Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 1383

 

МАГАДЛАЛ

 

2017.06.14                                                  Дугаар 1383                                   Улаанбаатар хот

 

 

 

 

 

С.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/00359 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Р.Доржид холбогдох,

 

Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, уг орон сууцны хамтран өмчлөгчөөр хүү Д.Гэрэлт-Од, охин Д.Бүжинлхам нарыг тогтоож, уг орон сууцнаас Р.Доржид ногдох хэсгийг олгож, өмчлөгчөөс хасах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Балжинсүрэн,

Хариуцагч: Р.Дорж,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Батхүү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баянжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Р.Доржтой 2010 оны 8 дугаар сард танилцаж, 2011 оноос хамтран амьдарсан. Бидний дундаас 2012 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүү Доржийн Гэрэлт-Од, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр охин Доржийн Бүжинлхам нар төрсөн. Бид хамтран амьдрах хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд харин хүүхдүүдээ эцгээр нь овоглосон юм. Р.Дорж нь 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр салют буудуулж байгаад тэсрэлтэнд нь өртөж, хөдөлмөрийн чадвараа 75 хувиар алдсан. Бидний харилцаа 2016 оноос хойш таарамжгүй болж, улмаар Р.Дорж нь гэртээ ирэх нь багасч, гадуур их хонодог болсон. Энэ асуудал нь даамжирч, бид хүүхдүүдийнхээ өмнө бие биенийхээ биед гэмтэл учруулах хэмжээнд хүртэл мууталцсан. Миний бие хүүхдүүдээ бодоод буцаж нийлэх, эвлэрэх арга хэмжээ авсан боловч Р.Дорж нь өөр эмэгтэй хүнтэй нууцаар уулзалдаж байсныг 2016 оны 7 дугаар сард мэдээд бид тусдаа амьдарч байгаа ба 2 хүүхэд маань миний асрамжид байгаа. Цаашид Р.Доржтой эвлэрч, хамт амьдрах боломжгүй. Иймээс хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээх талаар Р.Доржтой тохиролцсон, хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Р.Дорж бид хоёр хамтран амьдрах хугацаандаа буюу 2013 онд Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш 25 дугаар байр, 83 тоот, 67.03 м.кв талбайтай орон сууцыг 107 248 000 төгрөгөөр худалдаж авахад миний эцэг, эхийн талаас 20 000 000 төгрөг, Р.Доржийн эцэг, эхийн талаас үлдсэн төлбөрийг төлсөн. Иймээс уг орон сууцны хамтран өмчлөгчөөр хүү Д.Гэрэлт-Од, охин Д.Бүжинлхам нарыг тогтоож, Р.Доржид уг орон сууцнаас ногдох хэсгийг олгож, өмчлөгчөөс хасч өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Бидний харилцаа таарамжгүй байсны улмаас бид хамтран амьдрах боломжгүй болсон, С.Мягмарсүрэнгийн хувьд намайг үл тоож байсан. Би хүүхдүүддээ сайн хандаж байсан. С.Мягмарсүрэн бид хоёр харилцан тохиролцоод хоёр хүүгээ эхийнх нь асрамжид үлдээхээр болсон, харин хүүхдүүдтэй маань байнга уулзуулж байхыг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. Орон сууцны хувьд С.Мягмарсүрэн бид хоёр хамтран амьдрах хугацаандаа Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш 25 дугаар байр, 83 тоот, 67.03 м.кв талбайтай орон сууцыг 107 248 000 төгрөгөөр худалдаж авсан. С.Мягмарсүрэнгийн аав 20 000 000 төгрөг төлсөн, манай эцэг, эх 87 248 000 төгрөгийг төлсөн. Иймээс байраа 50 хувиар хуваах, эсхүл энэ гуравтаа 2 өрөө орон сууц авч өгөх бодолтой байна, бид энэ талаар тохиролцоонд хүрээгүй гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү Доржийн Гэрэлт-Од, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Доржийн Бүжинлхам нарыг эх С.Мягмарсүрэнгийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү Д.Гэрэлт-Од, охин Д.Бүжинлхам нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр cap бүр эцэг Р.Доржоос тэтгэлэг гаргуулж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг баримтлан хариуцагч Р.Доржоос гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан эцэг,      эх нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байж, хүү Д.Гэрэлт-Од, охин Д.Бүжинлхам нарыг эцэг Р.Доржтой нь 7 хоногт хоёроос доошгүй удаа уулзуулж байхыг эх С.Мягмарсүрэнд даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.2, 129.3, 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш 25 дугаар байр, 83 тоот, 67.03 м.кв талбайтай орон сууны хамтран өмчлөгчөөр хүү Д.Гэрэлт-Од, охин Д.Бүжинлхам нарыг тогтоож, уг орон сууцнаас Р.Доржид ногдох хэсэг болох 42.899.200 төгрөгийг нэхэмжлэгч С.Мягмарсүрэнгээс гаргуулан хариуцагч Р.Доржид олгох, Р.Доржийг уг орон сууцны өмчлөгчөөс хасаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1,58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Мягмарсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 70.200 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 623.990 төгрөгийг гаргуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот дансанд оруулах, хариуцагч Р.Доржоос улсын тэмдэгтийн хураамжид 479.343 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Мягмарсүрэнд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу олгодог халамжийн мөнгөнөөс өөр орлогогүй дахин амьдрах орон сууц худалдан авах боломжгүйгээс гадна миний эцэг, эх орон сууц худалдан авах мөнгөний 80 гаруй хувийг буюу дийлэнх хэсгийг төлсөн байхад намайг өмчлөгчөөс хасаж, орон сууцны хамтран өмчлөгчөөр хүү Д.Гэрэлт-Од, охин Д.Бүжинлхам нарыг тогтоож шийдвэрлэсэнийг зөвшөөрөхгүй. Хэдийгээр би хөгжлийн бэрхшээлтэй ч хүүхдийн тэтгэлэг төлөх үүргийг надад ногдуулсан шүүхийн шийдвэрийг зөвшөөрсөн байгаа ч дахин хүүхдүүдээ орон сууцаар хангах үүргийг давхар ногдуулж, хөдөлмөрийн чадвартай, эрхтэн бүтэн С.Мягмарсүрэнд үүрэг ногдуулаагүйд гомдолтой байна. Дээр бичсэнчлэн миний хувьд өөрөө хөдөлмөрлөж орон байртай болох боломжгүй байдлыг болон үл хөдлөх эд хөрөнгийг бий болгоход дийлэнх хэсгийг төлсөн зэргийг харгалзан үзээд орон сууцыг миний өмчлөлд үлдээж, орон сууцны өмчлөгчөөс С.Мягмарсүрэн болон 2 хүүхдийг хасаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

Орон сууцыг худалдан авахад С.Мягмарсүрэнгийн төлсөн 20 000 000 төгрөгийг би төлөхөөс гадна хүүхдүүдээ орон байртай болгоход тусалж, дэмжих болно. Дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг мөнгөө нийлүүлсэний үр дүнд бий болгосон Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3 дахь хэсгт заасны дагуу бий болсон эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар маргаан гарвал эд хөрөнгө нийлэх холилдохоос өмнө гол, эсхүл ихэнх хэсгийг өмчилж байсан этгээд шинээр бий болсон эд хөрөнгийн өмчлөгч байна гэж зааснаар хариуцагч орон сууцыг бий болгоход мөнгөн хөрөнгийн дийлэнх хэсгийг буюу 80 гаруй хувийг ба 87 248 000 төгрөгийг төлсөн тул тэрээр орон сууцны өмчлөгч байх юм. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарыг хамтын амьдралтай байсан тэдгээрийн хооронд гэрлэгсдийн эрх, үүрэг үүсээгүй гэж үзсэн атлаа Иргэний хуулийн 126, 129, 130 дугаар зүйлүүдийг баримтлан орон сууцны хамтран өмчлөгчөөр 2 хүүхдийг тогтоож хариуцагч Р.Доржийг өмчлөгчөөс хасч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нөгөө талаар Р.Дорж, С.Мягмарсүрэн нар эцэг, эх болохын хувьд үр хүүхдийнхээ өмнө төдийгүй бие биенийхээ өмнө үүрэг хүлээж, эрх эдэлж болдог. Энэ үүрэг нь гэрлэлтээ бүртгүүлсэн эцэг, эхтэй нэгэн адил харилцан хүлээх үүрэг ба С.Мягмарсүрэн Р.Доржид туслалцаа шаардлагатай байхад асарч халамжлах тэжээн тэтгэх үүргээс зугтсан төдийгүй бусдын туслалцаагүйгээр хэвийн амьдрах боломжгүй, туслалцаа зайлшгүй шаардлагатай хүнийг амьдрах орон байргүй болгосон байгаа зэргийг харгалзан үзэж орон сууцны өмчлөгчөөр Р.Доржийг хэвээр үлдээж, Д.Гэрэлт-Од, Д.Бүжинлхам, С.Мягмарсүрэн нарыг орон сууцны өмчлөгчөөс хасч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй боловч давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч С.Мягмарсүрэн нь хариуцагч Р.Доржид холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, уг орон сууцны хамтран өмчлөгчөөр хүү Д.Гэрэлт-Од, охин Д.Бүжинлхам нарыг тогтоон, орон сууцны үнээс Р.Доржид ногдох хэсгийг олгож, түүнийг өмчлөгчөөс хасуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийг эхийн асрамжид үлдээх, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хэсэгт маргаагүй, 2 хүүхдийг орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоох, орон сууцны хамтран өмчлөгчийн бүртгэлээс өөрийг нь хасах шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигч нь 2011 оноос хамтын амьдралтай байх хугацаанд 2012 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүү Д.Гэрэлт-Од, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр охин Д.Бүжинлхам нар төрсөн, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хотхон, Махатма Ганди гудамж 25 дугаар байр, 83 тоот хаягт байрлах 67,03 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнэ 107 248 000 төгрөгөөс нэхэмжлэгч нь          20 000 000 төгрөг, хариуцагч 87 248 000 төгрөгийг төлсөн, уг орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч, хариуцагч нар бүртгэгдсэн, тэд 2016 оны 7 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа зэрэг үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн асрамж, тэтгэлэг, орон сууцыг нэхэмжлэгчид үлдээхтэй холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

Харин зохигчдын орон сууцны өмчлөлтэй холбогдох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийн үндсэн дээр талууд орон сууцыг хамтран өмчилж байгаа гэж шүүх зөв дүгнэсэн атлаа гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэхэд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг баримталсан нь буруу юм.

Учир нь эд хөрөнгийн үнээс төлсөн хэмжээнд дүйцүүлэн орон сууцны өмчлөх хэсгийг талууд тогтоогоогүй, зохигчид хэн аль нь орон сууцны хамтран өмчлөгч гэдэгтээ маргаагүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан гэр бүлийн гишүүдийн эрх, үүрэг зохигчдын хооронд үүсээгүй тэдгээрийг гэр бүлийн гишүүд гэж үзэх үндэслэлгүй учир Иргэний хуулийн 126, 129, 130 дугаар зүйлийн зохицуулалт энэ маргааныг шийдвэрлэхэд хэрэглэгдэхгүй.

Түүнчлэн шүүх Д.Гэрэлт-Од, Д.Бүжинлхам нарыг орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоохдоо орон сууцны үнээс зохигчдын төлсөн мөнгөн дүнд харьцуулан дүгнэлт     хийсэн нь дээрх хуульд нийцээгүй, хариуцагчийг орон сууцны өмчлөгчөөс хасах үндэслэлээ шийдвэрт заагаагүй байна.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоос “...орон сууцны хамтран өмчлөгчөөс хассан гэх, түүний өмгөөлөгчийн “...нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд гэрлэгсдийн эрх, үүрэг үүсээгүй...” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

Давж заалдах шатны шүүх хэргийн нотлох баримтын хүрээнд дүгнэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтад дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулах боломжтой.

Шүүхийн шийдвэрийн “тодорхойлох” хэсгийг “үндэслэх нь” гэж бичсэн нь буруу боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд заасан шийдвэрийн бүтэц, агуулгад нийцсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/00359 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хотхон, Махатма ганди гудамж 25 дугаар байр, 83 тоот хаягт байрлах 67,03 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч С.Мягмарсүрэнд үлдээж, түүнээс 53 624 000 төгрөгийг гаргуулан хариуцагч Р.Доржид олгож, нэхэмжлэлээс үлдэх орон сууцны хамтран өмчлөгчөөр Д.Гэрэлт-Од, Д.Бүжинлхам нарыг тогтоох, Р.Доржийг орон сууцны өмчлөгчөөс хасуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 6 дахь заалтын “хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 479 343 төгрөг гаргуулан...” гэснийг “нэхэмжлэгчээс 426 070 төгрөг гаргуулан хариуцагчид” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас    төлсөн улсын тэмдэгтийн хураамж 694 190 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           А.МӨНХЗУЛ

                                                ШҮҮГЧИД                          Ш.ОЮУНХАНД

                                                                                           М.НАРАНЦЭЦЭГ