Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2024/0051

 

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2024/0051

Улаанбаатар хот

 

 Г.Дгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж

Нэхэмжлэгч: Г.Д

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаар “Газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах тухай” захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0789 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Д,

 хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, Э.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н

Хэргийн индекс: 128/2023/0697/3.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч Г.Д-гээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаар “Газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах тухай” захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0789  дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Д-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийн хавсралтын 1 дэх иргэн Дд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1 Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн зөв үнэлээгүй буюу нэхэмжлэгч эзэмшил газрыг зориулалтын дагуу ашиглаагүй бөгөөд энэ нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон, зориулалтын дагуу тариалан эрхлээгүй байхад шүүх “...мал үржүүлэх, хүлэмжийн аж ахуй эрхлэх зориулалтаар зураг хийлгэсэн, уулзалт зохион байгуулж, зээл судлуулсан нь ашиглаагүй гэж үзэхээргүй” гэж дүгнэсэн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 35 дугаар зүйлийн 35.3.1, Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10 дахь хэсэгт нийцээгүй,

3.2 Мөн газраа зориулалтын дагуу ашиглаагүй үндэслэл нь эрүүл мэндийн шалтгаантай холбоотой байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй,

3.3 Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 35 дугаар зүйлийн 35.3, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг нэхэмжлэгч зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу,

            Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

   4. Нэхэмжлэгч нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор  бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3.  Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, 

3.1. Маргаан бүхий газар болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын радио релений сүлжээний газрын урд тал /одоогийн Хонхор нуур хэсэг/-т байрлах нэгж талбарын 3038/5063 186***55 дугаар /одоогийн 133***/ бүхий 50000 м.кв талбай бүхий газрыг анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны А/363 дугаар захирамжаар “С” ХХК-д “Хүлэмжийн аж ахуйн, ногоо тарих” зориулалтаар 10 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал, нэхэмжлэгч Г.Д-тэй “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г дүүргийн Газрын албанаас байгуулж, 000317091 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон.

Улмаар Г.Д-гээс 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г “С*” ХХК-тай байгуулан, дүүргийн Газрын албанд хандан хүсэлтээ гаргасныг үндэслэн дүүргийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/196 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг “хүлэмжийн аж ахуй, ногоо тарих” зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэн, 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Газар эзэмших гэрээ байгуулж, 000014799 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон.

3.2. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанаас 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 15/1627 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Г.Д-д хандан “... Газрын тухай хуулийн ... заасан үүргээ зөрчиж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй... тул ... газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэнийг  мэдэгдэж ... заасан хугацаанд үндэслэл бүхий тайлбар, санал ирүүлээгүй тохиолдолд ... газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох”  мэдэгдлийг хүргүүлснийг нэхэмжлэгч 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авсан.

Албан бичигт заасан хугацаанд нэхэмжлэгчээс тайлбар, саналыг ирүүлээгүй тул хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/403 дугаар захирамжаар нэхэмжлэгч Г.Д***д эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр хүчингүй болгож, энэ тухай дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 15/843 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн үйл баримт тогтоогдож байна.

4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан бөгөөд

Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан "… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” хэмээн тайлбарласан.

5. Тухайн тохиолдолд анхан шатны шүүх “...нэхэмжлэгч нь анх 2018 онд газар эзэмших эрх олгогдсон ч газрын гэрээг 2019 онд байгуулсан, улмаар нийтэд илэрхий нөхцөл байдал буюу коронавирусийн халдвар (COVID-19)-ын тархлын улмаас хөл хорио тогтоосон хугацаанд хамаарч, мөн нэхэмжлэгчээс энэ үед эрүүл мэндийн гачигдалтай байсан нь дээрх хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болох нь тогтоогдож байна” хэмээн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/196 дугаар захирамжаар маргаан бүхий газар болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын радио релений сүлжээний газрын урд талд байрлах, нэгж талбарын 133*** дугаар бүхий 50000 м.кв газрыг “С” ХХК-иас нэхэмжлэгч Г.Дд “хүлэмжийн аж ахуй, ногоо тарих” зориулалтаар 15  жилийн хугацаатай эзэмших эрхийг шилжүүлж шийдвэрлэснээс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд нэхэмжлэгч нь газраа зориулалтын дагуу ашиглаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон холбогдох бусад баримтаар тогтоогдсон.

Нэхэмжлэгчээс газрын зориулалтаа өөрчилж “Эрчимжсэн мал үржүүлэг, хүнсний ногоо хүлэмжийн аж ахуйн” зориулалтаар ашиглахаар зураг төсөл гаргаж, санхүүжилт авахаар хөөцөлдөж байсан гэж тайлбарлан маргаж байх боловч газрын зориулалт өөрчлөх асуудлаар хариуцагч төрийн захиргааны байгууллагад хандан хүсэлт гаргаж байгаагүй болох нь нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбараар,

Давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал учирсан буюу цар тахлын нөлөөлөлд орсон, тодорхой хугацаанд эрүүл мэнд шалтгаантай байсан хэмээн тайлбарлан  маргах боловч тухайн үйл баримт нь нэхэмжлэгчид газар эзэмших эрхийг шилжүүлэн олгосон 2018 оны 5 дугаар сараас маргаан бүхий захиргааны акт гарсан 2023 оны 6 дугаар сарыг хүртэл хугацаанд хамааруулан үзэх боломжгүй бөгөөд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

 Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 789 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

  

     ШҮҮГЧ                                                    С.МӨНХЖАРГАЛ

 

 

     ШҮҮГЧ                                                    З.ГАНЗОРИГ

 

 

     ШҮҮГЧ                                                     Г.МӨНХТУЛГА