Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2016/0659/З |
Дугаар | 125 |
Огноо | 2017-04-10 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 125
“Алтайн хүдэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Доржханд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр, хариуцагч Б.Батмөнх, Т.Баасан, Х.Наранчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 930 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0108 дугаар магадлалтай, “Алтайн хүдэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Х.Наранчимэг, Т.Баасан, Б.Батмөнх, Х.Батхишиг нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 930 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1, 241 дүгээр зүйлийн 241.1-д заасныг баримтлан “Алтайн хүдэр” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч нарын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 210020529 тоот актыг хүчингүй болгожээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0108 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 930 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.2, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, 47.3.2, 47.4, 47.5, 47.8, 47.12, Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Алтайн хүдэр” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 210020529 дугаар актаар тогтоосон 15,931,560,597 төгрөгийн торгууль, 17,999,414,625.4 төгрөгийн алдангийг тус тус өршөөн хэлтрүүлж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгэсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Доржханд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, 123.2.2-т зааснаар хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн тул магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын шатны гомдол гаргаж байна.
Нэг. Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа үндэслэл.
Татварын улсын байцаагчид аливаа захиргааны акт гаргах үедээ Татварын ерөнхий хуулийг баримтлан хууль дээдлэх, бусдын нөлөөнд автахгүй байх зарчмыг зөрчсөөр байтал давж заалдах шатны шүүх үзэхдээ 2010-2014 оныг шалгасан учир 2015 онд шийдвэр гаргах нь хамаагүй гэж үзэж байгаа нь шүүх, шүүгчид өөрсдөө хууль ёсны байх, хууль дээдлэх зарчмыг гажуудуулж, Татварын ерөнхий хуулийг хэрэглээгүй байна. Татварын актыг нэгэнт 2010-2014 ондоо гаргасан бол бид маргах боломжгүй. Гэтэл 2015 онд Улсын Дээд шүүхээс хууль бус болгосон, хууль зөрчсөн гэж нэгэнт тогтоочихсон шийдвэрийг биднээс дагаж мөрдөхийг шаардаж буй нь илт үндэслэлгүй байна.
Татварын улсын байцаагчийн актад “2010-2014 онд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахдаа Засгийн газраас тогтоосон олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн жишиг үнийг хэрэглэлгүйгээр өөрийн гэрээний үнээр тооцож Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах орлогыг бууруулсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, 47.3.2, 47.4, 47.5, 47.8, 47.12 дахь заалтыг тус тус зөрчсөн байна” гэж тодорхойлж, төлбөр ногдуулсан. Давж заалдах шатны шүүх магадлалдаа Засгийн газрын тогтоолуудыг барих нь зүйтэй гэж дүгнэсэн атлаа Сангийн яамнаас шинэ үнэ аваад 2010-2014 ондоо буцаагаад хэрэглэчихэж байгаа үйлдлийг зөвтгөсөн нь өөрөө өөрийнхөө дүгнэлтийг үгүйсгэсэн, ямар ч логик уялдаагүй шийдвэр боллоо. Учир нь, Ашигт малтмалын тухай хуулиар Засгийн газар биржийн нэр зарлана, тухайн бирж дээр зарлагдсан үнийг Сангийн яамны ажлын хэсэг зарлах учиртай. Гэтэл бирж байхгүй гэдгийг мөн л Улсын Дээд шүүх тогтоочихоод байхад Сангийн яам цоо шинээр Энэтхэгийн үнэ өгөөд, татварын байцаагч хууль тогтоомжийг бус Сангийн яамны хөндлөнгийн нөлөөнд орчихож байгаа нь тэр чигтээ хууль бус байна. Үүнээс үүдээд Сангийн яам дуртай үнээ өгч компаниудын өнгөрсөн оны бүх татварыг дураар тогтоох жишгийг зөтгөсөн шийдвэр болчихож байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компанид 87 тэрбум, 8 тэрбум, 870 тэрбумыг ч хийсвэрээр тогтоох боломжийг бүрдүүлж байна. Энэ тоо яаж гараад байгаа нь ч тодорхойгүй. Мөн энэ үйлдэл нь нэхэмжлэгч компанийг дампуурлаа зарлахаас өөр аргагүй байдалд түлхэж байгаа нь олон мянган ажилтан, бусад татвар, хураамжийн орлогыг ч үгүйсгэх болно. Сангийн яамнаас чиглэл авсан гэж татварын улсын байцаагч Т.Баасан тайлбарлаж байгаа нь эдгээр газар, албан тушаалтнууд хууль зөрчиж, эрх мэдлээ илтэд хэтрүүлэн ашигласан үйлдэл боллоо. Мөн бид татварын тайлангаа жил бүр баталгаажуулаад явсан байтал доорх тооцоолол нь гэнэт шинээр гарч ирсэн, өмнөх хүлээн авч байсан дүнгүүдээ ч өөрсдөө өөрчилчихөж байгаа илт үндэслэлгүй, хууль бус байгааг нотолж байна.
Хариуцагч нар үндэслэл болгох Засгийн газрын тогтоолууд хүчингүй болсныг мэдэж байсан ч чиглэл авсан гэх нэрээр бүрэн эрхээ хэтрүүлж, хууль бус захиргааны акт гаргасан нь нотлогдож байхад давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын тухай хууль, Татварын ерөнхий хуулийг буруу тайлбарлан хэрэглэлээ.
Хоёр. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн тухайд.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Учир нь, давж заалдах гомдлыг хариуцагч талаас Т.Баасангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тогосмаа гаргасан байна. Итгэмжлэлээс харахад Т.Баасан л гарын үсэг зурсан байна. Б.Батмөнх нь шүүх хуралд өөрөө биечлэн оролцсон ч гомдол гаргаагүй, мөн Х.Наранчимэг, Б.Батмөнх зэрэг бусад оролцогчид ч гомдол гаргаагүй байна.
Тэгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хурээнд хянахаар байсан боловч шүүх хууль зөрчиж, хэргийг бүхэлд нь хянаж, татварын байцаагчийн актын тооцооллыг зөвтгөн, Сангийн яам үнэ тогтоож байгаа асуудлыг зөвтгөн болон АХ-ийн бүтээгдэхүүнийг хүдэр, баяжмалаар тооцсон эсэх асуудлыг шалгалгүй зөвтгөснөөр Улсын Дээд шүүхийн нэгэнт шийдвэрлэсэн асуудалд дахин маргаан үүсгэж дүгнэсэн явдал боллоо. Мөн хариуцагч нараас гомдлын шаардлагад дурдагдаагүй асуудлаар өөрөө нэмэлтээр дүгнэлт гаргасан. Гомдлын хүрээнд хянаагүйгээс давж заалдах шатны шүүх олон шинэ асуудлыг гаргаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул хуульд заасан журмыг зөрчсөн нь энэхүү магадлал гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүх хууль ёсны, зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Улсын Дээд шүүхийн шийдвэрт Засгийн газрын 2007, 2011, 2013 оны тогтоолууд хууль бус болохыг тогтоочихсон байхад давж заалдах шатны шүүхээс Засгийн газрын эдгээр тогтоолуудыг баримтал гэж шаардах үндэслэлгүй юм.
Нэмж хэлэхэд, 3 шатны шүүхээр Засгийн газрын тогтоолуудыг хүчингүй болгосон шийдвэр гарсаар байтал хариуцагч энэ тогтоолуудыг баримталсангүй хэмээн илт хууль бус захиргааны акт гаргаж, хөндлөнгийн нөлөөнд орж, хуульд нийцээгүй хэм хэмжээг удирдлага болгосон захиргааны акт нь компанийг асар их хохиролд дахин оруулж байна.
Иймд, нотлох баримтыг үнэн зөв үнэлсэн, хууль зүйн үндэслэлтэй гарсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тогосмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ““Алтайн хүдэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0108 дугаартай магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын зарим хэсгийг хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 930 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөгчийн гомдлоор давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд Татварын улсын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 210020529 тоот актыг үндэслэлтэй болохыг тогтоосон боловч актын нийт 87,036,178,512.1 төгрөгийн төлбөрөөс Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэтрүүлнэ” гэж заасныг үндэслэн 15,931,560,597 төгрөгийн торгууль, 17,999,414,625.4 төгрөгийн алданги, нийт 33,930,975,222.4 төгрөгийг өршөөлд хамруулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх татварын улсын байцаагчийн актын төлбөрөөс Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэхдээ энэхүү хуулийг хэрэгжүүлэх хугацааг харгалзан үзээгүй нь дээрх хуулийн дараах заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.
Дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хууль 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Энэ хуулийн 3.1-д заасан “гэмт хэрэг үйлдсэн хүн” гэдэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны едрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна”, 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө тогтоогдсон /бичигдсэн/ татварын улсын байцаагчийн актын төлбөрөөс хариуцлага болох торгууль, алдангийг өршөөлд хамруулах үндэслэлтэй байна.
“Алтайн хүдэр” ХХК-ийн тухайд татварын улсын байцагчийн акт нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тогтоогдсон байх бөгөөд дээрх хуулийн үйлчлэлд хамаарахгүй болно. Татварын албаны зүгээс болон шүүх, хяналтын байгууллагаас дээрх хуулийг хэрэгжүүлэхдээ 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн өмнө тогтоогдсон актаас захиргааны хариуцлага болох торгууль, алдангийг өршөөлд хамруулан шийдвэрлэж байгаа болно.
Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, өршөөлд хамруулж шийдвэрлэсэн 33,930,975,222.4 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, татварын улсын байцаагчийн актын биелэлтийг бүхэлд нь хангуулах шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсний улмаас магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн шийдвэрлэхдээ “...Засгийн газрын тогтоол 2014 оны 10 дугаар сард хүчингүй болсон нь нэхэмжлэгч “Алтайн хүдэр” ХХК 2010 оноос 2014 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хуульд заасан хувь хэмжээгээр, хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тухайн тогтоолд заасан жишиг үнэ, аргачлалын дагуу бодож төлөөгүйг зөвтгөх үндэслэл болохгүй...” хэмээн дүгнэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан “хууль дээдлэх ёс”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” гэсэн эрх зүйт төрийн зарчмыг алдагдуулахад хүргэсэн байна.
Учир нь, “хууль дээдлэх зарчим”-ын агуулга нь хууль тогтоох үйл ажиллагаа Үндсэн хуулийн зохицуулалтад, гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа хуулийн хүрээнд байхыг илэрхийлэх бөгөөд захиргааны үйл ажиллагаа “хуульд үндэслэх” гэдэг нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан захиргааны аливаа шийдвэр, үйл ажиллагаа эрх зүйн үндэслэлтэй байх /эрх зүйн үндэслэл нь хүчин төгөлдөр байх/, тэрхүү үндэслэл болсон хэм хэмжээ нь дээд эрэмбийн хэм хэмжээтэй нийцсэн байхыг ойлгодог. Тодруулбал, захиргааны хэм хэмжээний акт нь хуультай, хууль нь Үндсэн хуультай нийцсэн байхыг хэлнэ.
Харин энэхүү маргааны хувьд хариуцагчаас “Алтайн хүдэр” ХХК-г “2010-2014 онд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахдаа Засгийн газраас тогтоосон олон улсын харилцаанд хүлээн зөвшөөрөгдсөн жишиг үнийг хэрэглэлгүйгээр өөрийн гэрээний үнээр тооцож ашигт малтмалын төлбөр ногдуулах орлогыг ... төгрөгөөр бууруулсан нь Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн” гэж үзэж 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 210020529 дугаар актыг гаргасан байна.
Гэтэл “олон улсын зах зээлийн үнийг тогтоосон” гэх Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох Монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр”-ийн 3 дахь заалт, 2011 оны 193 дугаар тогтоолын 2.4-ийн 4 дэх заалт, 2013 оны 131 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “төмөр”-т холбогдох хэсэг, мөн тогтоолын 3 дахь заалтын 2-ийн “төмрийн баяжмал”-д холбогдох хэсгийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2569/с дугаар шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 546 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн байдаг.
Үүнээс үзвэл, хариуцагч шүүхээс “хууль зөрчсөн” гэсэн үндэслэлээр “хүчингүй” болгосон Засгийн газрын тогтоолыг үндэслэн маргаан бүхий актыг гаргасан байна.
Дээр дурдсанчлан захиргаа хуульд үндэслэх зарчмын дагуу хүчингүй болсон хэм хэмжээг үндэслэн захиргааны акт гаргах боломжгүй. Гэхдээ татварын эрх зүйд татвар төлөгч татварыг тэгш, шударга төлөх үүрэгтэй байдгаас үүдэн нэгэнт төлсөн татварыг “хууль хүчингүй болсон” гэсэн үндэслэлээр буцаан шаардах эрхгүй, мөн татвар хураагчаас хүчингүй болсон хуулийг хэрэглэж нөхөн татвар ногдуулахыг хүлээн зөвшөөрдөг. Гэвч энэ нь “хууль ёсны” хэм хэмжээнд хамааралтай болохоос “хууль бус” хэм хэмжээг хэрэглэнэ гэсэн үг биш юм. Тодруулбал, хууль тогтоогч баталсан хуулиа хүчингүй болгох нь түүний бүрэн эрх бөгөөд хууль хэрэглэгчийн зүгээс онцгой тохиолдолд /жишээ нь татварын эрх зүйд/ тодорхой хязгаартайгаар /тухайлбал иргэний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр/ түүнийг хэрэглэх боломжтой байдаг. Харин шүүхээс захиргааны хэм хэмжээний актыг хууль зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгосон бол захиргаа тэрхүү эрх зүйн үр дагаваргүй болсон хэм хэмжээг хэрэглэн акт гаргах боломжгүй юм.
Гэтэл давж заалдах шатны шүүхээс “...Хариуцагч татварын улсын байцаагч нар “Алтайн хүдэр” ХХК-ийн 2010-2014 онд экспортод гаргасан төмрийн хүдэр, баяжмалын борлуулалтад ашиг малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан дээрх Засгийн газрын тогтоолын дагуу тооцсон нь үндэслэлтэй байна...” гэж дүгнэсэн нь буруу байна.
Харин Засгийн газар шүүхийн шийдвэрийн дагуу хуулийн зөрчлийг арилган Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу шинээр тогтоол гаргасан бол хариуцагч түүнийг буцаан хэрэглэж нөхөн татвар ногдуулах эрх нь нээлттэй гэдгийг дурдах нь зүйтэй.
Нэгтгэн дүгнэвэл Засгийн газрын тогтоол хууль бус болохыг нь тогтоосон шүүхийн шийдвэрийг “гарсан цагаасаа хойш үйлчлэх ёстой” гэсэн зарчмаар зөвтгөн хүчингүй болсон хууль бус хэм хэмжээг үндэслэн гарсан захиргааны актыг “хууль ёсны” гэж зөвтгөн нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах боломжгүй юм.
Иймээс нэхэмжлэгчийг Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Тодорхой үйл ажиллагаа эрхлэхдээ бодит бус үнэ хэрэглэсэн, тайлан бүртгэл хөтлөөгүй буюу дутуу хөтөлсөн, эсхүл бүртгэл, татварын тайланг гаргаж өгөөгүй...” гэж буруутган хариуцагчаас татварын ногдлыг “жишиг үнийн арга”-аар тодорхойлох үндэслэлгүй.
Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0108 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 930 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ