| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2022/0196/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/207 |
| Огноо | 2022-07-29 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/207
2022/ШЦТ/207
| / |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: А.Амарсанаа
Шүүгдэгч: В.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Совогт Вын Мд холбогдох 2212000000191 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Тсуманд төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, А аймгийн Ц сумын Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн ариутгагч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт А аймгийн Ц сумын Х тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Совогт Вын М /РД:../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч В.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан А аймгийн Цсумын Х багийн С гэх газарт 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/23 дугаартай “Хурдан морины уралдааныг хориглох тухай” захирамж болон “Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” стандарт зэрэг захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хамгаалалтын хувцас хэрэглэлийг бүрэн өмсгөж уралдуулаагүйн улмаас насанд хүрээгүй хохирогч М.Мын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2212000000191 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч М.Мын мэдүүлсэн: Би 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр аавынхаа уяж, уралдуулдаг сартай хээр зүсмийн соёолон насны морийг Архангай аймгийн Цахир сумын Цахир багийн Салтын ам гэх газарт адилхан морь унаж явсан 8 хүүхэдтэй хэсэг газарт уралдаж ирээд бариандаа орчихоод унаж явсан морио зогсоох гэтэл гэнэт үргэж давхиад би гэнэт мориноосоо унасан. Миний нүүр хэсэгт язарсан шарх үүсээд би эмнэлэгт хүргэгдэж эмчилгээ хийлгэсэн. Би бай шагнал өгөх байсан талаар мэдэхгүй байна. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Оын мэдүүлсэн: ...2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн орой 18-19 цагийн үед Архангай аймгийн Цахир сумын Цахир багийн төвд Ц.Мы хашаанд намайг мотоцикльтой очиход В.М, Б.Б, Н.Г, М.Б, Г.Б нар цугларч хууч хөөрч, уяж байсан морийг хараад шинжээд хоорондоо юм яриад сууж байсан. Тэгээд бид нар 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр болох байсан Цахиурын хурд хаврын уралдаан хойшилсон байна гээд уясан морио үсэргээд үзье гэж санал солилцоод газраа товлож сонгоод Архангай аймгийн Цахир сумын Цахир багийн Салт гэх газар цуглахаар болоод маргааш нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн өглөө 10 цагийн үед өөр өөрийн уяж байсан морийг авч очоод 8 морийг хооронд нь 6-7 км зайд уралдуулаад миний уяж байсан морь эхний 5 дээр явж байхаар нь мотоциклиор өөрийн морийг дагаад барианы газар иртэл В.Мын морийг унаж явсан хүүхэд мориноос унаад В.М өөрийн хүүхдийн хажууд зогсож байсан. Тэгсэн чинь морь нь хойшоо давхиад В.М өөрийн хүүхэд М.Мыг аваад тус сумын эмнэлэг рүү явсан гэж байсан. Яаж, хаана мориноос унасан талаар би хараагүй. Тэгээд Ц.М, Б.Б, Л.О, Н.Г, М.Б, Г.Б, бид нар өөр өөрийн гэрийн зүг морио хөтлөөд явсан. В.М, Б.Адъяабат, Ц.М, Б.Б, Н.Г, М.Б, бид нар уяж байсан нэг, нэг морийг авчирсан. Нийт 8 морь байсан. Намайг Ц.Мы хашаанд очиход Г.Б, Б.Адъяабат, В.М, Б.Б, Н.Г, М.Б, Ц.М нар маргааш морио үсэргэе гээд яриад байж байхаар нь тэгье гээд хамт ярилцаж тохироод маргааш нь уяж байсан морио уралдуулсан. М.Мо нь М.Мын сартай хүрэн зүсмийн морийг унаж байсан. Тухайн үед М.Мо нь уралдаж бариандаа орж ирээд мориноосоо газар унаж биедээ гэмтэл аваад аав В.М нь сумын эмнэлэг рүү аваад явсан. Дээрх морьдын үсэргээ, сунгаанд 8 тооны морь байсан. Морины үсэргээ, сунгаа хийгдэж байхад 12-13 насны 8 хүүхэд байсан. Тус морины үсэргээ, сунгаа ямар нэгэн бооцоо, бай шагнал байхгүй байсан. Бид нар хоорондоо бүгд ярилцаж байгаад үсэргээ зохион байгуулсан. Би морь мал сунгах, бооцоот уралдаан зохион байгуулж болохгүй талаарх аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/23 дугаартай захирамж гарсныг мэдэж байгаа. Бид нар хурдан морины уралдаан зохион байгуулах талаар холбогдох албан тушаалтанд урьдчилж мэдэгдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 38-40/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч В.Мын мэдүүлсэн: ...Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 99-100 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 195 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. М.Мын биед баруун дух ясны дотогш цөмөрсөн хугарал /3,8х1,4см, 0,5 см цөмрөл/, хугарлын харалдаа тархины хатуу бүрхүүл хальсан дээрх цусан хураа, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ. 4. Баруун дух ясны дотогш цөмөрсөн хугарал, хугарлын харалдаа тархины хатуу бүрхүүл хальсан дээрх цусан хураа гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт, нүүрний зөөлөн эдийн няцрал, шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 74-76 хуу/
Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/23 дугаартай “Хурдан морины уралдааныг хориглох тухай” захирамжийн хуулбар /хх-ийн 47 хуу/
Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/266 дугаартай “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” захирамжийн хуулбар /хх-ийн 48 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар А аймгийн Ц сумын Х багийн Сгэх газарт 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/23 дугаартай “Хурдан морины уралдааныг хориглох тухай” захирамж болон “Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” стандарт зэрэг захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хамгаалалтын хувцас хэрэглэлийг бүрэн өмсгөж уралдуулаагүйн улмаас насанд хүрээгүй хохирогч М.Мын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч В.М нь А аймгийн Ц сумын Хбагийн С гэх газар 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/23 дугаартай “Хурдан морины уралдааныг хориглох тухай” захирамж болон “Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” стандарт зэрэг захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хамгаалалтын хувцас хэрэглэлийг бүрэн өмсгөж уралдуулаагүйн улмаас насанд хүрээгүй хохирогч М.Мын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
насанд хүрээгүй хохирогч М.Мийн мэдүүлсэн “Би 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр аавынхаа уяж, уралдуулдаг сартай хээр зүсмийн соёолон насны морийг Архангай аймгийн Цахир сумын Цахир багийн Салтын ам гэх газар адилхан морь унаж явсан 8 хүүхэдтэй хэсэг газар уралдаж ирээд бариандаа орчихоод унаж явсан морио зогсоох гэтэл гэнэт үргэж давхиад би гэнэт мориноосоо унасан. Миний нүүр хэсэгт язарсан шарх үүсээд би эмнэлэгт хүргэгдэж эмчилгээ хийлгэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07/,
гэрч Л.Оын мэдүүлсэн “Бид нар 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр болох байсан Цахиурын хурд хаврын уралдаан хойшилсон байна гээд уясан морио үсэргээд үзье гэж санал солилцоод газраа товлож сонгоод Архангай аймгийн Цахир сумын Цахир багийн Салт гэх газар цуглахаар болоод маргааш нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн өглөө 10 цагийн үед өөр өөрийн уяж байсан морийг авч очоод 8 морийг хооронд нь 6-7 км зайд уралдуулаад миний уяж байсан морь эхний 5 дээр явж байхаар нь мотоциклиор өөрийн морийг дагаад барианы газар иртэл В.Мын морийг унаж явсан хүүхэд мориноос унаад В.М өөрийн хүүхдийн хажууд зогсож байсан. Тэгсэн чинь морь нь хойшоо давхиад В.М өөрийн хүүхэд М.Мыг аваад тус сумын эмнэлэг рүү явсан гэж байсан. Бид нар хоорондоо бүгд ярилцаж байгаад үсэргээ зохион байгуулсан. Би морь мал сунгах, бооцоот уралдаан зохион байгуулж болохгүй талаарх аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/23 дугаартай захирамж гарсныг мэдэж байгаа. Бид нар хурдан морины уралдаан зохион байгуулах талаар холбогдох албан тушаалтанд урьдчилж мэдэгдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40/,
өөрийн гэм бурууг хүлээж В.Мын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 99-100/,
насанд хүрээгүй хохирогч М.Мын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 195 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 74-76/ ,
Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/23 дугаартай “Хурдан морины уралдааныг хориглох тухай” захирамжийн хуулбар /хх-ийн 47/,
Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/266 дугаартай “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” захирамжийн хуулбар /хх-ийн 48/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч В.М нь гэм буруутай байна.
Иймд шүүгдэгч В.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч В.М нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч В.М нь А аймгийн Ц сумын Хбагийн С гэх газар 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/23 дугаартай “Хурдан морины уралдааныг хориглох тухай” захирамж болон “Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” стандарт зэрэг захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хамгаалалтын хувцас хэрэглэлийг бүрэн өмсгөж уралдуулаагүй байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч В.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч В.М нь гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй, шүүгдэгч В.Мд холбогдох эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 81 тоот тогтоолоор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг В.М нь зөвшөөрсөн байх тул шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Мд оногдуулсан 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч В.М нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ч нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч В.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан байх тул шүүгдэгч В.Мд оногдуулсан хурдан морь уяж, уралдуулах эрхийг хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч В.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Совогт Вын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Мыг хурдан морь уяж, уралдуулах эрхийг 01 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Мд оногдуулсан 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Мд оногдуулсан хурдан морь уяж, уралдуулах эрхийг 01 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч В.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч В.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ
|
|