Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2021/00389

 

З.Э-, Э.Э- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

          2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/01896 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1933 дугаар магадлалтай,

        Нэхэмжлэгч: З.Э-

        Нэхэмжлэгч: Э.Э-

        Хариуцагч: “Ариг банк” ХХК

      нэхэмжлэл: 2016-05-25-ны өдрийн 2107002237 тоот, 2017-12-18-ны өдрийн 2100004452 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 2014-07-03-ны өдрийн 14/02-29 тоот, 2014-11-10-ны өдрийн 14/02-110 тоот, 2015-03-19-ний өдрийн 2107001078 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, гэрээгээр илүү төлсөн 9,634,526 төгрөгийг буцаан гаргуулах тухай,

      сөрөг нэхэмжлэл: 2016-05-25-ны өдрийн 2107002237 тоот гэрээний үүрэгт 19,415,590 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, 2017-12-18-ны өдрийн 2100004452 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах 12,918,848 төгрөг гаргуулах барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг

        Хяналтын журмаар 2019-12-16-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн, С.Баасанбат нарын гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Оюунзул, нарийн бичгийн даргад Х.Амарбаясгалан нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: “Ариг банк” ХХК-с 2014-07-03-ны өдөр байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний дагуу 15,000,000 төгрөгийг 2.3%-н хүүтэй, 2014-11-10-ны өдөр байгуулсан гэрээгээр 13,440,000 төгрөгийг мөн 2.3%-н хувийн хүүтэй, 2015-03-19-ний өдөр swipe зээл буюу 5,000,000 төгрөгийг жилийн 10%-н хүүтэйгээр тус тус зээлсэн. Уг зээлийн гэрээнүүдийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлж байхад 2016-05-25-ны өдөр банкнаас дуудаад олон жижиг зээлийн гэрээнүүдийн нэг дор нэгтгэе гэдэг саналыг тавиад тус өдрөө 2237 тоот дугаартай зээлийн гэрээг байгуулсан. 2237 тоот зээлийн гэрээ нь нэхэмжлэгч нартай байгуулсан дээрх 3 зээлийн гэрээнээс гадна А.Амаржаргал, С.Даваасүрэн нарын орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл 11,500,000 төгрөгийг нэмээд нийт 33,500,000 төгрөгийн зээл олгосон мэтээр байгуулж, жилийн хүүг 42% гэсэн нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Энэ гэрээ болон 2017-12-18-ны өдрийн 4452 тоот зээлийн гэрээнүүдийн хүчин төгөлдөр бус байна,энэ гэрээгээр нэхэмжлэгчид огт мөнгө олгоогүй боловч зээлийн хүү нь өндөр байна, яагаад ийм гэрээ байгуулагдсан гэдэг асуудал яригдаад банкинд хүсэлт өгснөөр 2017-12-18-ны өдөр цуцлагдсан. Гэхдээ өмнөх 4 гэрээний үлдэгдэл нь нийтдээ 20,000,000 төгрөг байна, барьцаа хөрөнгө чинь хүрэлцэхгүй байгаа учраас 5,000,000 төгрөгийг бэлнээр нэмж өгөөд ганц зээл болгоод авчих гэж яриад 15,000,000 төгрөгийн буюу сүүлийн 4452 тоот зээлийн гэрээг байгуулсан тул ИХ-н 451.1, Банк эрх бүхий хуулийн этгээд төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.4-т заасныг тус тус зөрчсөн гэрээнүүд юм. Зээлийн дагуу бэлнээр мөнгө олгоогүй, зээлдэгчийн зөвшөөрөлгүй зээлүүдийг нэмж нэгтгээд хүүг нь ихэсгэж авсан, мөн бусдын зээлийг төлүүлж байгаа нь хууль бус гэрээ болсон гэж үзэж байна. А.Амаржаргалын зээлийн гэрээний үүргийг З.Э-д хариуцуулсан нь хууль бус болсон. Зээлийн үлдэгдлийг дахин зээл хэлбэрээр авсан мэтээр олгосноос болж 2.3%-н хүүтэй зээл нь /swipe/ ороод ирэхээр 2.1%-н хүүтэй болох ёстой байтал 3.5% болсон тул хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ болсон байна. Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд гэвэл хамгийн эхний 0229 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл нь 8,729,144 төгрөг байсан. 110 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл нь 8,485,490 төгрөг, swipe зээлийн үлдэгдэл нь 4,072,856 төгрөг нийтдээ 21,287,490 төгрөгийг банкинд төлөх ёстой байсан. Гэтэл нэгтгэснээс хойш нэхэмжлэгч тухайн банкинд 22,342,016 төгрөгийг төлсөн.  Ингээд төлөөд явж байгаад хүү нь өндөр болохыг мэдэнгүүтээ хүсэлт өгөөд цуцлахад төлсөн 22,342,016 төгрөгнөөс нь ердөө 1,342,000 төгрөгийг үндсэн төлөлтөнд хасагдаад үлдсэн нь банкны хүү гэдэг агуулгаар аваад үндэслэлгүй хөрөнгөжсөн. Сүүлд 4452 тоот зээлийн гэрээг байгуулахдаа 15,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй мэтээр байгуулсан нь хууль бус. Нэхэмжлэгч нар нь нийт 21,287,490 төгрөг төлөх үүрэгтэй боловч 27,342,016 төгрөгийг төлсөн. Хариуцагчтай эвлэрэн хэлэлцэх талаар очиход зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тогтооё гэж бодвол таны 2 машины болон swipe зээлийн гэрээний төлөлтийг бид нар аваагүй гэсэн үг, өнөөдрийг хүртэл хүү алданги хэдэн төгрөг болох вэ, тэрийгээ бодож үзээрэй, шүүхээр маргаад яв, эсхүл сүүлийн 4452 тоот зээлийн гэрээний үүргээ дуугүй биелүүлээд яв, тэр нь та нарт ашигтай гэсэн хариу өгсөн. Ингээд өмнөх зээлийн гэрээний үлдэгдлийг төлөөд дуусчихаад байхад төлөөгүй гээд үүргээ дуусгавар болгохгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. ИХ-н 236.1.1-т үүрэг гүйцэтгэгч үүргийг зохих ёсоор гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болно гэж заасан байдаг. Зээлийн гэрээг нэгтгэж эргэн төлөлтийг авч байгаа нь тухайн банкны асуудал. Хууль мэдэхгүй иргэнийг дуудаад өөрсдийн давуу байдлаа ашиглаад эвтэйхэн санал тавьж байгаа мэт боловч эсрэгээрээ эрх ашгийг нь зөрчсөн гэрээ хийсэн. Гэтэл нэхэмжлэгч нь нэгтгэхээс өмнөх зээлийн гэрээг төлөөд дуусгаж байна гэдэг санаа бодлоор л өнөөдрийг хүртэл энэ мөнгийг банкинд төлж ирсэн. Тийм учраас үүргээ зохих ёсоор биелүүлсэн байна. 3 гэрээний үлдэгдлийг төлөөд дууссан учраас уг гэрээнүүдийг дуусгавар болсныг тогтоолгож, илүү төлсөн 9,634,526 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2237 тоот зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч 33,500,000 төгрөгийг зээлж аваагүй. Тус гэрээ нь 17/0229 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэлд 8,729,146 төгрөг, 110 дугаартай гэрээний үлдэгдэл 8,541,775 төгрөг, 1078 дугаартай гэрээний үлдэгдэл 4,072,856 төгрөг, н.А.Амаржаргалын 2107001105 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 11,429,695 төгрөгийг нэгтгэсэн зээлийн гэрээ тул энэ гэрээний дагуу огт мөнгө аваагүй. 2017-12-07-ны өдөр хүртэл нэхэмжлэгч төлөлт хийж явж байгаад “Ариг банк” ХХК-д гэрээ цуцлах хүсэлт өгсөн, банк хүлээж аваад зөвшөөрөөд тэр дор нь гэрээг цуцлангуутаа 4452 тоот зээлийн гэрээг байгуулсан. Уг 4452 тоот зээлийн гэрээг байгуулахдаа таны авсан зээлийн гэрээнүүдийн үлдэгдэл нь 20,000,000 төгрөг байна, таны төлсөн мөнгө нь 22,342,016 төгрөг байна, төлөх ёстой үндсэн зээлээс 1,287,490 төгрөг л хасагдсан байна, үлдэх нь төлөгдөөгүй байна гэдэг. 2237 тоот нэмж нэгтгэсэн зээлийн гэрээ нь хүүг нь өсгөхөөс гадна эргэн төлөлтийн график дээрээ 8, 9 сар орчим хүүг урьдчилаад авсныг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ. Үндсэн зээл нь төлөгдөхгүй хуримтлагдсан. 4452 тоот зээлийн гэрээний дагуу огт мөнгө аваагүй, мөн уг гэрээ байгуулагдах эрх зүйн үндэслэл байгаагүй учраас зээлийн гэрээний үүрэгт 12,429,312 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Хариуцагч тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: “Ариг банк” ХХК нь иргэн Э.Э-тай 2014-07-03-ны өдөр 140229 тоот санхүүгийн түрээсийн гэрээгээр 15,000,000 төгрөгийг 2014-11-10-ны өдөр 110 тоот санхүүгийн түрээсийн гэрээгээр 13,440,000 төгрөгийг 27.6%-н хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Мөн Э.Э- 5,000,000 төгрөгийг 2015-03-19-ний өдөр жилийн 10%-н хүүтэй 6 сарын хугацаатай тус тус зээлсэн. Мөн зээлдэгч А.Амаржаргал 2015-03-19-ний өдөр 2107001105 тоот орон сууц барьцаалсан шуурхай зээл өгч 15,000,000 төгрөгийн зээлийг жилийн 43%-н хүүтэй 24 сарын хугацаатай зээлсэн. Ингээд зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь буюу зээл төлөх хугацаа явагдаж байсан ч зээлдэгч нар буюу Э.Э- А.Амаржаргал нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн. Уг зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөнөөр нэмэгдүүлсэн хүү, торгууль бодогддог байсан. Нэхэмжлэгч З.Э- нь А.Амаржаргалын хамт ирж, Э.Э-гийн нэр дээрх 3 зээл, өөрийн нэр дээрх 1 зээл, нийт 4 зээлийг нэгтгэж нэг зээл болгох талаар хүсэлт манай банкинд гаргасан бөгөөд уг хүсэлт нь хэрэгт авагдсан. Хүсэлтийнх нь дагуу 2016-05-25-ны өдөр 2107002237 тоот зээлийн гэрээг байгуулсан, зээлийн гэрээний хамтран зээлдэгч буюу хамтран үүрэг гүйцэтгэгчээр З.Э- оролцсон. Зээл болон барьцааны гэрээ нь нотариатаар гэрчлүүлсэн, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байгаа. Банк эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламжийн тухай хуулийн 23 дугаар зүйлд зээлийн хувийн хэргийн талаар зохицуулсан байдаг. Хувийн хэрэгт зээлийн хүсэлт нь байдаг бөгөөд уг хүсэлтэд зээлийн хүү, зээлийн зориулалт, хугацааны талаар тусгагддаг. 2016-05-25-ны өдрийн байдлаар эхний 140229 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 8,729,144 төгрөг, н.Э-гийн нэр дээр 110 тоот зээлийн гэрээ нь 8,485,494 төгрөгийн, 5,000,000 төгрөгийн swipe зориулалтын зээлийн үлдэгдэл нь 4,072,857 төгрөг, А.Амаржаргалын 2107001105 тоот зээлийн гэрээний үлдэгдэл нь 11,429,695.53 төгрөг, нийт 30,000,000 гаруй төгрөгийн үлдэгдэл байсан. Талууд харилцан тохиролцоод 4 зээлийн үлдэгдлийг нэгтгэх талаар хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийнх нь дагуу банк 33,500,000 төгрөгийн зээл олгосон. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.4-т зээлийн дансанд гүйлгээ орсноор зээл олгосонд тооцно гэж заасан байдаг. 33,500,000 төгрөгийн зээлийн гэрээнд А.Амаржаргал үндсэн зээлдэгчээр, З.Э- нь хамтран зээлдэгчээр оролцсон. А.Амаржаргалын дансанд 33,500,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Энэ талаарх дансны хуулга хэрэгт авагдсан байгаа. Үүнээс зээл олгосны шимтгэл 167,500 төгрөг, зээлийн өргөдлийн хураамж 40,000 төгрөгийг авч 33,287,500 төгрөгийг харилцагч А.Амаржаргал нь өөрийн харилцахын данснаас зарлага гаргаснаар 4 зээлийг төлсөн гэж ойлгох тул 4 зээлийг хаасан нь тодорхой. ИХ-н 236.1.1-т зааснаар үүрэг дуусгавар болгосон гэж үзэхгүй, харин 236.1.3-т зааснаар үүргийг талууд харилцан тохиролцож сольсон асуудал гэж үзэж байгаа. 2017-12-27-ны өдөр 15,000,000 төгрөгийн зээлийг 25.2%-н хүүтэй, 36 сарын хугацаатай, 2017-12-18-ны өдөр 15,000,000 төгрөгийн зээл олгох шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн зээлийн дансны харилцах данс руу 15,000,000 төгрөг орж, нэхэмжлэгч нь тухайн данснаас мөнгөө авсан нь дансны хуулгаар харагдана. Нэхэмжлэгчийн депозит дансны үлдэгдэл 5,000,000 төгрөгт нэмж 15,000,000 төгрөгийн зээл олгоод нийт 20,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй данс байснаас зээл олгосон шимтгэлд 75,000 төгрөгийг суутгаад 19,925,000 төгрөгийн зарлага гаргаж нэхэмжлэгч өөрөө авсан. Энэ нь гүйлгээний баримттай байдаг. Нэхэмжлэгч нь 19,925,000 төгрөгийг бэлнээр авч явсан байна. Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд 3 зээлийн үлдэгдлийг төлсөн гэдгийг зөвшөөрөхгүй, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, торгууль бодогддог журамтай. Гэхдээ гэрээний үүрэг дуусгавар болоогүй, шинэ зээлээр үүргийг сольчихсон тул зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 4 зээлийг нэгтгээд 2016-05-25-ны өдөр 33,500,000 төгрөгийн 2107002237 тоот дугаартай барьцааны гэрээ байгуулсан, энэ зээлийн гэрээний үүрэгт 19,415,590 төгрөг гаргуулах мөн З.Э-тай байгуулагдсан 2017-12-18-ны өдрийн 2100004452 тоот зээлийг гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж 12,918,848 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

      Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 183/ШШ2019/01896 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 58.2.1, 282.4, 451.1 дэх хэсэгт хэсэгт заасныг баримтлан 2016-05-25-ны өдрийн 2107002237 тоот зээлийн гэрээ, 2017-12-18-ны өдрийн 2100004452 тоот зээлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, 2014-07-03-ны өдрийн 14/02-29 тоот зээлийн гэрээ, 2014-11-10-ны өдрийн 14/02-110 тоот зээлийн гэрээ 2015-03-19-ний өдрийн 2107001078 тоот зээлийн гэрээний үүрэг тус тус дуусгавар болсон болохыг тогтоож, зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 11,284,542 төгрөгийг “Ариг банк” ХХК-с гаргуулж З.Э-, Э.Э- нарт олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 58.2.1, 56.1.10, 282 дугаар зүйлийн 282.4, 451 дүгээр зүйлийн 451.1, дэх хэсэгт заасныг баримтлан “Ариг банк” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,112,950 /400,500+157,900+554,550/ төгрөг, хариуцагчийн төлсөн 389,823 /319,623+70,200/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,112,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1933 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/01896 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “56.1, 58.2.1, 282.4” гэснийг хасч, “451.1” гэснийг “56.5” гэж, “...11,284,542 төгрөгийг хариуцагч “Ариг банк” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч З.Э-, Э.Э- нарт олгосугай” гэснийг “9,096,136 төгрөгийг хариуцагч “Ариг банк” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч З.Э-, Э.Э- нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 538,390 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 58.2.1, 56.1.10, 282 дугаар зүйлийн 282.4” гэснийг хасч, 3 дах заалтын “хариуцагчаас 1,112,950” гэснийг хариуцагчаас “789,088” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 389,823 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн, С.Баасанбат нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт 2016-05-25-ны өдрийн 2107002237 тоот зээлийн гэрээ, 2017-12-18-ны өдрийн 2100004452 тоот Зээлийн гэрээг “...Иргэний хуулийн 58.2.1 дэх зүйлийг тус тус үндэслэл болгон зээлийн гэрээнүүдийг дуусгавар болсонд тооцож, нэхэмжлэгч З.Э-д бодитоор зээлийн төлбөрийг төлсөн, төөрөгдсөн гэх хэлбэрээр талуудын тайлбар, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон, байх тул...” хэмээн үзэж хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон. Гэтэл дээрх хийгдсэн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бодит хийгдсэн, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн, нотариатчаар гэрчлүүлсэн, зээлдэгч буюу нэхэмжлэгч З.Э- гарын үсэг зурсан ба Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ болоод түүнд нийцүүлэн бүрдүүлсэн хэсгүүд болох ГОЛ ЗҮЙЛ БОЛОХ: /ЗЭЭЛИЙН ХҮҮНИЙ ТООЦООЛОЛ/ зээлийн хувийн хэрэг, зээл авахын тулд зээлдэгчээс гаргаж өгсөн баримт бичгүүд нь хууль ёсны банкны зүгээс бүрдүүлэх боломжгүй баримтыг анхан шатны шүүх үнэлээгүй, /...зээлийн хувийн хэрэг, зээл авахыг хүссэн өргөдөл, анкет, зээл барьцааны гэрээний гарын үсэг зурсан хэсэг, хавтаст хэрэг дэх дансны хуулга, мөн зээлдэгчийн 15,000,000 төгрөг авсан гэх зарлагын гүйлгээний баримт/ зэргийг огт дүгнээгүй зөвхөн хариуцагч банкийг буруутгаж, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тооцооллоор дүгнэлт гаргаж байгаа нь хангалтгүй бөгөөд талуудын хүсэл сонирхол болоод зээлдэгч буюу нэхэмжлэгчийн эрх ашигт нийцүүлэн хийгдсэн харилцаанаас болж банк хохирох ёсгүй юм. 2019-05-30-ний өдрийн МУ-ын Дээд шүүхийн 001/ХТ2019/00813 тогтоолд заагдсан барьцаа хөрөнгийн өмчлөгч нар болох А.Амаржаргал, С.Даваасүрэн нарын эрх ашиг хөндөгдөж буйг, мөн Зээл хүүний тооцооллыг нарийн шинжлэн судлан тооцоо нийлэх ёстой гэдгийг огт анхааралгүй, бүртгэлийн программаас гарсан банкны тооцооллыг хайхралгүй юуг үндэслэн, яаж тооцон хариуцагч банкнаас 11,284,542 төгрөг гаргуулж шийдсэн гэдэг нь учир дутагдалтай байна. Гэтэл давж заалдах шатны шүүх хүртэл хариуцагчаас 9,096,136 төгрөг гаргуулахаар зөрүүтэй шийдэж байгаа нь ямар баримт ямар тооцооллыг үндэслэн хянаж байгаа нь ойлгомжгүй юм. 2. Мөн 4 зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй, үлдэгдэлтэй байсан зэрэг хангалттай нотлох баримт байгаа. Дээрхи зээлүүдийг нэгтгэн хийсэн 2016-05-25-ны өдөр хийгдсэн 2107002237 тоот зээлийн гэрээг банкны буруутайгаар хийгдсэн хэмээн ямар нэгэн нотлох баримтгүйгээр буруутган шийдэж байгаад харамсалтай байна. Гэтэл банкинд 2107002237, 2100004452 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэг дуусгавар болоогүй үлдэгдэлтэй байсаар байтал түүнийг төлсөн мэтээр шийдвэр гарган Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхиж байгаа нь хэт нэг талыг барин шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Энэ нь юугаар нотлогдож байгаа гэхээр /Шүүх хурал анхны зарласан өдрөө хуралдсан, хариуцагчийн төлөөлөгч нар шүүх хурал давхардсан баримтыг шүүхэд өгсөн байхад түр хугацаанд хойшлуулан хуралдсан/. Нэхэмжлэгч З.Э-, 2017-12-18-ны өдрийн 2100004452 тоот зээлийн болон барьцааны гэрээнд ганцаараа оролцож, олгосон зээлийг авч ашигласан нь хангалттай баримт бичиг, дансны хуулгууд, зарлагын баримт 2107002237 тоот зээлийн гэрээний үндсэн зээлдэгч болох түүний бэр Б.Амаржаргалын /гэрчийн мэдүүлгээр тодорхой харагдах... “Би энэ зээлүүдийг огт мэдэхгүй, Э- эгч л мэднэ,” огт анхаарч үзэн дүгнээгүй, Улсын Дээд шүүхээс Амаржаргалыг бие даасан гуравдагч этгээдээр оролцуулах хэрэгтэй хэмээн дүгнэсээр байхад түүнийг биелүүлэлгүй шийдвэр гаргаж байгаа нь Дээд шүүхийн тогтоол эцсийн хүчин төгөлдөр байна гэсэн заалтыг зөрчиж байна хэмээн үзэхээр байна. ИХШХШТХ-н 40.1.Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”. гэсэн заалтьг шүүгч зөрчиж, нэхэмжлэгчийн тайлбарыг хөдөлбөргүй үнэн гэж дүгнэсэн байна. 2016-05-25-ны өдрийн 2107002237 тоот зээлийн гэрээнд нэхэмжлэгч оролцож, 2017-12-18-ны өдрийн 2100004452 тоот зээлийн гэрээний үндсэн зээлдэгчээр оролцон зээлийн төлбөрүүдийг төлсөн гэдэг нь хангалттай баримтаар тогтоогдож байхад нэхэмжлэгч зээлэнд оролцоогүй, 2018-11-28-ны өдрийн 183/ШШ2018/02646 тоот шийдвэрээр зээлийн төлбөрт нэхэмжлэгчийн төлсөн 22,342,016 төгрөгийг буцаан гаргуулахаар шийдсэн байдаг, гэтэл мөн 11,284,542 төгрөг гаргуулахаар шийдэж, түүнийг нь багасгаж Давж заалдах шатны шүүх 9,096,136 төгрөг болгож байгаа нь ямар ч зээл, хүүний тооцоолол хийгээгүй нь илт зөрүүтэй харагдаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт: сөрөг нэхэмжлэлийг огтоос дурьдаагүй, нэхэмжлэгч талын холбогдолтой бүхий л зүйлийг дурьдан бичсэн байна. Сөрөг нэхэмжлэл дээрхи гаргаж өгсөн дансны хуулгууд, мөн зээл хүүний тооцоолол, нэмэгдүүлсэн хүүний зохицуулалт зэргийг хайхралгүй зөвхөн нэхэмжлэгчийн тодорхой төлсөн мөнгийг нэмж, хасч гаргаж байгаа нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцооны тухай хуулийн 24, ИХ-н 452-453-р зүйлүүдийг тус тус зөрчсөн шийдвэр гаргасан хэмээн үзэж байна. Шийдвэр, магадлалын хариуцагч талаас гаргасан тооцооллыг дахин хянаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 2107002237, 2100004452 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 32,334,438 төгрөгийг гаргуулан барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         З.Э-, Э.Э- нар 2018-01-17-ны өдөр “Ариг банк” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2016-05-25-ны өдрийн 2107002237 тоот, 2017-12-18-ны өдрийн 2100004452 тоот зээлийн гэрээнүүд хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2014-07-03-ны өдрийн 14/02-29 тоот, 2014-11-10-ны өдрийн 14/02-110 тоот, 2015-03-19-ны өдрийн 2107001078 тоот гэрээний үүрэг дуусгавар болсонг тогтоолгох, илүү төлсөн 9,634,526 төгрөг гаргуулахыг шаарджээ. /хх 1,151,165/  

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа, сөрөг нэхэмжлэл гаргаж “...2016-05-25-ны өдрийн 2107002237 тоот гэрээний үүрэгт 19,415,590 төгрөг гаргуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, 2017-12-18-ны өдрийн 2100004452 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан 12,918,848 төгрөг гаргуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах..”-г шаардсан байна.   

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан байна. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...шүүх нэхэмжлэлийн талаар зөв дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэлд заасан хэмжээнээс илүү мөнгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу..” гэжээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын  гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1/. Шүүх 2014-07-03-ны өдрийн 14/02-29 тоот, 2014-11-10-ны өдрийн 14/02-110 тоот, 2015-03-19-ний өдрийн 2107001078 тоот зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ.

        “Ариг банк” ХХК нь 2014-07-03-ны өдөр 14/02-29 тоот “Санхүүгийн түрээсийн гэрээ” мөн “Санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ”-г Э.Э-, З.Э- нартай   байгуулж, 15,000,000 төгрөгийг нэг жилийн 27.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай  олгох, үүргийн гүйцэтгэлд Тоуоtа Cгоwn-204 Hybrid маркийн 41-37 УНК улсын дугаартай автомашин барьцаалсан нь тогтоогджээ. 

        Түүнчлэн, 2014-11-10-ны өдөр 14/02-110 тоот “Санхүүгийн түрээсийн гэрээ” мөн “Санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ”-г нэхэмжлэгч нартай байгуулж, 13,440,000 төгрөгийг нэг жилийн 27,6 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай олгох, үүргийн гүйцэтгэлд Toyota Prius маркийн 29-43УБҮ улсын дугаартай автомашин, тоног төхөөрөмжийг барьцаалсан байна.

         Мөн З.Э- 2015-03-19-ний өдөр “Ариг банк” ХХК-тай 2107001078 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 5,000,000 төгрөгийг нэг жилийн 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлэх, үүргийн гүйцэтгэлд “Найман шарга караокены орлого”-г   барьцаалжээ.

         Хоёр шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн,  дурдсан гурван зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т нийцжээ.

        Хэрэгт авагдсан баримтаар 2014-07-03-ны өдрийн 14/02-29 тоот гэрээ, 2014-11-10-ны өдрийн 14/02-110 тоот гэрээ, 2015-03-19-ний өдрийн 2107001078 тоот гэрээний үүрэг дуусгавар болсон нь тогтоогдсон байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-г зөрчөөгүй байна.  

     2/. Шүүх 2016-05-25-ны өдрийн 2107002237 тоот, 2017-12-18-ны өдрийн 2100004452 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын талаар дүгнэлт хийхдээ хууль зөрчөөгүй гэж үзлээ.

     2016-05-25-ны өдөр 2107002237 тоот гэрээнд “Ариг банк” ХХК нь 33,500,000 төгрөгийг нэг жилийн 42 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээл олгох, А.Амаржаргал,  С.Даваасүрэн, З.Э- нар зээлийг авч, үүргийн гүйцэтгэлд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5-р хороо, 15-байр, 21 тоот С.Даваасүрэнгийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг барьцаалах-р заасан боловч уг зээлийн үнийн дүнг өмнө байгуулсан гэрээнүүдийг нэгтгэн тооцон байгуулсан нь талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар тогтоогдсон байна. 

       2017-12-18-ны өдөр “Ариг банк” ХХК нь З.Э-тай 2100004452 тоот гэрээ байгуулж, уг гэрээгээр банк нэг жилийн 25,20 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай 15,000,000 төгрөг зээлүүлэх, З.Э- зээлийг авч үүргийн гүйцэтгэлд Тоуоtа Cгоwn-204 Hybrid маркийн 41-37 УНК улсын дугаартай автомашин, караоке-паб, тоног төхөөрөмж барьцаалсан нь тогтоогджээ.   

       Хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан үзвэл, нэхэмжлэлийн үндэслэл болсон эдгээр гэрээний зүйлийг зээлдэгчид олгосон гэх үндэслэл тогтоогдоогүй талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзэв.

        3/. 9,634,526 төгрөгийг гаргуулах шаардлагын талаарх дүгнэлт баримттай бөгөөд үндэслэл бүхий болжээ.

        Нийт 23,475,896 төгрөгийг 2014-07-03-ны өдрийн 14/02-29 тоот, 2014-11-10-ны өдрийн 14/02-110 тоот, 2015-03-19-ний өдрийн 2107001078 тоот зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч нар төлөх үүрэгтэйгээс төлсөн мөнгийг нь хасаж,үлдэх 9,096,136 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулахдаа давж заалдах шатны шүүх  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсгийн зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байна .   

      4/. А.Амаржаргал, С.Даваасүрэн нар /хх2-н 68/ хяналтын гомдол гаргаагүй, хариуцагч нь гуравдагч этгээдийг төлөөлөх эрхтэй гэж үзэх баримт хэрэгт байхгүй байна.

       Иймд гуравдагч этгээдэд холбоотой гаргасан хариуцагчийн гомдлоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2 дахь хэсгийг зөрчинө. 

     5/. 2016-05-25-ны өдрийн 33,500,000 төгрөгийн зээлтэй холбоотой А.Амаржаргалын мэдүүлэг нь 2107002237 тоот гэрээг шүүх хүчин төгөлдөр бус гэж үзсэн үндэслэлийг нотолсон агуулгатай байх бөгөөд гэрчийн мэдүүлэг бусад баримтыг хооронд нь харьцуулан дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3-т нийцжээ.

     6/. Хариуцагч нь нэхэмжлэгч нарт холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаж, 2016-05-25-ны өдрийн 2107002237 тоот зээлийн гэрээний үүрэгт 19,415,590 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаанаас хангуулах, 2017-12-18-ны өдрийн 2100004452 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлан 12,918,848 төгрөг гаргуулах, барьцаагаар үүргийн  гүйцэтгэлийг хангуулахыг шаарджээ. 

     2107002237, 2100004452 тоот гэрээний дагуу мөнгийг З.Э-д шилжүүлсэн гэх үндэслэлгүй, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар байгуулагдаагүй гэрээний үүргийг шаардсан тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуульд нийцжээ.

      7/. Өөрийн шаардлага, тайлбараа нотлох үүргийг талууд хүлээнэ. Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шийдвэр гаргана.

      Хоёр шатны шүүх нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцооны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байна.          

      Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдсонгүй. 

   Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд зээлийн үүргийн тооцооллыг тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байх ба зээлийн гэрээний үүргийн талаарх эрх зүйн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

      Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхив. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1933 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 389,823 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                            Г.ЦАГААНЦООЖ

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                   ШҮҮГЧИД,                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                                 Б.УНДРАХ                                                      

                                                                Д.ЦОЛМОН