Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 1381

 

МАГАДЛАЛ

 

2017.06.14                                                  Дугаар 1381                                 Улаанбаатар хот

 

 

 

 

 

П.Золбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/01022 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч П.Золбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Сансит Капитал” ББСБ ХХК-д холбогдох,

2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хувийн сууц бэлэглэлийн гэрээ, 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн болон барьцааны 23 тоот гэрээ, 2013 оны 5 дугаар сарын 06, 2013 оны 8 дугаар сарын 06, 2014 оны 3 дугаар сарын 24, 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрүүдийн ЗГ23 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт /14081/, 2 дугаар хэсэг, 328 тоот хаягт байрлах хувийн сууцны өмчлөх эрхийг П.Золбаярт шилжүүлэхийг "Сансит Капитал” ББСБ ХХК-д даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

П.Золбаяраас зээлийн гэрээний үүрэгт 38 814 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай “Сансит Капитал” ББСБ ХХК-ийн сөрөг шаардлагатай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Түмэннасан,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Баяраа,

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Лхагвасүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баянжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2012 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн зээлийн гэрээгээр тyc байгууллагаас 15 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай зээлсэн. Энэ гэрээнд Ц.Палчингомбо хамтран зээлдэгчээр орсон бөгөөд тэрээр 2014 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нас барсан. Нэхэмжлэгч зээлээс 9 175 000 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд одоо 9 600 000 төгрөгийг төлөх ёстой. Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтүүд болон барьцааны гэрээг Санхүүгийн зохицуулах хорооны шалгалтад зориулж сүүлд нөхөж үйлдсэн бөгөөд дүр үзүүлэн хийсэн эдгээр гэрээнд хамтран зээлдэгч Ц.Палчингомбо нас барсан учраас гэдгээр гэрээнд гарын үсэг зураагүй болно. "Сансит Капитал ББСБ" ХХК-ийн зүгээс зээлийн төлбөрийг бүрэн барагдуултал түр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт /14081/, 2 дугаар хэсэг, 328 тоот хаягт байрлах хувийн сууцаа манай байгууллагын нэр дээр шилжүүлчих, ингэхдээ бэлэглэлийн гэрээгээр шилжүүл, зээлээ төлбөл буцаагаад ав гэсний дагуу П.Золбаяр хууртагдаж 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зурж, шилжүүлсэн болно.

Гэтэл "Сансит Капитал ББСБ" ХХК уг бэлэглэлийн гэрээг ашиглан, байшинг өөрийн нэр дээр өмчлөх эрхийг бүртгүүлж, улмаар уг орон сууцнаас П.Золбаярыг гарахыг шаардах болсон. Уг гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, хувийн сууцны өмчлөх эрхийг П.Золбаярт шилжүүлэхийг хариуцагчид даалгуулахаар шаардаж байна.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд "Сансит Капитал ББСБ" ХХК-ийг төлөөлөх эрхгүй Ж.Маралмаа гэх хүн гарын үсэг зурсан, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлага хангаагүй, сунгалтын болон барьцааны гэрээнүүдэд хамтран зээлдэгч Ц.Палчингомбо гарын үсэг зураагүй, дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул эдгээр гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт:              15 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 5 сарын хугацаатай зээлсэн бөгөөд одоогийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгаад буй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт, 2 хэсэг 328 тоот хаягт байрлах хувийн сууцыг газрын хамт зээлийн барьцаанд тавьсан. Эдгээр гэрээнд манай байгууллагыг төлөөлж, зөвшөөрлийн үндсэн дээр Ж.Маралмаа гарын үсэг зурсан байдаг. Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүулсэн бөгөөд уг гэрээнд хамтран зээлдэгч Ц.Палчингомбо гарын үсэг зурсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хэрэгт 2 хувь байгаа барьцааны гэрээний 1 дээр Ц.Палчингомбын гарын үсэг өөрөөр зурагдсан нь уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй. Энэ барьцаа хөрөнгийг цааш дамжуулан үгүй хийхээс болгоомжилж бэлэглэлийн гэрээгээр манай байгууллагын нэр дээр барьцаа хөрөнгийг шилжүүлсэн. Хариуцагч нь олгосон зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү зэргээ буцаан шаардах, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй гэж үзэж байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтаар тогтоосон графикийн дагуу cap бүр эргэн төлөлтийг хийх үүрэгтэй байсан ч зээл авсан өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийн графикийг зөрчиж, нийтдээ 9 715 000 төгрөг л төлсөн байдаг. Энэ нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд тооцогдсон байгаа. Манай байгууллага нэхэмжлэгчийн удаа дараагийн хүсэлтээр түүнд хугацаа олгож, зээлийн гэрээний хугацааг сунгасан нэмэлт гэрээ байгуулсаар ирсэн. Гэтэл эдгээр сунгалтын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Одоо тэрээр үндсэн зээлд 15 000 000 төгрөг, зээлийн 57 сарын хүүнд 19 845 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд     3 969 000 төгрөгийг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчээс нийт 38 814 000 төгрөгийг шаардаж байна. Барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.3, 56.5, 276 дугаар зүйлийн 276.1-д заасныг баримтлан "Сансит Капитал ББСБ" ХХК, П.Золбаяр нарын хооронд, байгуулагдсан 2013 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, зээлийн гэрээний хугацааг 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 3 сараар, 2013 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 2 сараар тус тус сунгасан ЗГ23 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022077 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо Шарга морьт, 2-328 тоотод байршилтай 88 м.кв талбай бүхий хувийн сууцны өмчлөх эрхийг П.Золбаярт буцаан шилжүүлэхийг "Сансит Капитал ББСБ" ХХК-д даалгаж, П.Золбаярын нэхэмжлэлийн шаардлагаас 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн зээл болон барьцааны гэрээ, 2014 оны 3 дугаар сарын 24, 2014 оны 7 дугаар сары 03-ны өдрүүдийн ЗГ23 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан П.Золбаярт 38 814 000 төгрөг гаргуулж "Сансит Капитал ББСБ" ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар П.Золбаяр шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа зүйл болох П.Золбаярын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022С дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт /14081/ дугаар хэсгийн 328 тоот 88 м.кв талбайтай хувийн сууцыг, Ц.Палчингомбын эзэмшлийн нэгж талбарын 3056/13719-18644327086923 дугаартай Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьтод байрлах 700 м.кв газар эзэмших эрхийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зуйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 686 150 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 352 020 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 422 050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 352 020 төгрөгийг гаргуулж хариуцагчид тус гус олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн хувьд зээлийн гэрээний төлбөрт 9 175 000 төгрөгийг төлсөн байтал шүүх үүнийг дутуу үнэлж, буруу тооцсон. Нас барсан зээлдэгчийн эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл хариуцагч "Сансит Капитал ББСБ" ХХК-ийн нэхэмжилсэн 38 814 000 төгрөгийн зээлийн төлбөрт нас барсан зээлдэгчийн үүрэг нь ямар хэмжээтэй байгаа талаар, мөн уг хэргийн оролцогч биш байхад анхан шатны шүүх үүнийг үнэлж, дүгнээгүй нь буруу юм. Үүгээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон анхан шатны шүүхийн шийдвэрийн "...Ц.Палчингомбын эзэмшлийн нэгж талбарын 3056/13719-18644327086923 дугаартай Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьтод байрлах 700 м.кв газар эзэмших эрхийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах..." гэсэн заалтыг хүчингүй болгож шийдвэрлэхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч П.Золбаяр нь хариуцагч “Сансит Капитал” ББСБ ХХК-д холбогдуулан хувийн сууц бэлэглэлийн гэрээ, 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн болон барьцааны 23 тоот гэрээ, 2013 оны 5 дугаар сарын 06, 2013 оны 8 дугаар сарын 06, 2014 оны 3 дугаар сарын 24, 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрүүдийн ЗГ23 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт /14081/, 2 дугаар хэсэг, 328 тоот хаягт байрлах хувийн сууцны өмчлөх эрхийг П.Золбаярт шилжүүлэхийг "Сансит Капитал” ББСБ ХХК-д даалгахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт 38 814 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан зээл, барьцааны гэрээгээр нэхэмжлэгч нь 15 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сард 5 хувийн хүүтэй зээлж, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт /14081/, 2 дугаар хэсэг, 328 тоот, 88 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байх 700 м.кв талбайтай зуслангийн газрыг барьцаалсан, гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр Ц.Палчингомбо гарын үсэг зурсан, гэрээний хугацааг 2013 оны 5 дугаар сарын 06, 2013 оны 8 дугаар сарын 06, 2014 оны 3 дугаар сарын 24, 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр сунгаж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, барьцааны гэрээний зүйл болох хувийн сууц нь 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр зохигчдын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээгээр хариуцагчийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт нийт 9 175 000 төгрөг төлсөн зэрэг үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан зээл болон барьцааны гэрээ байгуулагдсан, эдгээр гэрээ хуульд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж шүүх дүгнэсэн нь зөв байна.

Харин зээлийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт болох 2013 оны 5 дугаар сарын 06, 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн гэрээ, 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, гэрээ нь хүчин төгөлдөр бус гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг, сөрөг нэхэмжлэлийг      бүхэлд нь хангасныг буруутгах үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ.

Учир нь зээл болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан Ц.Палчингомбо нас барсан ба гэрээ хүчин төгөлдөр байгаа тохиолдолд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийснээс хойш нас барсан этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр гэж үзэх юм.

Түүнчлэн нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна.

Хариуцагч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар өөрийн үзэмжээр аль нэг үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй тул П.Золбаяраас зээл, барьцааны гэрээний үүргийг сөрөг нэхэмжлэлээр шаардсан нь хуульд нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/01022 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 352 020 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           А.МӨНХЗУЛ

                      ШҮҮГЧИД                          Ш.ОЮУНХАНД

                                                                     М.НАРАНЦЭЦЭГ