| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2020/0724/З |
| Дугаар | 128/ШШ2021/0045 |
| Огноо | 2021-01-18 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2021/0045
| 2021 оны 01 сарын 18 өдөр | Дугаар 128/ШШ2021/0045 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.З
Хариуцагч: Төрийн тусгай хамгаалалтын газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохыг шийдвэрлэхгүй байгаа Төрийн тусгай хамгаалалтын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг тэтгэмжийг олгохыг Төрийн тусгай хамгаалалтын газарт даалгах” шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга П.Х нэхэмжлэгч Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.З нь шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 1978-1981 онд НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургууль, 1990-1994 онд ТЕГ-ын албан гэрээгээр МУИС-ийн ОУХС-д суралцан төгссөн. Ерөнхий цэргийн команд, Хятад хэлний орчуулагч-судлаач мэргэжилтэй. 1981-1990 онуудад Дорноговь аймгийн Сулинхээр,Улаан-Уул, Замын-Үүд дэх Хилийн отряд, застав, Шалган нэвтрүүлэх албанд, 1994-1995 онд ТЕГ, 1995-1998 онд ГЕГ, 2002-2012 онд ТТХГ, 2012-2016 онд ГИХАЭГ- т тус тус ажилласан.
Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар намайг Төрийн албаны хуулийн дагуу шилжүүлэн авч ажиллуулах албан хүсэлт ТТХГ-т ирүүлсний дагуу 2012 онд тус газраас чөлөөлөгдөж ГИХАЭГ-т 2016 он хүртэл ажиллаад ТЕГ-ын Тусгай архивын лавлагаагаар 29 жил зургаан сар цэргийн жинхэнэ албанд ажилласан тул цэргийн тэтгэвэр тогтоолгосон болно.
Энэ сацуу ТТХГ-ын Хүний нөөцийн хэлтэст: Нэг удаагийн тэтгэмж олгох тухай тушаал гаргуулах хүсэлт тавихад “Та манай байгууллагаас цэргийн тэтгэвэр тогтоолгоогүй тул тэтгэмж олгох боломжгүй” хэмээн хариу өгсөн цагаас өнөөг хүртэл уг асуудлыг шийдвэрлүүлэхээр доорх байдлаар хандаж ирлээ. Үүнд: 2016 оны 6 дугаар сард Тагнуулын ерөнхий газрын дарга генерал Б.Хтай албан өрөөнд нь уулзаж танилцуулахад: “ Таныг ойлгож байна. Иймээс буцааж ажилд авна. Тэгээд тодорхой хугацааны дараа тэтгэмжээ шийдвэрлүүлээд гараарай. Бид насаараа ажилласан хүнийг ингэж хохироож болохгүй. Харин танд даргын ажил өгч чадахгүй” гэж хэлсэн, 2017 оны 6 дугаар сард Үндэсний тагнуулын академийн объектын менежер хэмээх орон тоонд томилогдон нэг саруй болж байтал тодорхойгүй шалтгаанаар халагдсан. Б.Х дарга: тэндээсээ тэтгэмжээ аваад тэтгэвэртээ гарах асуудлыг шийдвэрлэж өгнө гэж хэлж байсан билээ.Үүний дараа генерал Б.Х өөрөө ажлаа хүлээлгэн өгсөн болно. 2017 оны 11 дүгээр сард Засгийн газрын агентлагийн дарга, генерал цолтой хүнээр дамжуулан ТТХГ-ын дарга хурандаа П.Бд тэтгэмж тогтоолгох хүсэлт тавихад “ Болохгүй зүйл үгүй. Надтай уулзуулчих” гэсний дагуу ирж уулзахад ”Таны байдлыг ойлголоо. Арав хоногийн дараа хүрээд ир” гэж хэлсний дараа дахин ирж уулзахад “ Танд тэтгэмж олгох боломжгүй” гэсэн хариулт өгсөн, Их тэнгэрт болсон ТТХГ-ын ойн баярын хүлээн авалт дээр П. Б даргатай уулзаж “Хэрвээ шууд тэтгэмж олгох шийдвэр гаргах боломжгүй бол намайг ямар нэгэн ажилд буцааж аваад эргээд тушаал гаргаж тэтгэмж олгох гаргалгаа байна. Та бодож үзээч” гэхэд “Нээрээ тийм байна. Та Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга хурандаа Бтай уулзаад эргээд мэдэгдээрэй” гэсэн. Энэ дагуу Бтай уулзахад 90-д оны дунд үед ТЕГ-т хамт ажиллаж байснаа дурсаж “ Зам тээврийн яам дээр гарсан хэргийн мөрөөр манай байгууллагад ажлын шаардлагаар орон тоо нэмж байгаа тул он гараад ажилд авъя. Хүлээж бай” гэж хэлсэн. Энэ хооронд ТЕГ-т мөн хамт ажиллаж байсан УИХ-ын гишүүн, Сайд Б.Этай уулзаж учир явдлаа хэлэхэд “Та бичиг баримтаа бүрдүүлээд надад өг. Би энэ байгууллагыг бэхжүүлэх ажилд гар бие оролцдог хүний хувьд, таныг мэдэхийн хувьд ажилд чинь шууд оруулаад өгье” гэсний дагуу бүрдүүлсэн материалаа егсөн билээ. ТТХГ-аас Нас жар хүрсэн тул ажилд авах боломжгүй” гэсэн хариу Гишүүний нэр дээр ирснийг энэ оны 05 дугаар сард миний бие хүлээн авсан болно. Энэ бичиг ирэх үед би 60 нас хүрээгүй байсан билээ. 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ТТХГ-т, 2019.09.25-нд ТЕГ-т тэтгэмж тогтоолгох асуудлаар тус тус өргөдөл өгсөн боловч дээрх байгууллагууд татгалзсан хариу өгсөн. Ийнхүү ажиллаж байсан байгууллагаа итгэж хүндэтгээд, олон жил ажилласан ахмад ажилтнаа ойлгох байх гэж найдаж 2016 оноос хойш хөөцөлдсөн ажил маань ямар ч үр дүнгүй зогссон билээ. Миний бие Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зургаадугаар зүйлийн 19 дүгээр бүлгийн нэг, долоодугаар бүлгийн 21 дүгээр зүйлийн нэгдүгээр заалтад дурдагдсан шаардлагыг бүрэн хангасан тул энэхүү тэтгэмжийг авах эрхтэй гэж үзэж байна. ТЕГ-ын архивын лавлагаа цэргийн тэтгэвэр тогтоох үндэслэл болж, миний хамгийн сүүлд, хамгийн олон жил ажилласан цэргийн байгууллагын хувьд ТТХГ-ыг хариуцагч гэж үзэж байгаа юм. Мөн энэ хугацаанд ТТХ-ын тухай хуульд өөрчлөлт орж уг байгууллага Засгийн газрын бие даасан агентлаг болж ТЕГ-ын шууд удирдлагаас гарсан нь эдүгээ энэхүү асуудлыг ТТХГ дагнан шийдвэрлэх эрхтэй болсныг энд дурдъя.
Бас миний төлөө сэтгэл гаргаж, намайг ойлгож дэмжсэн нэр бүхий хүмүүс нь намайг олон жилийн өмнөөс мэддэг учраас хүнлэг сэтгэлийн үүднээс, төрийн үйл ажиллагааны шударга зарчмын төлөө хандсан шүү гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна. Төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжин ажиллах нь тухайн хүнд хуульд заасан тэтгэмж олгохыг хориглох үндэслэл болохгүй ба Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн хуульд заасан болзлыг Б.З би бүрэн хангасан тул тэтгэмж авах эрхтэй гэж үзэж байна. Иймд 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр ТТХГ- т Цэргийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан нэг удаагийн тэтгэмж олгохыг шийдвэрлэж өгөхийг хүссэн миний өргөдлийг хариу болох 2019.08.28-ны өдрийн 10-648 тоот албан бичигт: “Та 2016 онд цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох үедээ ТТХГ-т ажиллаж байгаагүй тул Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэг удаагийн тэтгэмжийг тус байгууллагаас олгох боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн ТТХГ-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, надад уг тэтгэмжийг олгохыг ТТХГ-т даалгаж өгнө үү.
Нэг удаагийн тэтгэмжийн хууль зүйн үндэслэл нь нэг удаагийн тэтгэмжийг дор дурдсан албан хаагчид авах эрхтэй гэж заасан байдаг. Үүнд тагнуулын болон төрийн тусгай хамгаалалтын байгууллагын генерал, офицер, ахлагч цолтой албан хаагчдад олгоно гэсэн байдаг. Би ахлах офицер цолтой байсан ба тэтгэмж авах эрхтэй алба хаагчид орж байгаа юм. Үүнийг санхүүжүүлэх эх үүсвэр нь Төрийн Тусгай хамгаалалтын газрын төсөв биш, Улсын төсвөөс санхүүжүүлнэ. Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход алба хаасан нийт хугацааг тооцсон. Цэргийн тэтгэвэр, тэтгэмж авах эрх нь 25-аас дээш жил ажилласан эрэгтэй албан хаагчид гэж байгаа. Тиймээс 29 жил 10 сар ажилласан учраас асуудалгүй тэтгэвэр тогтоолгосон. Цэргийн алба хаагч тэтгэвэрт гарах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно гэж хуульдаа заасан байдаг. Цэргийн алба хаагч 25-с доошгүй жил ажилласан алба хаагчид 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэсэн байдаг. Олгох байгууллагын хувьд маргаантай байна. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийг олгох байгууллага нь ямар байгууллага байх ёстой вэ гэвэл Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Цэргийн алба хаагчийн тэтгэврийг тогтоох, олгох ажлыг тухайн тэтгэвэр авагчийн алба хааж байсан зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага буюу тэдгээрээс гэрээ байгуулсан этгээд эрхлэн гүйцэтгэнэ гэж заасан байдаг. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр олгох ажлыг алба хааж байсан байгууллага болох Тагнуулын ерөнхий газар эрхлэн гүйцэтгэнэ. 5 дугаар сарын 13-ны өдөр хуульд өөрчлөлт орох хүртэл Төрийн Тусгай хамгаалалтын газар нь Тагнуулын Ерөнхий газрын даргын дэргэдэх байгууллага байсан. Үүнээс хойш 9 дүгээр сарын 15-ны өдөр Төрийн Тусгай хамгаалалтын газар нь хуульд өөрчлөлт орсноос хойш, Тагнуулын Ерөнхий газрын хамааралтай бус бие даасан Засгийн Газрын агентлаг болсон байгаа. Цэргийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмжийг Төрийн Захиргааны төв байгууллага олгоно гэсэн заалт байна. Өөрөөр хэлбэл анх нэхэмжлэл гаргах үед Төрийн тусгай хамгаалалтын газрын Төрийн захиргааны төв байгууллага нь Тагнуулын Ерөнхий газар байсан. Одоо тусдаа агентлаг байгууллага болсон учраас Төрийн Тусгай хамгаалалтын газарт Тагнуулын Ерөнхий газар хамааралгүй. Төрийн тусгай хамгаалалтын газар надад цэргийн алба хаасны тэтгэмж болох 36 сарыг олгох тушаал гаргаж Сангийн яаманд явуулсан байвал эрх зүйн хувьд буруудах үндэслэл байхгүй. Хуульд тодорхой заасан байгаа. Төрийн Тусгай хамгаалалтын газрын 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн тоот бичиг байна. Та 2016 онд цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох үедээ Төрийн тусгай хамгаалалтын газарт ажиллаж байгаагүй тул цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, нэг удаагийн тэтгэмжийг тус байгууллагаас олгох боломжгүй болохыг мэдэгдэж байна гэсэн бичиг байна. Хуульдаа бол зөвхөн ажиллаж байсан гэж байгаа ба, ажиллаж байгаад гарахдаа тогтоолгосон байх ёстой. Ажиллаж байгаад гарахдаа тогтоолгоогүй бол буцаж олгогдохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Тиймээс Төрийн Тусгай хамгаалалтын газрын ирүүлсэн албан тоот бичгийн заалт нь үндэслэлгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг минь хангаж өгнө үү.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүхэд бичгээ ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Б.З нь 2016 онд цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох үедээ Төрийн тусгай хамгаалалтын газарт биш, өөр байгууллагад ажиллаж байсан, түүний цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох үйл ажиллагаа нь тус байгууллагаар дамжаагүй болно Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэг удаагийн тэтгэмжийг олгох эрх бүхий байгууллагыг мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжийг төрийн захиргааны холбогдох төв байгууллага ...олгоно” гэж заасан байх тул тус байгууллагаас Б.Зод дурдсан тэтгэмжийг олгох боломжгүй юм. Төрийн тусгай хамгаалалтын газар нь 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл тагнуулын төв байгууллагын даргын дэргэдэх газар, Засгийн газрын 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 218 дугаар тогтоолоор Засгийн газрын тохируулагч агентлаг болж өөрчлөн байгуулагдсан, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 -д 1 Агентлаг нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбар, хүрээний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн” юм.
Тушаал гарч өөр газар шилжсэнээр Төрийн Тусгай хамгаалалтын газар Б.З хоёрын хооронд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон. Б.З нь 2019 оны 6 дугаар сард Төрийн Тусгай хамгаалалтын газарт бичгээр хүсэлт гаргасан байдаг. 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өгсөн хариу тайлбартаа 2016 оны 5 дугаар сарын 15-нд тэтгэврээ тогтоолгосон байна. Тэтгэврээ тогтоолгохдоо Төрийн Тусгай хамгаалалтын газар ажиллаж байгаагүй. Иймд Цэргийн албан хаагчийн Тэтгэвэр, Тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т заасан тэтгэмжийг олгох боломжгүй ба тус тэтгэмжийн асуудлаа хуульд заасны дагуу Төрийн Захиргааны холбогдох төв байгууллагад хандана уу гэсэн хариулт өгсөн. Ийм хариулт яагаад өгсөн бэ гэхээр Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан нэг удаагийн тэтгэмж олгохтой холбоотой зохицуулалтын хүрээнд ажлаасаа гараад тодорхой хугацааны дараа тэтгэврээ Төрийн Тусгай хамгаалалтын байгууллагаар буюу тухайн өөрийн байгууллагаар дамжаагүй хүний тэтгэмж олгохтой холбоотой зохицуулалт байхгүй байна. Тэтгэмжтэй холбоотой 2 эрх зүйн акт байна. Нэг нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нөгөө нь Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолоор баталсан цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам ийм 2 зохицуулалтаар энэ харилцаа зохицуулагдаж байна. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т цэргийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмжийг Төрийн захиргааны холбогдох төв байгууллага хөдөлмөрийн чадвар түр алдсан, жирэмсний ба амаржсаны болон нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийг тухайн анги, байгууллага нь олгоно гэж заасан байдаг. Журмын зохицуулалтын хүрээнд одоо ажиллаж байгаа хүмүүс тэтгэвэрт гарах хугацаа нь болохоор өмнөх жил нь судалгаа гаргаад тухайн байгууллагын дараа жилийх нь төсөвт оруулдаг. Тийм учраас манай байгууллагаар Б.Зын тэтгэвэрт гарах асуудал нь дамжаагүй байхад тэтгэмжийн асуудлыг төлөвлөгдсөн төсөвт суулгах боломжгүй юм.
Б.Зын ямар хугацаагаар нь тооцох вэ гэдэг асуудал гарч ирнэ. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т сүүлийн 5 жилийн цалин хөлсний нэмэгдлийг 60-т хувааж гарсан дундаж цалин хөлсийг 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр тооцно. Б.З нь 2012 оны 11 дүгээр сард Төрийн тусгай хамгаалалтын газраас гарсан. 2016 онд тэтгэврээ тогтоолгосон. 2016 оны 5 дугаар сард тэтгэврээ тогтоолгоход 2016, 2015, 2014 ба тэтгэвэр тогтоолгохоос өмнөх 5 жилийн асуудал хөндөгдөх үү. Эсвэл цэргийн алба хаах насны дээд хязгаар хүрсэн тэр хугацааг нь тооцож тэтгэмж олгох уу гэдэг асуудал байна. Байгууллага өгч байгаагүй цалингийн хүрээнд Б.Зод тэтгэмж тогтооно гэдэг нь ойлгомжгүй байна. Хэрэв тогтоосон тохиолдолд, Аудитын байгууллагаас асуудал хөндвөл яах вэ гэдэг зүйл байна. Танай байгууллагад ажиллаж байгаагүй хүнд тэтгэмж хэрхэн олгосон бэ гэвэл яах вэ. Манайд ажиллаж байсан сүүлийн 5 жилийн асуудал хөндөх үү эсхүл Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газарт ажиллаж байсан тэтгэвэрт гарахаас өмнөх 5 жилийн асуудлыг хөндөх үү гэдэг нөхцөл байдал үүснэ. Тиймээс Төрийн захиргааны төв байгууллагад ханд гэсэн бичгийг Б.Зод өөрөө өгсөн. Тухайн үед Тагнуулын ерөнхий газар хандсан ч энэ тэтгэмжийг олгох боломжгүй гэдэг хариу өгсөн байна. Б.З буцаж ажилдаа оръё гэсэн өргөдөлд хариу тайлбар дээр буцааж ажилд авах боломжгүй гэдэг хариулт өгсөн. Учир нь Б.З нь 52 нас хүрсэн байсан. Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд цэргийн алба хаах дээд хязгаар нь 52 нас гэж заасан байдаг. Тухайн байгууллага мэргэжил, ур чадварыг нь үнэлээд 5 жилээр сунгаж болдог. Тэгэхээр Б.Зыг буцааж авах хууль эрх зүйн үндэслэл байгаагүй. Тухайн үед цэргийн орон тоон дээр тэтгэвэрт гарсан хүнийг авч болохгүй гэдэг Засгаас өгсөн бодлогын хүрээнд авч, дээр нь цэргийн алба хаах дээд хязгаар 52 нас хүрсэн, 5 жилээр сунгахаар 57 насанд хүрсэн ба боломжгүй байсан учраас ийм хариулт өгсөн байгаа.
Төрийн тусгай хамгаалалтын газар нь 1995 онд Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль батлагдаад тэр үед Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дэргэдэх Төрийн тусгай хамгаалалтын газар гэдэг нэртэйгээр 2020 оны 5 дугаар сарын 14-нд хуульд өөрчлөлт орох хүртэл Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дэргэдэх байгууллага байсан. Хуульд нэмэлт өөрчлөлт орсноор Төрийн тусгай хамгаалалтын газар Засгийн газрын тохируулагч агентлаг байна гэдэг эрх зүйн үндэс нь бүрдээд Засгийн газрын 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 218 дугаар тогтоолоор Төрийн тусгай хамгаалалтын газрыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Засгийн газрын тохируулагч агентлаг болох тогтоол гарсан.
Нэг удаагийн тэтгэмж олгохтой холбоотой Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд Төрийн захиргааны төв байгууллага гэсэн тус байгууллагад нь ханд гэсэн асуудлыг Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд тодорхой хариулт өгсөн. Өргөдөлд хариу тайлбар өгсний дагуу шүүх хуралд оролцож байгаа боловч Б.Зын асуудалд хариуцагчийн хувьд өөр этгээд байх ёстой гэж хуулийн хүрээнд харж байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж заасан байдаг. Төрийн тусгай байгууллагад хандсан өргөдлийн хариу нь 2019 оны 8 дугаар сард гарсан. Б.З нь шүүхэд 2020 онд буюу 30 хоног хэтэрсэн үед хандсан болохоор энэ асуудлаар шүүхэд хэлэлцэх асуудал мөн үү гэдгийг анхааралдаа аваасай гэж хүсэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч Б.Зын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.З тус шүүхэд хандаж “...Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохыг шийдвэрлэхгүй байгаа Төрийн тусгай хамгаалалтын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг тэтгэмжийг олгохыг тус газарт даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...1981-2016 онуудад... цэргийн жинхэнэ албанд нийт 29 жил 6 сар ажилласан тул цэргийн тэтгэвэр тогтоолгосон,...Төрийн тусгай хамгаалалтын газрын хүний нөөцөд нэг удаагийн мөнгөн тэтгэмж авах тухай хүсэлт гаргахад “манай байгууллагаас цэргийн тэтгэвэрт гараагүй тул тэтгэмж олгох боломжгүй...гэснийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь 1981-1990 онуудад Дорноговь аймгийн Сулинхээр, Улаан-Уул, Замын-Үүд дэх Хилийн отряд, застав, Шалган нэвтрүүлэх албанд, 1994-1995 онд Тагнуулын ерөнхий газар, 1995-1998 онд Гаалийн ерөнхий газар, 2002-2012 онд Төрийн тусгай хамгаалалтын газарт, 2012 онд нэхэмжлэгчийг шилжүүлэн ажиллуулах хүсэлт гаргаснаар түүнийг мөн оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж Гадаадын иргэн, харьяатын газарт шилжүүлснээр нэхэмжлэгч нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/236 дугаар бүхий “Б.Зтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын /тухайн үеийн нэрээр/ даргын тушаал гарах хүртэл ажилласан болох нь тогтоогдсон, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй.
Түүнчлэн нэхэмжлэгч нь цэргийн байгууллагад нийт 29 жил, 4 сар, 23 өдөр ажилласнаар 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн цэргийн тэтгэвэр тогтоолгосон болох нь түүний Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тэтгэврийн хувийн хэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Тагнуулын ерөнхий газрын даргад хандаж “...нэг удаагийн мөнгөн тэтгэмж авах тухай” хүсэлт гаргасны хариуд тус газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 01/1311 дүгээр албан бичгээр “...Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт шилжиж ажилласнаар Төрийн тусгай хамгаалалтын газартай хөдөлмөрийн эрх зүйн харилцаа дуусгавар болсон..., 2016 онд цэргийн тэтгэвэр тогтоолгох үедээ Төрийн тусгай хамгаалалтын газарт ажиллаж байгаагүй тул... тэтгэмжийг олгох үндэслэлгүй” гэж,
2019 оны 6 сарын 26-ны өдөр Төрийн тусгай хамгаалалтын газарт гаргасан өргөдлийн хариуд тус газрын дарга П.Бгаас “...2016 онд тэтгэвэр тогтоолгох үедээ манай байгууллагад ажиллаж байгаагүй тул Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэг удаагийн тэтгэмжийг манай байгууллагаас олгох боломжгүй..., төрийн захиргааны төв байгууллагад хандах нь зүйтэй...” гэсэн хариуг тус тус өгч байжээ.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилт нь Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч /энэ хуульд цаашид "цэргийн алба хаагч" гэх/ нарт тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 18 дугаар зүйлийн 1-д “Цэргийн алба хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно. 19 дүгээр зүйлийн 1-д “Цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно. Мөн зүйлийн 7-д Энэ зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэгт заасан тэтгэмж, дэмжлэг олгох журмыг Засгийн газар тогтооно гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д Цэргийн алба хаагчийн тэтгэврийг тогтоох, олгох ажлыг тухайн тэтгэвэр авагчийн алба хааж байсан зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага буюу тэдгээрээс гэрээ байгуулсан этгээд эрхлэн гүйцэтгэнэ гэж, мөн зүйлийн 2-т “Цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжийг төрийн захиргааны холбогдох төв байгууллага, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны болон нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийг тухайн анги, байгууллага нь олгоно” гэж тус тус заажээ.
Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолоор баталсан “Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ын 8-д “Төрийн захиргааны төв байгууллага нь энэхүү журмын 7-д заасан бичиг баримтыг хүлээн аваад тэтгэмж олгоход шаардагдах хөрөнгийг дараа жилийн төсөвт тусган олгох ажлыг зохион байгуулна” гэж, 13-д “Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгоход шаардагдах хөрөнгийг тухайн байгууллага жил бүр төсөвтөө тусгана” гэж тус тус заасан байна.
Хууль болон журмын дээрхи заалтуудаас үзвэл хариуцагч Төрийн тусгай хамгаалалтын газар нь 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Тагнуулын төв байгууллагын даргын дэргэдэх газар, Засгийн газрын 218 дугаар тогтоолоор Засгийн газрын тохируулагч агентлаг болж өөрчлөн байгуулагдсанаас үзвэл хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т заасан, нэхэмжлэгч Б.Зод цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжийг олгох үүрэгтэй Төрийн захиргааны холбогдох төв байгууллагад хамаарахгүй байна гэж шүүх дүгнэв.
Нөгөө талаар нэхэмжлэгч нь Төрийн тусгай хамгаалалтын газарт ажиллаж байгаад тухайн байгууллагаас цэргийн тэтгэвэр тогтоолгоогүй, харин Гадаадын иргэн харьяатын газарт ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөний дараа цэргийн тэтгэвэр тогтоолгосон байх тул хариуцагч байгууллагыг Б.Зод Цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжийг олгох үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эшлэл татан маргаж буй хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь цэргийн алба хаагчийн тэтгэврийг тогтоох, олгох ажлыг эрхлэн гүйцэтгэх байгууллагуудыг нэрлэн заасан, харин хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь заалт нь цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжийг олгох үүрэгтэй захиргааны байгууллагад хамаарах зохицуулалт тул эдгээр үндэслэлүүдээр хариуцагч Төрийн тусгай хамгаалалтын газарт иргэн Б.Зын цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмж олгохыг даалгах боломжгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл, нэхэмжлэгчээс ирүүлсэн хүсэлтэд Төрийн тусгай хамгаалалтын газрын 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10/648 дугаар бүхий “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр татгалзсан хариу өгсөн нь хуульд нийцсэн, уг албан бичгийг хууль бус эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлгүй, уг эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, улмаар даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь тухайн асуудлаар Төрийн захиргааны холбогдох төв байгууллагад хандаж, санал хүсэлт гаргаж шийдвэрлүүлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Зоос гаргасан, “Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохыг шийдвэрлэхгүй байгаа Төрийн тусгай хамгаалалтын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг тэтгэмжийг олгохыг тус газарт даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН