Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/100

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ахлах прокурор Д.Д-,

Хохирогчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн,  улсын өмгөөлөгч С.А-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн,  улсын өмгөөлөгч С.Т-,

Шүүгдэгч К.Ж- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.Ж-д холбогдох эрүүгийн 2213000000126 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэлд сумд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, К.б овогт К-ийн Ж-, РД:БЛ.............

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч К.Ж- нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 19 цагийн орчимд хохирогч У.Н-г “замаараа явж байсан хүнийг дууддаг хэн бэ” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай  учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

 

1.1 Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч К.Ж- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул яллах дүгнэлтийн хүрээнд К.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна гэв.

1.2 Хохирогчийн өмгөөлөгч С.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хүсэлтдээ”...Шүүгдэгч К.Ж-гээс гарсан хохирлыг төлүүлж өгнө үү ” гэв.

1.3 Шүүгдэгч К.Ж- мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

1.4 Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т- “Шүүгдэгч К.Ж-г прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд гэм буруутайд тооцоход татгалзах зүйл байхгүй гэв.

 

1.5 Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч К.Ж- нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тус аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “...замаараа явж байсан хүнийг дууддаг хэн бэ” гэх шалтгаанаар цохисон гэх үйл баримт нотлогджээ.

1.6 Шүүгдэгч К.Ж-н үйлдлийн улмаас хохирогч У.Н-н биед тархины доргилттой, зүүн нүдний дээд ба доод зовхинд цус хуралттай, хавдартай, зүүн нүдний салстад цус харвасан, зүүн хацарт цус хуралттай, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, дээд уруулд хавантай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. У.Н-н биед үүссэн гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтлүүд нь бүгд 1-10 хоногт үүссэн шинэ гэмтлүүд болох нь тогтоогдсон,

1.7 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

1.Хохирогч У.Н-гаас 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

2. Хохирогч У.Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Цэнгэл сумын төвд гэртээ байсан ба хөрш болох Б-ы хашаа барих чулууг ачилцахад тусалсан. Тэгээд Б- бид хоёр нэг шил архи уусан ба миний мотоциклоор хөдөө адуу мал үзээд хамт яваад ирсэн. Тэгээд Б- бид хоёр сумын төвөөс дахиад нэг шил архи аваад гараад ирэхэд З.К- гэдэг найз тааралдсан юм. Тэгээд бид гурав уг архийг хувааж уугаад дусаад З.К-ийг хүргэж өгөхөөр явж байх замдаа К.Ж- гэдэг залуу гудамжаар явган алхаад явж байсныг харсан ба зогсож дуудсан юм. Тэгэхэд К.Ж- над руу “чи зүгээр замаараа явж байсан хүнийг дууддаг хэн бэ” гэж хэлээд миний зүүн талын нүдэн тус газарт 2,3 удаа гараараа цохиж зодсон юм. Тэгэхэд миний зүүн талын нүд газар дээрээ хавдаж хөхөрчихсөн. Тэгээд шууд Эрүүл мэндийн төвд ирж эмчид үзүүлж, цагдаад мэдэгдсэн болно...”, “...энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба, одоогоор биеийн эрүүл мэнд хэвийн байгаа. Би ямар нэгэн эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчилгээ хийлгээгүй ба, тархи доргилттой, зүүн талын нүд тус газарт хавдартай хөнгөн гэмтэл авсан. Тухайн үед сэтгэл санаагаар өвдөж шаналсан ч миний бие хохирлын талаарх ямар нэгэн барим бичиг цуглуулаагүй. Энэ хэрэгт хохирлоо гаргаагүй, 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс одоог хүртэл ажил хөдөлмөр хийгээгүй. Надад учирсан хохирлыг К.Ж- барагдуулж өгөөгүй. Тийм учраас би хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх болно. Маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 07, 10 дахь тал/,

3. Гэрч Х.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Тэр өдөр У.Н- бид хоёр манай хашаанд чулуу буулгаж, тэр надад тусалсан юм. Тэгээд би У.Н-д нэг шил архи хийсэн ба уг архийг бид хоёр манай хашаа дотор уусан. Дараа нь У.Н- надад хөдөө яваад ирэх үү гэж хэлсэн. Тэгээд бид хоёр У.Н-н мотоциклоор хөдөө явж орой 19 цагийн үед Цэнгэл сумын төвд ирсэн. Тэгээд У.Н- надад нэг шил архи хийнэ гэж хэлээд намайг нэг эзэнгүй хашааны буланд буулгачхаад дэлгүүрээс архи авч ирнэ гэж мотоциклээр яваад өгсөн. Тэгээд нэг удахгүй мотоциклийн хойд суудалд З.К- гэдэг хүнийг суулгаж хамт миний хажууд ирсэн. Тэгээд У.Н-н авч ирсэн “Цагаан” нэртэй 0,5 литрийн архийг У.Н-, З.К- бид гурав хувааж уусан. Тэгээд У.Н- З.К-ийг хүргээд ирнэ гэж хэлээд тэр хоёр хамт сумын төв рүүгээ мотоциклоор яваад өгсөн. Гэтэл нэг удахгүй У.Н- манай гэрт ирсэн ба “намайг К.Ж- зодчихлоо” гэж хэлсэн. У.Н-н зүүн талын нүд хөхөрч хавдсан байдалтай ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

4. Гэрч З.К-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Цэнгэл сумын төвд хувийн ажлаар ирсэн. Тэгээд хөдөө гэр лүүгээ явах гээд ирсэн машинаа хүлээгээд нэг дэлгүүрийн гадна зогсож байхад У.Н- ирсэн. Тэгээд надад У.Н- хамт явах уу, найз нь нэг шил архи хийнэ гээд намайг дагуулж мотоциклийн хойно суулгаж авч сумын дээд гудамж руу гарч У.Н-н авсан архийг уусан ба Б- гэдэг залуу бас хамт байсан. У.Н-н авч ирсэн “Цагаан” нэртэй 0,5 литрийн архийг У.Н-, Б- бид гурав хувааж уусан. Тэгээд У.Н- намайг хүргэж өгөхөөр болоод бид хоёр хамт сумын төв рүү мотоциклээр орж Шахан гэдэг хүний дэлгүүрийн гадна ирж зогссон. Тэгээд У.Н- бид хоёр уг дэлгүүрт хамт орсон ба дэлгүүрийн эзэнтэй юм яриад зогсож байхад У.Н- түрүүлээд гараад явчихсан ба гадна зодоон гараад явчихсан. Тэгээд араас нь гарсан чинь У.Н-н зүүн талын нүдэн нь хөхөрч нүүрнээс нь цус гарсан байна. Тэгээд яасан бэ хэн чамайг зодсон бэ гэж асуухад нэг залууг үзүүлсэн ба миний танихгүй залуу байсан, нэр нь К.Ж- гэж дуудаж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

5. Гэрч Б.Б-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн:   “.....2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр орой гэрт байх үед танихгүй нэг дугаараас У.Н- байна, зодуулчихлаа, эмнэлэгт байна үзээд өгөөч гэж дуудлага өгсөн. Тэгээд 20 цагийн үед эмнэлэгт очсон чинь зүүн талын нүд хавдсан, зүүн нүдний дээд доод хэсэгт арьс нь шалбарсан, зүүн нүдний дотор хэсэгт цус хурсан, дээд уруул хавдсан байдалтай байсан. Биеийн ерөнхий байдал хэвийн, өөрийгөө жолоодох чадвартай, болсон үйл явдлын талаар асуусан асуултанд хариулсан. Жаахан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тухайн хүнээс юу болсон талаар асуухад Цэнгэл сумын төвд мотоциклээр явж байхад К.Ж- гэдэг залуу зодчихлоо гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

6. Гэрч Б.Мархуланы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:   “...2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ах жол” нэртэй дэлгүүрээ ажиллуулж сумын төвд байсан. Гэтэл гаднаас У.Н-, З.К- хоёр 16 цагийн үед манай дэлгүүрт ирсэн. Ирэхдээ жаахан халамцуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Тэгээд бид гурав хоорондоо юм яриад зогсож байсан ба У.Н-н манай дэлгүүрээс түрүүлж гараад явчихсан байсан ба, би дэлгүүрээ хааж гадна гараад ирсэн чинь К.Ж, У.Н- хоёр хоорондоо зодолдож байсныг харсан ба, К.Ж- болохоор У.Н-г гараараа ганц хоёр удаа цохисныг харсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

7. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 392 дугаартай “....У.Н-н биед тархины доргилттой, зүүн нүдний дээд ба доод зовхинд цус хуралттай, хавдартай, зүүн нүдний салстад цус харвасан, зүүн хацарт цус хуралттай, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, дээд уруулд хавантай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. У.Н-н биед үүссэн гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтлүүд нь бүгд 1-10 хоногт үүссэн шинэ гэмтлүүд...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал /,

8. Шүүгдэгч К.Ж-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: “....Миний бие 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр мотоциклтой гэрээс өдрийн 18 цагийн үед гараад сумын төв гудамжаар Ш гэдэг залуугийн дэлгүүрийн хажуугаар замын хөдөлгөөнд оролцож явж байхад зам дагуу У.Н- зогсож байсан ба миний жолоодож явсан мотоциклийн урд хэсэгт гарч ирээд намайг зогсоосон юм. Би тухайн өдөр хар бор ажил хийгээд ядраад явж байсан болохоор У.Н-д уурлаад “чи намайг зогсоодог хэн бэ, цагдаа юм уу, мотоциклд дайрагдаж үхэх гэж байна уу” гэж хэлсэн чинь У.Н- намайг мотоциклийн дээр сууж байхад миний зүүн талын мөр хэсэг рүү гараараа нэг удаа цохих үед, би түүнийг зөрүүлээд У.Н-н зүүн талын нүд рүү баруун гарын нударгаар нэг удаа хүчтэй цохиж унагаасан ба, яах гээд байна гэж У.Н-н хажууд очсон чинь согтуу байсан. Тэр надад чи намайг зодвол зод чи их мөнгөтэй шүүдээ гэж хэлж хүний уурыг хүргэсэн. Тэр өөрөө хүний жолоодож явсан мотоциклийн урдаас гарч намайг хүчээр зогсоосон юм. Хэрэв зогсоогоогүй байсан бол зодоон гарахгүй байсан. Би одоо өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч  маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг баримтуудаар шүүгдэгч К.Ж- нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл  сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч У.Н-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журамд нийцсэн, шинжээч нь мөрдөгчийн тавьсан асуултад бүрэн хариулсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг “Гэмтлийн зэрэг тогтоох журам-д үндэслэн бодитой тогтоосон байх тул яллах дүгнэлтэд тусгагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч, гэрчийн мэдүүлгүүд, шинжээчийн  дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг үнэн зөвд тооцож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд К.Ж-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

9. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

10. Эрх зүйн дүгнэлт:

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч К.Ж- нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хохирогч У.Н-н эрүүл мэндийн халдашгүй байдалд хууль бусаар халдаж, “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд К.Ж-н үйлдэл нь мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч К.Ж-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын хооронд тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харьцаа шууд нөлөөлсөн байна гэж үзэв.

11. Хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. ”Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.”Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5.”Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.

12. Шүүгдэгч К.Ж-н  гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч У.Н-н биед тархины доргилттой, зүүн нүдний дээд ба доод зовхинд цус хуралттай, хавдартай, зүүн нүдний салстад цус харвасан, зүүн хацарт цус хуралттай, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, дээд уруулд хавантай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. У.Н-н биед үүссэн гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлт  болон хохирогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.

13. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч У.Н- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан шууд хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх талаар мэдүүлжээ.

14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

15. Шүүхээс шүүгдэгч К.Ж-г хохирогч У.Н-н эрүүл мэндийн халдашгүй байдалд санаатай, идэвхтэй үйлдлээр халдаж, хөнгөн хохирол учруулсан буюу  гэм хор учруулсан гэж үзэж, гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч К.Ж-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан нь тогтоогдож байна.

16. Өөрөөр хэлбэл хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирол, шүүгдэгч К.Ж-н гэм буруутай үйлдэл хоорондоо шалтгаант холбоотой байх бөгөөд Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд заасан зохицуулалтуудаас үзэхэд өөрийн хууль бус үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

17. Иймд хохирогч өөрт учирсан хохирол байгаа гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч К.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар  300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах”  дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч С.А-гаас “Улсын яллагчтай санал нэг байгаа” саналыг,

Шүүгдэгч К.Ж-гээс “Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-эс “Шүүгдэгч К.Ж-д 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү”  гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн болно.

2.2 Шүүгдэгч К.Ж- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

2.3. Шүүгдэгч К.Ж- нь хувийн байдлын хувьд урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй болох нь хавтаст хэргийн 49 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

2.4. Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан  хөнгөрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй.

Иймд шүүгдэгч К.Ж-н хувийн байдал болон анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ж-д 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ж-д  оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн  Цэнгэл сумын төвд өдөрт 8-аас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

2.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч К.Ж-  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

2.6 Шүүгдэгч К.Ж- нь  энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болон иргэний бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

2.7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч  К.б овогт К-ийн Ж-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ж-д  300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ж-д  оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн  Цэнгэл сумын төвд өдөрт 8-аас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг  цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч К.Ж-  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

 

5. Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч У.Н- нь гэмт хэргийн улмаас өөрт нь хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч К.Ж- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч К.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.БОЛОРМАА