Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/380

 

 

 

 

 

 

 

 

 

    2022           5          17                                   2022/ШЦТ/380

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч С.Бичинхүү

шүүгдэгч О.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205007441315 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч О.Б- 2022 оны 02 дугаар сарын 08-нд 41-38 УНЧ улсын дугаартай “Toyota Prius 11” маркийн тээврийн хэрэгслээр бусдад такси үйлчилгээ үзүүлж байхдаа Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “Ханбүргэдэй” дэлгүүрийн ойролцоо тус таксинаас буусан хохирогч О.Ц-ийн таксины мөнгө авч иртэл түр барьцаанд тавих зорилгоор итгэмжлэн хариуцуулсан “Samsung S20 ultra” загварын гар утсыг завшиж, 570.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч О.Б- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч О.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролоо 3 хоногийн дотор нөхөн төлнө. Хохирогч залуу нь миний автомашинд гар утсаа үлдээгээд явсан. Цаашид ийм үйлдэл хийхгүй.” гэв.

 

Гурав: Эрүүгийн 2205007441315 дугаартай хэргээс:

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Ц-ийн хохирогчоор өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Маргад нэртэй зочид буудлын орчмоос такси барих гээд зогсож байтал нэг машин ирж зогсохоор нь Төмөр замын Ханбүргэдэй худалдааны төв орно гэж хэлээд суусан. Тэгээд би такситай Ханбүргэдэй худалдааны төв ороод таксины тооцоо 6000 төгрөг болохоор нь утсаараа мобайлдах гэсэн чинь миний гар утас цэнэггүй болоод унтарчихаар нь би таксины жолоочид найзынхаа дэлгүүр рүү ороод мөнгө аваад ирье гэж хэлэхэд таксины жолооч чи надад ямар нэгэн юм үлдээгээд ороод ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би үлдээх юм байхгүй байсан учраас гар утсаа үлдээгээд найзынхаа дэлгүүр рүү ороод 2 минут орчим болоод мөнгө аваад гараад иртэл миний сууж ирсэн такси байхгүй болсон байсан. Тэгээд би урд шөнө нь архи уусан байсан учир ядраад гэр рүүгээ ороод амарсан. Тэгээд би маргааш нь өргөдөл гаргах гэсэн боловч амжаагүй..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал)

 

            2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.С-ын гэрчээр өгсөн: “Би Samsung S20 ultra загварын гар утас барьж байсан энэ утсыг манай аав Болдбаатар  өөрийн 41-38 УНЧ улсын дугаартай Toyota Prius 11 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ таксинд явж байхад нэг согтуу таксины тооцоонд үлдээгээд явсан гээд надад өгч байсан. Би уг гар утсанд сем картаа хийж барьж байгаад бөмбөгөр худалдааны төвийн хажуу талд байрлах орон зай гэдэг газар очоод зарсан. Тухайн үед дэлгэц нь хагарсан гар утас байсан. Дэлгэцийн кодыг нь би санамсаргүй оролдож байгаад гаргасан амархан кодтой утас байсан. Уг гар утсаа би зарах гэтэл гар утас авдаг хүмүүс дэлгэц нь хагархай утас үнэд хүрэхгүй, наад утсаа сэлбэгт өгвөл өг гэхээр нь би 50.000 төгрөгөөр сэлбэгт зарсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал)

 

3. Дамно ХХК-ийн “Samsung S20 ultra загварын гар утас 1 ширхэг 570.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан  (хавтаст хэргийн 27-28 дахь тал)

 

4.Юнител” ХХК-ны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 05-01/2687 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 54 дэх тал)

 

5. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 15.11.39 гэсэн он, сар өдөр, цаг, минут харагдаж байх ба бичлэг дээр улсын дугаар нь харагдах боломжгүй ягаан туяатай Toyota Prius 11 маркийн тээврийн хэрэгслээс хохирогч 15 цаг 12 минут 05 минутад буусны дараа 15 цаг 12 минут 10 секундэд Toyota Prius 11 маркийн тээврийн хэрэгсэл хөдлөөд цааш явж байх ба хохирогч 15 цаг 12 минут 21 секундэд төмөр торон хашаа руу ороод 15 цаг 12 минут 42 секундэд буцаад төмөр хашаанаас гарч ирээд машиныг хийж байгаад 15 цаг 13 минут 42 секундэд буцаад төмөр хашаа руу орж байна ” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 07-09 дэх тал)

 

 

             6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Б-ын яллагдагчаар өгсөн:

“Одоогоос 2 сарын өмнө би таксинд өөрийн 41-38 УНЧ улсын дугаартай Toyota Prius 11 машинтай явж байхдаа нисдэг машины ойролцоогоос нэг эрэгтэй хүн гараа өргөж байхаар нь аваад Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах Ханбүргэдэй дэлгүүрийн ойролцоо буусан. Тэгээд уг залуу Samsung S20 ultra гар утсаа машин голын хайрцаг нь дээр тавиад буучихсан байсан. Би хөдлөөд явж байгаад дараагийн хүнийг авахад нэг эмэгтэй хөгшин хүн суугаад надад уг утсыг энэ утас байна шүү дээ гээд өгөхөд өмнөх  буусан залуугийн гар утас байсан. Утасыг би аваад урд хайрцагтаа хийж явж байгаад гэртээ үлдээгээд байж байгаад уг утсыг би засварт орон зай дэлгүүрт үзүүлэхэд дэлгэц нь эвдэрчихсэн 500.000-600.000 төгрөгөөр солино гэхээр нь тэнд явж байсан явуулын эрэгтэй хүнд 50.000 төгрөгөөр зарчихсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал)

 

 7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 43 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 47 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Дөрөв:  Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар О.Б- 2022 оны 02 дугаар сарын 08-нд 41-38 УНЧ улсын дугаартай “Toyota Prius 11” маркийн тээврийн хэрэгслээр таксины үйлчилгээ үзүүлж явахдаа Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “Ханбүргэдэй” дэлгүүрийн ойролцоо тус таксинаас буусан хохирогч О.Ц-ийн таксины мөнгө авч иртэл түр барьцаанд тавих зорилгоор итгэмжлэн хариуцуулсан “Samsung S20 ultra” загварын гар утсыг завшиж 570.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт авагдсан байна.

 

Шүүгдэгч О.Б- нь хохирогч О.Ц-ийн итгэмжлэн хариуцуулсан “Samsung S20 ultra” загварын 570.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг өөртөө завшсан болох нь:          

О.Ц-ийн хохирогчоор өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр би...такситай Ханбүргэдэй худалдааны төв ороод таксины тооцоо 6000 төгрөг болохоор нь утсаараа мобайлдах гэсэн чинь миний гар утас цэнэггүй болоод унтарчихаар нь би таксины жолоочид найзынхаа дэлгүүр рүү ороод мөнгө аваад ирье гэж хэлэхэд таксины жолооч чи надад ямар нэгэн юм үлдээгээд орчоод ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би үлдээх юм байхгүй байсан учраас гар утсаа үлдээгээд найзынхаа дэлгүүр рүү ороод 2 минут орчим болоод мөнгө аваад гараад иртэл миний сууж ирсэн такси байхгүй болсон байсан. Тэгээд би урд шөнө нь архи уусан байсан учир ядраад гэр рүүгээ ороод амарсан. Тэгээд би маргааш нь өргөдөл гаргах гэсэн боловч амжаагүй..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал), Б.С-ын гэрчээр өгсөн: “Би Samsung S20 ultra загварын гар утас барьж байсан энэ утсыг манай аав Болдбаатар  өөрийн 41-38 УНЧ улсын дугаартай Toyota Prius 11 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ таксинд явж байхад нэг согтуу таксины тооцоонд үлдээгээд явсан гээд надад өгч байсан. Би уг гар утсанд сим картаа хийж барьж байгаад бөмбөгөр худалдааны төвийн хажуу талд байрлах орон зай гэдэг газар очоод зарсан. Тухайн үед дэлгэц нь хагарсан гар утас байсан. Дэлгэцийн кодыг нь би санамсаргүй оролдож байгаад гаргасан амархан кодтой утас байсан. Уг гар утсаа би зарах гэтэл гар утас авдаг хүмүүс дэлгэц нь хагархай утас үнэд хүрэхгүй, наад утсаа сэлбэгт өгвөл өг гэхээр нь би 50.000 төгрөгөөр сэлбэгт зарсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал), О.Б-ын яллагдагчаар өгсөн: “...Орон зай дэлгүүрт үзүүлэхэд дэлгэц нь эвдэрчихсэн 500.000-600.000 төгрөгөөр солино гэхээр нь тэнд явж байсан явуулын эрэгтэй хүнд 50.000 төгрөгөөр зарчихсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал), Дамно ХХК-ийн  хөрөнгийн үнэлгээний тайлан  (хавтаст хэргийн 27-28 дахь тал), Юнител ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 05-01/2687 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 54 дэх тал), Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 07-09 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан завших гэмт хэргийн тухайд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, албан байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг хэлж буй гэж ойлгоно.

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч О.Б- нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 15 цаг 12 минут орчимд хохирогч О.Ц-ийн таксины тооцооны 6000 төгрөгийг авч иртэл түүнд үлдээсэн Samsung S20 ultra загварын 570.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг түр барьцаанд авснаар хохирогчийн эд хөрөнгө түүний эзэмшилд түр хугацаанд шилжсэн байна.

 

Тодруулбал,  хохирогчийн гар утас унтарсан гэж мэдүүлэх ба тэрээр таксины төлбөрийг төлөх боломжгүй болсон тул шүүгдэгчид гар утсаа түр хугацаагаар үлдээсэн нь бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгах эрх, нөгөө талаас боломжийг бий болгосон бөгөөд уг эд хөрөнгийг шүүгдэгч О.Б- нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 15 цаг 12 минут 10 секундэд Samsung S20 ultra загварын 570.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг авч явж өөртөө завшсан нь объектив болон субъектив нөхцөл байдалд хамаарах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч О.Б- нь шунахай сэдэлтээр, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Хэргийн шүүгдэгч нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Тав. Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч О.Б-ыг Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч О.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргалаа.

 

О.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Б-т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ,  хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, насны байдал  /58 настай/ зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзсэн болно.

 

            Мөн шүүгдэгч О.Б-т гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа  хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

            Иймд О.Б-ыг Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

            Шүүхээс О.Б-т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор түүнд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан  “оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

 

Зургаа: Бусад асуудлын талаар 

Энэ хэргийн хохирогч О.Ц-ийн эд хөрөнгийн хохирол болох 570.000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч О.Б-аас 570.000 төгрөгийг гаргуулж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч О.Ц-т олгох нь зүйтэй.  

 

 Дээрх эд зүйлийн үнэлгээг тогтоосон “Дамно” ХХК-ийн “хөрөнгийн үнэлгээний төлбөр 18.000 төгрөг” гэсэн нэхэмжлэл (хавтаст хэргийн 26 дахь талд) авагджээ.

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардалд хамаарах хөрөнгийн үнэлгээ хийгдсэний төлбөр болох 18.000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-аас гаргуулж “Дамно” ХХК-д олгохоор шүүх шийдвэрлэв.

 

         Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг тус тус дурдав.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. О.Б- “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч О.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. О.Б-ын тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг О.Б-т мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-аас 570.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Ц-т олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-аас 18.000 төгрөг гаргуулж “Дамно” ХХК-д олгосугай.

 

9.  О.Б- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

 

10. Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ