Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/102

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.З, С.Н-,

Шүүгдэгч А.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, А.А-эд холбогдох эрүүгийн 2213000240044 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг харицах чадвартай Ш.с овогт А-гийн А, /РД:БЮ.........../,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.А- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.А-г Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн нутагт 2021 оны 10 дугаар сарын 15-наас 20-ны өдрүүдийн үед нэг удаа, тус аймгийн Сагсай сумын 4 дүгээр багийн нутагт 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, тус аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн нутагт 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус тус жирэмсэн байхад нь зодсон, мөн 2021 оны 11 дүгээр сарын сүүлчээр, 2021 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар жирэмсэн эмэгтэйн эсрэг байнга үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хамаарах гэмт хэрэгт,

Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 01 дүгээр багийн нутагт 2021 оны 12 сарын 07-08-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.А-г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа бага насны хохирогч А.А-гийн толгой тус газарт гараараа цохисоны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан санал, дүгнэлтийн агуулга:

1.Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Яллагдагч А.А- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.А-г Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн нутагт 2021 оны 10 дугаар сарын 15-наас 20-ны өдрүүдийн үед нэг удаа, тус аймгийн Сагсай сумын 4 дүгээр багийн нутагт 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, тус аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн нутагт 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус тус жирэмсэн байхад нь зодсон, мөн 2021 оны 11 дүгээр сарын сүүлчээр, 2021 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу жирэмсэн эмэгтэйн эсрэг байнга үйлдсэн, мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 01 дүгээр багийн нутагт 2021 оны 12 сарын 07-ноос 08-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.А-г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа бага насны хохирогч А.А-гийн толгой тус газарт гараараа цохисоны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч А.А-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн, хүний биед хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналтай байна” гэв.

2.Хохирогч С.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хүсэлтдээ: “2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нөхөр бид хоёр маргалдсан нь үнэн. Гэхдээ бид хоёр нэг нэгнээ зодоогүй. Дараа нь буюу 2021 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө нөхөр бид хоёр муудалцаж, нэг нэгнээ хэл амаар доромжилсон. Тухайн үед  нөхөр маань намайг зодсон асуудал болоогүй. Би мөрдөн байцаагчид нөхөр намайг санаатайгаар зодсон гэж огт хэлээгүй. Тухайн шөнө нөхөр маань шалан дээр ор засаад унтаж байсан ба би орон дээр унтаж байсан. Хүүхэд уйлахаар нөхөр А.А- намайг босоод хүүхдээ хөхүүлээч гэхээр нь би уурласан байдалтай “босох гэж байгаа шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд хоёулаа маргалдсан. Дараа нь хүүхэд дахиад уйлахаар би хүүхдээ зүүн талдаа хөхүүлээд сууж байхад А.А- намайг түлхсэн. Тэгэхээр би хойшоо ор тулаад суучихсан. Тухайн үед өөр асуудал болоогүй. Дараа нь үүрийн 4-5 цагийн үед би хүүхдээ хөхүүлээд сууж байхдаа зүүрмэглээд хүүгийнхээ толгойг ор мэтийн хатуу зүйлд санамсаргүйгээр цохисон юм шиг байна. Тэгэхэд хүүхэд уйлахад өөр өрөөнд байсан хадам ах, эгч хоёр орж ирсэн. Маргааш өдөр нь Ж.С- гэх эмчид үзүүлж рентген зураг авхуулах үед хүүгийн маань толгойд ямар нэгэн гэмтэл байхгүй, мөсөөр жин тавиарай гээд явуулсан. Гэртээ харьсаны дараа хүү маань уйлаад болохгүй болохоор нь томографиар зураг авхуулж, толгойдоо гэмтэл авсныг нь мэдсэн. Тэгээд Өлгийд 2 хоног эмнэлэгт хэвтээд Улаанбаатар руу явж 5 хоног эмчилгээ хийлгээд ирсэн. Д.Э- эмч хүүг маань хагалгаанд оруулах шаардлага байхгүй, гэмтэл нь удахгүй бүрэн эдгэнэ гэж явуулсан. Одоо хүүгийн маань гэмтэл нь бүрэн эдгэсэн. Шөнө сайн унтаж амардаг. Нөхөр бид хоёр эвлэрээд 5 сар, хамт амьдраад 3 сар болж байна. Нөхөр маань гэртээ оройтож ирдэг байсны улмаас бид хоёр маргалддаг байсан, тэгээд нөхөртөө уурлаж, гомдож цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Хүүгээ гэмтээсэн асуудалд нөхөр бид хоёр нэг нэгнээ буруутгаад явж байсан зэрэг асуудлууд байсан учраас үл ойлголцлоос шалтгаалж гомдол гаргасан. Одоо бидний хооронд ямар ч асуудал байхгүй. Хамтдаа сайхан амьдарч байна. Тийм учраас хэргийг энэ хэргийг нөхөр А.А-эд ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү. Миний зүгээс нөхөр А.А-ээс нэхэмжлэх ямар нэгэн хохирол төлбөр байхгүй” гэв.

3.Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: ”...Хохирогч өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт болсон үйл явдлын талаар илүү дэлгэрэнгүй, илүү үнэнд нийцсэн мэдүүлгийг өгч байна гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан байгаа. Тэгэхээр энэ нь зөвхөн хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгийг л үнэн зөв, бодитой мэдүүлэг хэмээн үзэж хэргийг шүүх шийдвэрлэхгүй гэсэн үг байна. Хохирогч “Нөхөр бид хоёр муудалцсаны улмаас хэрүүл маргаан гарч би төрхөмдөө очсон. Яагаад гэхээр хүүхдийн биед гэмтэл авсан нөхцөл байдал байсан, үүнээс болж бид үл ойлголцож, нэг нэгнээ буруутгасан” гэж мэдүүлж байна. Өөрөөр хэлбэл чи хүүхдийн толгойг орны толгойд цохилоо, эсвэл намайг өшиглөх гэж байгаад хүүхдийг гэмтээчихлээ гэх зэргээр гэрлэгчид хоорондоо маргалдсан асуудал болсон учраас тэд тус тусдаа амьдрах болсон. Шүүгдэгчийн хувьд хүүхдийг эхнэр маань гэмтээчихсэн, хэрүүл маргаан эхнэр миний толгойг өшиглөснөөс болж гарсан гэдэг утгаар эхнэртээ гомдоод түүнтэй уулзаагүй, эхнэрээ буцааж гэртээ авч ирэх талаар санаачлага гаргаагүй учраас эхнэр нь энэ асуудал дээр гомдсондоо цагдаад гомдол гаргасан байна. Яг одоо бодит байдал дээр хохирогч гомдол гаргахдаа нөхөр нь хүүхдийг яг гэмтээж гэмт хэрэг үйлдчихсэн учраас би энэ гэмт хэргийг илчилье гэж цагдаад гомдол мэдээлэл гаргаагүй гэдгээ хэлж байна. Зөвхөн гэр бүлийн асуудалтай холбоотой, нөхөр маань надаас уучлалт гуйгаагүй, намайг ирж аваагүй, хүүхэдтэй эмэгтэйг үлдээгээд явчихлаа гэсэн санаа зорилгоор л цагдаад гомдол гаргасан гэж байна. Хэрэгт ийм нөхцөл байдал тогтоогдож байна. Тэрээр хүүхдээ хөхүүлээд сууж байхдаа зүүрмэглэснээс болж хүүхдийнхээ толгойг орны толгойд цохисон байж магадгүй, шүүгдэгчийн гар хүүхдэд хүрээгүй гэж мэдүүлж байна. Яллах дүгнэлтэд дурдаж буй гэрчийн мэдүүлгүүдийн хувьд мэдүүлэг өгөгч мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй. Гэрч Ж-, М- нарын мэдүүлэг дамжмал яриаг сонссон талаар мэдүүлгүүд байгаа. Энэ нь С.А- тухайн үед эцэг эхээсээ айгаад  үнэн бодит байдлыг хэлж чадаагүй, худлаа хэлсэнтэй холбоотой гарч ирсэн учраас гэрч нарын мэдүүлгүүд нотолгооны ач холбогдлоо алдсан. Харин ч С.А-гийн хувьд эмчийн асуусан асуумжид хариулж байхдаа үнэн бодит байдлаа хэлчихсэн байна. Хүүхдийн гэмтлийн талаар асуумж асууж, тэмдэглэсэн тэмдэглэл нь бичгийн нотлох баримт. Үүнийг хэн ч өөрчилж чадахгүй. Үүгээр гэрч А-, Жа- нарыг мэдүүлгийн эх сурвалж нотлогдож байна гэж үзэж байна. Хавтаст хэрэгт шүүгдэгч нярай хүүхдийнхээ толгойг цохиж гэмтээсэн гэдгийг нотолсон ямар нэгэн нотлох баримт байхгүй. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг бид бас зөвшөөрөхгүй байна. Тухайн үед үнэхээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, амь насанд аюултай гэмтэл учирсан байх юм бол мэс заслын аргаар эмчилгээ хийх шаардлагатай байсан. Гэтэл хүнд гэмтэл авсан гээд байгаа хүүхдийн гэмтэл 5 хоног эмчилгээ хийгээд эдгэрсэн. Хэдийгээр нялх хүүхэд байсан ч гэсэн, өөрөөр нь эдгэрнэ гэж үзсэн ч гэсэн 5 хоногийн дотор эдгэрдэг өвчнийг хүнд гэмтэлд хамруулах ёсгүй. Иймд шүүгдэгчийг яллах дүгнэлтийн хүрээнд гэм буруутайд тооцох боломжгүй тул шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү”гэв.

4.Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: ”...Шүүгдэгч А.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулах, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан жирэмсэн эмэгтэйн эсрэг гэр бүлийн хүчирхэг үйлдэх гэмт хэрэг тус тус үйлдсэн нь хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэсэн байр суурьтай байна. Нэгдүгээрт А.А-ийн санаатай гэмт хэрэг үйлдэх санаа зорилго, сэдэлт нь нотлогдон тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолж чадаагүй. Аливаа гэмт хэрэг бүрэлдэхүүнтэй байдаг. Яллах дүгнэлт үйлдэх явцад гэмт этгээдийн субъектив санаа зорилгод нэмэлт дүгнэлт өгөх шаардлагатай. Гэмт үйлдлийн субъектив талын санаа зорилгыг тогтоож чадаагүй байж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гээд яллаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй. Хэрвээ шүүгдэгч А.А- өөрийн эхнэр С.А-тай буюу өнөөдрийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй хэрүүл маргаан үүсгэсний улмаас түүнийг зодох явцад гар нь хүү А.А-гийн толгойн хэсгийг онож, гэмтэл учруулсан байдаг бол энэ нь хэрхэвч Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахгүй. Шүүгдэгчийн энэ үйлдэл нь нотлогдсон гэж үзэж байгаа бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн холбогдох хэсэгт зааснаар зүйлчлэх ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгмийн аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ. Мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол хор уршиг учруулсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж хууль тогтоогч заагаад өгсөн байна. Хүү А.А-гийн биед учирсан гэмтэл шүүгдэгч А.А-ийн санамсаргүй үйлдлээс шалтгаалж учирсан ч, эх С.А-гийн санамсаргүй үйлдлээс шалтгаалж учирсан ч энэ нь гэмт санаа агуулаагүй, тэд гэмт үйлдэл хийгээгүй, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй нөхцөл байдлаас болж, ухамсарлах боломж байхгүй байсан учраас гэм буруугүйгээр хохирол учруулсан гэж үзнэ. А.А-гийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн аливаа шинжийг агуулахгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй байх ёстой. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлд зааснаар гэм буруу санаатай болон болгоомжгүй гэсэн хоёр хэлбэртэй байдаг. Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно. Иймд өнөөдөр шүүгдэгч А.А-ийг бага насны хохирогч А.А-гийн толгой хэсэгт нь гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Улсын яллагчийн зүгээс хохирогчийн шүүхийн мэтгэлцээний шатанд өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй гэсэн байр суурийг илэрхийлж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчсөн дүгнэлт болж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж заасан. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас илүүтэйгээр хэргийн бодит байдлыг шүүх хуралдааны мэтгэлцээний явцад дүгнэж тогтоох учиртай. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгчдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан боловч прокурорын яллах дүгнэлт бүхэлдээ эргэлзээтэй нотлох баримтад тулгуурласан байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн эсэх нь нотлох баримтын хүрээнд батлагдаж тогтоогдсон уу гэдэг асуудал мөн эргэлзээтэй. А.А- гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрээ зодсон талаар нэг ч нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Улсын яллагчийн зүгээс яллах талын нотлох баримтаар хохирогч С.А-гийн тус аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гомдол, мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа өгсөн мэдүүлгүүдийг танилцуулж байгаа боловч энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм бурууг тогтоох боломжгүй. Хохирогчийн үндэслэлтэй, үндэслэлгүй гаргасан гомдол, өгсөн мэдүүлгээр хэргийг нотолно гэвэл хэргийг нэг талыг баримталж шийдвэрлэсэн явдал болно. Ахуйн хүрээний маргаан болгоныг гэр бүлийн хүчирхийлэлд тооцох уу гэдэг асуудал маргаантай. Чи яагаад өдөр болгон оройтоод ирээд байна, чи өөр хүнтэй явж байгаа юм биш үү гэдэг эхнэрийнхээ зүгээс тавьсан асуултад би тэгээгүй, намайг гүтгээд байгаа гэсэн нөхрийнх нь хариулт гэр бүлийн хүчирхийлэл мөн үү? Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийг зааж өгсөн ба гэр бүлийн хүчирхийллийг 4 хэлбэрт хуваасан байна. Нэгдүгээрт бие махбодын, хоёрдугаарт сэтгэл санааны, гуравдугаарт эдийн засгийн, дөрөвдүгээрт бэлгийн хүчирхийлэл гэсэн хэлбэртэй юм. Тэгэхээр шүүгдэгчийн хувьд бие махбодын хүчирхийлэл үйлдсэн мэтээр буруутгагдаж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.2-т Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ гэж заасан. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өөрийг нь шүүгдэгч зодсон гэж мэдүүлсэн боловч шүүгдэгчийн зодсон үйлдлийг нотлохуйц нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Шүүгдэгч яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ хохирогчийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй гэж тууштай мэдүүлж байгаа. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйл заасанаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар А.А-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгах үндэслэлтэй байна гэж дүгнэж байна гэв.

5.Шүүгдэгч А.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хүсэлтдээ: “...Эхнэр бид хоёр гэр бүл болоод 1 сар л манай эцэг эхийн гэрт амьдарсан. Үүний дараа эхнэр бид хоёр Улаанбаатар хот руу явж амраад ирсэн. Тухайн үед эхнэр маань жирэмсэн байсан. Манай эцэг эх шинэ байшин барьж тэндээ нүүж орсон. Шинэ байшин өвөлдөө хүйтэн байсан учраас эхнэр маань хүүгээ аваад манай хадам аавын гэрт түр амьдарч байсан. Тусдаа амьдарч байсан учраас эхнэр маань намайг хардаж сэрдэж эхэлсэн. Үүнээс болоод бид хоёрын хооронд маргаан гарч байсан боловч би тухайн үед уурлаж эхнэртэйгээ хэрэлдсэн болохоос эхнэртээ гар хүрч, түүнийг зодож байгаагүй. Миний эхнэрээ зодсон үйлдэл гаргасныг харсан гэрч ч байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь тэд болсон үйл явдлыг үзэж харсан хүмүүс биш. Гэрч нар үзэж хараагүй байж ийм мэдүүлэг өгсөнд гайхаж байна. Одоо эхнэр бид хоёр эвлэрээд хамт амьдарч байгаа. Хэрэв би эхнэрээ зоддог хүчирхийлэгч байсан бол эхнэр маань надтай эвлэрэх байсан уу? Мөн намайг хүүгээ санаатайгаар зодож гэмтэл учруулсан гэж буруутгаж байна. Хүүхдээ зоддог эцэг хүн гэж байхгүй. Хүүг маань эмчилгээнд явуулах гээд онгоцонд суулгаад явуулах үед М- эмч надаас ч манай эхнэрээс ч хүүхдийн биед үүссэн гэмтлийн талаар асуугаагүй. Хэрэв би тухайн үед хүүхдээ зодсон бол тухайн үедээ л цагдаа дуудах ёстой байсан. Иймд намайг цагаатгаж өгнө үү” гэв.

1.2.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

1. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнээд:

2.Шүүгдэгч А.А- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.А-г Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн нутагт 2021 оны 10 дугаар сарын 15-наас 20-ны өдрүүдийн үед нэг удаа, тус аймгийн Сагсай сумын 4 дүгээр багийн нутагт 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, тус аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн нутагт 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус тус жирэмсэн байхад нь зодсон, мөн 2021 оны 11 дүгээр сарын сүүлчээр, Өлгий сумын 1 дүгээр багийн нутагт 2021 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг байнга үйлдсэн,

Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн нутагт 2021 оны 12 сарын 07-08-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.А-г зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа бага насны хохирогч, өөрийн төрсөн хүү А.А-гийн толгой тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь “гавал тархины няцралт, зулай ясны битүү няцарсан хугарал, зүүн талын чамархай, тархины зулай хэсэгт цус хуралт бүхий” хүнд хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг тогтоож, А.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хамаарах гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай байна гэж үзлээ.

 1.2 Нотлох баримтын үнэлгээ:

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

1.Хохирогч /хохирогчийн хууль ёсны төлөөлөгч/ С.А-гийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гомдол /нэгдүгээр хавтаст хэргийн 05 дахь тал/,

2.Насанд хүрээгүй хохирогч А.А-гийн насыг тоолсон тухай тэмдэглэл /нэгдүгээр хавтаст хэргийн 16 дахь тал/,

3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А-гийн “...2021 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө унтаж байхад хүүхэд уйлахад нөхөр маань босооч чи гэж намайг сэрээсэн, би босоод хүүхдээ аваад хөхүүлүүлээд сууж байтал А.А- намайг гичий, босоод хүүхдээ хөхүүлэхгүй юугаа хийгээд байгаа юм бэ гэж хэрэлдэж миний аавыг харааж зүхэхээр нь би орны өмнө газарт хэвтэж байсан А.А-эд үгээ бодож хэлээрэй гэж хэлээд нуруу луу нь хөлөө хүргэхэд тэр босож ирээд намайг зүүн талын бугалга хэсэгт гараараа цохиод байсан. Тэр үед би хүүхдэдээ зүүн талын хөхөө хөхүүлж байсан бөгөөд А.А- миний зүүн гар дээр цохиж байхад түүний гар хүүхдийн толгой, гарт хүрсэн. Тэр үед хүүхэд маань чанга уйлж, тайвшрахгүй байхаар нь би хүүхдээ авч хадам ах болон түүний эхнэр А- нар дээр гүйж очсон. Тэр үед үүрийн  4, 5 цагийн үе байсан ба өглөө нь эгч А-, А.А- бид гурав хүүхдээ эмнэлэгт аваачиж үзүүлсэн. Тэгэхэд хүүгийн минь толгойны зүүн хэсэг хавдсан байсан ба эмнэлгээр үзүүлэхэд толгойн яс нь хугараагүй зүгээр байна, цус хурсан байна гэхээр нь буцаад гэртээ ирсэн. Гэтэл хүүхэд уйлаад болохгүй болохоор нь маргааш нь эмнэлэгт дахин үзүүлж, тархины томографи хийлгэхэд гавал яс нь зүүн хэсгээрээ хугарсан байна гэж хэлсэн.

Тэгээд би хүүхдээ аваад 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн 2 өдөр эмчлүүлж байгаад, 2021 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө эмнэлгээс гарч машинаар Ховд аймаг руу явж өглөө нь онгоцоор Улаанбаатар хот руу нисэж, хот руу очоод Гэмтэл согог судлалын үндсэний төвд үзүүлж, тус эмнэлэгт 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хэвтэн хүүгээ эмчлүүлсэн” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

4.Хохирогч С.А-гийн “...2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сагсай сум руу манай хамаатны хүүхдийн хурим, найранд очихоор болж хадам аавын Ланд-80 загварын машинаар А.А- бид хоёр манай аав С-гийн хамтаар очсон. ...Тэр өдөр бид хоёр Сагсай суманд манай хамаатан болох Т-ын гэрт хонохоор болоод миний машинаар явж байтал машин дотор А.А- аймаг руу буцна гэхээр нь би түүнийг явуулахгүй гэхэд тэрээр мөн надтай хэрэлдэж улмаар нуруу луу гараараа нэг удаа цохих үед машин дотор хамт явж байсан Т-ын эхнэр А- А.А-эд эхнэрээ битгий зодооч жирэмсэн хүн юм байгаа биз дээ гэж хэлж байсан.

...2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр миний машинаар аймаг руу буцаж ирсэн. ...Аймагт ирсний дараа хадам ах Жа-гийн гэрт бидний унтдаг байсан өрөөнд би ээж рүүгээ залгах үед нөхөр маань намайг ээж рүү юу хэлэх гээд байгаа юм гэж хэрэлдэж миний гараас гар утсыг булааж авч зүүн гарын бугалга хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Би гараа барин уйлж зогсож байх үед түүний эгч А- орж ирж А.А-ийг загнаж намайг дагуулж хадам аав, ээж рүү очиход А.А- бидний араас дагаж ирээд тэдний хажууд надад “аав нь мөн хамаатнууд нь архичин юм байна, аав чинь доголон хөлтэй шүү дээ, энийг гэр лүү нь явуул” гээд миний толгой руу гараараа цохиж гэрээс чирч гаргах гээд  хувцаснаас татах үед хадам ээж Хыргауыл болиулсан.

...Би 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн ба төрсний дараа 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр намайг унтаж амарч байхад нөхөр А.А- гэрт сууж байснаа чиний машин дотор эм үлдчихсэн байна, би аваад ирье машиныхаа түлхүүрийг өгч бай гэхэд нь би түүнийг машинаар гадуур гарч явах гэж байгаа юм байна гэж бодоод машиныхаа түлхүүрийг өгөөгүй. Тэр үед тэрээр намайг түлхүүр өгсөнгүй гээд намайг хүүхэд хөхүүлээд сууж байтал нүүр лүү алгадаж, зүүн хөлийн өвдөгнөөс доош хэсэгт гараараа чимхэж зодсон. Тэгэхээр би аавын утас руу холбогдож ярих гэхэд миний утсыг авчихаад яриулахгүй байхаар нь би түүнээс гар утсаа авах гэтэл намайг мөн нүүр лүү алгадсан.

....2021 оны 12 дугаар сарын 07-ноос 08-ны өдөрт шилжих шөнө унтаж байхад хүүхэд уйлахад нөхөр маань босооч чи гэж намайг сэрээсэн, би босоод хүүхдээ авч хөхүүлж сууж байхад А.А- намайг гичий, босоод хүүхдээ хөхүүлэхгүй юугаа хийгээд байгаа юм бэ гэж хэрэлдэж миний аавыг харааж зүхэхээр нь би шаланд хэвтэж байсан түүнд наад үгээ бодож хэлээрэй гэж хэлээд нуруу луу нь хөлөө хүргэхэд тэрээр босож ирээд намайг зүүн талын бугалга хэсэгт гараараа цохиод байсан. ...А.А- намайг дээрх байдлаар зодсон өдрүүдэд миний зүүн гарын бугалга, зүүн хөлний өвдөг орчим хөхөрчихсөн байсан. ...2021 оны 10 дугаар сарын 15-наас 20-ны өдрүүдийн хооронд байсан ба энэ үед тэрээр намайг гэрээсээ хөөх үеэр би хувцас хунараа хурааж авч байхад намайг баруун мөр, гар хэсгээр түлхэхэд би шаланд унасан. Тэр үеэр би уйлахад тэрээр намайг гэдэс рүү нэг удаа өшиглөсөн, гэхдээ ямар нэгэн гэмтэл учраагүй. ...Миний бие 2021 оны 03 дугаар сард жирэмсэн болж, 2021 оны 11 дүгээр сарын 11-нд хүүгээ төрүүлсэн” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 25-26, 29, 32 дахь тал/,

5.Гэрч Б.А-ийн “...2021 оны 12 дугаар сарын хэдний өдөр байсныг санахгүй байна, С.А-, А.А- нар манай гэрт хонож байсан ба шөнө тэдний хүүхэд уйлж байгаа чимээ гараад байсан. Тэгэхэд манай нөхөр надад чи босож С.А-д хүүхдээ хөхүүл гэж хэлээд ирээч гэхээр нь би түүнд ээж нь одоо хөхүүлэх байлгүй дээ гэж хэлээд хэвтэж байтал тэдний хүүхэд дахиад уйлж дараа нь А.А- болон С.А- нарын хоорондоо хэрэлдсэн дуу гарахаар нь би тэдний өрөө рүү яваад очсон. Тэдний өрөө рүү ороход С.А- хүүхдээ тэврээд орон дээр сууж байсан ба харин А.А- шаланд суусан хоорондоо хэрэлдэж байсан” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

6.Гэрч А.Айсулугийн “...2021 оны 11 дүгээр сарын хэдний өдөр байсныг сайн санахгүй байна, Сагсай суманд манай хамаатны хүүхдийн хурим болох үед уг хуриманд аймгаас С-, С.А-, А.А- нар очсон. Хурим найр нь дуусаад шөнө С.А- болон А.А- нар манай гэрт хонохоор болоод тэдний машинаар А.А- С.А- бид гурав ирсэн. Бид гурав машинаар манайх руу ирж байх замд А.А- С.А-д чи миний малгайг олж өгсөнгүй гэж хэрэлдэхэд С.А- яах гээд байгаа юм бэ гэхэд А.А- түүнийг чи намайг мэддэг юм уу гэх мэтээр үргэлжлүүлэн хэрэлдээд ирж байсан ба манай гэрт ирсний дараа манай гэрт мөн хоорондоо хэрэлдээд байсан. Бид машинаар манай гэрт ирж бууж байх үед А.А- С.А-г нуруу луу нь гараараа цохисон. ...А.А- түүнд машинаас бууж үлд гээд түүнийг зүүн талын хөл рүү нь байсан ба чимхэж байсан. Тэр үед С.А- түүнд битгий чимх л дээ гэж чангаар хэлж байсан” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 48 дахь тал/,

7.Гэрч Т.Т-ын “...А.А-, С.А- нар хоорондоо хэрэлдэж А.А- С.А-д чи миний малгайг олж өгсөнгүй, найр болж байхад чи намайг тоосонгүй гэх мэтээр харааж зүхэж хэрэлдэж байсан ба А.А- би аймаг руу явна гэж хэлээд өөрөө машинаас бууж ирээд С.А-г 2 хөлнөөс нь татаж, хөл рүү нь цохиж машинаас буу гээд байхаар нь би А.А-ийг болиулсан. ...Би харахад А.А- С.А-г машинаас буулгах гээд 2 хөлнөөс нь татаж, зүүн хөлний шилбэ хэсэгт чимхэж байсан” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 50 дахь тал/,

8.Гэрч Н.С-гийн “...С.А- манайд байх үед манай хүү Е- Оросын Холбооны улс руу явахаар болсон. Тэгэхдээ хүү маань хүргэн А.А-ийн гар утсыг хэрэглэж байхаар болж, түүний гар утсыг авч явсан юм. Е- Оросын Холбооны Улсад явж байх үедээ А.А-ийн гар утаснаас А.А- болон С.А- нарын хоорондоо хэрэлдэж бичсэн, А.А-ийн С.А-г зодож байсан талаарх захиаг уншиж уг захиаг зурагжуулж над руу явуулсан. Би тэдний захиаг уншиж мэдээд С.А-гаас энэ талаар тодруулахад тэрээр эхнэр бид хоёрт уйлж, А.А- намайг байнга зоддог, гэрт тогтдоггүй, байнга гадуур явдаг, намайг зодож байхад гар нь хүүхдийн толгой руу хүрч хүүхдийн толгой гэмтсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 56-57 дахь тал/,

9.Гэрч С.Е-ы “...2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Оросын Холбооны Улс руу хувийн ажпаар очсон. Тэр үед миний утасны дэлгэц хагарчихаад би янзлуулж амжаагүй болохоор хүргэн ах болох А.А-ийн гар утсыг авч явсан юм. ОХУ руу очсоны дараа би түүний утасны мессеж хэсгээс нь А.А- /99667715/, С.А- /94807715/ нарын хоорондоо өөрсдийнхөө бичсэн захиаг уншсан. Уг мессежэнд С.А- түүнд “чи намайг өдөр болгон зоддог, ядаж хүүхдээ боддоггүй юм уу, шалан дээр унагааж байгаад өшиглөлөө, толгой нүүр лүү цохиж алгадлаа, гэрээсээ байнга хөөнө, намайг жирэмсэн байна гэж боддоггүй юм уу гэх мэтээр бичсэн байсан” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 59 дэх тал/,

10.Гэрч О.А-ийн “...2021 оны 12 дугаар сарын 08-ны өглөө С.А- бидэн рүү холбогдож шөнө хүүхдийн толгойд А.А-ийн гар хүрчихлээ, хүүхэд халуураад өвдөөд байна гэхээр нь би тэдний гэрт очсон. Бид гэрт нь очиход С.А- мөн хүүхдийн толгойд А.А-ийн гар хүрсэн гэж хэлсэн ба хадам ээж нь хүүхдийн толгойг өвдсөн байна гэж хэлсэн, хүүхдийн толгойн зүүн хэсэг хавантай байсан. ...манай хүү Е- А.А-ийн гар утаснаас тэдний хоорондоо бичсэн захиаг уншиж А.А- С.А-г зоддог болохыг мэдээд бидэнд хэлэхээр нь бид энэ талаар С.А-гаас асуухад тэрээр дээрх бүх болсон үйл явдлыг бидэнд хэлсэн. ...С.А- бидэнд А.А- намайг цохиж зодох үед түүний гар хүүхдийн толгойд хүрсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

11.Гэрч Н.М-ы “...Хүүхдийг үзэж, мөн томографаар харуулахад түүний зулайн зүүн доод хэсгээр, дунд таславч ба ар хэсгүүдээр +50 аас +65 HU нягтралтай голомт тодорхойлогдоно. Зүүн талын зулайн орой хэсэгт зөөлөн эд дотоо цус хуралттай, тус түвшинд зулай дагзны заадаснаас эхэлж урагшаа хөндлөн, босоо зулай яс дотогшоо 0.2 мм зөрөөтэй цөмөрсөн хугаралттай байсан. ...С.А- надад хүүхдийг орноос унагаасан гэж хэлж байсан ба тэрээр тухайн үед асуумжанд болсон үйл явдлын талаар тодорхой хэлэхгүй, болсон үйл явдлыг нууж хэлэхгүй байгаа юм шиг санагдсан. С.А- болон хүүхэд нь эмнэлгээс гарах үед С.А-гийн эцэг эх нь хүүхдийн толгойд аавынх нь гар хүрсэн байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг / нэгдүгээр хавтаст хэргийн 64 дэх тал/,

12.Гэрч М.Ж-ийн “...С.А- 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр миний ээлжинд амаржиж байсан, хүүхэд нь бүтэлтгүй, 3200 кг жинтэй, 50 см өндөртэй эрэгтэй хүүхэд төрөх замаар хэвийн төрсөн байна. Төрөлтийн явцад ямар нэгэн хүндрэлүүд гараагүй” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 68 дахь тал/,

13.Гэрч К.Ахботагийн “...С.А- нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, хүүхэд нь эрүүл, эхийн хэвлийд эсэн мэнд бойжсон, гүйцэд төрсөн хүүхэд байсан. ...хүүхдийн биед төрөх үед мөн төрсний дараа ямар ч гэмтэлгүй эрүүл хүүхэд байсан” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 70 дахь тал/,

14.Шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “...Иргэн А.А-гийн биед Гавал тархины няцралт хүнд зэрэг, зулай ясны битүү няцарсан хугарал, зүүн талын зулай чамархай ясны цусан хураатай, тархины зулай хэсгийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Иргэн А.А-гийн дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн, тухайн үед учирсан шинэ гэмтлүүд. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад удаан нөлөөлнө. Иргэн А.А-гийн биед үүссэн гэмтлүүд нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1, 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх 101 дугаартай дүгнэлт /нэгдүгээр хавтаст хэргийн 89-91 дэх тал/,

15.Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /А.А-, С.А- нарын хоорондоо бичсэн мессэжүүд,  нэгдүгээр хавтаст хэргийн 170-171 дэх тал/,

16.Хохирогч С.А- яллагдагч А.А- нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /нэгдүгээр хавтаст хэргийн 248 дахь тал/,

17.Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /нэгдүгээр хавтаст хэргийн 162-164 дэх тал/ зэрэг нотлох баримтуудын хүрээнд А.А-ийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

18. Шүүгдэгч А.А- нь 2021 оны 12 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа өөрийн төрсөн хүү болох 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 27 хоногтой нярай А.А-гийн толгой тус газарт гараараа цохиж, гавал тархины няцралт хүнд зэрэг, зулай ясны битүү няцарсан хугарал, зүүн талын зулай чамархай, тархины зулай хэсэгт цус хуралт гэмтлийг учруулсан болох нь хохирогч С.А-гийн мэдүүлэг, “Лазер мед” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээ, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт, А.А-гийн өвчний түүхийн хуулбар /нэгдүгээр хавтаст хэргийн 97-106 дахь тал/ зэрэг баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байх бөгөөд Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.2.1, 3.1.2, 3.1.3-т зааснаар гавлын хүнхрээ ба суурь ясны хугарал Үүнд: гавлын орой (дух, зулай яс), чамархай, дагз ба суурь яс (өмнө, дунд, ар хонхор, эрвээхэй яс)-ны хугарал, заадсын салалт), тархи, түүний бүрхүүл хальсны гэмтэл буюу тархины хүнд зэргийн  няцрал, ховдлын цус харвалт, тархины эсийн урт сэртэнгийн /аксон/ тархмал гэмтэл, түүнчлэн хатуу хальсны дээрх, доорхи цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, тархины дунд зэргийн няцралт зэрэг нь амь насанд аюултай “хүнд” гэмтэлд хамаарах тул 27 хоногтой нярай А.А-гийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 101 дугаартай дүгнэлтэд эргэлзэх үндэслэл тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул нотлох баримтаар үнэлэхэд хангалттай байна.

19.Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт  бэхжүүлж, цуглуулсан байх бөгөөд гэрч, хохирогчийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй, тухайн цаг хугацаанд болсон үйл баримт болон хэргийн бодит байдлыг сэргээн тогтооход хамааралтай, ач холбогдолтой байх тул үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

20.Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч А.А-эд холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд яллах дүгнэлтэд тусгагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч А.А-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

21. Хохирогч А.А- нь гэмтэл авах үедээ 27 хоногтой нярай байсан нь тогтоогдож байх бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг амь насанд аюултай эсэх, эрүүл мэнд сарниулсан хугацаа, гэмтлээс үүссэн үлдэц уршиг, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх зэрэг шалгуур шинжээр тогтоохоор “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-д заасан байна.

22.Тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд 27 хоногтой нярай А.А-гийн эрүүл мэндэд “зүүн зулайн яс гавлын хөндий рүү 2.0 см өргөн хэсэгт 0.1 см орчим гүн цөмөрсөн, лямбда заадас дайрсан хугаралттай, суман заадаснаас зүүн титэм заадас дагаж, үргэлжилсэн хугаралттай” гэмтэл учирсан нь компьютер томографийн шинжилгээгээр тогтоогдсон байх бөгөөд А.А-гийн эрүүл мэндэд учирсан дээрх гэмтлүүдийг эрх бүхий шинжээч “амь насанд аюултай” гэх шинжээр нь гэмтлийн “хүнд” зэрэгт хамааруулсан нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “хохирогч 27 хоногтой нярайд хагалгаа хийгээгүй, гэмтэл нь 5 хоногт эдгэрсэн учраас гэмтлийн хүнд зэрэгт хамааруулсан нь үндэслэлгүй” гэх дүгнэлтүүдийг хүлээн авах боломжгүй.

23.Түүнчлэн шүүгдэгч А.А- болон түүний өмгөөлөгч Х.З-, С.Н- нар “Шүүгдэгч А.А- нь жирэмсэн эхнэр С.А-г байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэнийг шууд үзэж, харсан нэг ч гэрчийн мэдүүлэг хэрэгт байхгүй, зөвхөн хохирогчийн мэдүүлгээр А.А-ийг яллах үндэслэлгүй тул түүнд холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү” гэх байр суурь илэрхийлснийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

24.Учир нь гэр бүлийн хүчирхийлэл нь хүний эрхийн хамгийн том зөрчлийн нэг бөгөөд хүчирхийлэл далд хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой. Хохирогч С.А-гаас мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу, хууль сануулж мэдүүлэг авахад тэрээр жирэмсэн байх үедээ болон төрсний дараа удаа дараа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан талаараа мэдүүлсэн ба хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд нь энэ гэмт хэргийн хувьд шууд нотлох баримт болох тул хохирогчийн мэдүүлгийг үнэлж, хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй.

25.Хохирогч С.А- нь удаа дараа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, А.А- гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, С.А-г зодох явцдаа хүү А.А-гийн толгойг гараараа цохиж гэмтээсэн талаар өөрийн ойр дотны хүмүүс болох төрсөн эцэг, эхдээ хэлсэн, мөн тэдний хооронд болсон таарамжгүй харилцааны талаарх мессежүүдийг түүний төрсөн дүү С.Е- А.А-ийн утаснаас олж мэдсэн талаар Н.С-, О.А-, С.Е- нар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн нь дамжмал нотлох баримтууд бөгөөд хохирогч С.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь гэрч Н.С-, О.А-, С.Е- нарын мэдүүлгээр давхар нотлогдож байна. Иймд гэрч Н.Сергаз, О.А-, С.Е- нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой.

26.Харин хохирогч С.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний нөхөр А.А- намайг зодож байгаагүй, би санамсаргүй байдлаар хүүхдийнхээ толгойг оронд цохиж гэмтээсэн. Нөхөр А.А- нь гэртээ оройтож ирдэг байсны улмаас бидний хооронд маргаан гарч, би түүнд гомдсондоо цагдаагийн байгууллагад гомдол гаргасан” гэх агуулга бүхий мэдүүлэг нь үнэн зөв эсэх нь эргэлзээтэй, хэрэгт хамааралтай эсэх нь тогтоогдоогүй тул уг мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9,14,15-д заасан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзсэн болно. 

27. Хохирогч С.А- нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хугацаанаас өмнө төрсөн нь тогтоогдоогүй, мөн А.А-гийн “өвчний түүх”-д бичигдсэн “Хүүхдээ орноос унагааж толгойг нь гэмтээсэн” гэх асуудал нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдоогүй, үнэн зөв эсэх нь эргэлзээтэй тул эдгээр нөхцөл байдалтай холбоотой бичгийн нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох шаардлагагүйг дурдах нь зүйтэй.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

1.Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

1.4.Хууль зүйн дүгнэлт

1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч А.А- нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “хувийн таарамжгүй харьцааны” улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С.А-г Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн нутагт 2021 оны 10 дугаар сарын 15-наас 20-ны өдрүүдийн үед нэг удаа, тус аймгийн Сагсай сумын 4 дүгээр багийн нутагт 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, тус аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн нутагт 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус тус жирэмсэн байхад нь зодсон, мөн 2021 оны 11 дүгээр сарын сүүлчээр, 2021 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө зодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн” гэмт хэргийн шинжийг, 

2.Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 01 дүгээр багийн нутагт 2021 оны 12 сарын 07-08-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.А-г зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа бага насны хохирогч, өөрийн төрсөн хүү А.А-гийн толгой хэсэгт гараараа цохиж, “гавал тархины няцралт, зулай ясны битүү няцарсан хугарал, зүүн талын чамархай, тархины зулай хэсэгт цус хуралт бүхий” хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж зүйлчлэл тохирсон байна. 

А. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн тухайд:

1.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд гэдгийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж тодорхойлжээ.

2. Шүүгдэгч А.А-, хохирогч С.А- нар нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрлэж, гэрлэсний бүртгэлийн 0026 дугаарт бүртгэгдсэн хууль ёсны эхнэр, нөхөр болох нь тэдгээрийн мэдүүлэг, хавтаст хэргийн 214 дэх талд авагдсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул хохирогч С.А-, шүүгдэгч А.А- нарыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.

3.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл гэж, мөн хуулийн 6.2-д ”Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заажээ.

4 Шүүгдэгч  А.А- нь хохирогчийн эсрэг 3 буюу түүнээс дээш удаа гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийж, түүнийг зодсон нь тогтоогдож байх ба  үйлдэл тус бүр нь ижил төстэй, байнга давтагдах шинжтэй байна.

5.Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг “Байнга” зодсон үйлдлээр илрэх ба хуульд зүйн хувьд “байнга” гэх ойлголт нь гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлийг ойлгодог.

6. Шүүгдэгч А.А-ийн хувьд хохирогч С.А-г 2021 оны 10 дугаар сарын 15-наас 20-ны өдрүүдийн үед нэг удаа, 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр, мөн 2021 оны 11 дүгээр сарын сүүлчээр, 2021 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө тус тус зодож, гурваас дээш удаагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох С.А-гийн халдашгүй байдалд халдан, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийг хийсэн нь тогтоогджээ.

7.Шүүгдэгч А.А-ийн үйлдэл хоорондын хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, А.А- нь дээрх үйлдлийнхээ улмаас ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй байна.

8.Түүнчлэн хохирогч С.А- нь 2021 оны 10 дугаар сарын 15-20-ны өдөр,  2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус тус гэр бүлийн хүчирхийлэлд өртөх үедээ жирэмсэн байсан нь нэгдүгээр хавтаст хэргийн 15-16 дахь талд авагдсан хүү А.А-гийн төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тухай тэмдэглэл болон хохирогчийн мэдүүлэг, 141-150 дахь талд авагдсан нярайн түүхийн хуулбар, төрөлтийн түүхийн хуулбар, 205-212 дахь талд авагдсан С.А-гийн жирэмсний хяналтын хөтөчийн хуулбар зэрэг баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

9.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хуульчилсан бөгөөд уг зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.

10.Иймд прокуророос шүүгдэгч А.А-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн” гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Б.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд:

1.Шүүгдэгч А.А- нь 2021 оны 12 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр С.А-гийн зүүн гарын булчин хэсэгт удаа дараа цохиж, түүнийг зодох явцдаа 27 хоногтой, нярай хүү А.А-гийн толгой тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь тогтоогджээ.

2.Шүүгдэгч А.А-ийн хууль бус үйлдэл буюу хүү А.А-гийн толгойд цохисон үйлдэл, 27 хоногтой нярай А.А-гийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол хоорондоо шалтгаант холбоотой байх бөгөөд А.А- нь нярай хүүхдээ хөхүүлж байгаа эхнэр С.А-г зодож байгаа үйлдлээ хууль бус шинжтэйг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдэн зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч А.А-ийг хүү А.А-гийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзнэ.

3. Тодруулбал: Шүүгдэгч А.А- нь өөрийн төрсөн хүү А.А-гийн толгойд болгоомжгүй хэлбэрээр хүнд гэмтэл учруулсан нь тогтоогдоогүй бөгөөд тэрээр тухайн цаг хугацаанд ухамсарт идэвхтэй, хууль бус үйлдлээр С.А-гийн хүүхдээ хөхүүлж байсан талын зүүн гарын булчин хэсэгт удаа дараа цохиж, зодохдоо ээжийнхээ хөхийг хөхөж байсан нярай хүүхдээ гэмтээх боломжтойг ойлгож ухамсарлаж байсан, ухамсарлах боломжтой байсан атлаа үйлдлээ зогсоохгүйгээр эхнэрээ цохиж, зодохоо урьтал болгон  шууд бус санаатай үйлдлээр бага насны хохирогч А.А-гийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон байна.

4.Шүүгдэгч А.А-ийн хууль бус үйлдлийн улмаас бага насны хохирогч А.А-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байх бөгөөд А.А-ийн эхнэрээ зодож байгаа үйлдэл нь угаасаа шууд санаатай, зүй бус үйлдэл учраас эхнэрээ зодох явцдаа хүүхдийнхээ толгойг цохиж гэмтээснийг хүүхдийнхээ эсрэг чиглэсэн шууд санаатай үйлдэл хийгээгүй гэж түүнийг зөвтгөх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй юм.

5.Иймд шүүгдэгч А.А-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн обьектив, субьектив шинжийг бүрэн хангаж байх бөгөөд түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийн шинж, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал, гэм буруугүйгээр хор уршиг учруулсан гэх үндэслэлүүд тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

6.Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг  нь  хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

7.Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

8.Шүүгдэгч А.А- нь 2021 оны 12 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр С.А-г зодох явцдаа бага насны хохирогч А.А-гийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь гэмт хэргийн шинжтэй байна.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-д “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч А.А- нь 2021 оны 12 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө нэг удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хэд хэдэн гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэнд тооцож шийдвэрлэв.

10.Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч А.А-ийн хүмүүжил, ухамсрын түвшин дутмаг байдал, гэр бүлийн гишүүдийн таарамжгүй харилцаа шууд нөлөөлсөн гэж үзлээ.

11. Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч А.А-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Х.З-, С.Н- нараас гаргасан “Шүүгдэгч А.А-ийг цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтүүдийг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

1.5. Хохирол, хор уршиг

1.Хохирогч С.А- нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А-тэй эвлэрч хамт амьдарч байгаа тул ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн тул шүүгдэгч А.А-ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

1.Шүүгдэгч А.А- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тус тус тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хэргийг хөөн хэлэлцэх хуульд заасан хугацаа дуусаагүй тул А.А-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

3.Шүүгдэгч А.А- нь хувийн байдлын хувьд 1998 оны 3 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 24 настай, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь тогтоогдсоныг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.

4.Шүүгдэгч А.А-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

8.Шүүгдэгч А.А- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч, тухайн өдөр шууд санаатай үйлдлээр гэмт хэрэг үйлдсэнийг тохиолдлын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчоос уучлал гуйж, мөнгөн хэлбэрээр хохирол төлсөн нь нотлогдоогүй, хохирогч С.А- нь А.А-ээс хохирол нэхэмжлээгүй тул А.А-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

9.Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч А.А-т Эрүүгийн хуулийн тусгай 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаатайгаар хорих ял, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 2 жил 6 сарын хугацаатайгаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид ногдуулах хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 жилийн хугацаатай байхаар тогтоож, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг,

10. Хохирогч С.А- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд:”...Миний хувьд нөхрөө уучилж, эвлэрч одоо манай гэр бүл хэрүүл маргаангүй, эвтэй сайхан амьдарч байна. Цаашид ч энэ хэвээрээ элэг бүтэн хамт амьдрах хүсэлтэй байна. Шүүхээс миний нөхөр А.А-т хорих ял оногдуулвал бид дахин үл ойлголцож, гэр бүл маань тарж, бутрахад хүрнэ. Хүүгийн маань гэмтэл бүрэн эдгэрсэн, нөхөр маань хүүхдэдээ маш сайн ханддаг, би өөрөө нялх хүүхэдтэй учраас одоогоор ажил хийхгүй байгаа, Оросод сурдаг оюутан. Нөхөр маань ажил хийж, амьдралаа авч явдаг. Бид дөнгөж гэрлэсэн залуу гэр бүл учраас нэг удаа алдсан алдааг нь уучилж, бидэнд хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломж олгон, миний нөхөр А.А-т аль болох хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү. Хорих ял оногдуулахгүйгээр торгох шийтгэл оногдуулж өгөхийг онцгойлон шүүхээс хүсэж байна” гэх хүсэлтийг,

11. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: ”...Нийгмийн анхан шатны нэгж гэр бүл байдаг. Шүүгдэгч, хохирогч нар нь дөнгөж гэр бүл болсон залуу хүмүүс. Улсын яллагчийн санал болгож байгаа 4 жилийн хорих ял нь гэр бүлийн оршин тогтнох үндсийг үгүй хийж байгаа дүгнэлт байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасан. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Хэдийгээр шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан хоёр гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч тэрээр нэг удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр үйлдсэн хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргүүдэд түүнийг нэг л удаа гэм буруутайд тооцсон шийдвэр гарч байгааг анхаарах нь зүйтэй. Түүнчлэн шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ хохирогч С.А-гийн саналыг онцгойлон харгалзан үзэхийг хүсэж байна. Хохирогч нөхөртэйгээ эвлэрч хамт амьдарч байгаа, цаашид халуун дулаан гэр бүлийг хүсэж байна. Шүүгдэгч төрд ажиллахгүй байгаа ч гэсэн урьд нь угаалгын газар ажиллуулж байсан, одоо худалдаа наймаа эрхэлж байгаагаас гадна тэдний санхүүгийн байдалд  эцэг эх нь байнга дэмжлэг туслалцаа үзүүлдэг. Эдгээр байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгч А.А-эд хорихоос өөр төрлийн ял оногдуулахад шүүх анхаарч үзэхийг хүсье. Улсын яллагчаас шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас түүнд хорих ял оногдуулах хэрэгтэй гэсэн байдлаар хандаж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Шүүгдэгч өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа, гэм буруугийн талаар маргах эрхтэй. Шүүгдэгч өөрийн гэм буруугаа өөрөө нотлох үүрэг хүлээхгүй. Тиймээс шүүгдэгч А.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаатайгаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 10000 нэгж бүхий 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, дээрх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг,

12.Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: ”...Шүүхээс шүүгдэгч А.А-ийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь эрүүгийн хариуцлагын хувьд сонгох санкцтай учраас шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн  нөхцөл байдал, хохирогчоос эрүүгийн хариуцлагын талаар гаргасан хүсэлт, шүүгдэгч А.А-, хохирогч С.А- нар эвлэрч хамт амьдарч байгаа байдал, тэдний бага насны хүүхдийн эрх ашиг зэргийг харгалзан шүүгдэгч А.А-эд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөхийг хүсье” гэх дүгнэлтийг,

13.Шүүгдэгч А.А- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “...Эхнэр бид хоёр бага насны хүүхэдтэй учраас хүүхдээ өнчрүүлэхгүйгээр, цаашид сайн сайхан амьдаръя, гэж эвлэрсэн. Би эхнэрээсээ уучлалт гуйсан. Цаашид хоёулаа нэг нэгнийгээ хардаж сэрдэхээ болъё гэж ярилцаад эвлэрсэн. Хоёулаа залуу хүн учраас эхнэр маань олон хүний дунд санаа зовж биеэ барьж байгаа байх. Би дахин хууль шүүхийн өмнө ирэхгүй. Эхнэрээсээ уучлалт гуйж байна. Харин эхнэр маань намайг уучилж чадах болов уу. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

14.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

15.Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хохирогч С.А- нь “Нөхөр А.А- бид хоёр эвлэрч, одоо гэр бүлээрээ аз жаргалтай сайхан амьдарч байгаа, хүү маань бүрэн эдгэрсэн, цаашид хүүхдийнхээ ирээдүйг бодон аавтай нь гэр бүлийн  амьдралаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа тул түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж, гэр бүлийн амьдралыг минь бүтэн үлдээж өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч А.А-, хохирогч С.А- нар нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хууль ёсоор гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, залуу гэр бүл байна.

16.Түүнчлэн шүүгдэгч А.А- нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд эцсийн мэдүүлэг болгож үг хэлэхдээ гэм буруугаа ухамсарлан ойлгож байгаагаа илэрхийлж, эхнэр С.А-гаас уучлалт гуйсан, дахин хууль шүүхийн өмнө ирэхгүй тул хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан.

17. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх 7 нөхцөл байдлыг зааснаас гадна мөн зүйлийн 3 дахь хэсэгт бусад онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж үзэх эрхийг шүүхэд олгосон нь Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчмын илрэл юм.

18. Шүүгдэгч А.А- нь нэг удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан хүний эрүүл мэнд, гэр бүлийн халдашгүй байдлын эсрэг хэд хэдэн гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг нь гэр бүлийн ашиг сонирхлын эсрэг үйлдэгддэг, цаашлаад хүний эрүүл мэнд, хүүхдийн эрх ашигт сөрөг үр дагавар үүсгэдэг давхар обьекттой гэмт хэрэг бөгөөд А.А-ийн үйлдлийн улмаас 27 хоногтой нярай хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ их байгааг харуулж байна.

19. Гэсэн хэдий ч шүүхээс энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэл болгон хохирогч С.А-гийн хүсэлтийг онцгойлон анхааран үзэж, шүүгдэгчид нэг удаа нийгэмших, алдаагаа ухамсарлах боломж олгож, А.А-эд хорих ял оногдуулахгүйгээр түүнийг нийгэмд нь хүмүүжүүлэхээр шийдвэрлэв.

20.Иймд шүүхээс шүүгдэгч А.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, энэрэнгүй ёсны, гэм буруугийн  зарчмыг тус тус баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, гэмт хэргийн хор уршиг арилсан нөхцөл байдал, хохирогчийн санал, хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгч А.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 11.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-т  зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс явахыг 7 /долоо/ сарын  хугацаагаар хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч А.А-эд оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

21.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.А-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар түүнд оногдуулсан 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жил, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч А.А- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцож, солихыг  тус тус сануулах нь зүйтэй.

22. Энэ шийтгэх тогтоолыг хэрэгжүүлж, биелэлтийг хангахыг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцон ирүүлсэн зүйлгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байна.

23. Шүүгдэгч А.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Ш.с овогтой А-гийн А-ийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг” үйлдсэн, “Хүний эрүүл мэндэд хүнд  хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-эд 11.000 (арван нэг мянга)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 (арван нэг сая) төгрөгөөр торгох ял, 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 7 (долоо) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,  мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-эд оногдуулсан долоон сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, мөн өөрийн оршин суугаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс явахыг долоон сарын хугацаагаар хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-т оногдуулсан 11.000 (арван нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 (арван нэг сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 (хоёр) жил, 6 (зургаа)-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч А.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцож, солихыг тус тус сануулсугай.

 

6.Хохирогч С.А- нь мөрдөн байцаалтын нэхэмжилсэн хохирлоо нэхэмжлэхээс татгалзсан тул шүүгдэгч А.А-ээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөр, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцон ирүүлсэн зүйлгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч  А.А-эд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд заасан журмын дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.БОЛОРМАА