Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 183

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

    Нарийн бичгийн дарга О.Болормаа,

    Улсын яллагч М.Хэрлэнчимэг,

          Шүүгдэгч Ц.Сэвжидбаяр, түүний өмгөөлөгч Б.Баярням /ШТҮД: 0226/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

         

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Сэвжидбаярт холбогдох 201625012352 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1992 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, буддын гүн ухаан судлаач мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Налайх дүүргийн 7 дугаар хороо, Шинэ Налайх хороолол, 4 дүгээр байрны 7 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх, Ламын гэгээ овогт Цэрэндагвын Сэвжидбаяр /РД: ВЮ92040770/          

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

          Ц.Сэвжидбаяр нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 08-12 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны консулын 2-66 тоотод иргэн Л.Сувдаагийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн 32 инчийн TCL маркын зурагт хулгайлж иргэн Л.Сувдаад 220.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Сэвжидбаярын өгсөн: “Мөрдөн байцаалтын

 

шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “ch02 дугаартай хяналтын камерийн бичлэгт: 22:14:34 цагт цэнхэр өнгийн цамцтай залуу хар өнгийн зурагт барьж орж ирж барьж ирсэн зурагтаа хөлдөөгчин дээр тавьж үзүүлж байгаа харагдах бөгөөд 22:15:05 цагт цэнхэр цамцтай залуу зурагтаа барин дэлгэцийн баруун доод булан руу орж байгаа бичлэг бичигдсэн байна” гэсэн тэмдэглэл /хх.57/,

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Л.Сувдаагийн өгсөн: “Ажил дээрээ байж байсан чинь 12 цагийн үед манай урд айлын хөгшин над руу залгаад гэрт чинь хулгай орчихсон байна хүрээд ирээч гээд хэлэхээр нь би ажил дээрээсээ цагдаад дуудлага өгөөд гэр лүүгээ такси бариад ирсэн чинь гэрийн гадна амбаарын ногоон цоожыг эвдээд газар шидчихсэн байхаар нь гэрлүүгээ ороод үзсэн чинь зурагт алга болсон байсан” гэсэн мэдүүлэг /хх.21/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Г.Энхтайваны өгсөн: “Тэр өдөр би өөрийн эзэмшилийн “Буянт үрс” хүнсний дэлгүүр дээр бараа зараад зогсож байсан чинь өдөр 12 цагийн үед гаднаас хар өнгийн нимгэн зурагт барьчихсан хальт зүс таних Сэвжидбаяр гэх залуу орж ирээд зурагт авах уу гэж асуухаар нь “чи муу хүний юм хулгай хийгээд явж байна уу” гэсэн чинь би өөрийнхөө зурагтыг зарж байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэдээр зарах гэж байгаа юм гэсэн чинь 150.000 төгрөг гэхээр нь надаас үнэтэй юм байна аваад гар гэсэн чинь би энд түр тавьчихъя гээд зурагтаа газар тавьж орхиод гараад явсан. Ингээд орой 17 цагийн үед хэсэг цагдаа нар орж ирээд зурагт барьсан хүн харагдсан уу гэхээр нь болсон зүйлийг хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх.23/,

 

Хохирогч Л.Сувдаагийн эд зүйлийн үнэлгээ /хх.19/,

 

Мөрдөн байцаалтанд яллагдагч Ц.Сэвжидбаярын өгсөн: “... өөрийнхөө хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна, тиймээс би хохирлыг нь барагдуулах болно. Би үйлдсэн хэргийнхээ талаар урьд нь сэжигтэн болон яллагдагчаар байцаалт өгөхдөө бүгдийг үнэн зөвөөр ярьсан болно” гэсэн мэдүүлэг /хх.30-31/,

 

          -Гэрч Ц.Номин-Эрдэнийг байцаасан тэмдэглэл /хх.24-25/,

          -Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.66/,

          -Хохирогчид хэргийн материал танилцуулсан баримт /хх72/ зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирчээ.

 

Ц.Сэвжидбаяр нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 08-12 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны консулын 2-66 тоотод иргэн Л.Сувдаагийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн 32 инчийн TCL маркийн зурагт хулгайлж иргэн Л.Сувдаад 220.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.57/, мөрдөн байцаалтанд өгсөн хохирогч Л.Сувдаа /хх.21/, гэрч Г.Энхтайван /хх.23/ нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх.19/, мөрдөн байцаалтанд /хх.30-31/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Сэвжидбаярын өгсөн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Сэвжидбаярыг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтрэн хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор түүнд зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Ц.Сэвжидбаярын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлж гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн ял хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзаж үзсэн болно.

 

Шүүгдэгч Ц.Сэвжидбаярын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 110 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Ц.Сэвжидбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерийн бичлэгтэй СД 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээх нь зүйтэй.

 

          Шүүгдэгч Ц.Сэвжидбаяр нь хохирогчид 220.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Сувдаа нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдвал зохино.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлүүд, 290 дүгээр зүйлийн 290.3 дах хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ламын гэгээ овогт Цэрэндагвын Сэвжидбаярыг бусдын эд хөрөнгийг  орон  байранд  нэвтрэн  хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулах

гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ц. Сэвжидбаярыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 /гурван/ сар 18 /арван найман/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сэвжидбаярт оногдуулсан 3 /гурван/ сар 18 /арван найман/ хоногийн  хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Сэвжидбаярын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 110 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Ц.Сэвжидбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах заалтыг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгтэй СД 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Ц.Сэвжидбаяр нь хохирогчид 220.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Сувдаа нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, тус шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Сэвжидбаярт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

          10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР