Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/99

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн,  өмгөөлөгч Т.Б-,

Шүүгдэгч А.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.С-д холбогдох эрүүгийн 2213000000137 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Үенч сумд төрсөн, 27 настай, эмэгтэй, яс үндэс Казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин гэх, Баян-Өлгий аймгийн Булган сумын 2 дугаар баг, Сайханд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Н овогт А-ийн С-, РД:ПК...................

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.С- нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр тус аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Улаан даваа гэх газар хохирогч А.Е-ийг зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1.1 Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч А.С- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул яллах дүгнэлтийн хүрээнд А.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна гэв.

1.2 Хохирогч А.Е- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хүсэлтдээ”...Шүүгдэгч А.С-ыг уучилж байна. Дахин намайг зодохгүй талаар гарын баримт авмаар байна” гэв.

1.3 Шүүгдэгч А.С- мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

1.4 Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б-: Шүүгдэгч А.С-ыг прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд гэм буруутайд тооцоход татгалзах зүйл байхгүй гэв.

 

1.5 Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч А.С- нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр тус аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Улаан даваа гэх газарт  “...миний ишгнүүдийг хоньтой нийлүүлээд  хөөж туулаа” гэх шалтгаанаар гартаа барьсан модоор цохисон гэх үйл баримт нотлогджээ. 

1.6 Шүүгдэгч А.С-ы үйлдлийн улмаас хохирогч А.Е-ийн биед тархин доргилт, зүүн доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, зүүн нүдний гадна хэсэгт 4 ширхэг оёдол тавьсан няцарсан шархтай, хавдартай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Иргэн А.Е-ийн биед үүссэн гэмтлүүд нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтэл. Иргэн А.Е-ийн дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах шинэ гэмтлүүд болох нь тогтоогдсон,

1.7 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

1.Хохирогч А.Е-ээс 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

2. Мөрдөгчийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, иргэн А.С- /А.С-/-ы хохирогч А.Е-ийг цохиж зодоход ашигласан гэх эд зүйлийг хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хавтаст хэргийн 4-10 дахь тал/

3.Хохирогч А.Е-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өглөөний 07 цагийн үед Булган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Улаан даваа нэртэй газар өвөлжөөндөө байхад манай хонинууд гэрийн тийшээ чиглээд ирээд байхаар нь буцаагаад холдуулаад туусан. Тэгээд буцаж ирээд гэртээ цай сүүгээ янзлаад дуусаад 4 ямаагаа саахаар чулуун хашаа руу очиход А.С- /А.С-/ ишигнүүдиг хөөгөөд тухайн хашаа руу оруулаад байсан. Тэгэхэд А.С- /А.С-/ надад ямар нэгэн шалтгаангүйгээр “чи муу хүүхэн, миний ишигнүүдийг хоньтой нийлүүлээд хөөж туулаа" гэхэд би  ... Би ээжтэй чинь нас адил хүн билээ, яагаад намайг хэл амаар доромжилж байгаа вэ" гэхэд А.С- /А.С-/ гартаа барьсан модоороо хашаанд байсан малнуудыг хөөж байгаад дараа нь над руу тухайн модыг шидсэн. Тухайн мод нь миний зүүн нүдний гадна хэсэгт хүрсэн ба хүрсэн хэсгээс нь цус маш их хэмжээгээр гарсан. Тэгээд тухайн хэсгээс цус тогтохгүй байхаар нь би сумаас эмч дуудан үзүүлж тухайн эмнэлгийн машинаар сумын төвд очиж оёдол тавиулсан юм. Тухайн үед миний толгой маш ихээр өвдөж, миний зүүн нүдний гадна хэсэгт модоор хүчтэй цохисны улмаас цус их хэмжээгээр алдсан тул шингэн олон удаа хийсэн. Би А.С- /А.С-/-тай урд өмнө нь ямар нэгэн өш хонзон, өр авлагын асуудалтай байгаагүй. Намайг цохисон гэх тухайн модыг би аймагт аваад ирсэн байгаа ба танд баримт болгож өгнө. Тухайн үед өглөөний 07 цаг байсан ба хүмүүс босоогүй, хашаанд байсан А.С- /А.С-/ бид хоёроос өөр хэн нэгэн байгаагүй....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24, 27 дахь тал/,

4. Гэрч Ш.Елтайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 17 цаг 05 минутанд би ажлаас буугаад гэртээ байхад эмнэлгийн жижүүрээс миний утас руу залгаад гэмтэлтэй өвчтөн ирсэн тул та яаралтай ирнэ үү гэж хэлсэн. Тэгээд би 10-15 минутын дотор эрүүл мэндийн төвд очиход айж сандарсан байдалтай, зүүн талын хацар хэсэгт боолттой, биеийн ерөнхий байдал нь дунд байсан. Тэгээд тухайн боолтыг нь тайлж дотор байгаа гемотоныг /цус хуралтыг цэвэрлээд хэсгийн мэдээ алдуулалтын доор ил зүсэгдсэн шарханд тус тусдаа 4 оёдол тавьсан. Тухайн хүний шарх зүүн нүдний гадна дээд хэсэгт байсан ба бусад ил харагдах гэмтлүүдийг дурдвал зүүн нүд нь хавдартай байсан. Тэгээд тухайн өвчтөн А.Е-т эмнэлэгт ирэх үед нь маннитол 250мл-г 3 удаа дуслаар, зифринол 0,5мл-г 8 цагаар 5 хоног, ибуфропен 12 цагаар 5 хоног, боолт, 30 минутын зайтай 3 удаа хүйтэн жин тавих зэрэг эмчилгээг үзүүлсэн. Тэгээд тухайн өвчтөн А.Е-т нүдний гэмтлийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж толгой компьютер томограф хийлгэх зэрэг зөвлөгөөг өгсөн. А.Е- эмнэлэгт ирэхдээ нэгэн эмэгтэй намайг гартаа барьсан хадаастай 2 холбоо жижиг хэмжээний модыг шидэхэд миний зүүн нүдний гадна хэсэгт онож ийм гэмтэл учирсан хэмээн тайлбарласан. Тухайн үед А.Е- нь ухаан алдаж унасан асуудал байхгүй. Харин цус нь эмнэлэгт тогтсон байдалтай ирсэн. Тухайн өвчтөнг багийн эмч С.И- үзэж анхны тусламж үзүүлэн эмнэлэгт хүргэж ирсэн. Тухайн А.Е- нь манай эрүүл мэндийн төвд 4 хоногийн хугацаанд ажиглалт хяналтан доор эмчилгээ хийлгэсэн ба тэр талаар эмнэлгийн байгууллагаас ямар нэгэн баримт бичиг баримт хөтлөөгүй. Тухайн өвчтөн тэр үед амбулаторийн картгүй байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

5. Гэрч С.И-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:   “...2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 09 цагийн үед намайг Булган сумын 2 дугаар баг, Ёлт гэх газар гэртээ байхад тус сумын 2 дугаар баг Улаан даваа гэх газраас А.Е- “зүүн нүдний гадна талыг хүн модоор цохиж шархлууллаа, яаралтай тусламж үзүүлээч, цус их хэмжээгээр гарч байна” хэмээн дуудлага ирсэн. Миний хувьд тус багийг хариуцсан багийн эмчийн хувьд тухайн дуудлагыг хүлээн авч 2 дугаар баг Улаан даваа гэх газар иргэн А.Е-ийн гэрт 11 цагийн үед очиход тухайн А.Е-ийн зүүн нүдний гадна хэсэгт боолт тавьсан байсан буюу бинтээр ороосон байдалтай байсан. Би мэс заслын эмч биш учраас тухайн боолтыг нээж цаад шархыг нь үзээгүй. Тэгээд тухайн үед А.Е-т цус тогтоох викасол тариаг 2 мг-ээр, даралт буулгах эмийг өгсөн. Тэгээд А.Е-ээс тухайн шарх юунаас болж үүссэн талаар асуухад А.С- /А.С-/ гэгч намайг модоор цохиж биед гэмт учруулсан хэмээн хэлсэн. Тэгээд би А.Е-ийг яаралтай сумын төвд хүргэн мэс заслын эмчээр оёдол тавиулсан. ...тухайн үед А.Е-ийн баруун талын даралт 160-100, зүүн талын даралт 160-110 зааж байсан ба зүүн нүд хэсгээрээ хавдсан байдалтай, цус их хэмжээгээр алдсан байсан биеийн тэнхэл сул байсан” /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

6. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 433 дугаартай “...Иргэн А.Е-ийн биед тархин доргилт, зүүн доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, зүүн нүдний гадна хэсэгт 4 ширхэг оёдол тавьсан няцарсан шархтай, хавдартай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Иргэн А.Е-ийн биед үүссэн гэмтлүүд нь 1- 10 хоногт үүссэн шинэ гэмтэл. Иргэн А.Е-ийн дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 39-41 дэх тал /,

7. Шүүгдэгч А.С-ы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр малын хашаанд төл ялгаж байхад хадам эгч А.Е- нь надтай хэрүүл маргаан гаргаж улмаар над руу 4 удаа чулуу шидэж, 3 чулуу нь оноогүй. Харин сүүлд шидсэн чулуу нь зүүн хөлний минь шилбэ хэсгийг оносон. Тэгээд дахиад над руу гал түлэхээр бэлдсэн жижиг модыг шидэж уг мод нь миний баруун хөлний гуяны дотор талд оносон. Тэгээд би уг модыг нь буцаагаад түүн рүү шидэхэд түүний зүүн талын хацрыг оноход тэрээр гэр лүүгээ яваад өгсөн. Би ч дараа нь гэртээ харьсан болсон асуудал энэ. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг./шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг баримтуудаар “Шүүгдэгч А.С- нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Улаан даваа” гэх газарт хохирогч А.Е-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэх хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

8. Өөрөөр хэлбэл хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журамд нийцсэн, шинжээч нь мөрдөгчийн тавьсан асуултад бүрэн хариулсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг “Гэмтлийн зэрэг тогтоох журам-д үндэслэн бодитой тогтоосон байх тул яллах дүгнэлтэд тусгагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч, гэрчийн мэдүүлгүүд, шинжээчийн  дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг үнэн зөвд тооцож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд А.С-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

9. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

10. Эрх зүйн дүгнэлт:

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч А.С- нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “хувийн таарамжгүй харьцааны” улмаас хохирогч А.Е-ийн  эрүүл мэндийн халдашгүй байдалд хууль бусаар халдаж, “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд А.С-ы үйлдэл нь мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.С-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын хооронд тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харьцаа шууд нөлөөлсөн байна гэж үзэв.

11. Хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. ”Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.”Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5.”Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.

12. Шүүгдэгч А.С-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Е-ийн эрүүл  биед тархин доргилт, зүүн доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, зүүн нүдний гадна хэсэгт 4 ширхэг оёдол тавьсан няцарсан шархтай, хавдартай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй зэрэг гэмтэл  бүхий, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлт  болон хохирогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.

13. Хохирогч А.Е- нь хохиролд 500.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч А.С- төлж өгөхөө илэрхийлсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1,510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.С-аас гэмт хэргийн хор уршигт 500.000 төгрөг гаргуулан хохирогч А.Е-эд олгож шийдвэрлэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч А.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар  600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”  дүгнэлтийг,

Шүүгдэгч А.С-аас “Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б-аас “Шүүгдэгч А.С-д 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү”  гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн болно.

2.2. Шүүгдэгч А.С- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

2.3. Шүүгдэгч А.С- нь хувийн байдлын хувьд урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй   болох нь хавтаст хэргийн 85 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

2.4. Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа  хүлээн зөвшөөрсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан  хөнгөрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй.

Иймд шүүгдэгч А.С-ы хувийн байдал болон анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-д 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох шийтгэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

2.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.С-д хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол хорих ялаар солих учиртай болохыг сануулах нь зүйтэй.

2.6. Шүүгдэгч А.С- нь  энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

2.7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

2.8. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хадаасар холбож бэхэлсэн 2 ширхэг модыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч  Н овогт А-ийн С-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-ыг  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.С-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох шийтгэлийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1,510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.С-аас гэмт хэргийн хор уршигт 500.000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч А.Е-эд олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хадаасар холбож бэхэлсэн 2 ширхэг модыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8. Шүүгдэгч А.С- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.БОЛОРМАА