Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 67

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж

 

Нарийн бичгийн дарга М.Хонгорзул

Улсын яллагч Л.С 

Шүүгдэгч Л.Г  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны  нэгдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

 

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харъяат, 1992 оны 04 сарын 28-ны өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  тогооч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдрах, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын   дугаар баг,  Нефтийн   тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б  овогт Л-ын Г  /РД: / холбогдох эрүүгийн 2220000610083 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Г г нь 2022 оны 04 дүгээр сарын 25‑ны өдөр 18 цагийн орчимд Замын‑Үүд сум, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Соёл спортын ордон”‑ны баруун талын засмал зам дээр 92‑48 УБВ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм”‑ийн 3.7. а/ заалтад заасан “...согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ ... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй бол ... тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно ...”, гэснийг зөрчиж, согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодож Б.М-г мөргөж биед нь зүүн талын умдаг ясны доод салаа зөрүүтэй, зүүн суудал ясны гадаргуу хэсэгт жижиг ясны сэлтэрхий бүхий хугарал, хуйханд зүүн чамархай  хэсэгт зулгаралт, зүүн чихний дэлбээний дээд хэсэгт зулгаралт, зүүн дээд, 1, 2 дугаар шүд эмрэлт, зүүн ташаа орчим зулгаралт, баруун ташаа орчим цус хуралт, баруун, зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Г  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 4 сартай жирэмсэн байж байгаад хүүхэд маань амьгүй болоод эмнэлэгт хэвтэж байгаад гарч ирсэн байсан юм. Тэгээд жирэмсэн байхдаа исгэлэн юм уумаар санагдаад байхаар нь айраг аваад хөргөгчинд хийсэн байснаа уусан. Орой 18 цагийн үед хүүхдийн хичээл тарах болоод гэрийн гадаа байсан нөхрийн ах Оргилболдын машиныг жолоодоод хүүхдүүдээ авахаар гарсан. Тэр үед нөхөр маань хаана байна, хүүхдүүд авах цаг болсон байна гээд утсаар ярихаар нь машинтай явж байгаагаа хэлээд нөхрөө гудамжнаас аваад соёл спортын ордны урдуур гараад Өгөөмрийн гудамж руу эргэх гэж байтал хүүхэд мөргөчихсөн. Ингээд шууд эмнэлэг явсан, бас  цагдаад мэдэгдсэн. Тухайн үед би машин жолоодоод явж байсан. Би жолооны эрхийн үнэмлэхгүй, согтуурал шалгахад 0,85 хувь гарсан. Хохирол 1,200,000 гаруй төгрөг нэхэмжилсэн, би 1,500,000 төгрөг төлсөн байгаа. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна“  гэсэн мэдүүлэг

 

Насанд хүрээгүй хохирогч Г.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  өсгөн “Өчигдөр орой 18 цагт хичээл тарсан тэгээд ангийн хүүхдүүдтэй хамт Соёл Спортын ордны баруун талаар нь Төв зам дагуу урагшаа эмээгийндээ очих гээд явж байсан. Тэгээд зам хөндлөн гарах гээд явж байгаад машинд мөргүүлсэн тэгсэн жолооч нь намайг аваад эмнэлэгт хүргэсэн. Тэгээд аав ээж хоёрт хэлээд эмнэлэг дээр ирсэн. Хичээл өдөр 13 цаг 30 минутанд ордог юм. Орой 18 цагт тарсан. Би хичээл тараад ангийн охидууд болох Билэгсайхан, Уранцэцэг, Дөлгөөнтуяа нар байсан өөр бас зөндөө олон хүүхэд байсан. Надтай хамт зам хөндлөн гарсан хүүхэд байхгүй би ганцаараа гарсан. Тэр үед зам дээр машин их байсан үгүйг мэдэхгүй байна. Намайг зам хөндлөн гарч байхад миний баруун талаас мөргөөд би зам дээр зүүн талаараа унасан. Зам дээр унахдаа юм мөргөсөн гэдгээ санахгүй байна. Машин жолоодож байсан хүн эрэгтэй хүн байсан. Би машинд мөргүүлчихээд босож чадахгүй байсан тэгсэн манай сургуулийн 6/б ангийн Э , Ш.Б  нар ирээд босгосон. ...Би явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарсан. Миний зам хөндлөн гарсан замын хойд талд явган хүний гарц байсан. Одоо биеийн байдал хүзүү хөшөөд байгаа толгойн зүүн талаар өвдөөд байгаа, цээж, баруун хөл, баруун хөлийн  өсгий өвдөнө үүдэн хоёр шүд эмтэрч хугарсан өвдөж байгаа өөрөөр ямар нэгэн зовиур байхгүй байна.” /хх-ийн 21-22/...Машин жолоодож байсан хүн эмэгтэй хүн байсан гэж  манай сургуулийн хүүхдүүд хэлж байсан. Би тэр үед их сандарчихсан байсан болохоор  эрэгтэй хүн байсан гэж буруу хэлсэн байх. Би тухайн үед айгаад их сандарсан байсан, юу мэдүүлсэн талаараа сайн санахгүй байна. Баруун тийш эргүүлдэг жолооны хүрд нь явган хүн явдаг зам дагуу байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 100-101/

 

Гэмт хэргийн талаар дуудлага мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2/

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8/

Осол хэргийн газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн10/

 

Шүүгдэгч Л.Г-ийн согтуурлыг шалгахад 0,85 хувь үзүүлэлт илэрсэн гэсэн тэмдэглэл /хх-ийн 12/

 

Насанд хүрээгүй хохирогч Г.М-н 11 нас 9 сар 7 хоногтой гэсэн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 16/

 

------ регистрийн дугаартай А  овогт Г-ын М-ийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 17/

 

Насанд хүрээгүй хохирогч Г.М- хууль ёсны төлөөлөгчөөр Б.Г г томилсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 18/

 

Иргэний нэхэмжлэгч Д.О  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотоос худалдаж авсан чинь мөнгө дутаад байхаар нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Жэй траст кредит” нэртэй ББСБ-н нэр дээр шилжүүлж 5.000.000 төгрөгийн зээл гаргуулж авсан. Миний бие зээлийн төлөлт хэвийн явагдаж байгаа тул миний эзэмшлийн эд хөрөнгө. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/ “... Г- г тэр өдөр унаж явахдаа зөвшөөрөл авсан уу гэж асуухаар нь би зөвшөөрөл аваагүй гэж л хэлсэн урьд нь шаардлагатай үед  унаад явдаг байсан л байсан би төрсөн ахдаа эхнэрт машинаа харамладаггүй юм. Тэр өдөр машины түлхүүр  гэрт байсан хаана байгааг ах эгч  хоёр мэдэж байгаа. Хааяа ах эгч хоёр ийшээ тийшээ яваад ирье гээд гэж хэлж л байдаг. Ер нь машин байвал ойр зуурын юманд унаад явчихдаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 103-14/

Насанд хүрээгүй гэрч Л.Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Миний бие Замын-Үүд сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 6-б ангид сурдаг. 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хичээл тараад 18 цагийн орчимд сургуулиас гараад Соёл спортын ордоны баруун талд байрлах засмал замын зүүн талын явган хүний замаар манай сургуулийн 6-а ангийн сурагч нартай хамт явж байхад 6-а ангийн сурагч М  засмал замыг баруун тийшээ хөндлөн гарах гээд явж байхад хойноос урагшаа чиглэлтэй явж байсан саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл М-г мөргөх үед М  засмал зам баруун тал руу унасан. Тэгээд манай ангийн хүүхэд Б.Э  бид хоёр М-н хажууд очоод бие нь яаж байна гэж асуухад тээврийн хэрэгсэл барьж явж байсан манай ангийн сурагч Энэрэлийн ээж буюу Гэрэлчимэг гэх эмэгтэй хүн машинаас бууж ирээд мөн Мөнхзаяагийн биеийн байдлыг асуухад Мөнхзаяа нөгөө эгчээс намайг уучлаарай гээд байсан. Тэгээд манай ангийн сурагч Э , нөгөө машин барьж явсан Г  эгч бид нарын М-  тээврийн хэрэгслийн арын суудал дээр суулгаад Э  бид хоёр тухайн газар үлдээд Гэрэлчимэг эгч эмнэлэг рүү М-г аваад явсан. Манай ангийн сурагч Энэрэлийн ээж буюу Г  гэх эмэгтэй хүн барьж явсан. 40 настай нэг эрэгтэй хүн хамт явж байсан. Зам тээврийн осол гарах үед 18 цагийн орчим болж байсан тул бүрэнхий болж байсан. Мөн тухайн өдөр шороон шуургатай байсан. М-г мөргөсөн засмал зам дээр явган хүний гарц, гарам байхгүй байсан. Харин Соёл спортын ордоны харалдаа буюу Мөнхзаяагийн мөргөсөн засмал замын хойд талд явган хүний гарц, гарам байсан” гэсэн мэдүүэлэг /хх-ийн 29/

Насанд хүрээгүй гэрч Б.Э   мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн” Миний бие Замын-Үүд сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 6-б ангид сурдаг. 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хичээл тараад 18 цагийн орчимд сургуулиас гараад Соёл спортын ордоны баруун талд байрлах засмал замын зүүн талын явган хүний замаар манай сургуулийн 6-а ангийн сурагч нартай хамт явж байхад 6-а ангийн сурагч М  засмал замыг зүүнээс баруун тийшээ хөндлөн гарах гээд явж байхад хойноос урагшаа чиглэлтэй явж байсан саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл М-г мөргөх үед Мөнхзаяа засмал зам баруун тал руу унасан. Тэгээд манай ангийн хүүхэд Л.Б  бид хоёр М- хажууд очоод бие нь яаж байна гэж асуухад тээврийн хэрэгсэл барьж явж байсан манай ангийн сурагч Э-н ээж гэх эмэгтэй хүн машинаас бууж ирээд мөн Мө-йн биеийн байдлыг асуухад М  нөгөө эгчээс намайг уучлаарай гэж хэлж байсан. Тэгээд манай ангийн сурагч Билгүүн, нөгөө машин барьж явсан эгч  Мөнхзаяаг мөргөсөн тээврийн хэрэгслийн арын суудал дээр суулгаад Билгүүн бид хоёр тухайн газар үлдээд мөргөсөн тээврийн хэрэгслийн эгч эмнэлэг рүү М-г аваад явсан. Манай ангийн сурагч Энэрэлийн ээж гэх эмэгтэй хүн барьж явсан. 35-40 орчим настай нэг эрэгтэй хүн хамт явж байсан. Мөнхзаяаг мөргөсөн засмал зам дээр явган хүний гарц, гарам байхгүй байсан. Харин Соёл спортын ордоны харалдаа буюу М-н мөргөсөн засмал замын хойд талд явган хүний гарц, гарам байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/

 

            Гэрч Д.Э  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2022 оны 04 сарын 25-ны өдөр 13 цагийн үед манай ажлын газрын хүн ложистик явж ачаа ачья гэхээр нь хамт очиж хүлээж байгаад эргэж ирсэн би замдаа Өгөөмөрийн гудамжинд бууж үлдээд эхнэр Г  рүү залгаж хүүхдүүд тарах болж байнаа, хүүхдүүдээ авсан юм уу гэсэн, тэгсэн эхнэр хүүхдүүдээ авах гээд явж байна гэсэн, би хариуд нь юутай явж байгаа юм гэсэн чинь машинтай явж байна гэхээр нь би байгаа газраа хэлээд эхнэр манай дүү Оргилболдын машиныг унаад ирсэн. Тэгээд бид хоёр Соёл Спортын ордоны баруун талын засмал зам дээр явж байсан, би тухайн үед гар утсаар яриад явж байсан. Тэгсэн эхнэр гэнэт өө хайраа гээд орилоод машинаа зогсоогоод буусан би араас нь буусан чинь машины урд эмэгтэй хүүхэд зам дээр хэвтэж байсан. Манай эхнэр тэнд явж байсан эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэдтэй нөгөө охиныг өргөөд машины арын суудал дээр суулгасан тэр үед би эхнэрийг сандарчихсан байсан болохоор жолооны ард суусан тэгсэн эхнэр би өөрөө машин барина гэж хэлээд би хоёр солигдож суугаад хүүхдийг аваад эмнэлэг орж үзүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43/

            Шинжээч П.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2022 оны 05 сарын 03-ны өдрийн 04/130 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Г.М- биед зүүн талын умдаг ясны доод салаа зөрүүтэй, Зүүн суудал ясны гадаргуу хэсэгт жижиг ясны сэлтэрхий бүхий хугарал” гэсэн энэ хэсэг нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1- дэх хэсэгт зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна. Хуйханд зүүн чамархай хэсэгт зулгаралт, зүүн чихний дэлбээний дээд хэсэгт зулгаралт, зүүн дээд 1, 2-р шүдний эмтрэл, зүүн ташаа орчим зулгаралт, баруун ташаа орчим цус хуралт, хоёр өвдгөнд зулгаралт гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг  хамаарахгүй нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн мэдүүлэг /хях-ийн 45-46/

            Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2022 оны 05 сарын 03-ны өдрийн “1. Г.М-н биед зүүн талын умдаг ясны доод салаа зөрүүтэй, зүүн суудал, ясны гадаргуу хэсэгт жижиг ясны сэлтэрхий бүхий хугарал, хуйханд зүүн чамархай хэсэгт зулгаралт, зүүн чихний дэлбээний дээд хэсэгт зулгаралт, зүүн дээд 1,2-р шүд эмтрэлц, зүүн ташаа орчим зулгаралт, баруун ташаа орчим цус хуралт, баруун өвдгөнд, зүүн өвдгөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарах болно.

 4. Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана” гэсэн 04/130 тоот дүгнэлт /хх-ийн 48-50/

            2022 оны 04 сарын 25-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 51/

            Лазер мед эмнэлэгийн Компютер томографийн шинжилгээ, эмчийн тэмдэглэл  /хх-ийн 52-53/

            2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Тоёота Приус-20" маркийн 92-48 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар хот СБД Даун-Таунбайрлалтай ЖИТРАСТ ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэлийг шалгаж үзэхэд техникийн хувьд бүрэн байдалтай журмын хашаанд байна.

-92-48 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн тормозны явах эд анги эвдрэлгүй, тормозны шингэний дүүргэлт хэвийн, тормосны аппарат эвдрэлгүй,дуут дохио ажилтай, бөгөөд 4 ширхэг дугуй хээ стандартын шаардлага хангасан дугуй бүрэн байна.

-92-48 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг явсан замналаас үзэхэд ослын өмнө эд ангийн эвдрэлгүй бүрэн бүтэн байдалтай замын хөдөлгөөнд оролцож байсан тул зам тээврийн осол болоход техникээс нөлөөлөл үзүүлээгүй.

- 92-48 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байсан замналаас үзэхэд техникээс шалтгаалж осол болох нөхцөл үүсээгүй ослоос энэ эвдрэл гараагүй байна.

-92-48 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн дугуйнуудыг шалгаж үзэхэд дугуйн хээний гүний стандарт хангасан, машинд тавьсан 4 ширхэг дугуй стандарт хангасан байна.

-92-48 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тээврийн хэрэгсэлийн техникийн хяналтын үзлэг, оношилгоогоор орж MNS 4598-11 стандарт, хөдөлгөөний аюулгүй байдлын стандартуудын үзүүлэлтүүдийг хангаж тэнцсэн байна. 2022 оны 04 дүгээр сар 08-наас өмнө техникийн хяналтын үзлэгт хамрагдах ёстой ослоос өмнө техникийн хяналтын үзлэгийн хугацаа дууссан байна. Хэрэв техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй бол замын хөдөлгөөнд оролцохыг “Зөрчлийн тухай хуулийн 14.6.5 дугаар зүйлд хориглоно гэж заасан” гэсэн ш/17 тоот техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57-58/

2022 оны 05 сарын 24-ний өдрийн “1. Жолооч Л.Г г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а/ “... согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн байна.

 2. Явган зорчигч Б.М  Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6. “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. ...” гэсэн заалтыг зөрчсөн байна.

- Жолооч Л.Г  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэхэд техникийн шинжээч хариулах боломжгүй. Зохих эрх бүхий байгууллагаас лавлагаа авна уу.

 - Жолооч Л.Г  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а/ заалт, явган зорчигч Б.М  Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6. заалтыг тус тус зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна

- Жолооч Л.Г  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй бол.. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.a/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй бол... тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ” гэсэн 05/19 тоот техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68-69/

Шүүгдэгч Л.Г  нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй гэсэн эрүүгийн хариуцлага  хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас  /хх-ийн 83-84/

 

Шүүгдэгч Л.Г  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэсэн жолоочийн лавлагаа /хх-ийн 90/

 

Хохирогч Г.М-н хохирлын тооцоо, хохирлын баримт /хх-ийн 94-96/

 

Хохирогчид нийт 1,500,000 төгрөгийг ХААН банкны 5--- тоот данс руу буюу хохирогчийн аав гэх Ж.Баатархүүгийн данс руу шилжүүлсэн баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ганцацралын  нийт 1,500,000 төгрөг хүлэн авсан болно гэсэн тодорхойлолт /хх-ийн 128-130 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Л.Г  нь  2022 оны 04 дүгээр сарын 25‑ны өдөр 18 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Дорноговь аймгийн Замын‑Үүд сум, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Соёл спортын ордоны баруун талын засмал зам дээр 92‑48 УБВ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй явж байхдаа замаар гарч явсан насанд хүрээгүй, явган зорчигч Б.М-г  мөргөж, улмаар эрүүл мэндэд нь зүүн талын умдаг ясны доод салаа зөрүүтэй, зүүн суудал ясны гадаргуу хэсэгт жижиг ясны сэлтэрхий бүхий хугарал, хуйханд зүүн чамархай  хэсэгт зулгаралт, зүүн чихний дэлбээний дээд хэсэгт зулгаралт, зүүн дээд, 1, 2 дугаар шүд эмрэлт, зүүн ташаа орчим зулгаралт, баруун ташаа орчим цус хуралт, баруун, зүүн өвдгөнд зулгаралт бүхий хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.

 

Шүүгдэгч Л.Г   согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ замын хөдөлгөөнд оролцсон үйлдлийг Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Механик тээврийн сургуулийн  ахлах багш, доктор, шинжээчээр 46 дахь жилдээ ажиллаж байгаа Ж.Мягмаржав,  багш, дотор, шинжээчээр 12 дахь жилдээ ажиллаж байгаа Н.Мөнхзул, багш, доктор шинжээчээр 10 дахь жилдээ ажиллаж байгаа Д.Бадрах нар нь “Замын хөдөлгөөний дүрэм”‑ийн 3.7.а/-д  “...согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ ... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй бол ... тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно ...” гэж заасныг зөрчсөн талаар дүгнэлт гаргасан байна /хх-ийн 68-69/.

Түүнчлэн хохирогч Г.М-н эрүүл мэндэд учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1, 2.4.1-д зааснаар гэмтлийн  хөнгөн, хүндэвтэр зэрэгт хамаарах талаар Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.Г  нь 2022 оны 05 сарын 03-ны өдөр 04/130 тоот дүгнэлтийг гаргаж, хэрэг энэ талаар мэдүүлэг өсгөн байх ба  уг дүгнэлттэй шүүгдэгч, хохирогч нар танилцсан, энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.

 

Шүүгдэгч Л.Г  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан  захиргааны хэм, хэмжээний актыг зөрчсөний улмаас  хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Л.Г нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,

- Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8/

Осол хэргийн газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн10/

 

Шүүгдэгч Л.Г-н согтуурлыг шалгахад 0,85 хувь үзүүлэлт илэрсэн гэсэн тэмдэглэл /хх-ийн 12/

-гэрч Л.Б, Б.Э, Д.Э нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,

-насанд хүрээгүй хохирогч Б.М-н биед учирсан гэмтлийг тогтоосон Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2022 оны 05 сарын 03-ны өдрийн 04/130 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-50/

            -ослын шалтгаан нөхцөл, шүүгдэгч Л.Г нь замын хөдөлгөөний зохих зүйл, заалтыг зөрчсөн талаар гаргасан 2022 оны 05 сарын 24-ний өдрийн 05/19 тоот техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68-69/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирлын хувьд:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар шүүгдэгч Л.Г энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

Насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндийг нөхөн сэргээхэд зарцуулсан эмчилгээний зардлын 1,278,000 төгрөгийн баримт хэрэгт авагдсан байх ба шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд нийт 1,500,000 төгрөг төлсөн, энэ талаарх баримтаа хэрэгт ирүүлсэн, насанд хүрээгүй хохирогчийн хууль  ёсны төлөөлөгч эмчилгээний зардал нэхэмжлээгүй байна.

 

Хэрэг, осол болох үед жолоодон явсан 92‑48 УБВ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Л.Оргилболдын эзэмшлийнх байх бөгөөд тэрээр гомдол саналгүй болохолоо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд  эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлэхэд зарцуулсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, хэрэг үйлдэгдэхэд насанд хүрээгүй хохирогч гарцгүй газраар зорчиж явсан буруутай байдал нөлөөлсөн  зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж,  мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар  согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Л.Г нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б  овогт Л-н Г-г /РД: /   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан  захиргааны хэм, хэмжээний актыг зөрчсөний улмаас  хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар шүүгдэгч Б  овогт Л-н Г-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Шүүгдэгч Л.Гэрэлчимэг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.

 

4. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн  дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч Л.Г  нэг жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн  4-д зааснаар шүүгдэгч Л.Г  нь шүүхээс тогтоосон хязгаарлалтыг бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ЦЭРЭНХАНД