| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2018/01593/И |
| Дугаар | 1900 |
| Огноо | 2018-05-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 1900
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ТН-СӨХнэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Г-д холбогдох,
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 916,989 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ганзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
ТН-СӨХ нь 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн Холбооны бүртгэлд бүртгүүлж гэрчилгээгээ авч үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа билээ. Уг хугацаанд хотхоны бусад сууц өмчлөгчдийн нэгэн адил дундын өмчлөлийн гэрэлтүүлэг, хог хаягдал, харуул хамгаалалт, засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, лифт зэрэг дундын өмчлөлтэй холбоотой эд зүйлсийг хүссэн, эс хүссэн ч хамтран эзэмшиж, ашигласаар байгаа боловч сууц өмчлөгчдийн холбоонд төлбөл зохих төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрсэн болно.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.4, “Сууц өмчлөгчид ноогдох хэсэг” гэж орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, сууц өмчлөгчдийн холбоог санхүүжүүлэхэд тухайн сууц өмчлөгчдийн оролцох хувь хэмжээ гэж тодорхойлсон байдаг.
Иргэний хуулийн 148.2.1-т “дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх” үүрэгтэй гэж, 148.2.3-т “дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох”, 148.3-т “Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй” гэжээ.
Иргэний хуулийн 147.1, 147.2 дэх хэсэг болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16.2, “Орон сууцны нэг буюу хэд хэдэн сууцанд хамаарах дундын өмчлөлийн эд хөрөнгө /инженерийн шугам сүлжээ, салхижуулалтын хоолой, давхрын хаалга болон бусад тоног төхөөрөмж/ гэх мэтийн засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг тухайн эд хөрөнгийг ашиглаж байгаа сууц өмчлөгчид хувааж төлнө” гэж заасан байдаг учраас нийт сууц өмчлөгчид эдгээр нийтлэг үйлчилгээтэй холбоотой зардлыг цаг хугацаандаа төлөх ёстой билээ. Гэтэл эдгээр хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, СӨХ-ны үйлчилгээтэй холбоотой зардлыг төлөхгүй байгаа учраас сууц өмчлөгч Б.Г дээрх хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх үүднээс хуулийн дагуу зохих шийдвэр гаргуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллах нь зүйтэй гэж үзсэн юм. Сууц өмчлөгч 36А байрны 16 тоотод оршин суугч Б.Г нь 2014 оны 12 дугаар сар, 2015 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар, 2016 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар, 2018 оны 01 дүгээр сар, 02 дугаар сарыг дуустал нийт 39 сарын төлбөр болох 916,989.78 төгрөгийг төлөөгүй байгаа бөгөөд түүнд Иргэний хуулийн зарим зүйл заалтуудад заасан үүргээ биелүүлэхийг мэдэгдэх хуудсаар болон орон сууцны байцаагчаар дамжуулан сар бүр мэдэгдэж байгаа боловч үл ойшоон өнөөдрийг хүрсний улмаас Сууц өмчлөгчдийн холбооны ажил бүрэн ажиллаж чадахгүй татварын болон, ус дулааны өр төлбөрийн дарамтад орсон байдалтай байгаагаас бусад оршин суугчид СӨХ-ноос авах ёстой үйлчилгээгээ бүрэн авч чадахгүй хохирч байгаа болно.
Иймд Сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээнд зарцуулах ёстой Б.Г-ын өр авлагыг Иргэний хуулийн 149.1.1, 149.1.2, 149.2 дугаар заалтуудыг үндэслэн өр авлагыг бүрэн барагдуулж 916,989.78 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний Б.Гнь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороололд байрлах ТН хотхоны 36А байрны 73 тоотод оршин суудаг. ТН СӨХ-ноос нэхэмжилж байгаа 916,989 төгрөгд тайлбар хийж байна. 2014 онд миний унаж байсан 34-44 УНУ гэсэн машины зөв талаас 2 хаалгыг гадны машин мөргөж гэмтээсэн байсныг СӨХ-нд хэлэхэд мөргөсөн машиныг олж өгч чадахгүй байсан. Иймд би төлбөрийг барагдуулж өгөх хүсэлт өгсөн шийдэж өгөөгүй. 2017 оны 3 дугаар сард 36-32 УНЕ приус маркийн машиныг урд гупер, кропыг гадны портер мөргөөд явсан байсныг хэлэхэд олж өгнө гэж хэлээд шийдэж өгөөгүй. Иймд энэ хоёр машины засварын зардлыг хувиасаа гаргаж засуулсан болно. Өмнөх СӨХ-ын даргад 2 машиныг төлбөрийн баримт болох нийт 570,000 төгрөг, өргөдөл 2-ийг өгч шийдүүлж чадаагүй. Удаа дараа орж асуухад удахгүй шийдэж өгнө гэсэн хариу өгдөг байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа СӨХ-ын дарга солигдсон байсан, дараагийн даргад нь хэлэхэд өмнөх даргаасаа асууж хариу хэлий гэсэн боловч дараа нь өөр дарга томилогдсон байсан. Иймд миний төлбөр болох 570,000 төргөгийг СӨХ-ын төлбөрөөс хасаж өгвөл үлдэгдэл төлбөрийг төлөхөд бэлэн байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ТН” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Б.Г-од холбогдуулж дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд 916,989 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нь байрны гадна хашаанд байрлуулсан автомашинд бусдын учруулсан хохирол болох 570,000 төгрөгийг хасаж тооцуулж, үлдэгдэл төлбөрийг төлөх талаарх тайлбарыг ирүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Сууц өмчлөгчдийн холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулагдсанд тооцно” гэж заасан.
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж ТН хотхоны 36А байрны оршин суугчдын хурлын тогтоолыг үндэслэн 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга “ТН” Сууц өмчлөгчдийн холбоо”-г Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбоонд бүртгэж 90 дугаартай гэрчилгээг олгосон болох нь хэрэгт авагдсан гэрчилгээгээр нотлогдож байна./х.х-ийн 4 дахь тал/
Хариуцагч Б.Гнь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж ТН хотхоны 36А байрны 73 тоот орон сууцны өмчлөгч, тус орон сууцанд оршин суудаг талаар маргаагүй ба тэрээр Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар тухайн орон сууцны Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2014 оны 12 дугаар сараас 2018 оны 2 дугаар сарыг хүртэлх хугацааны сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр болох 916,989 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд уг төлбөрийг хариуцагч төлөөгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 5 дахь талд/
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан тогтоосон хэмжээгээр зардлыг төлөх үүргийг зохицуулсан байх тул хариуцагч Б.Гнь орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг тогтооосон хэмжээгээр төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч 2014 оны 12 дугаар сараас 2018 оны 2 дугаар сарыг хүртэлх хугацааны сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр болох 916,989 төгрөгт холбогдох шаардлагад маргаагүй, харин уг үнийн дүнгээс байрны гадна хашаанд байрлуулсан автомашинд бусдын учруулсан хохирол болох 570,000 төгрөгийг хасаж тооцуулж үлдэгдэл төлбөрийг төлнө гэж тайлбарласан.
Хариуцагчийн уг тайлбараар түүнийг орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд хариуцагч энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх төлбөрийн хэмжээг багасгаж, хасаж тооцох үндэслэлгүй болно.
Иймд хариуцагч Б.Г-оос916,989 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ТН” Сууц өмчлөгчдийн холбоонд олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Г-оос916,989 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ТН” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,558 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-оос26,558 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ТН” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ, Л.ЭНХЖАРГАЛ