Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 171

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Батсуурь, шүүгч С.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

Иргэдийн төлөөлөгч Г.Батчимэг,

Улсын яллагч Д.Агар,

Хохирогч Ч.Лхагвасүрэн,

Шүүгдэгч Т.Раднаабазар, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Г.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Раднаабазарт холбогдох 201625011691 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Жаргалант суманд төрсөн, яс үндэс халх, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, токарь фрезерчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг эх, эгч, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь эхийн 37 дугаар гудамжны 1939 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх, Шаавай овогт Түдэвдоржийн Раднаабазар /РД: ФВ93051315/

         

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

          Т.Раднаабазар нь танхайн сэдэлтээр 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байсан иргэн Ч.Лхагвасүрэнг шалтгаангүйгээр хүч хэрэглэн зодож, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Раднаабазарын өгсөн: “2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Завхан аймгаас ажлаасаа бууж ирээд гэртээ амарч байсан. Өдөр дэлгүүр орох гэж гэрээсээ гарсан. Замдаа хохирогчтой тааралдсан. Хохирогч “юу байна” гээд намайг зогсоосон. Хохирогч тухайн үед согтуу байсан. Хохирогч миний цамцнаас зуурсан байсныг гэрч Үүрийнтуяа харсан. Тэгээд бид үл ойлголцсоноос болоод хохирогч миний цамцыг урсан. Би хохирогчийг газар унагаасан. Гэтэл хохирогч газраас чулуу авах гэхэд нь би өөрийгөө хамгаалж гарыг нь бариад дээрээс нь өвдөглөөд дарсан. Тухайн үед би тархиндаа гэмтэлтэй байсан тул дахин гэмтэл авахаас өөрийгөө хамгаалсан. Тэгээд би гэр рүүгээ явсан. Хохирогч мөн босоод явсан. Би хохирогчийн дүү Цэнгүүнээг дуудахад гарч ирэхгүй болохоор нь явсан. Тухайн үед хохирогчийг ийм хүнд гэмтэл авсан гэж бодоогүй. Одоо би ийм гэмт хэрэг үйлдсэндээ үнэхээр их харамсаж байна” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Лхагвасүрэнгийн өгсөн: “2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр би 14 цагийн орчим хүүхдээ авахаар гэрээсээ гарсан. Гараад 100 метр явж байтал Раднаабазар согтуу байдалтай надтай тааралдаж учир нь ойлгогдохгүй юм яриад байсан. Тэгээд миний зүүн талын чих рүү маш хүчтэй цохиод намайг газар унахад хавирга, бөөр рүү өвдөглөсөн. Миний дотор муухайрч, болиоч гэж гуйж болиулсан. Тэр үед биднийг худгийн Үүрээ эгч харж байсан. Раднаабазар худгийн эгчийг харангуутаа буруу харж зогсоод байсан. Үүрээ эгчийг явсны дараа Раднаабазар миний аль нэг тал руу хавсарч унагаагаад дахин дэвссэн. Тэгэхэд карма руу гар нь яваад ахаа зүгээр мөнгөө өгчих гээд дайраад байсан. Раднаабазар миний гэдэсний гол хэсэг рүү хүчтэй 2-3 удаа дарсан. Түүнээс хойш миний хоёр гар сулраад ухаан алдсан... Тэр зуур би арай гэж эгчийндээ орсон. Эгчдээ болсон явдлаа хэлсэн. Эгч эмнэлэг, цагдаа дуудсан. Манай эгч сувилагч болохоор өвчин намдаах тариа хийсэн. Тэгээд цагдаа ирээд эгчийн нөхөр Насанбуян гэдэг хүнтэй Раднаабазарыг хайсан. 16 цаг хүртэл цагдаа манайд байсан. Түргэн ирж намайг авч явсан. Раднаабазар буцаж манайд ирсэн гэж худал ярьж байна. Гэмтлийн эмнэлэгт очсон даруйдаа зүүн чихэнд оёдол тавьсан. Тэр өдрөө мэс засалд орсон. Одоо биеийн байдал гайгүй байгаа. Хүнд юм өргөж болохгүй гэдэг үүднээс ажлаа хийж чадахгүй болж ажлаасаа чөлөөлөгдсөн. Хохирлын төлбөрт 1.500.000 төгрөг нэхэмжилж байсан. Шүүгдэгчээс 1.235.000 төгрөг авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй... танхайн хэргээр нь шийдүүлэх хүсэлтэй” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Ч.Лхагвасүрэнгийн өгсөн: “... Миний бие 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өглөө 10 цагийн үед босоод хүүхдээ 102 дугаар сургуульд хүргэж өгчихөөд гэртээ байж байгаад өдөр 14 цагийн үед хүүхдээ авах гээд гарсан юм. Ингээд гудамжиндаа явж байсан чинь гудамжны үзүүрээс үл таних 25-30 орчим настай, нэлээн том биетэй залуу гарч ирээд надаас нэг юм асуух шиг болсон ба би яасан гэнээ гэсэн чинь тэр залуу шууд миний зүүн чих рүү цохьсон. Тэгтэл миний ухаан санаа балартаад газарт унасан чинь нөгөө залуу миний дээр гараад хоёр талын өвдгөөрөө дээрээс маш хүчтэй өвдгөлж эхэлсэн. Тэгэхээр нь би тэр залуугаас “миний дүү битгий ахынхаа нүүр лүү цохиорой, ах нь маргааш ажилтай шүү” гэтэл тэр залуу үргэлжлүүлэн миний хэвлий рүү өвдгөлсөөр байсан. Тэгэхээр нь би тухайн залуугаас зугтах санаатай худлаа юм ярьж байгаад гэрлүүгээ дөхүүлээд явж байтал нөгөө залуу дахиад миний араас барьж аваад зүүн ард хавирга луу хэд хэдэн удаа хүчтэй цохиж байтал манай гэрийн урд байдаг “Гандигийн” худгийн зүс таних эгч гараад ирсэн чинь нөгөө залуу намайг таньдаг хүн шиг шууд буруу хараад зогсчихсон. Тэгэхээр нь би тэр худгийн эгчээс тусламж гуйх гэсэн чинь би амьсгалж чадахгүй байсаар байтал нөгөө худгийн эгч яваад өгсөн. Тэгтэл нөгөө залуу дахин намайг газарт унагааж байгаад өвдөглөж байсан ба сүүлдээ яг миний цээжний гол хэсэгт 2-3 удаа хүчтэй өвдөглөсөн... Би өглөө босоод 150 грамм архи уусан байсан. Би бол согтоогүй байсан” гэх мэдүүлэг /хх.37-42, 81-82/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Ганбатын өгсөн: “... 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр миний бие хэв журмын офицер цагдаагийн ахмад Х.Оюунболдын хамт Сүлд-112 буюу Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тус чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд өдрийн 12-14 цагийн хооронд Сүлд-10 буюу жижүүрээс “Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандигийн худаг дээр тосоод авъя, хүнд зодууллаа” гэх дуудлага ирсэн. Ингээд хэв журмын офицер цагдаагийн ахмад Х.Оюунболд бид хоёр дуудлагыг очиж шалгахад уг худгийн тэнд үл таних 40-45 орчим насны намхан жижиг биетэй эрэгтэй нь нэг эрэгтэйн хамт зогсож байсан. Ингээд тус хүмүүстэй очиж уулзахад зодуулсан гэх намхан, хувцас шороо болсон, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан залуу нь “намайг нэг өндөр залуу зодчихоод мөнгийг маань аваад явчихлаа” гэж байсан. Ингээд хэв журмын офицер цагдаагийн ахмад Х.Оюунболд бид хоёр уг хоёр эрэгтэйг цагдаагийн машиндаа суулгаад гэмт хэрэг үйлдсэн сэжигтэй этгээдийг яаралтай олж тогтоохоор ойр орчим эргүүл шалгалт хийж явсан боловч уг зодуулсан гэх залуугийн бие нь өвдөөд байсан учраас түргэн тусламж дуудсан. Ингээд бид нар хохирогч залуугийн гэрийн үүдэнд ирээд байж байтал төд удалгүй түргэнийхэн ирж биед нь үзлэг хийчихээд наад хүнээ ГССҮТөв рүү яаралтай авч явж үзүүлэх шаардлагатай байна машинд суулга гэсэн. Тэгэхээр нь ахмад Х.Оюунболд бид хоёр уг хохирогч залууг түргэний машинд ах нь гэх залуугийн хамт ГССҮТөв рүү явуулсан” гэх мэдүүлэг /хх.43-45/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 5228 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “... Лхагвасүрэнгийн биед элэгний задрал, хэвлийн хөндийд цус хуралдалт /650мл/, зүүн талын 8-р хавирганы далд хугарал, зүүн чихний шарх, зүүн бугалганы цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /xx.47/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Т.Туулын өгсөн: “... Миний бие 2016 оны 07 дугаар сарын 05-ны орой сансарт эгчийнхээ гэрт байж байсан чинь манай эгч Энх-Амгалан руу цагдаа нар залгаад манай дүү Т.Раднаабазарыг хайж байна гэж байсан ба би тухайн үед нээх их тоогоогүй юм.  Тэгтэл  тэр орой нь манай дүү Т.Раднаабазар нь

манай эгчийн ТҮЦ-н дээр согтуу байж байгаад цагдаа нарт баригдсан байсан. Ингээд маргааш өглөө нь Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр явж очоод дүүгээ авах гэсэн чинь тус хэлтсийн эрүүлжүүлэх байрны жижүүр нь танай дүүг чинь Улаанбаатар хотын цагдаагаас хүмүүс хүрч ирээд аваад явчихсан гэж байсан. Тэгэхээр нь би 805 дугаар анги дээр буюу Улаанбаатар хотын цагдаа дээр ирсэн чинь манай дүүг Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс рүү шилжүүлчихсэн гэж байсан. Тэгээд би дүүтэйгээ Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс дээр ирж уулзсан чинь манай дүүг дээрмийн хэрэгт холбогдсон гэж байсан... Манай дүү урьд өмнө нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаагүй. Миний дүү төлөв даруу залуу байгаа юм. Манай дүү Т.Раднаабазар нь одоо ээж, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо дунд дарь-эхийн 37-1939 тоотод амьдардаг. Миний дүү урьд өмнө нь төрийн тусгайд ажиллаж байсан, мөн цэргийн алба хаасан сайн залуу байгаа юм” гэх мэдүүлэг /хх.83-85/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Т.Энх-Амгалангийн өгсөн: “... Миний бие 2016 оны 07 дугаар сарын 05-ны орой гэртээ байж байсан чинь манай ТҮЦ дээр зогсдог Батжаргал гэдэг залуу над руу оройн 21 цагийн үед залгаад танай дүү Т.Раднаабазарыг цагдаа нар хүрч ирээд аваад явчихлаа гэсэн. Тэгэхээр нь би унтаж амраад маргааш өглөө нь буюу 2016 оны 07 дугаар сарын 06-ны өглөө Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр явж очоод дүүгээ авах гэсэн чинь тус хэлтсийн эрүүлжүүлэхийн жижүүр нь танай дүүг чинь Улаанбаатар хотын цагдаагаас хүмүүс хүрч ирээд аваад явчихсан гэсэн. Тэгэхээр нь би 805 дугаар анги дээр буюу Улаанбаатар хотын цагдаа дээр ирсэн чинь манай дүүг Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс рүү шилжүүлсэн гэсэн. Тэгээд би Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс дээр ирээд уулзсан чинь манай дүүг дээрмийн хэрэгт холбогдсон гэж байсан. Манай дүү Т.Раднаабазар нь 2015 оны 12 дугаар сараас хойш Завхан аймгийн Алдархаан суманд алтны уурхайн харуулаар ажиллаж байсан юм. Манай дүү тухайн үед амралтаа авчихаад Улаанбаатар хотод явж байсан байх гэж бодож байна. Манай дүү урьд өмнө нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаагүй” гэх мэдүүлэг /хх.86-88/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Насанбуянгийн өгсөн: “... Миний бие тухайн өдөр гэрт амарч байсан чинь манай дүү Ч.Лхагвасүрэн манай гэрт орж ирээд хүүхдээ авахад эрт байна гээд унтсан юм. Ингээд Лхагвасүрэн унтаж байгаад 14 цагийн үед хүүхдээ авах гээд манай гэрээс гарсан ба төд удалгүй Лхагвасүрэн буцаад манай гэрт ороод ирсэн. Тэгэхээр нь юу болов гээд асуусан чинь “сая гарч явж байгаад хүнд зодуулчихлаа” гэсэн. Тэгэхээр нь би эхнэртээ чи хүүхдийг нь очоод авчих, би тэр зодсон хүнийг нь хайгаад олъё гээд гарсан юм. Би гэрээсээ гараад цагдаа дуудаад цагдаа нарыг ирэхээр нь Лхагвасүрэнг дуудаж гаргаж ирээд хамт түүнийг зодсон залууг хайсан юм. Тэгтэл нөгөө залуу олдоогүй ба Лхагвасүрэнгийн бие нь муудаад байсан болохоор 103 дуудаад түргэнд үзүүлсэн чинь яаралтай ГССҮТөв рүү дагуулаад яв гэсэн. Ингээд би түүнийг дагуулаад ГССҮТөв рүү очоод үзүүлсэн чинь яаралтай хагалгаанд ор гэж байсан. Тэгээд шууд хагалгаанд орсон. Би тухайн үед түүнийг архи дарс уусан байсан эсэхийг мэдэхгүй байна. Лхагвасүрэн хааяа ууж л байдаг юм. Ер нь бол жаахан уух дуртай хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх.89-91/,

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Үүрийнтуяагийн өгсөн: “... Тус өдөр миний бие Дарь эхийн 489-р худгаа хаачихаад 14 цагийн үед харих гээд явж байсан чинь манай гэрийн гудамжны үзүүр хэсэгт зүс таних Лхагвасүрэн гэдэг залуу нэг өндөр залуутай зууралдчихсан, тэврэлдчихсэн зогсож байсан юм. Тэгэхээр нь би тэр хүмүүсийн хажуу талаар нь гарахдаа энэ хоёр согтуу байгаа юм байна даа гэж бодоод л зөрж өнгөрөөд гэртээ орчихсон. Миний бие тэр хоёрыг архи уусан байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан согтуу юм шиг л харагдсан. Тэд хоорондоо юуны талаар ярьж байгааг нь сонсоогүй” гэсэн мэдүүлэг /хх.92-93/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Ч.Нарангэрэлийн өгсөн: “... Тухайн өглөө манай дүү Ч.Лхагвасүрэн өөрийн хүү Энх-Амгалангаа хичээлд нь хүргэж өгөх гээд манай гэрт ирсэн юм. Ингээд хүүгээ хүргэж өгчихөөд манай гэрт унтаж байгаад өдөр 14 цагийн үед хүүхдээ хичээлээс нь авах гээд манайхаас гараад явсан ба төд удалгүй 20 орчим минутын дараа хувцас хунар нь шороо болчихсон би сая хүнд зодуулчихлаа гэсэн. Тэгтэл Ч.Лхагвасүрэн гишгиж чадахгүй байхаар нь орон дээр хэвтүүлчихээд өвдөөд байгаа газарт нь дарсан чинь хөндүүр байна гээд байсан. Ингээд би дүүгийнхээ хүүхдийг сургуулиас нь очиж авчихаад, замаараа цагдаагийн хэсэг рүү орсон чинь та 102, 103 дуудчихаа гэсэн. Тэгээд бид хоёр гэр лүү 16 цагийн үед ирсэн чинь Лхагвасүрэн бие өвдөөд байна гээд байхаар нь 103 дуудсан чинь түргэний өмнө цагдаа нар хүрээд ирсэн. Цагдаа нар хүрч ирээд манай нөхөр болон манай дүүг дагуулаад Лхагвасүрэнг зодсон гэх залууг хайгаад хамт явсан. Ингээд төд удалгүй түргэнийхэн хүрч ирээд манай дүүг үзчихээд яаралтай ГССҮТөв рүү дагуулаад явсан. Тухайн үед манай нөхөр Лхагвасүрэнг дагаж явсан ба очиж үзүүлээд яаралтай хагалгаанд орохоор болсон байсан. Би тухайн үед дүүгээ архи дарс уусан байсан эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан өглөө хүүхдээ хүргэж өгчихөөд л орж ирээд манай гэрт унтчихсан юм. Тухайн үед манай гэрт нөхөр бид хоёроос өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хх.94-96/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч З.Энхмандахын өгсөн: “... Миний бие 2016 оны 04 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Намайг үүрэг гүйцэтгэж байх үед Чулуунбаатарын Лхагвасүрэн гэдэг хүн ирж яаралтай түргэн тусламж авсан нь үнэн. Тухайн үед тэр эрэгтэй хүн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд зүс таних хүнд зодуулсан гэж ярьж байсан. Тухайн үед үзүүлэгч Ч.Лхагвасүрэнгийн биеийн байдал хүндэвтэр байсан учир түүнийг шууд хэвтэж эмчлүүлэх шийдвэр гаргасан. Тухайн үед иргэн Ч.Лхагвасүрэн нь согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй байсан. Учир нь миний бие уг үзүүлэгчтэй харьцаж байхад амнаас нь эхүүн үнэр үнэртэж байсан” гэх мэдүүлэг /хх.97-98/,

 

Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “... Т.Раднаабазар нь их өтгөн хөмсөгтэй, хөмсөг нь урагш товойсон, бордуу царайтай, уруул нь зузаандуу байсан. 5 дугаар дээр байгаа залуу Т.Раднаабазар мөн байна. Би өтгөн товгор хөмсөг, зузаан уруулаар нь танилаа...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.58-59/,

 

Мөрдөн байцаалтанд яллагдагч Т.Раднаабазарын өгсөн: “Миний бие 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр найзуудтайгаа гадуур архи ууж явж байгаад 2016 оны 04 дүгээр сарын 12-ны үүрээр гэртээ буюу Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь эхийн 37-1939 тоотод очиж унтаж амарсан. Ингээд унтаж амарч байгаад өдөр 12 цагийн үед гэрээсээ гараад гэрийн доор байдаг найз Отгонбилэгийн гэрт очсон боловч гэрт нь хүн байгаагүй. Тэгэхээр нь би гэрийнхээ тэнд байдаг “Сүүн суврага” дэлгүүрээс нэг 0.5-н Хараа архи аваад түүнийгээ ганцаараа уусан. Тэгээд архи уучихаад дэлгүүр орж гоймон авч идэх гээд явж байсан чинь замд нэг 40-50 орчим насны намхан, туранхай биетэй ах гуйвчихсан явж байсан ба надтай тааралдаад “юу байна ахын дүү, хаачих гэж байгаа юм” гэхээр нь би тэр ахад хандаж та намайг таньдаг билүү гэсэн чинь тэр ах над руу “чи намайг танихгүй байна уу?” гээд над руу дөхөөд ирэхээр нь би тэр ахад дүү нь тоглосон юм аа таныг таньж байна, Мөнхөө ахын найз нь мөн биз дээ гэсэн. Тэгтэл тэр ах хажуу талаар гарахдаа миний цээж рүү түлхчихээр нь би та одоо зүгээр байгаарай гээд урдаас нь хавсарч унагасан. Тэгээд тэр ах уначихаад босох гэхээр нь би тэр ахын цээж рүү нь өвдгөөрөө нэг удаа өвдгөлсөн чинь тэр ах цаашаа унаад хэвтээд өгсөн ба тэр ах уначихаад ахын дүү болъё оо гэхээр нь би тэр ахад хандаж та зүгээр байгаарай гэж хэлчихээд цаашаа яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх.110-115/,

 

          -Эмнэлгээс өвчтөн илгээх хуудас /хх.16/,

          -Ч.Лхагвасүрэнгийн өвчний түүх /хх.17-31/,

          -Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх.66/,

          -Дулааны 3 дугаар цахилгаан станцын тодорхойлолт /хх.67/,

          -Ч.Лхагвасүрэнгийн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал /хх.72/,

          -Сэжигтнийг хойшлуулашгүй баривчлах тухай тогтоол /хх.101/,

          -Раднаабазарын ажлаас халагдсан баримт,

          -Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.126/,

          -Т.Раднаабазарын хувийн байдал тогтоосон баримт /хх.119, 130-134, 148/,

          -Хохирогчид хохирол төлсөн тухай баримт зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэг хэлэлцэхэд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар, эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирчээ.

 

   Шүүгдэгч Т.Раднаабазар нь танхайн сэдэлтээр 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дунд Дарь эхийн 37 дугаар гудамжинд явж байсан иргэн Ч.Лхагвасүрэнг шалтгаангүйгээр хүч хэрэглэн зодож, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтанд /хх.37-42, 81-82/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Лхагвасүрэнгийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн 5228 дугаартай дүгнэлт /xx.47/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх.58-59/, мөрдөн байцаалтанд гэрч Б.Ганбат /хх.43-45/, Ц.Насанбуян /хх.89-91/, Д.Үүрийнтуяа /хх.89-91/, Ч.Нарангэрэл /хх.94-96/ нарын өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд /хх.110-115/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Раднаабазарын өгсөн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.Раднаабазарын уг үйлдэл нь танхайн сэдэлтгүй учир хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлвэл зохино гэж шүүгдэгчийн өмгөөлөгч нар тайлбарлаж байх боловч шүүгдэгч нь олон нийтийн газар болох гудамж талбайд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж шалтаг, шалтгаангүйгээр хүч хэрэглэн танхайрах явцдаа бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Иймд шүүгдэгч Т.Раднаабазарыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх заалтын төрөл, хэмжээний дотор түүнд зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Т.Раднаабазарын үйлдсэн хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлж гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн ял хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж тухайн гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ялыг шүүгдэгчид оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.Раднаабазарын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс цагдан хоригдсон нийт 94 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулж тооцон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Т.Раднаабазарын цэнхэр өнгийн цамцыг түүнд буцаан олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Т.Раднаабазар нь хохирогчийн эмчилгээний зардалд 1.235.000 төгрөгийг сайн дураар нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Лхагвасүрэн нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлүүд, 290 дугаар зүйлийн 290.3 дэх хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шаавай овогт Түдэвдоржийн Раднаабазарыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Раднаабазарыг 4 /дөрвөн/ жил 8 /найман/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Раднаабазарт оногдуулсан 4 /дөрвөн/ жил 8 /найман/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Раднаабазарын цагдан хоригдсон 94 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулж тооцсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Т.Раднаабазарын цэнхэр өнгийн цамцыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгосугай.

6. Шүүгдэгч Т.Раднаабазар нь хохирогчийн эмчилгээний зардалд 1.235.000 төгрөгийг сайн дураар нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Лхагвасүрэн нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, тус шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Раднаабазарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

          9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР

 

                                                 ШҮҮГЧ                                Д.БАТСУУРЬ

                                        

                                                 ШҮҮГЧ                                С.ПҮРЭВСҮРЭН