Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/97

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,

Хохирогчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн,  өмгөөлөгч Х.Б-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн,  өмгөөлөгч А.С-,

Шүүгдэгч А.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А-т холбогдох эрүүгийн 2213000340049 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, .......... ажилладаг гэх, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар баг, Жана ауыл ...... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш.о овогтой А-ийн А, РД:БА............

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.А- нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 21 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт эхнэр К.А-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1.1 Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Яллах дүгнэлтийн хүрээнд А.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна” гэв.

1.2 Хохирогч К.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар,хүсэлтдээ: “...Тухайн өдөр нөхөр болох А.А- ажлаасаа ирээд гар утсаараа хөзөр тоглоод сууж байсан. Тэгээд хөзөр тоглож байгаад дансанд байсан бүх мөнгө алдаж, надаас мөнгө асуусан ба би мөнгө өгөөгүй. Тэрнээс болоод бид 2 хоорондоо бага зэрэг маргалдсан. Учир нь манай хөрш цахимаар мөрийтэй тоглоом тоглож байгаад байраа алдсан тул бид ч бас тэгж байраа алдаж, хүүхдүүдтэйгээ хамт орон байргүй үлдэхээс айгаад нөхрийгөө хөзөр тоглохыг нь болилуулах санаатай цагдаагийн байгууллагад дуудлага өгч, худал мэдүүлэг өгч А.А-ийг гүтгэсэндээ маш их гэмшиж, нөхрөөсөө уучлалт гуйж байна. Би тэр өдөр нөхрийгөө шкаф дээрээс чемодан аваад өг гэхэд тэр авч өгөөгүй тул уурлаад өөрөө авах гэж байгаад унагаасан. Би сандал дээр гарч зогсоод чемодан авах гэж байсан бөгөөд чемодан миний толгой, нүүр хэсэгт унах үед би сандлаасаа халтирч хойшоо унахдаа тохойгоо гэмтээсэн. Хүзүү хэсэгт үүссэн сорви бол бага хүүхдээ хөхүүлж байхад хүүхэд маань маажсан сорви юм. Энэ бүхэнд миний нөхөр ямар ч буруугүй. Худал мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрч, хуулийн дагуу хариуцлага хүлээхэд бэлэн” гэв.

1.3 Шүүгдэгч А.А- мэдүүлэхдээ: “Миний бие тухайн өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэрээ зодоогүй. Гэтэл цагдаа нар намайг эхнэрээ зодсон болгож хэрэг бүрдүүлсний улмаас ингэж хуулийн байгууллагад шүүх хуралдаанд оролцож байгаадаа гайхаж байна. Цагдаагийн албан хаагч нар миний нэр хүндэд халдаж байгаа гэж үзэж байна. Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад намайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай мэтээр ярьж, нэр төрд минь халдсан тул би эрхээ хамгаалуулахаар хүний эрхийн комисст гомдол гаргаж, хариу авсан. Цагдаагийн албан хаагч Р- гэдэг хүнд хариуцлага тооцсон байгаа. Тэр өдөр намайг мөрийтэй тоглоом тоглосон гэж эхнэр маань уурласан. Тэгээд гэрээс явна гээд шкафан дээрээс хувцастай чемодан авах гэж байгаад чемоданаа өөр дээрээ унагааж гэмтсэн. Түүнээс биш бид хоорондоо маргалдаж, би эхнэрээ зодсон асуудал огт болоогүй. Иймд шүүхээс болсон явдлыг үнэн шударгаар шийдвэрлэж, намайг цагаатгаж өгөхийг хүсье”.гэв.

1.4. Хохирогчийн өмгөөлөгч Х.Б- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ:” “Энэ хэрэгт хохирогчоос нийт 4 удаа мэдүүлэг авсан ба анх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр эрх бүхий албан тушаалтан Бахытбек түүнээс мэдүүлэг авсан. Ингэхдээ хохирогчид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлд заасан эрх үүргийг тайлбарлан өгсөн боловч, Үндсэн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхийг нь тайлбарлаж өгөөгүй байна. Үүний дараа мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөгч Нурболат нь хохирогчоос 2 дахь удаагийн мэдүүлэг авсан. Ингэхдээ хохирогч Монгол хэлээр ярьсан зүйлийг ойлгодог боловч өөрийгөө илэрхийлэхэд муу учраас өмгөөлөгч авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэдүүлэг өгөх хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн. Тийм ч учраас хохирогч намайг өмгөөлөгчөөр сонгож авч 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр болон 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхөд миний бие байлцсан. Хохирогч 2 дахь удаа мэдүүлэг өгөхдөө анх өгсөн мэдүүлгээ үгүйсгэсэн. Түүнээс дараагийн удаа мэдүүлэг авахдаа хууль сануулж, зөвшөөрлийг авахад хохирогч өөрөө зөвшөөрөөд мэдүүлэг өгсөн. Тийм учраас хохирогчийн анх өгсөн мэдүүлгүүдээс бусад мэдүүлэгт дурдсан үйл баримтад дүгнэлт хийгээд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна” гэв.

1.5 Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Улсын яллагчаас миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биед гэмтэл учруулсан гэж буруутгаж байна. 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр юу болсон бэ гэхээр нөхөр нь гурван сарын турш тасралтгүй мөрийтэй тоглоом тоглож, мөрийндөө хамаг мөнгөө алдсанаас болоод тэдний хооронд хэрүүл маргаан гарсан. Хэрүүл маргаан гараад сүүлдээ эхнэр нь гомдоод гэр орноосоо явахаар болоод  чемодан авч өг гэхээр нөхөр нь авч өгөөгүй. Ингээд хохирогч өөрөө тэр чемоданыг аваад хувцас хунараа хийхийг санаархаж 2 метр 40 см-ийн өндөр дээр байсан чемоданыг авахын тулд тэнд байсан намхан сандлыг тавиад дээр нь гараад чемоданыг татахад улмаар чемодан унаснаас хохирогч сандлаас унасан. Хохирогчийн нүүр хэсэг лүү чемодан уснаас болоод гэмтэл авсан гэж үзэхээр, нөгөө талаар хохирогч сандлаас тохойгоор унасан юм байна. Тохойгоороо унаснаас болж мөн гэмтэл авсан гэж үзэхээр нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ үйл явдал  хохирогчийн 3 удаагийн өгсөн мэдүүлгээр нотлогдож байгаагаас гадна тухайн үйл явдлыг нүдээрээ харсан насанд хүрээгүй гэрч Д.А-, Д.А- нарын мэдүүлгээр давхар нотлогдож байна. Цагдаа нар хэдхэн хоромын өмнө ямар үйл явдал болсон гэдгийг яг нүдээрээ хараагүй. Энэ гурван цагдаагийн мэдүүлгээр яллана гэх юм бол хохирогчийн биед учирсан гэмтэл нөхөр нь зодсоноос болоод учирсан гэж үзэх юм уу, эсвэл чемодан унаснаас болоод үүссэн  хохирол гэх юм уу? Аль гэмтлийг хэн учруулсан бэ гэдэг нь эргэлзээ төрүүлж байна. Хэрэгт А.А-ийг буруутгах шууд нотлох баримт байхгүй. Ийм эргэлзээтэй нөхцөл байдал байсаар байхад шүүгдэгчийг шууд гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж болохгүй. Шүүхээс нэг удаа хэргийг буцааж байсан, гэсэн ч шүүгчийн захирамжид заасан ажиллагаа гүйцэд хийгдээгүй. Хохирогчийн удаа дараа өгсөн мэдүүлгээс үзэхэд “хамаг зүйл надаас боллоо, би буруу зүйл хийчихлээ, нөхрөөсөө уучлалт гуйх ёстой, харин нөхөр маань буруугүй учраас надаас уучлалт гуйх ёсгүй” гэдгийг хэд хэдэн удаа хэлсэн. Хохирогч өөрийгөө буруу зүйл хийсэн гэж ухаарсан гэж би хараад байгаа юм. Шударга шүүхийн өмнө хохирогч өөрийнхөө буруу зүйл хийснээ илэрхийлээд байна. Энэ бүгдээс нь  дүгнэж үзвэл шүүгдэгчийг  энэ гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь эргэлзээтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасны дагуу хавтаст хэрэг цуглуулсан бүхий л нотлох баримтыг шинжлэн судлуулсан боловч шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн талаар нь нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Иймд шүүгдэгч А.А-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгөхийг хүсэж байна” гэв.

Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, хэргийн үйл баримт

1.Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмаар өөр хооронд нь харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байдлаар нь үнэлж, дүгнээд шүүгдэгч А.А-ийг 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 21 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт эхнэр К.А-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж үзлээ.

2.Тодруулбал: Шүүгдэгч А.А-, хохирогч К.А- нар нь 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болж, 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр гэрлэсний бүртгэлийн 8304000005 дугаарт бүртгэгдсэн, хууль ёсны эхнэр нөхөр болох нь нэгдүгээр хавтаст хэргийн 23 дахь талд авагдсан лавлагаа болон талуудын мэдүүлгээр нотлогдсон бөгөөд тэд дундаасаа 3 хүүхэдтэй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байна.

3. Хохирогч К.А- нь 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 22 цаг 15 минутад Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт “Нөхөр болох А.А- миний эрх чөлөөнд халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх дуудлага өгснийг тус цагдаагийн газрын Нийгмийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ж.Б- хүлээн авч, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д заасны дагуу гомдол мэдээлэл гаргагч К.А-д эрх, үүргийг нь танилцуулж, гэмт хэрэг зөрчлийн талаар эрх бүхий байгууллагад худал мэдээлэл өгсөн бол Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг  заасан хариуцлага хүлээлгэхийг тайлбарлан өгч, хохирогч К.А-ээр гарын үсэг зуруулан баталгаажуулсан нь нэгдүгээр хавтаст хэргийн 03 дугаар талд авагджээ.

4. Гомдол мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагчид шүүгдэгч А.А-ийн гэрт  очиход хохирогч К.А- нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн шинжтэй байсан тул цагдаагийн албан хаагчид хохирогч К.А- болон түүний бага насны хүүхдүүдийг хамгаалалтад авч, хамгаалах байранд байрлуулсан. Тэднийг хамгаалах байранд байх хугацаанд Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын нийгмийн ажилтан М.А- Хүүхэд хамгааллын тухай хуульд заасны дагуу гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ хийн, хүчирхийллийн аюулын түвшинг тогтоож, холбон зуучлах үйлчилгээ үзүүлэх зэргээр аюулгүй байдлыг нь хангаж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэн хохирогчид сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн. Хохирогч К.А- болон түүний хүүхдүүдийг хамгаалах байрнаас гарах үед бэр эгч болох М- хүлээн авсан болох нь нэгдүгээр хавтаст хэргийн 35-43 дахь талд авагдсан “Хүүхдийн эрх хамгааллын зөрчлийн мэдээлэл хүлээн авах маягтуудын хуулбар”, 44-47 дахь талд авагдсан “Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ хийсэн тухай тэмдэглэл”-ийн хуулбар, 48-58 дахь талд авагдсан “Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт”-ын хуулбар, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 59-61 дэх талд авагдсан “Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл”-ийн хуулбар, 62-64 дэх талд авагдсан “Холбон зуучлах үнэлгээний илгээх хуудас”-ны хуулбар, 65 дахь талд авагдсан “Аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор гэр бүлтэй байгуулах гэрээний загвар”-ын хуулбар, 66-67 дахь талд авагдсан “Холбон зуучлах үнэлгээний эргэн мэдээлэх хуудас”-ны хуулбар, 68-70 дахь талд авагдсан “Сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээний үнэлгээний маягт”-ын хуулбар, 71 дэх талд авагдсан гэрч н.М-ийн бичсэн “2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хадам дүү К.А-ийг хүлээн авлаа. Цэнгэл сум руу дагуулаад явна, аюулгүй байдлыг нь би хариуцна” гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

5. Түүнчлэн хохирогч К.А- нь 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 21 цаг 30 минутын үед нөхөр А.А-т зодуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэх дуудлагын дагуу А.А-ийн гэрт очиж, үүргээ гүйцэтгэх замаар хэргийн талаар мэдэх болсон гэрч Ц.М- мөрдөн байцаалтын шатанд: “...2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр цагдаагийн ахлагч Е.А-, цагдаагийн дэд ахлагч З.А- нарын хамт оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд орой 21 цагт 102-т ирсэн иргэн К.А- гэгчээс нөхөр болох А.А- намайг зодож миний эрх чөлөөнд халдсан гэх дуудлагын дагуу Өлгий сумын 11 дүгээр багт байрлах Цамба-2 орон сууцны 6 давхарт байдаг иргэн А.А-ийн гэрт очиход эхнэр нь хаалга онгойлгосон. Тэр үед гомдол гаргагч К.А- гэгч уйлаад зогсож байсан ба юу болсон талаар асуухад “нөхөр маань утсаараа мөрийтэй тоглоом тоглоод хожигдоод надаас мөнгө гуйхад нь би мөнгө өгөөгүй тул миний үснээс зулгааж өшиглөж зодсон” гэж уйлж нөхөр нь болох А.А- байгаа өрөөг зааж харуулсан. ...уг байрны 00-ын өрөөнөөс гурван хүүхэд гарч ирсэн ба бид нар тухайн гурван хүүхдээс яагаад энд байгаа талаар асуухад хүүхдүүд А.А- ахаас айж байна гэж хэлсэн. ...тухайн үед гомдол гаргагч эмэгтэй уйлж байсан ба нүд нь хавдсан байсан юм шиг ажиглагдсан. Тус дуудлагад очиход хүүхдүүд нь айж 00-ын өрөө рүү орсон, эхнэр нь уйлаад сууж байхыг харахад А.А- нь эхнэрээ цохиж зодсон нь үнэн юм байна гэдэг нь тодорхой байсан. ...Анх бид нар уг дуудлагад очиход гомдол гаргагч эмэгтэй болсон асуудлын талаар үнэн зөвөөр хэлж байсан. Тэгээд бид хохирогч болон түүний хүүхдүүдийг хамгаалалтад авсан” /нэгдүгээр хавтаст хэргийн 101-102 дахь тал/ гэж,

4. Гэрч Е.А- мөрдөн байцаалтын шатанд:”...Би цагдаагийн ахлагч Ц.М-, цагдаагийн дэд ахлагч З.А- нарын хамт орой 21 цагийн үед тус дуудлагад очсон. Дуудлагад очиж, дуудлага өгсөн дугаар руу залгахад иргэн К.А- гэгч хаалга онгойлгосон. Тэр үед гомдол гаргагч К.А- гэгч уйлаад зогсож байсан ба юу болсон талаар асуухад нөхөр маань гар утсаараа мөрийтэй тоглоом тоглоод хожигдсоны дараа надаас мөнгө асуусан, би түүнд мөнгө байхгүй гэж хэлэхэд миний үснээс зулгааж өшиглөж зодсон гэж уйлсан ба А.А- одоо хаана байгаа талаар асуухад А.А-ийн байгаа өрөөг зааж харуулсан. ...Тухайн үед уг байрны 00-ын өрөөнөөс гурван хүүхэд гарч ирсэн ба бид нар тухайн гурван хүүхдээс яагаад энд байгаа талаар асуухад тухайн хүүхдүүд ахаас айж байна гэж хэлсэн. ...К.А- нь бусдад зодуулсан байдалтай, нөхөртөө маш их гомдсон, уйлаад байсан. ...Түүний биед ил харагдах шарх сорви байхгүй ч гэсэн нүд нь хавдсан юм шиг харагдсан. ...Эхнэр нь өөрөө бүх зүйлийг үнэн зөвөөр хэлж байсан, харин нөхөр нь учир зүггүй уурлаж, бид нарын шаардлага эсэргүүцэж, бухимдаж байсан болохоор эхнэрээ зодсон нь тодорхой юм байна гэж ойлгосон. Дээр нь гомдол гаргагч эмэгтэй болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлж, ярьж байсан. Тэгээд бид түүнийг нөхөр нь дахин зодох байх гэсэндээ хамгаалах байранд оруулсан. Эхнэр нь анх дуудлага өгөхдөө бүх зүйлийг үнэн зөвөөр тайлбарлаж хэлсэн бөгөөд тэр үед нөхөртөө зодуулсан нь илт байсан” /нэгдүгээр хавтаст хэргийн 104-105 дахь тал/ гэж,

5.Гэрч З.А- мөрдөн байцаалтын шатанд:“...Тэр өдөр цагдаагийн ахлагч Ц.М-, Е.А- нарын хамт  дуудлагаар очиход хохирогч К.А- гэх эмэгтэй хаалга тайлж өгсөн. Тэгээд гэрт нь ороод дуудлага өгсөн эмэгтэйгээс юу болсон талаар асуухад нөхөр нь гар утсаараа мөрийтэй тоглоом тоглоод хожигдсоныхоо дараа эхнэрээсээ мөнгө асуухад өгөөгүй болохоор өшиглөж зодсон тухай хэлсэн. Дуудлага өгсөн эмэгтэй уйлж байсан ба нөхөр нь хаана байгаа талаар асуухад тэр өрөөнд байна гэж гараараа зааж харуулахаар нь бид тухайн өрөөнд орж, нөхрөөс нь юу болсон талаар асуухад тэр бидний өөдөөс учиргүй уурлаж, “миний гэрээс гарцгаа, улавч өмс, та нар байцаагчаа дуудаж ирээд эндээ мэдүүлэг ав” гэх мэтээр загнаж, бид нар руу дайрсан. Бид А.А-тэй юм ярьж байхад 00-ын өрөөнөөс 3 хүүхэд гарч ирсэн ба яагаад 00-д байгаа талаар асуухад нэг хүүхэд нь А.А- ахаас айж байна гэж хэлсэн. Тэгээд бид А.А- эхнэрээ зодож, гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж, хүүхдүүдээ айлгасан юм байна гэж мэдээд эхнэр, хүүхдийг нь цагдаагийн газрын хамгаалах байранд хүргэж өгсөн. Биднийг очиход дуудлага өгсөн эмэгтэй нүүрээ барьж уйлаад сууж байсан. Нэг харахад нүд нь хөхөрсөн юм шиг байсан. Өөр ил харагдах гэмтэл байгаагүй. ...Анх дуудлага өгсөн эмэгтэй бид нарт нөхөр нь зодсон тухай л хэлсэн. Эхнэр нь нөхөртөө хандаж “Өмнө нь хэд хэдэн удаа зодуулсан, энэ удаа тэсэхгүй байна. Миний толгой өвдөж байна. Чамайг уучлахгүй” гэж хэлж, уйлж байсан. Нөхөр нь ч гэсэн уурлаж, бухимдаж байсан ба эхнэрийнхээ эрх чөлөөнд халдсан нь илт харагдаж байсан. Тийм болохоор юу ч асуухгүйгээр тэднийг шалгадаг хэрэг бүртгэгчид нь хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 107-108 дахь тал/ тус тус  мэдүүлжээ.

6. Мөн хохирогч К.А- болон түүний хүүхдүүдийг тус цагдаагийн газрын гэрч, хохирогчийг хамгаалах байранд очиход хүлээн авч, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж, хуульд заасан холбогдох ажиллагааг явуулсан гэрч М.А- мөрдөн байцаалтын шатанд: “...Миний бие шөнийн 23 цагийн үед цагдаагийн газарт дуудагдаж ирсэн. Тэгээд хохирогч К.А-тэй уулзаж гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягтыг хөтөлж болсон асуудлын талаар асууж тодруулсан. Тэр үед К.А- нь нөхөртөө зодуулж биедээ гэмтэл авсан талаар, мөн өмнө хэд хэдэн удаа зодуулж байсан талаар хэлж байсан. ...Хохирогч К.А-ийн зүүн талын нүд нь хөхөрсөн гэмтэлтэй байсан. ...Нөхөр нь түүнийг үснээс нь зулгааж байгаад хөлөөрөө өшиглөсөн талаар хэлсэн. ...Тус өдөр зодуулснаас болж биед нь ил харагдах гэмтэл учирсан байсан ба шүүх эмчийн дүгнэлтээр хохирогчийн биеийн хэд хэдэн хэсэгт гэмтэл учирсан нь тогтоогдсон. Мөн миний бие хохирогч К.А-тэй ярилцахад урьд өмнө нь хэд хэдэн удаа зодуулж байсан боловч цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй тухай, мөн энэ удаа тэвчихгүй байгаа тул уучлахгүйгээр хуулийн дагуу шалгуулах болно гэж хэлж байсан. Мөн уйлж байгаад би маш их гомдолтой байна, намайг хамгаалах байранд оруулж, хамгаалалтад авч өгөөч гэсний дагуу 2 өдөр хамгаалах байранд байлгасан болно” /нэгдүгээр хавтаст хэргийн 113-114 дэх тал/ гэж,

7.Хохирогч К.А- болон түүний хүүхдүүдийг цагдаагийн газрын хохирогчийг хамгаалах байрнаас гарах үед хүлээн авсан гэрч Х.М- мөрдөн байцаалтын шатанд:“...Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 23-ны үеэр нөхөр аймгийн төвд эмнэлэгт хэвтээд нөхрийнхөө хажууд сахиулаар ирчихсэн үе байсан. Тэр үеэр нэг өдөр над руу К.А- утсаар залгаад “намайг цагдаагаас ирээд аваад яваач” гэж хэлэхээр нь би цагдаагийн газарт ирэхэд К.А- болон түүний хоёр хүүхдийг надад цагдаагийн ажилтан хүлээлгэж өгсөн. Тухайн үед би гарын баримт бичиж өгөөд К.А-ийг хүлээж авсан.” /нэгдүгээр хавтаст хэргийн 237-238 дахь тал/ гэж,

8.Шинжээч Х.Е- мөрдөн байцаалтын шатанд:“...К.А-ийн биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хоёроос гурван удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байсан. Иргэн К.А-ийн биед үзлэг хийхэд зүүн нүд орчим хаван хавдартай, зүүн дээд доод зовхи нь 4хЗ см-ийн хөхөлбөр өнгийн цус хуралттай, зүун нүдэнд цус хуралттай, баруун нүд болон хацар хамарсан бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай хүзүүний зүүн хэсэгт 3 см, 3.5 см-ийн 2 ширхэг зулгарсан зулгаралт, баруун тохой ар хэсэгт 1х0.5см-ийн зулгаралттай, тархи доргилттой гэмтлүүд тогтоогдсон. Энэхүү гэмтлүүд нэг л удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл биш. ...дээр нь юм унасан тохиолдолд нэг удаагийн үйлчлэлээр нэг хавтгай гэмтэл үүсэх боломжтой байсан. ...ямар нэгэн гадны хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн, 1-5 хоногийн дотор үүссэн шинэ гэмтлүүд байсан” /нэгдүгээр хавтаст хэргийн 131 дэх тал/ гэж тус тус мэдүүлжээ.

9. Ийнхүү хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт болох гомдол мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /нэгдүгээр хавтаст хэргийн 3 дахь тал/, баримт бичиг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /нэгдүгээр хавтаст хэргийн 18 дахь тал/, “Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт”-ын хуулбар, гэрэл зургийн үзүүлэлтүүд /нэгдүгээр хавтаст хэргийн 48-58 дахь тал/, “Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл”-ийн хуулбар /нэгдүгээр хавтаст хэргийн 59-61 дэх тал/, “Сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээний үнэлгээний маягт”-ын хуулбар / нэгдүгээр хавтаст хэргийн 68-70 дахь тал/, гэрч Ц.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг/нэгдүгээр хавтаст хэргийн 101-102 дахь тал/, гэрч Е.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 104-105 дахь тал/, гэрч З.А-ийн мэдүүлэг/нэгдүгээр хавтаст хэргийн 107-108 дахь тал/, гэрч М.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 113-114 дэх тал/, гэрч Х.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийн зарим хэсэг /нэгдүгээр хавтаст хэргийн 237-238 дахь тал/, шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 147 дугаартай дүгнэлт /нэгдүгээр хавтаст хэргийн 126-127 дахь тал/, шинжээч Х.Е-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 131 дэх тал/ зэрэг нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч А.А- нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний орой 21 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт эхнэр К.А-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдож байна.

10.Гэрч Ц.М-, Е.А-, З.А-, М.А- нар нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн цаг хугацаа, үйл баримтын талаар хоорондоо зөрүүгүй мэдүүлгийг өгч, хохирогч К.А-ийг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний орой нөхөр А.А-т зодуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнийг хангалттай гэрчилсэн байх бөгөөд хохирогч К.А-ийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журамд нийцсэн, шинжээч нь мөрдөгчийн тавьсан асуултад бүрэн хариулсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг “Гэмтлийн зэрэг тогтоох журам-д үндэслэн бодитой тогтоосон, түүнчлэн эрх бүхий шинжээч Х.Е- нь мөрдөн байцаалтын шатанд “хохирогч К.А-ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь нэг удаагийн үйлчлэлээр биш, хатуу мохоо зүйлийн хоёроос гурван удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байсан” гэж мэдүүлсэн зэргээс дүгнэж үзэхэд хохирогч К.А- нь 2022 оны 1 дүгээр сарын 11-ний орой 21 цаг, 30 минутын үед гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, нөхөр А.А-т зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

11.Иймд яллах дүгнэлтэд тусгагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан гэрчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд А.А-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

12. Шүүгдэгч А.А-, хохирогч К.А- нар болон тэдгээрийн өмгөөлөгчөөс энэ гэмт хэрэгт шүүгдэгч А.А-ийг гэм буруугүй, тухайн өдөр хохирогч К.А- нь сандал дээр гарч, шкафан дээрээс хувцастай чемодан авах гэж байгаад сандлаасаа хальтирч хойшоо унах үед түүний дээрээс чемодан унаж, гэмтэл авсан, түүнчлэн үүргээ гүйцэтгэх замаар хэргийн талаар мэдэх болсон гэх гэрч Ц.М-, Е.А-, З.А-, М.А- нарыг гэрчээр асуусан нь хууль зөрчсөн, гэрч М.А- нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд бага насны хүүхдүүдийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдож, хэрэгт холбогдох ажиллагаа явуулж байсан тул түүнийг энэ хэрэгт холбогдуулан гэрчээр оролцуулсан нь хуульд нийцээгүй, зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч К.А-ээс мэдүүлэг авахад тэрээр Монгол хэл бичиг сайн мэдэхгүй, өөрийгөө илэрхийлж чадахгүй гэдгээ хэлсэн боловч орчуулагч, хэлмэрч оролцуулахгүйгээр эрхийг нь зөрчиж мэдүүлэг авсан, мөн хохирогчид Монгол Улсын Үндсэн хуульд заасан “өөрийн болон гэр бүлийн гишүүн, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийг тайлбарлаж өгөөгүй зэргээр нотлох баримт бүрдүүлж, цуглуулахдаа хууль зөрчсөн тул А.А-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж маргаж байна.

13.Зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтан Ж.Б- 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч К.А-ээс мэдүүлэг авахад тэрээр “Манай нөхөр А.А- интернетээр мөрийтэй тоглоом тоглоод сууж байсан ба өөртөө байгаа бүх мөнгийг алдаж, надаас мөнгө төгрөг асуухаар нь би мөнгө байхгүй, чи одоо интернетээр мөрийтэй тоглоом тоглож бүх мөнгийг дуусгах юм байна гэхэд шууд уурлаад миний үснээс зулгааж газар унагаж, миний зүүн талын нүд тус газарт баруун хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөж байхад 5 настай Аружан, 2 настай Багым нар уйлаад салгаж авсан. 2 хүүхэд уйлаад салгаж аваагүй байсан бол намайг алах байсан ба толгой тус газарт өшиглөхөд юу болсныг санахгүй ухаан алдах шиг болсон. Хоёр хүүхэд миний хажууд хүрээд ирэхэд би  тэр хоёрыг тэврээд авахад нөхөр маань намайг зодохоо больсон. Тэгээд би шууд цагдаагийн байгууллага руу залгаж дуудлага өгөхөд миний утсыг булааж аваад “яагаад цагдаа дуудсан бэ, цагдаа нар ирэх хүртэл чамайг ална” гэж дахиад толгой тус газарт баруун гараараа нэг удаа цохиж хоолой тус газарт хоёр гараараа боож байхад хоёр хүүхэд айгаад уйлахаар нь болиод өөр өрөөнд ороод хэвтчихсан, удалгүй цагдаа нар ирээд намайг болон хүүхдүүдийг маань аваад явсан. ...Нөхөр болох А.А- эхлээд хоёр гараараа үснээс зулгааж газар дээр унахад баруун хөлөөрөө миний толгой тус газарт хэд хэдэн удаа өшиглөж, мөн цагдаа дуудсан гэж баруун гараараа толгой тус газарт хэд хэдэн удаа цохиж улмаар хоёр гараараа миний хоолойг боож байхад хүүхдүүд уйлахаар нь больсон. ...Манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, тоглоом тоглоод мөнгө төгрөг алдах бүртээ уурлаж над руу дайрдаг, манай нөхөр намайг хардаж, найз нөхдөөс хол байлгадаг. Манай нөхөр А.А- намайг зодож байхад 7 настай том хүү Т-, 2 настай охин Б, 5 настай охин А нар байсан ба хөдөөнөөс ирсэн А.А-ийн дүү Ай, Ал нар өөр өрөөнд байсан, гарч ирээгүй. Миний зүүн талын нүд хавдсан, толгой, хоолой тус газар өвдөж байна. Эмчид үзүүлж дүгнэлт гаргуулмаар байна” гэх агуулга бүхий мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 4-5 дахь тал/ өгсөн байна.

14. Хохирогчийн дээрх мэдүүлгийн дагуу цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан прокурорын зөвшөөрлөөр хохирогч К.А-ийн эрүүл мэндэд хохирол учирсан эсэхийг тогтоолгосон байх бөгөөд хэрэг учрал болсноос хойш 3 хоногийн дараа 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр шүүх эмнэлгийн тусгай мэдлэгтэй, эрх бүхий шинжээч “хохирогч К.А-ийн биед зүүн нүд орчим хаван хавдартай, эмзэглэлтэй, зүүн дээд, доод зовхи нь 4хЗ см хөхөлбөр өнгийн цус хуралттай, зүүн нүдний алимны салстад цус хуралт, баруун нүд болон хацар хамарсан бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай, хүзүүний зүүн хэсэгт 3 см, 3.5 см 2 ширхэг зурагдсан зулгаралт, баруун тохойн ах хэсэгт 1x0.5 см зулгаралттай, тархины доргилт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл бөгөөд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх 147 дугаартай дүгнэлтийг гаргасан нь нэгдүгээр хавтаст хэргийн 124-128 дахь талд авагдсан байна.

15.Ийнхүү зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч К.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 221300034 дугаартай прокурорын тогтоолоор тухайн гэмт хэргийн шинжтэй үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэргийг харьяаллын дагуу Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт шилжүүлсэн /нэгдүгээр хавтаст хэргийн 31-32 дахь тал/ үеэс хохирогч К.А- нь мэдүүлгээ эрс өөрчилж, “Намайг нөхөр А.А- зодоогүй. Нөхөр А.А- ажлаасаа орж ирээд интернетээр мөрийтэй тоглоом тоглож, мөнгөө алдчихаад надаас мөнгө асууж, бид маргалдсан, тэгээд хэсэг хугацааны дараа би нөхөрт хандаж, тавиурын дээд талд байгаа чемоданыг аваад өг гэхэд тэр суусан газраасаа босоогүй, тэгээд би сандал дээр гарч чемодан авах гэж байгаад сандлаасаа унахад миний дээр чемодан унасан. Тэр үед би А.А-т хандан “Чи надад чемодан авч өгөөгүйгээс болж миний дээр чемодан уналаа гэж маргалдсан боловч тэр надаас уучлалт гуйгаагүй. Тэгээд сүүлийн үед нөхөр маань мөрийтэй тоглоом тоглоод байгаа болохоор би айлгах зорилгоор цагдаад гомдол гаргаж, болсон явдлын талаар худлаа хэлсэн, би нөхөр А.А-т зодуулаагүй, чемодан унаснаас болж гэмтэл авсан” гэх мэдүүлгийг /нэгдүгээр хавтаст хэргийн 98-99 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ өгч, өмнөх мэдүүлгээ үгүйсгэсэн байна.

16. Үүний дараа А.А-т холбогдох хэргийг шүүхээр нэг удаа урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж, хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэх, хохирогч К.А- худал мэдүүлэг өгсөн эсэх, яллагдагч А.А- нь хохирогч К.А- болон насанд хүрээгүй гэрч Д.А-, А.А- нарыг мэдүүлэг өгөхөд хууль бусаар нөлөөлсөн эсэхийг шалгаж тогтоолгохоор А.А-т холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан бөгөөд  мөрдөн байцаалтын шатанд шүүгчийн захирамжийн заалтыг биелүүлж, хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн, мөн насанд хүрээгүй гэрч Д.А-, А.А-, хохирогч К.А- нараас мэдүүлэг авч, эрүүгийн 2213000340049 дугаартай хэргээс холбогдох нотлох баримтуудыг хуулбарлан, холбогдогч К.А- худал мэдүүлэг өгсөн эсэх, холбогдогч А.А-ээс хохирогч К.А-, насанд хүрээгүй А.А-, Д.А- нарыг мэдүүлэг өгөхөд хууль бусаар нөлөөлсөн эсэхийг тусад нь гомдол мэдээлэлд бүртгүүлж, шалгуулахаар Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газарт хүргүүлсэн байх тул хэргийг буцаасан шүүгчийн захирамжийн заалт биелсэн гэж үзсэн болно.

17.Шүүгдэгч А.А-т холбогдох хэрэгт шүүгчийн захирамжийн дагуу нэмэлт ажиллагаа явуулан, дахин шүүхэд шилжүүлснийг шүүх хүлээн авч, А.А-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн бөгөөд ингэхдээ хохирогч К.А-ийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2022 оны 1 дүгээр сарын 11-ний орой 21 цаг 30 минутын үед нөхөр А.А- миний эрх чөлөөнд халдаж зодсон” мэдүүлэг нь хууль зөрчсөн, хохирогч К.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогчоор өгсөн: “Тухайн өдөр нөхөр А.А- намайг зодоогүй. Би сандал дээр гарч өндөр шкаф дээрээс чемодан авах гэж байгаад сандлаас унах үед миний дээрээс чемодан би гэмтэл авсан” мэдүүлэг үнэн зөв эсэх нь эргэлзээтэй, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх тул хохирогч К.А-ийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд удаа дараа өгсөн мэдүүлгүүдийг дараах үндэслэлээр нотлох баримтаар үнэлээгүй.

18. Тодруулбал: Эрх бүхий албан тушаалтан Ж.Б- нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч К.А-ээс мэдүүлэг авахдаа түүнд Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 14-д заасан “...Өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийг нь тайлбарлаж өгөөгүй, хохирогч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, хэрэв худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх журамтай болохыг сануулахгүйгээр хохирогчоос мэдүүлэг авч хууль зөрчсөн байх тул хавтаст хэргийн 4-5 дахь талд авагдсан хохирогч К.А-ийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж шүүх үзсэн болно.

19.Хохирогч К.А- нь 2021 оны 3 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан төрийн албаны ерөнхий шалгалтад бүртгүүлж, 70 оноогоор тэнцэж, Баян-Өлгий аймгийн Төрийн жинхэнэ албаны нөөцийн бүртгэлийн 148 дугаарт бүртгэгдсэн нь нэгдүгээр хавтаст хэргийн 75-80 дахь талд авагдсан Төрийн албаны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 30 дугаартай албан бичиг, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 106 дугаартай “Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэх тухай” 106 дугаартай тогтоолын хуулбар, Баян-Өлгий аймгийн Төрийн албаны нөөцийн бүртгэл зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул хохирогч К.А- болон түүний өмгөөлөгч Х.Б нараас гаргасан “Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч К.А-ээс мэдүүлэг авахдаа Монгол хэл бичиг сайн мэдэхгүй, өөрийгөө илэрхийлж чадахгүй гэдгээ хэлсэн боловч орчуулагч, хэлмэрч оролцуулахгүйгээр мэдүүлэг авч эрхийг нь зөрчсөн” гэх гомдол үндэслэлгүй.

20.Түүнчлэн хохирогч К.А-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн өдөр нөхөр болох А.А- ажлаасаа ирээд гар утсаараа хөзөр тоглоод сууж байсан. Тэгээд хөзөр тоглож байгаад дансанд байсан бүх мөнгө алдаж, надаас мөнгө асуусан ба би мөнгө өгөөгүй. Тэрнээс болоод бид 2 хоорондоо бага зэрэг маргалдсан. Учир нь манай хөрш цахимаар мөрийтэй тоглоом тоглож байгаад байраа алдсан тул бид ч бас тэгж байраа алдаж, хүүхдүүдтэйгээ хамт орон байргүй үлдэхээс айгаад нөхрийгөө хөзөр тоглохыг нь болиулах санаатай цагдаагийн байгууллагад дуудлага өгч, худал мэдүүлэг өгч А.А-ийг гүтгэсэндээ маш их гэмшиж, нөхрөөсөө уучлалт гуйж байна. Би тэр өдөр нөхрийгөө шкаф дээрээс чемодан аваад өг гэхэд тэр авч өгөөгүй тул уурлаад өөрөө авах гэж байгаад унагаасан. Би сандал дээр гарч зогсоод чемодан авах гэж байсан бөгөөд чемодан миний толгой, нүүр хэсэгт унах үед би сандлаасаа халтирч хойшоо унахдаа тохойгоо гэмтээсэн. Хүзүү хэсэгт үүссэн сорви бол бага хүүхдээ хөхүүлж байхад хүүхэд маань  маажсан сорви юм. Энэ бүхэнд миний нөхөр ямарч буруугүй” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 98-99 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл/-нь гэрч Ц.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...К.А- нөхөр зодоогүй, чемодан унасан гэж мэдүүлсэн нь худлаа, анх биднийг дуудлагаар очиход гомдол гаргасан эмэгтэй нөхөртөө зодуулсан талаар үнэн зөвөөр мэдүүлж, уйлж байсан. Тэгээд хүүхдийн байгууллага болон бусад холбогдох байгууллагын албан хаагчид ирж, ажиллаад гомдол гаргагч эмэгтэйг хамгаалах байранд оруулсан” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 101-102 дахь тал/, гэрч Е.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...тухайн өдөр дуудлагаар очиход гэрийн эд зүйл бүгд эмх цэгцтэй, ямарч чемодан унасан зүйл харагдаагүй. Тэр өдөр хохирогч бидэнд чемодан унасан гэж хэлээгүй. Нөхөртөө зодуулсан гэж хэлсэн ба нөхөр нь маш их уурлаж, бухимдсан байсан” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 104-105 дахь тал/, гэрч З.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Бид нар дуудлагаар очиход газарт ямарч чемодан байгаагүй. Анх дуудлага өгсөн эмэгтэй бид нарт чемодан унасан талаар яриагүй. Нөхөр нь зодсон тухай хэлсэн. Мөн өмнө нь хэд хэдэн удаа зодуулж байсан гэж хэлсэн. Нөхөр нь ч түүнд уурлаж, бухимдсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 107-108 дахь тал/, гэрч М.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...К.А- чемодан унасан гэж худлаа мэдүүлсэн байна. Анх нөхөртөө зодуулж, хамгаалах байранд ирэхдээ болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярьж байсан. Нөхөр нь түүнийг үснээс нь зулгааж байгаад хөлөөрөө өшиглөсөн талаар хэлсэн. К.А- дахин мэдүүлэг өгөхөд нөхөр нь нөлөөлсөн байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 113-114 дэх тал/, шинжээчийн 147 дугаартай дүгнэлт /нэгдүгээр хавтаст хэргийн 126-127 дахь тал/, шинжээч Х.Е-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...К.А-ийн эрүүл мэндэд учирсан энэхүү гэмтлүүд нэг л удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл биш. ...дээр нь юм унасан тохиолдолд нэг удаагийн үйлчлэлээр нэг хавтгай гэмтэл үүсэх боломжтой байсан. ...ямар нэгэн гадны хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн, 1-5 хоногийн дотор үүссэн шинэ гэмтлүүд байсан” гэх мэдүүлэг/нэгдүгээр хавтаст хэргийн 131 дэх тал/ зэрэг мэдүүлгүүдээр тус тус няцаагдаж байна.

21.Иймд “хохирогч К.А- нь 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 21 цаг 30 минутын үед гэрийнхээ шкаф дээрээс чемодан авах гэж байгаад сандлаас унаж гэмтсэн” гэх агуулга бүхий хохирогч К.А-ийн мэдүүлгүүд, насанд хүрээгүй гэрч А.А- Д.А- нарын мэдүүлгүүд, гэрч Х.М-ийн мэдүүлэг, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтууд нь хэргийн бодит байдалд нийцээгүй, энэ хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй нь илэрхий байх тул нотлох баримтаар үнэлэх шаардлагагүй гэж үзлээ.

22.Гэрч Ц.М-, Е.А-, З.А-, М.А- нар нь шүүгдэгч А.А-тэй хувийн таарамжгүй харьцаатай буюу хэрэгт хувийн сонирхолтой болох нь тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэрчийн мэдүүлэг авч болохгүй этгээдэд хамаарахгүй байх бөгөөд гэрч М.А- нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх нь зөрчигдсөн бага насны хүүхдүүд болох А.А-ийн А, А.А-ийн Тамырлан нарын хууль ёсны төлөөлөгчөөр томилогдож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, мөн хохирогчийг хамгаалах байранд ажиллаж, Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан холбогдох ажиллагааг явуулсан зэрэг нь түүнийг А.А-эд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр мэдүүлэг өгөхөд саад болохгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6, 16.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна гэж үзлээ.

23. Учир нь: Гэрч М.А- нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч К.А-, шүүгдэгч А.А- нарын бага насны хүүхдүүдийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байх бөгөөд тэдгээр хүүхдүүд нь энэ хэргийн оролцогч биш, нөгөө талаар гэрч М.А-, Ц.М-, Е.А-, З.А- нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэрчийн мэдүүлэг авч болохгүй этгээд болох “энэ хэргийг урьд нь шийдвэрлэж байсан шүүгч, прокурор, өмгөөлөх хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгэж байх явцад тухайн хэргийн бодит байдлыг мэдэх болсон өмгөөлөгч, хуульч, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэх замаар уг хэргийн байдлыг мэдэх болсон эвлэрүүлэн зуучлагч, өвчний улмаас хэргийн нөхцөл байдлыг зөв ойлгож, мэдүүлэг өгөх чадваргүй болсон нь тогтоогдсон хүн, эмчилгээ хийж байх явцад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар мэдэх болсон сэтгэл зүйч, өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан гэрч, хохирогч” гэх субьектийн алинд нь ч  хамаарахгүй байна.

24. Иймээс гэрч Ц.М-, Е.А-, Е.А, М.А- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой.

Эрх зүйн дүгнэлт:

1.Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

     2.Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

 3.Шүүгдэгч А.А- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүнийг үсдэж, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн нь тогтоогдсон ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

4.Шүүгдэгч А.А-ийн үйлдлийн улмаас хохирогч К.А-ийн биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

5.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2-д заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульд заажээ.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заажээ.

7.Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд гэдгийг “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж тодорхойлжээ.

8.Шүүгдэгч А.А-, хохирогч К.А- нар нь дээрх хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр, нөхөр мөн болох нь хэрэгт тогтоогдсон байна.

9.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно”, мөн хуулийн 6.2-д “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч А.А- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр К.А-ийн бие махбодид халдан, түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн нь тогтоогдсон байна.

10. Шүүгдэгч А.А-ийн дээрх үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байх бөгөөд тэрээр “мөрийтэй тоглоом тоглох мөнгө өгөөгүй, өөрийг нь эсэргүүцсэн” гэх шалтгаанаар эхнэр К.А-ийг зодсоны улмаас хохирогч нь цагдаагийн байгууллагад хандаж, бага насны хүүхдүүдийн хамт гэрч, хохирогчийг хамгаалах байранд хамгаалалтад байсан нь тогтоогдсон байна.

11.Иймд Прокуророос А.А-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн” гэж  хүндрүүлэн зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, А.А-ийн үйлдэл нь “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн обьектив, субьектив шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

12.Хэрэгт нотлох баримтаар авагдсан цагдаагийн албан хаагч Ц.М-, Е.А-, Е.А нарын бичсэн илтгэх хуудас нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул түүнийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.

13.Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч А.А-ийн уурлаж, бухимдсан үедээ өөрийгөө барих, удирдан жолоодох чадвар сул, мөрийтэй тоглоом тоглох муу зуршилтай зэргээр бие хүний хувьд хүмүүжил, төлөвшил, ухамсрын түвшин дутмаг байдал шууд нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

Хохирол, хор уршиг

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1.”Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.”Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5.”Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.

2. Шүүгдэгч А.А-ийн  гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч К.А-ийн эрүүл  мэндэд зүүн нүд орчим хаван хавдар, зүүн дээд, доод зовхинд 4хЗ см хөхөлбөр өнгийн цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, баруун нүд болон хацар хамарсан бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралт, хүзүүний зүүн хэсэгт 3 см, 3.5 см 2 ширхэг зурагдсан зулгаралт, баруун тохойн ар хэсэгт 1x0.5 см зулгаралт, тархины доргилт зэрэг хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон байна.

13. Хохирогч К.А- нь шүүгдэгчээс мөнгөн хэлбэрээр ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй, нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.А-ээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

1.Шүүгдэгч А.А- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хэргийг хөөн хэлэлцэх хуульд заасан хугацаа дуусаагүй тул А.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

3.Шүүгдэгч А.А- нь хувийн байдлын хувьд 1989 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 32 настай, 1999-2008 онд Баян-Өлгий аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын сургууль төгсөж, бүрэн дунд боловсрол, 2008-2012 онд “Их засаг” их сургуулийг “Эрх зүйч” мэргэжлээр төгсөж, дээд боловсрол тус тус эзэмшсэн, ам бүл  5, эхнэр, гурван хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт амьдардаг, 2014 оноос хойш тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нярав, хамгаалалтын ажилтнаар ажиллаж байгаад 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс ээлжийн даргаар дэвшин ажиллаж, тухайн байгууллагадаа 8 дахь жилдээ ажиллаж байгаа болох нь тогтоогдсон байх бөгөөд Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байрны дарга, дэд хурандаа Т.Е нь шүүгдэгч А.А-ийн талаар 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдөр: ”Ээлжийн дарга А.А- нь тус байгууллагад 8 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд ажиллах хугацаандаа 2016 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 95 жилийн ойн “Хүндэт тэмдэг”, 2018 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын “Баярын бичиг”-ээр шагнагдаж, газрын даргын тушаалаар үндсэн цалингийн 15,30 хувиар, 2019 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Албаны төлөө 3” дугаар зэргийн тэмдэг, үндсэн цалингийн 30 хувиар, 2020 онд аймгийн засаг даргын “Жуух бичиг”, газрын даргын тушаалаар албан тушаалын цалингийн 20 хувиар тус тус шагнагдсан ба сүүлийн 3 жил сахилгын ямар нэгэн шийтгэл эдлээгүй. Ахлах ахлагч А.А- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахдаа өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, байгууллагын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэн, үүрэгт ажилдаа хариуцлагатай хандан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь түргэн шуурхай биелүүлж ажилладаг, сахилга, ёс зүйтэй албан хаагч болохыг тодорхойлов” гэх тодорхойлолтыг гаргаж өгсөн нь нэгдүгээр хавтаст хэргийн 87 дахь талд,

4. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн засаг дарга М.Ж ”Иргэн А.А- нь урьд ямар нэгэн сахилга, хэв журмын зөрчил гаргаагүй, багийн зүгээс өгсөн даалгаврыг хугацаанд нь хийдэг, төлөв даруу зантай иргэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт гаргасан нь нэгдүгээр хавтаст хэргийн 86 дахь талд тус тус нотлох баримтаар бэхжүүлэгдсэнийг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.

5. Шүүгдэгч А.А- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь нэгдүгээр хавтаст хэргийн 151 дэх талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар,  

6. Түүнчлэн хэрэг учрал гарсан өдөр буюу 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр А.А- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан болох нь нэгдүгээр хавтаст хэргийн 27 дахь талд авагдсан “Согтуурлын хэмжээг шалгасан тухай” тэмдэглэлээр тус тус нотлогджээ.

7.Шүүгдэгч А.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх тогтоогдоогүй гэж үзлээ.

8. Шүүгдэгч А.А- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч, тухайн өдөр шууд санаатай үйлдлээр гэмт хэрэг үйлдсэнийг тохиолдлын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчоос уучлал гуйж, мөнгөн хэлбэрээр хохирол төлсөн нь нотлогдоогүй, хохирогч К.А- нь А.А-ээс хохирол нэхэмжлээгүй тул А.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

9.Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч А.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг,

10. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч А.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг,

11.Хохирогч К.А-, түүний өмгөөлөгч Х.Б нар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч А.А-т хуулийн хөнгөлөлт үзүүлэх хүсэлтийг,

12. Шүүгдэгч А.А- нь өмгөөлөгчийнхөө эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг дэмжиж байгаа гэх тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцэв.

            13.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

            14.Шүүхээс шүүгдэгч А.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож хэрэглэх нь гэмт хэрэг үйлдсэн хүний гэм бурууг ухамсарлуулах, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилсан сэргийлэх, нийгэмшүүлэх,  эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

            15. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн хүний “хувийн байдал”-ыг харгалзан үзэхээр хуульчилсан байна.

16. Гэмт этгээдийн гэмт хэрэг үйлдэхээс өмнө болон үйлдсэний дараах үеийн зан төлөв, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага нь гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамаарах бөгөөд шүүгдэгч А.А- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй,  хэвийн байх үедээ гэр бүлээ үл хүндэтгэн, бага насны хүүхдүүдийнхээ дэргэд зүй бус авир гаргаж, мөрийтэй тоглоом тоглох мөнгө авахын тулд эхнэр К.А-ийн эрх чөлөөнд халдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан атлаа мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд үйлдсэн гэмт хэргийнхээ сөрөг үр дагаврыг бүрэн ухамсарлан ойлгож байгаагаа харуулж, хохирогчоос уучлалт гуйгаагүй, харин ч өөрийн эхнэр К.А-ийг үндэслэлгүйгээр хууль, хяналтын байгууллагад хандаж, нэр төрд нь халдсан мэтээр буруутгах хандлагатай байгаа нь түүний хувийн байдлыг харуулж байна.

-Хохирогч К.А- нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө гэм буруутай хэмээн мэдүүлж, урьд өгсөн мэдүүлгээсээ эрс зөрүүтэй буюу “...Цагдаагийн байгууллагад дуудлага өгөн, худал мэдүүлэг өгч, А.А-ийг гүтгэсэндээ маш их гэмшиж байна. Би сандал дээр гарч зогсоод чемодан авах гэж байсан бөгөөд чемодан миний толгой, нүүр хэсэгт унах үед би сандлаасаа халтирч хойшоо унахдаа тохойгоо гэмтээсэн. Хүзүү хэсэгт үүссэн сорви бол бага хүүхдээ хөхүүлж байхад хүүхэд маань  маажсан сорви юм. Энэ бүхэнд миний нөхөр ямарч буруугүй” гэж мэдүүлж, шүүгдэгч А.А-ээс уучлалт гуйсан, тэрээр худал мэдүүлэг өгсөн үйлдэлдээ хуулийн өмнө ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн зэргээс дүгнэж үзэхэд хохирогч К.А- нь одоо ч гэр бүлийн хүчирхийлэл дарамтад байж болзошгүй гэх эргэлзээг төрүүлж байна.

17.Дээрх нөхцөл байдал нь шүүгдэгч А.А-ийн хувийн байдал, хувийн зан чанарыг тодорхой харуулж байх бөгөөд шүүхээс хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх эрхэм зорилгынхоо хүрээнд хохирогч К.А-ийн эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, цаашид А.А-ийг хувь хүнийхээ хувьд нийгэмд тогтсон хууль ёс, дэг журмыг чанд сахидаг, бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэдэг, гэр бүл, үр хүүхдээ хайрладаг, зөв хандлагатай, шударга, төлөвшсөн иргэн болж нийгэмшүүлэх, нөгөө талаар гэмт хэрэг үйлдэж, бусдад гэм хор учруулсан этгээдэд хийсэн хэргийнх нь төлөө заавал цээрлэл амсуулах эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч А.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулах нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 720 (долоон зуун хорь)-н цагаар тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

18.Шүүгдэгч А.А- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “зорчих эрхийг хязгаарлах ял” оногдуулж, гэрээсээ гарахыг хязгаарлах нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй, А.А-т торгох ялыг сонгож хэрэглэх нь гэр бүлийн бусад гишүүдийн санхүүгийн эрх ашигт сөргөөр нөлөөлж болзошгүй гэж шүүх тус тус үзсэн тул шүүгдэгч А.А-т нийтэд тустай ялыг сонгож хэрэглэсэн болно.

            19.Иймд шүүгдэгч А.А-т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд өдөрт 8-аас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг  цалин хөлс олгохгүйгээр хийлгэхээр тогтоож шийдвэрлэв.

            20.Шүүгдэгч А.А- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

            21.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцон ирүүлсэн зүйлгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр хэрэглэх нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ш.о овогт А-гийн А-ийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-эд  720 (долоон зуун хорь)-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд өдөрт 8-аас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг  цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.А- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

5. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.А-ээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцон ирүүлсэн зүйлгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.А-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.БОЛОРМАА