Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/206

 

 

 

 

 

 

                           2022/ШЦТ/206

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Ж.Ундармаа

Шүүгдэгч: Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ийн Б-д холбогдох 2212000000169 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт А аймгийн Э сумын .. дугаар багийн .. гэх газарт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Д-ийн Б-д /РД:../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан .. оны .. дүгээр сарын ..-ний өдөр А аймгийн Б сумын .. гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 66 ширхэг, 4.5 м3 мод бэлтгэж, тээвэрлэн ойн санд 493.920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2212000000169 дугаартай эрүүгийн хэргээс

 

            Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Л.Ж мэдүүлсэн: ...Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна. Нөхөн төлбөрөө барагдуулсан тохиолдолд гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Х-ын мэдүүлсэн: ...Р.А гэх хүний дүү Н гэх хүнээс би 2010 оны 06 дугаар сард бэлэн 5 сая төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед уг автомашин нь эгч Р.А-ийн нэр дээр байсан. Би хот орж чадахгүй байсан болохоор нэрийг нь шилжүүлж амжихгүй байсан юм. Одоо төлбөр тооцооны асуудал байхгүй. Миний эзэмшлийн автомашин байгаа юм. Д.Б гэх хүн нь 2022 оны 04 дүгээр сарын эхээр миний машиныг өтөг гаргаад өгье гэж хэлээд авсан юм. Орой нь миний эзэмшлийн машиныг авчирч байсан. Би мод хийснийг нь мэдээгүй. Одоо миний машин надаа байгаа. Би машинтай холбоотой гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.С-ийн мэдүүлсэн: ...2022 оны 04 дүгээр сарын эхээр санагдаж байна, хэдэнд гэдгийг сайн санахгүй байна. Намайг гэртээ байж байтал Б ирээд цуг модонд яваад туслаад өгөөч гэхээр нь би цуг явж модыг нь бэлдэлцээд цагаан өнгийн “Портер” машин дээр ачаад ахындаа жоохон мод буулгачих гээд замдаа гэрийнхээ гадаа 20-д ширхэг мод буулгаж авсан. Б сумын .. газраас бэлтгэсэн. Би бэлдсэн модыг цагаалж өгч байсан. Дан унанги мод тайрч байсан. Босоо мод унагаасан эсэхийг сайн мэдэхгүй байна. Би тэр талаар нь асуугаагүй. Мод бэлтгэх эрхийн бичиг байсан эсэхийг мэдэхгүй байна. Цуг модонд яваад өгөөч гэхээр нь цуг явсан. Б бид 2 байсан. Өөр хүн байгаагүй. Хэний тээврийн хэрэгсэл болохыг нь би мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Б-ийн мэдүүлсэн: ...Тогтоолтой танилцлаа. Санал, хүсэлт байхгүй. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25-26 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15, 18, 27-28, 33-36 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14, 16-17, 29-32 хуу/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 24 хуу/

2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 12 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 20, 21 хуу/

“Дамно” ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн АА-22-37 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 70-74 хуу/

“Дамно” ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн АЦ22-60 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 75-79 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 05 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 56 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 83-84 хуу/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 85-86

Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 55 тоот албан бичиг /хх-ийн 92 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр А аймгийн Б сумын .. гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 66 ширхэг, 4.5 м3 мод бэлтгэж, тээвэрлэн ойн санд 493.920 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр А аймгийн Б сумын .. газраас зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 66 ширхэг, 4.5 м3 мод бэлтгэж, тээвэрлэн ойн санд 493.920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

            иргэний нэхэмжлэгч Л.Ж-ын мэдүүлсэн “Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна. Нөхөн төлбөрөө барагдуулсан тохиолдолд гомдол, санал байхгүйгэх мэдүүлэг /хх-ийн 63-64/,

гэрч Л.Х-ын мэдүүлсэн “Р.А гэх хүний дүү Н гэх хүнээс би 2010 оны 06 дугаар сард бэлэн 5 сая төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед уг автомашин нь эгч Р.А-ийн нэр дээр байсан. Би хот орж чадахгүй байсан болохоор нэрийг нь шилжүүлж амжихгүй байсан юм. Одоо төлбөр тооцооны асуудал байхгүй. Миний эзэмшлийн автомашин байгаа юм. Д.Б гэх хүн нь 2022 оны 04 дүгээр сарын эхээр миний машиныг өтөг гаргаад өгье гэж хэлээд авсан юм. Орой нь миний эзэмшлийн машиныг авчирч байсан. Би мод хийснийг нь мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90/,  

гэрч Д.С-ийн мэдүүлсэн “Намайг гэртээ байж байтал Б ирээд цуг модонд яваад туслаад өгөөч гэхээр нь би цуг явж модыг нь бэлдэлцээд цагаан өнгийн “Портер” машин дээр ачаад ахындаа жоохон мод буулгачих гээд замдаа гэрийнхээ гадаа 20-д ширхэг мод буулгаж авсан. Б сумын .. газраас бэлтгэсэн. Би бэлдсэн модыг цагаалж өгч байсан. Цуг модонд яваад өгөөч гэхээр нь цуг явсан.Б бид 2 байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,  

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Д.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 55-56/,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25-26/,

гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15, 18, 27-28, 33-36/,

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14, 16-17, 29-32/,

2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 12 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40/,

 “Дамно” ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн АА-22-37 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 70-74/,

“Дамно” ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн АЦ22-60 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 75-79/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Д.Б нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Б нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Д.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр А аймгийн Б сумын .. гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 66 ширхэг, 4.5 м3 мод бэлтгэж, тээвэрлэсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

           Шүүгдэгч Д.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.

                                                                                                                                                                                           Шүүгдэгч Д.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Хохирол хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

            Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 493.920 төгрөгийн хохирол учирсан болох нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 12 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

            Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно” гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /493.920*3=1.481.760 /нэг сая дөрвөн зуун наян нэгэн мянга долоон зуун жар/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 1.481.760 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулах үндэслэлтэй байна.  

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж хуульчилсан байна.

            Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 56 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Б-ийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 2.744.362 төгрөгийн үнэлгээ бүхий 66-42 УНО улсын дугаартай “Портер” маркийн автомашиныг эзэмшигч Л.Х-т олгож, түүний үнэ 2.744.362 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан үүнээс 1.481.760 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, зөрүү 1.262.602 /нэг сая хоёр зуун жаран хоёр мянга зургаан зуун хоёр/ төгрөг, 444.800 төгрөгийн үнэлгээ бүхий 4.5 метр куб 66 ширхэг мод, 56.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө зэргийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Б-ийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

        Шүүгдэгч Д.Б-г өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

 

         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Д-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-с 1.481.760 /нэг сая дөрвөн зуун наян нэгэн мянга долоон зуун жар/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 56 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Б-ийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 2.744.362 төгрөгийн үнэлгээ бүхий 66-42 УНО улсын дугаартай “Портер” маркийн автомашиныг эзэмшигч Л.Х-т олгож, түүний үнэ 2.744.362 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан үүнээс 1.481.760 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, зөрүү 1.262.602 /нэг сая хоёр зуун жаран хоёр мянга зургаан зуун хоёр/ төгрөг, 444.800 төгрөгийн үнэлгээ бүхий 4.5 метр куб 66 ширхэг мод, 56.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө зэргийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулсугай.

     

              7. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

                                                                                                                                                                         

              8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нарт шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

             9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ