.1-д зааснаар комисс нь өөрөө үр дагаврыг бий болгож танилцуулснаар хүчин төгөлдөр болдог акт юм байна. Энэ бол дотогшоо чиглэсэн байгууллагын дотоод үйл ажиллагааны акт юм. Комисс энэ тайлбарыг хүлээн зөвшөөрч болно, хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Оюуны өмчийн газрын дарга тушаал нь захирамжилсан эрх зүйн шууд үр дагаврыг бий болгодог биш юм байна. Тиймээс тус акт нь захиргааны актын шинжийг агуулахгүй байна. Хоёр нэхэмжлэлийн шаардлагын нэгийг 54.1-т зааснаар хүлээн авахаас татгалзах нь зүйтэй. Төрийн захиргааны байгууллагын хувьд зарим тохиолдолд өөрсдөөс үл шалтгаалах объектив нөхцөл байдлаас хуралдахгүй байх тохиолдол байдаг юм байна. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д барааны тэмдэг гэдгийг тодорхой заасан. Бусад бараа бүтээгдэхүүнээс энэ хоёр барааны тэмдэг ялгагдах чадвартай юу гэдгийг тогтоох шаардлагатай. Мөн хуулийн 4.1-т барааны тэмдэг нь үгэн тоон хэмжээст, өнгө, дуу авиа тэдгээр нь хосолсон байдлаар илэрнэ. Тиймээс И, И гэдэг барааны тэмдгүүд нь үгэн илэрхийлэл бүхий барааны тэмдгүүд уншигддаг, сонсож ойлголт авах хэмжээгээр ашигладаг ба үгэн илэрхийлэл бүхий барааны тэмдэг гэдгийн мөн чанарыг ойлгох нь зүйтэй. 5.2-д бүртгэж болохгүй барааны тэмдгийг тодорхойлж байгаа. Үүн дээр хариуцагч дурдаж байсан үүн дээр нэмээд 4 агуулгын хүрээнд 5.2.5, 5.2.6 5.2.7, гэдэг агуулгын хүрээнд Плаза гэдэг нэр нь энэ барааны тэмдэг нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй юм байна. Нэр хүндийг гутаах үр дагавар бий болгох эрсдэл байна гэж үзэж тухайн үед гомдлоо гаргасан. Барааны тэмдгийг бүртгүүлэхээр өргөдөл гаргах үед шинжээч эрсдэл байгаа гэж болзошгүй гэсэн зүйл нь барааны тэмдгийг бүртгэхгүй байх үндэслэл болно. Энэ хоёр үйлчилгээний төв цогцолбор нь ижил өнгөн пасад, хэлбэр хэмжээ ойролцоо, хоёулаа ижил цагаан пасадтай, давхар нь ойролцоо. Уг хоёр цогцолборт хоёуланд нь бялдаржуулах төв, үсчин, кофе шоп, “АТМ”, банк, банк бус санхүүгийн байгууллага ба хүүхдийн бараа, үзэсгэлэнгийн талбай, авто зогсоол байгаа тул ижил зүйлс их, зарим талаараа давхацсан. Байршлын хувьд хоёр өөр дүүрэгт байдаг ч хил залгаа газрууд юм. Тийм болохоор хэрэглэгчид ч манай байгууллага хохирох гээд байна “Д” ХХК ч гэсэн хохирох магадлалтай юм. И ч гэсэн бараа, үйлчилгээний ангиллаар баталгаажуулсан. Нэхэмжлэгчийн ярьж байгаагаар энэ нь газар зүйн байрлал юм бишүү өөрөөр хэлбэл тэр гудамж талбайг, уул нурууг тодорхойлоод байгаа зүйлийг ойлгож байгаа юм. Тухайн гудамж талбайн байршлаар И гэж нэрлээд байгаа юм бол энэ нь газар зүйн заалтаар бүртгүүлэх асуудал болоод байгаа юм.  Бид И төв комплекс гэдэг нэрээр хүсэлтээ өгсөн үүнийг оюуны өмчийн газар шийдвэрээ гаргасны дараа өгсөн. Ер нь И, төв, комплекс нь ижил төсөөтэй болохоор энэ нь өөрөө хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулахаас гадна үгний цаад утга нь маш чухал. Энэ байдлаараа шүүгч дотоод итгэл үнэмшлээрээ энэ 2 адилхан байна гэж үзэх юм бол хэрэглэгчид төөрөлдөх нь зүй ёсны асуудал. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна.” гэв.

                                             ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч “Д” ХХК-ийг төлөөлж тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд хандаж “Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/146 дугаар тушаал болон Оюуны өмчийн газрын Маргаан шийдвэрлэх комиссын 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А/08 дугаар тушаалаар манай компанид ”И” үг дүрсний хосолмол барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийг зөвшөөрч Бараа, үйлчилгээний олон улсын ангиллын 20, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 44, 45 дугаар ангиллаар баталгаажуулж гэрчилгээ олгосон байхад “И” ХХК-ийн эзэмшиж буй “И” гэх нэр бүхий барааны тэмдэгтэй давхцаж байна..., хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй...” гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй, маргаан шийдвэрлэх комисс нь тогтоосон журмаа зөрчсөн...” гэж тодорхойлон маргасан.

Түүнчлэн хариуцагчаас “...Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5.2.5-д  заасны дагуу дуудлага ижил, байрлалын хувьд ойролцоо 2 барилга байгаа нь хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж болзошгүй, мөн хуулийн 5.2.6-д заасны дагуу, барааны тэмдэгтэй ижил ангиллуудад хамгаалсан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй, мөн 5.2.8-д заасны дагуу бараа үйлчилгээний ижил ангилалд бүртгэж, үйл ажиллагаа явуулж байгаа нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж байна гэж үзсэн..., Комисс журмаа зөрчөөгүй...” гэж, гуравдагч этгээдээс “...Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 191 дүгээр тушаалаар “И” үгэн илэрхийлэл бүхий барааны тэмдгийг эзэмших эрхтэй болсон..., “И” цогцолбор нь манай “И төв” цогцолбортой олон талаараа ижил төстэй байгаа нь хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж манай компанийн бизнесийн нэр хүнд, брэндийг ашиглан ашиг олж байна...,” гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Барааны тэмдэг бүртгэж, гэрчилгээ олгохыг зөвшөөрөх” тухай дугаар 191 дүгээр тушаалаар “И” ХХК-д “IKH MONGOL” барааны тэмдгийг 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн анхдагч огноогоор бүртгэж 14835 дугаар гэрчилгээг 35, 36, 39, 40, 41, 43, 44, 45 ангиллуудаар,.

Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 191 дүгээр тушаалаар “И” ХХК-д “I*******” барааны тэмдгийн эзэмших онцгой эрхийг зөвшөөрч гэрчилгээг 35, 36, 39, 40, 41, 43, 44, 45 ангиллуудаар,

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газарт “Д” ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “И” барааны тэмдгийг 40-2017-0021101 дугаараар, 20, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 44, 45 бараа үйлчилгээний ангиллаар мэдүүлэг гаргасныг үндэслэн Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А/08 тоот тушаалаар тус компанид “И” барааны тэмдгийн эзэмших онцгой эрхийн гэрчилгээг дээрхи ангиллуудаар тус тус олгосон байна.

Түүнчлэн “И” ХХК-иас 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 43 тоот албан бичгээр “Д” ХХК-д “...үйл ажиллагаа давхцаж, үйлчлүүлэгчдийг төөрөгдөлд оруулах байдлыг үүсгэж байна...” гэж мэдэгдлийг хүргүүлсэн, “Д” ХХК-иас 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 18/165 тоот албан бичгээр “...үйл ажиллагааны чиглэл ижил боловч дүүрэг, гудамжны нэр, байршил ялгаатай тул андуурагдахгүй...” талаар хариу өгсөн,

 “И” ХХК-иас 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комисст “...Д ХХК нь “И” гэх үйлчилгээний төв байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Иид буюу Маршалын гүүрний хойд талд манай компанийн барааны тэмдгийн гэрчилгээнд заасан үйлчилгээ, үйл ажиллагааг давхардуулан хэрэгжүүлж байна...” гэж гомдол гаргасан, 

“Д” ХХК-иас 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “...И гэсэн түүхэн нэртэй 10 гаруй худалдаа үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа, И гэсэн нэрийг хэн нэгэн өмчилж авах боломжгүй...” гэх хариу тайлбар гаргасан үйл баримтууд тус тус тогтоогдов.

Түүнчлэн Бараа, үйлчилгээний олон улсын ангиллын 35- гадаад, дотоод худалдаа, үйлчилгээ, бизнесийн зөвлөгөө өгөх, дэлгүүрийн үйл ажиллагаа…, 36- үл хөдлөх хөрөнгийн худалдаа, кредит банк бус санхүүгийн байгууллага, түрээс, худалдааны зуучлал..., 39- аялал жуулчлал..., 40- хэвлэх үйлчилгээ..., 41 цэцэрлэг, сургууль, караоке үйлчилгээ үзүүлэх, авто шоу, цэнгээний газар..., 43- зочид буудал, цайны газар, ресторан, кино театр..., 44- эмнэлэг, салон, бялдаржуулах төв... 45- эрх зүйн зөвлөгөө өгөх, харуул хамгаалалт...гэх зэргээр ангилагддаг байх ба энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.

 Нэг. Оюуны өмчийн газрын Маргаан шийдвэрлэх комиссын 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Гомдлын шаардлагыг хангах тухай” 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “И” ХХК-иас Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комисст хандаж “...И гэх нэрээр манай байгууллагын үйл ажиллагаа тогтворжиж бизнесийн хүрээнийхэнд танигдсан...,”Д” ХХК нь “И” гэх үйлчилгээний төв байгуулж...манай гэрчилгээнд заасан үйлчилгээ, үйл ажиллагааг давхардуулан хэрэгжүүлж... байгаа нь иргэдийг төөрөгдүүлж байх тул “И” гэх нэрээр барааны тэмдгийн гэрчилгээг “Д” ХХК-д олгосон эсэх талаар холбогдох баримтыг ирүүлж, олгогдсон гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдол ирүүлсэн,

Оюуны өмчийн газрын Маргаан шийдвэрлэх комиссын 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзвэл тус Комисс 7 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр  дээрхи гомдлыг хянан хэлэлцсэн, хуралдаанд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Дгээс “...ижил төсөөтэй ангиллуудад давхардуулан бүртгэсэнд гомдол гаргасан” гэж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М*******оос “...үйл ажиллагааны чиглэлүүд давхардаж байгаа тул давхардаж байгаа ангиллуудыг нь хүчингүй болгож өгнө үү” гэж өмнө гаргасан гомдлоос зөрүүтэй тайлбарласан байна.

Гэтэл Маргаан шийдвэрлэх комисс, гомдол гаргагчийн гомдол нь “Д” ХХК-д олгогдсон гэрчилгээг бүхэлд нь хүчингүй болгуулах” эсхүл  “давхардаж байгаа ангиллуудыг нь хүчингүй болгуулах”-ын алин болохыг тодорхойлоогүй атлаа 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “И” барааны тэмдгийг хүчингүй болгуулах тухай асуудлын хүрээнд “Гомдлын шаардлагыг хангая” санал хураах томьёоллоор санал хурааж, улмаар хуралдаанд оролцсон нийт гишүүдээс С.Г*******, Д.Б******* нар “тийм, Ниццийн ангиллын хүрээнд хэсэгчлэн хангах шаардлагатай” гэж, гишүүн Б.Х******* “тийм, давхацсан ангиллаар хүчингүй болгох” гэж, гишүүн Ч.Э, О.А нар “үгүй, барааны тэмдгийг бүрэн хэрэглэх” гэж, гишүүн З.Г, Г.Б нар  “тийм, гомдлын шаардлагыг хангая” гэсэн санал гаргасан, уг тэмдэглэлийн “Шийдвэр” хэсэгт “Гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэв” гэж тэмдэглэсэн нь тогтоогдов.

Үүнээс үзвэл Маргаан шийдвэрлэх комисс нь  “И” барааны тэмдгийг хүчингүй болгуулах тухай гомдлын хүрээнд “Гомдлын шаардлагыг хангах”-аар шийдвэрлэсэн атлаа уг шийдвэрийг үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “Гомдлын шаардлагыг хангах тухай” 10 дугаар тогтоол гаргахдаа “...Улсын бүртгэлийн 40-******* дугаартай, И барааны тэмдгийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг хэлэлцсэн...” гэж тэмдэглэн, улмаар Улсын бүртгэлийн 40-******* дугаартай “И” барааны тэмдгийг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5.2.5 дахь заалтад “бараа, үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй” гэж заасны дагуу дуудлага ижил, байрлалын хувьд ойролцоо 2 барилга байгаа нь хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж болзошгүй. 5.2.6 дахь заалтад “Монгол улсад бүртгэгдсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн ижил бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил” гэж заасны дагуу ижил ангиллуудад хамгаалсан байгаа мөн хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй”. 5.2.7 дахь заалтад “Монгол улсад бүртгэгдсэн, эсхүл бүртгэхээр мэдүүлсэн төсөөтэй бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил төсөөтэйгөөс хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж болзошгүй” гэж заасны дагуу бараа, үйлчилгээ ижил ангилалд бүртгэж, үйл ажиллагаа явуулж байгаа нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар байна” гэж дүгнэн, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйл, “Оюуны өмчийн газрын дэргэдэх маргаан шийдвэрлэх комиссын ажиллах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасныг удирдлага болгон “Д” ХХК-ийн нэр дээрх бүртгэгдсэн Улсын бүртгэлийн 40-******* дугаартай “И” барааны тэмдгийн 35, 36, 39, 41, 43, 44, 45 дугаар ангиллуудыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хэсэгчлэн хангасугай” гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв. Учир нь:

 Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3.1.1-д “барааны тэмдэг” гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг;, 3.1.17-д “бараа, үйлчилгээний ангилал” гэж 1957 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Ниццийн хэлэлцээрээр баталсан “Бараа, үйлчилгээний олон улсын ангилал”-ыг; мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Дараахь барааны тэмдгийг бүртгэхгүй” гэж, 5.2.5-д “бараа, үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй”, 5.2.6-д “Монгол Улсад бүртгэгдсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн ижил бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил”, 5.2.7-д “Монгол Улсад бүртгэгдсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн төсөөтэй бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил, төсөөтэйгөөс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй” гэж, мөн хуулийн 32.1-д “Төрийн захиргааны байгууллагын дэргэд...дор дурдсан гомдол, хүсэлт хэлэлцэх Маргаан шийдвэрлэх комисс ажиллана”, 32.1.2 бүртгэгдсэн барааны тэмдэг...ийг энэ хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулах...”, хуулийн 33.1.1-д “барааны тэмдэг...-г энэ хуулийн 5, 20 дугаар зүйлийг зөрчиж бүртгэсэн бол” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл, маргаан бүхий бүртгэл нь “бараа, үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй”,“Монгол Улсад бүртгэгдсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн ижил бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил”, “Монгол Улсад бүртгэгдсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн төсөөтэй бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил, төсөөтэйгөөс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй” гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй байх ба энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага нь захиргааны акт гаргахын өмнө бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй, нөгөө талаар Маргаан шийдвэрлэх комиссын хуралдаанаас гарсан шийдвэр нь тэмдэглэлд тусгасан нөхцөл байдлаас зөрүүтэй байхын дээр  Д ХХК-ийн нэр дээр нэгэнт хүчин төгөлдөр бүртгэгдсэн барааны тэмдгийн бүртгэлийг хэсэгчлэн хүчингүй болгох эрхийг Комисст хуулиар олгоогүй гэж үзэхээр байна.

Тухайлбал, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Барааны тэмдгийн улсын бүртгэлд тухайн барааны тэмдгийн улсын бүртгэлийн дугаар...барааны тэмдгийн дүрс, олон улсын ангиллын дагуу ангилсан тухайн барааны тэмдэгт хамаарах бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалт...-ын талаархи мэдээллийг заана”, 9.6-д “Бүртгэгдсэн барааны тэмдэг нь зөвхөн бүртгэл хийгдсэн бараа, үйлчилгээнд хамаарах ба энэ хуулийн 12.2-т заасан эзэмшигчийн хувьд хүчин төгөлдөр байна” гэж, хуулийн 12.2-т “Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх бүртгэгдсэн бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалтын хүрээнд үйлчилнэ” гэж тус тус заасан.

Хэрэгт, Д ХХК-ийн мэдүүлэгт шүүлт хийх явцад “И” үгнээс бүтсэн 10 тэмдэг илэрсэн нь нотлох баримтаар авагдсан, уг жагсаалтаас үзвэл “И” барааны тэмдгийн хүчингүй болгогдсон ангилал болох тухайлбал, 35, 36 ангилал нь “И проперти”, “Иын хутагт хувилгаадын сан”, “И кредит” гэх мэт барааны тэмдгийн ангилалд хүчин төгөлдөр бүртгэлтэй байгаа нь тогтоогдов.

Үүнээс үзвэл “Д” ХХК-ийн эзэмшиж буй “И” барааны тэмдгийн 35, 36, 39, 41, 43, 44, 45 дугаар ангиллуудын чухам аль ангилал нь  “бараа, үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй” гэж дүгнэсэн, аль ангилал нь “Монгол Улсад бүртгэгдсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн ижил бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил” гэж үзсэн, мөн ямар үндэслэлээр “Монгол Улсад бүртгэгдсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн төсөөтэй бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил, төсөөтэйгөөс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй” гэж дүгнэсэн нь тодорхой нотлогдон тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл, хариуцагч маргаан бүхий 10 дугаар тогтоолыг гаргахдаа “...дуудлага ижил, байрлалын хувьд ойролцоо 2 барилга байгаа нь хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж байна..., ижил ангиллуудад хамгаалсан байгаа мөн хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй..., бараа, үйлчилгээ ижил ангилалд бүртгэж, үйл ажиллагаа явуулж байгаа нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар байна...” гэж дүгнэсэн боловч эдгээр дүгнэлтүүдийг ямар тооцоо, судалгаанд үндэслэсэн нь тодорхойгүй, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 5.2.5, 5.2.6, 5.2.7-д заасантай нийцэхгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж, мөн зүйлийн 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж, “Оюуны өмчийн газрын дэргэдэх маргаан шийдвэрлэх комиссын ажиллах журам”-ын 2.1.3-д “холбогдох бусад этгээдээс нотлох баримт гаргуулах...”, 2.1.4-т “шаардлагатай тохиолдолд...шинжээч ажиллуулах” эрхтэй гэж тус тус заасан.

Хууль болон журмын дээрхи заалтуудаас үзвэл хариуцагч Маргаан шийдвэрлэх комисс нь шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай нотлох баримт цуглуулах, шинжээчийн дүгнэлт гаргуулах ажиллагааг хийгээгүй нь тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан судлах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч компанийн хууль ёсоор эзэмшиж буй барааны тэмдгийн ангиллуудын зарим хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус, уг хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул Маргаан шийдвэрлэх комиссийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар бүхий “Гомдлын шаардлагыг хангах тухай” тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн хариуцагч нь тухайн гомдлыг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан атлаа 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр шийдвэрлэсэн нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай  хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т “Маргаан шийдвэрлэх комисс нь энэ хуулийн 32.1-д заасан гомдол, хүсэлтийг хүлээж авснаас хойш зургаан сарын дотор хянан шийдвэрлэж энэ тухай гомдол, хүсэлт гаргагчид бичгээр мэдэгдэнэ” гэж заасныг зөрчсөнийг тэмдэглэх нь зүйтэй.

Хоёр. Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/146 дугаар бүхий “Маргаан шийдвэрлэх комиссын тогтоолыг баталгаажуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/146 дугаар бүхий “Маргаан шийдвэрлэх комиссын тогтоолыг баталгаажуулах тухай” тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комиссын ажиллах журмын 5.4 дэх хэсгийг тус тус үндэслэн “И” ХХК-иас ирүүлсэн, Улсын бүртгэлийн 40-******* дугаартай, “И” барааны тэмдгийг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комиссын 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолыг баталгаажуулж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг тус Комисст даалгаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчээс уг тушаалыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгуулах үндэслэлээ “...хууль бус шийдвэр болох Маргаан шийдвэрлэх комиссын шийдвэрийг баталгаажуулсан, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн...” гэж тайлбарласан, гуравдагч этгээдээс “...Маргаан шийдвэрлэх комиссын тогтоолыг баталгаажуулж байгаа, үр дагаваргүй тул захиргааны акт биш..., шүүх хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй...” гэж тайлбарлан маргав.

Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана” гэж тус тус заасан. 

Түүнчлэн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 29.1-д “Монгол Улсад барааны тэмдэг, газар зүйн заалттай холбогдсон асуудлыг төрийн захиргааны байгууллага хариуцах бөгөөд төрийн захиргааны байгууллага нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 29.1.1-д “барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах”, 29.1.10-д “хуульд заасан үндэслэл, журмын дагуу барааны тэмдэг, газар зүйн заалтыг хүчингүй болсонд тооцох”, мөн хуулийн 32.6-д ”Маргаан шийдвэрлэх комиссын бүрэлдэхүүн, ажиллах журмыг оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”, хуулийн 33.3-д ”Маргаан шийдвэрлэх комисс нь үндэслэлтэй гэж үзвэл бүртгэгдсэн барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийг хүчингүй болгох тухай шийдвэр гаргаж, энэ тухай төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж тус тус зохицуулсан байна.

Мөн Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комиссын ажиллах журмын 5.1.2-т “Комиссын шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх бөгөөд Комиссын дарга тогтоолыг хуралдаанд танилцуулснаар хүчин төгөлдөр болно”. 5.4-т “Тогтоолыг 7 хоногийн дотор Оюуны өмчийн газрын даргад хүргүүлэх бөгөөд уг тогтоолыг Оюуны өмчийн газрын дарга 3 хоногийн дотор тушаалаараа баталгаажуулна”  5.5-т “Оюуны өмчийн газрын дарга шийдвэрийг баталгаажуулах үндэслэлгүй гэж үзвэл шалтгааныг тодорхой тусгасан тайлбарын хамт Комисст буцаана” 5.6-д “Комисс нь энэхүү журмын 5.5-д заасан Оюуны өмчийн газрын даргын тайлбарыг хуралдаанаараа хэлэлцэн дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, 5.6.1-д “тайлбарыг хүлээн зөвшөөрвөл өмнө гаргасан тогтоолоо өөрчлөх” 5.6.2-т “тайлбарыг эс зөвшөөрвөл энэ журмын 5.4-т заасан тогтоолоо Оюуны өмчийн газрын даргад хүргүүлж шийдвэрлүүлэх” гэж тус тус заажээ.

Эдгээр хуулиуд болон журмын дээрхи заалтуудаас үзвэл Оюуны өмчийн газрын дарга нь барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах чиг үүргийн хүрээнд барааны тэмдгийг хүчингүй болсонд тооцох эрх бүхий субъект байх ба тэрээр хуулиар өөрт олгогдсон чиг үүрэг, эрх хэмжээний хүрээнд 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/146 дугаар бүхий “Маргаан шийдвэрлэх комиссын тогтоолыг баталгаажуулах тухай” тушаал гаргасан нь нэхэмжлэгчид тодорхой эрх зүйн үр дагавар үүсгэсэн, захирамжилсан шинжийг агуулснаараа захиргааны акт мөн байна.

Тухайлбал, журамд Комиссын тогтоол нь хуралдаанд танилцуулснаар хүчин төгөлдөр болохоор заасан хэдий ч Оюуны өмчийн газрын дарга тухайн тогтоолыг үндэслэлгүй гэж үзвэл Комисст буцаах эрхтэй, ийнхүү буцаасан тохиолдолд Комисс дахин хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэхээр нарийвчлан зохицуулсан гэж ойлгогдохоор байна.

Өөрөөр хэлбэл, Оюуны өмчийн газрын даргаас Маргаан шийдвэрлэх комиссын 2020 оны 10 дугаар тогтоолыг Комисст буцаалгүйгээр баталгаажуулж шийдвэрлэснээр тухайн маргааны хувьд эцсийн шийдвэр болж, улмаар нэхэмжлэгч компанид чиглэсэн, захирамжилсан шинжтэй, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болсон тул “...захирамжилсан шинжгүй” гэх гуравдагч этгээдийн тайлбарыг шүүх хүлээн авах хууль зүйн боломжгүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар, тухайлбал Маргаан шийдвэрлэх комиссын 10 дугаар хуралдааны тэмдэглэлээс үзвэл Комисс нь гомдол гаргагч “И” ХХК-ийн гомдлын хүрээ хязгаарыг тогтоогоогүй, тухайн маргаанд хамаарах нөхцөл байдлыг нарийвчлан судлаагүй, шинжээч ажиллуулаагүй зэргээр маргааныг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн байхад Оюуны өмчийн газрын дарга нь уг тогтоолыг зохих тайлбарын хамт Комисст буцаах үүргээ биелүүлээгүй, Журмын 5 дугаар зүйлийн 5.5-д заасныг зөрчсөн байна гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн шүүхийн энэ шийдвэрээр Маргаан шийдвэрлэх комиссын 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар бүхий “Гомдлын шаардлагыг хангах тухай” тогтоолыг хууль бус гэж дүгнэн хүчингүй болгож шийдвэрлэсэн тул уг хууль бус тогтоолыг баталгаажуулсан Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/146 дугаар бүхий “Маргаан шийдвэрлэх комиссын тогтоолыг баталгаажуулах тухай” тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, мөн энэхүү А/146 дугаар тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.         Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 12 дугаар зүйлийн 12.2, 32 дугаар зүйлийн 32.1, 32.4, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Оюуны өмчийн газрын Маргаан шийдвэрлэх комиссын 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Гомдлын шаардлагыг хангах тухай” 10 дугаар тогтоол болон Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Маргаан шийдвэрлэх комиссын тогтоолыг баталгаажуулах тухай” А/146 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Н.ДУЛАМСҮРЭН