Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 577

 

 

 

 

 

 

 

2019           6              11                                            2019/ДШМ/577

 

   Д.М-, Г.Б- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Долгион,

шүүгдэгч Г.Б-,

шүүгдэгч Д.М-, Г.Б- нарын өмгөөлөгч Д.Батбаяр,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 360 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ш.Хосбаярын бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 26 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Д.М-, Г.Б- нарт холбогдох эрүүгийн 1802005150277 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Д.М-, Бүгд Найрамдах Турк Улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Австри улсын Салцбург хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, Турк Улсын “Сайде-Зорлу” лицей сургуульд суралцаж байгаад гарсан, дунд боловсролтой гэх, мэргэжилгүй, хувиараа цахим биткойн арилжаа эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, охины хамт ........................ тоотод оршин суух бүртгэлтэй, Монгол Улсад ял шийтгүүлж байгаагүй, U15177709 дугаар гадаад паспорттой, /...................../;

2. Харчин овгийн Г.Б, Монгол Улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, бага боловсролтой, манекурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, охины хамт Сүхбаатар дүүргийн .................хороо, .............. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .............../;

Д.М-, Г.Б- нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын үеэс өөрсдийн оршин суух Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Амгалан хотхоны 14 дүгээр байрны 14 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конве.нц-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд болох “Каннабис” гэх нэршилтэй ургамлыг хууль бусаар тариалсан, ургуулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Д.М-, Г.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.М-, Харчин овгийн Ганболдын Байгаль нарыг бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М-ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М-ын цагдан хоригдсон 61 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Г.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг Сиди-г хадгалахаар, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтоож, Д.М-ын урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Ш.Хосбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “... Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Д.М-, Г.Б- нар нь... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжээр дүгнэсэн нь хэрэгт тогтоогдсон үйл баримт, нөхцөл байдлаас зөрүүтэй байна. Мөн тогтоох хэсгийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч нарыг бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо прокуророос яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж болох “ургуулсан” гэх шинжийг орхигдуулсан, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт энэ талаарх дүгнэлт гаргаагүй, хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Г.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсугай” гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд “Хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” гэсэн нэртэй.

Үүнээс үзэхэд, шийтгэх тогтоолоор шүүгдэгчид “хорих ял” оногдуулсан байх, “анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэг” байх гэсэн нөхцөл байдалд шүүх хууль зүйн дүгнэлт хийх ёстой. Гэтэл шүүгдэгч Г.Б- шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсон, харин хорих ял оногдуулаагүй атлаа хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсгүүдэд зааснаар хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

            Прокурор Б.Долгион тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

            Шүүгдэгч Д.М-, Г.Б- нарын өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол алдаатай гарсан. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. Шүүгдэгч нар гэм буруугийн хувьд анхнаасаа маргаагүй. ...” гэв.

            Шүүгдэгч Г.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл муутай гарчээ.

Учир нь, прокуророос шүүгдэгч Д.М-, Г.Б- нарыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд болох “Каннабис” гэх нэршилтэй ургамлыг хууль бусаар тариалсан, ургуулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн байхад анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөөгүй атлаа “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн” гэж өөр гэмт хэргийн шинжээр гэм буруутайд тооцсон, шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийг хэрэглэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял шийтгэл хүлээлгэхгүйгээр тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.2, 8.3 дахь хэсэгт заасан “шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ, ялыг биечлэн эдлүүлэх эсэх, хорих ял оногдуулсан бол хорих байгууллагын дэглэм” зэргийг шийдвэрлэх, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн байна.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” бол шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө гэж заажээ.

Иймд “шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх”-ээр бичисэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 360 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.М-, Г.Б- нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Д.М-ад урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ

                                    ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ