Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2024/0063

 

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2024/0063

Улаанбаатар хот

 

 

                                   “Г***” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                          захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н***,

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Г***” ХХК,

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, 

Гуравдагч этгээд: “Т*** ш***” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/342 дугаартай тушаалын “Т*** ш***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2023/0816 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*** нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ш*** нар.

Хэргийн индекс: 128/2023/0358/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Г***” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/342 дугаартай тушаалын “Т*** ш***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2023/0816 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/342 дугаартай тушаалын “Т*** ш***” ХХК-д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 6 /зургаан/ сарын хугацаагаар түдгэлзүүлж,

3 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/342 дугаартай тушаалын “Т*** ш***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцохоор шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх” бүрэн эрхийг Улсын Их Хуралд олгосон. Үүний дагуу Монгол Улсын Их хурлын 1995 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” 26 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагийг баталсан,

3.2. Тус тогтоолд “Т*** ш***” ХХК-д ашиглуулахаар олгосон тус “өртөө өвөлжөө” гэх газар нь байгалийн цогцолборт газрын хилийн зааг дотор хамаарч байх тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхийн акт гаргах үндэслэлтэй,

3.3. Гэтэл Налайх дүүргийн Засаг дарга өөрийн эрхлэх асуудлаас давхардсан шийдвэр гаргасан бөгөөд захиргааны илт хууль бус акт гаргасан талаарх баримтууд хэрэгт авагдсан байтал шүүх тодорхой дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, 

3.1. Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/342 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж заасныг үндэслэн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай газар нутгийн  “Өртөө өвөлжөө” нэртэй 15011 м.кв талбай бүхий газрыг гуравдагч этгээд “Т*** ш***” ХХК-нд аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэсэн.

3.2. Нэхэмжлэгч “Г***” ХХК-иас дээрх тушаалыг эс зөвшөөрч “... манай компани нь Налайх дүүргийн Засаг даргын 2018 оны А/327 захирамжаар нэгж талбарын 12007000046 дугаартай 3 га газар эзэмших эрхийг “С*** И***” ХХК-иас шилжүүлэн авч, аялал жуулчлалын баазын зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болсон”. “Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Хөх давааны энгэр гэх нэр бүхий газарт байрлах 30000 м.кв талбай бүхий тус газарт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/342 дугаар тушаалаар “Т*** ш***” ХХК-д давхцуулан газар ашиглах эрх олгосон нь хууль бус” гэж маргаж байна.

4.  Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” хэмээн,

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2-т Улсын Их Хурал “Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх” бүрэн эрхтэй хэмээн,

маргаан бүхий захиргааны акт гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан зохицуулалт болох мөн хуулийн 33 дугаар зүйлийн 1-т “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”,  36 дугаар зүйлийн 1-т “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” хэмээн тус тус заасан.

5. Маргаан бүхий үйл баримтын хувьд, анхан шатны шүүх “... хариуцагч нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагийг зөв зураглаж, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн эсэхийг тодруулсны үндсэн дээр дахин шинэ акт гаргах нь зүйтэй ...” хэмээн дүгнэж, хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна хэмээн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Тодруулбал, хэрэгт авагдсан нотлох баримт болох Байгаль орчин аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн агаар сансрын зураг болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 3/1547, 1/1959 болон 1/2068 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаа, тодруулга болон холбогдох бусад баримтаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын эзэмших, ашиглах эрх бүхий газар нь хоорондоо бүхэлдээ давхцалтай болох нь,

Улсын Их хурлын 1995 оны “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” 26 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын “хилийн цэсийг тогтоосон” нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд Улсын Их Хурлын 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 38 дугаартай “Зарим тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор хассан талбайд маргаан бүхий газар “хамаарахгүй” болох нь,

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2020 оны А/99 дүгээр тушаалаар “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар”-ын хилийн зааг солбицлыг тогтоон зураглаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн “солбицлыг тогтоон зураглаж гаргасан дүгнэлтэд маргаан бүхий газар мөн “хамаарахгүй” болох нь тус тус тогтоогдож байхад анхан шатны шүүх “... цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх түрүүлж үүссэн”, “...байршлын тухайд Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Налайх дүүргийн Засаг даргын хооронд маргаантай болох нь Налайх дүүргийн Засаг даргын 2023 оны 01/517 тоот бичигт дурдсан болон гэрч ... “...Горхийн доод гүүр гэдэг нь Горхийн гол Тэрэлжийн голд нийлэх хэсгийн дээр байсныг нутгийн иргэд ярьдаг” гэж гэж мэдүүлсэн” гэх үндэслэлээр “маргаан бүхий газар нь Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор тогтоогдсон “Горхи-тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хилийн зааг”-т хамаарах эсэх нь эргэлзээтэй, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” хэмээн дүгнэж хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

7. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2023/0816 дугаар шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Г***” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/342 дугаартай тушаалын “Т*** ш***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 болон 3 дахь заалтыг хасч, 4 дэх заалтын дугаарыг “2” гэж тус тус өөрчилж бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                 ШҮҮГЧ                                                 С.МӨНХЖАРГАЛ

                     ШҮҮГЧ                                                 З.ГАНЗОРИГ

 

                                ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА