Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2016/0441

 

 

 

 

 

 

 

 

 

“Хос хас” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайваныг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 251 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайваны гаргасан давж заалдах гомдлоор “Хос хас” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Хос хас” ХХК-ийн захирал Д.Энхтуяа 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...“Хос хас” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхээс татгалзсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Хос хас” ХХК-ийн Булган аймгийн Бүрэгхангай сумын Ар тамсаг нэртэй газарт 73.69 гектар талбайн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж өгнө үү” гэжээ.

Хоёр. Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хилийн заагийг хэсэгчлэн тогтоож батлан гаргасан бөгөөд уг тогтоолд дурдагдсан 7211 солбицлыг Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн санд бүртгэсэн.

Дээрх солбицлуудыг бүртгэсний дараа шүүж үзэхэд “Хос хас” ХХК-ийн эзэмшилд байсан ашигт малтмалын ашиглалтын МҮ-000267 тоот тусгай зөвшөөрлийн талбай нь хэсэгчлэн хуулиар хориглосон талбайтай давхцалтай байсан. Өдөр тутмын “Зууны мэдээ” сонины 2011 оны 10 дугаар сарын 10/11-ний өдрийн 239/240 дугааруудад, “Үндэсний шуудан”, “Үнэн” сонинуудад тус тус нийтэлсэн ба Ашигт малтмалын газрын www.mram.gov.mn цахим хуудсанд байрлуулж мэдээлсэн болно.

“Хос хас” ХХК-д явуулсан Ашигт малтмалын газрын Уул уурхай, судалгааны хэлтсийн даргын “Нөхөн олговор авах хүсэлт ирүүлэх тухай” 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5-7304 тоотод дурдсан хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-д заасны дагуу төрөөс тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрыг авах тухай хүсэлтийг ашигт малтмалын газарт гаргаагүй байна.

Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг 2015 онд шинэчлэн найруулсны дагуу 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 289 дугаар Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан хуулийн хэрэгжилтийг хангах, Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж, гол, мөрний урсац бүрэлдэх, эхийн хилийн заагийн солбицолд өөрчлөлт оруулсан.

Дээрх тогтоолоор Гол, мөрний урсац бүрэлдэх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг 2015 онд шинэчлэн найруулсан боловч Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор давхцалтай гэж хассан ашигт малтмал ашиглах зөвшөөрлийн талбайг буцаан олгох асуудлыг шийдээгүй бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин тус компани нь нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан талбайгаа 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 05/07 тоотоор хүсэлт гаргаж усны хамгаалалтын бүстэй хэсэгчлэн давхацсан талбайг буцаан хүлээлгэн өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Энэ тухай тус компани нь орон нутагт хүсэлт гаргасны дагуу Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 01/21З тоот, Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1/151 тоот албан бичгүүдээр “тус компанийн 84.14 га газрыг тусгай зөвшөөрлийн талбайгаас хэсэгчлэн хасахад татгалзах зүйлгүй, буцааж орон нутаг хүлээн авахад татгалзах зүйлгүй” гэсэн тодорхойлолтыг гаргаж өгсөн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журмын 5 дугаар зүйлийн 5.3, Ашигт малтмалын газрын даргын 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 495 дугаар тушаалын 6 дугаар зүйлийн 6.3, Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 01/213 тоот, Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1/151 тоот, “Хос хас” ХХК-ийн 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 05/07 тоот албан бичгүүдийг тус тус үндэслэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулах тухай” 306 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт юм.

Иймд дээрх шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МҮ-000267 тоот тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулж дээрх урт нэртэй хуулийн хилийн заагтай давхцалгүй болсон байна.

Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 289 дүгээр тогтоолын хавсралтаар урт нэртэй хуулийн хилийн заагийн солбицлыг шинэчлэн тогтоосноор өмнө нь уг тусгай зөвшөөрлийн хэсэгчлэн давхцалтай байсан талбайн зарим хэсэг нь уг хилийн заагт хамаарахгүй болсон байна. Ашигт малтмалын тухай хууль, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрыг хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Засгийн газрын энэ тогтоолоор дээрх шалтгаанаар нэгэнт солбицолд өөрчлөлт орсон талбайг буцаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох зохицуулалт байхгүй байна.

Иймд “Хос хас” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гурав. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 251 дүгээр шийдвэрээр:

“...Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр 11.1.19, 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6, 55 дугаар зүйлийн 55.8-д заасныг баримтлан “Хос хас” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхээс татгалзсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Хос хас” ХХК-ийн Булган аймгийн Бүрэгхангай сумын Ар тамсаг нэртэй газарт буцаан өгсөн 73.69 га талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж” шийдвэрлэжээ.

Дөрөв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.1-11.1.7, уул уурхайн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.8-11.1.12, кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ” гэж заасан нь Ашигт малтмалын газрын алба, хэлтсүүдийн чиг үүргүүдийг нарийвчлан зохицуулж өгсөн бөгөөд хуулийн зохицуулалтаас давж, хуулиар эрх олгогдоогүй өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй юм.

...“Хос хас” ХХК-д явуулсан Ашигт малтмалын газрын Уул уурхай, судалгааны хэлтсийн даргын “Нөхөх олговор авах хүсэлт ирүүлэх тухай” 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5-7304 албан тоотод дурдсан хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-д заасны дагуу төрөөс тусгай зөвшөөрөл, эзэмшигчид олгох нөхөх олговрыг авах тухай хүсэлтийг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөн олговор авах тухай хүсэлт гаргаагүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгохгүй байхаар тус журмаар тогтоосон бөгөөд тус компани нь нөхөн олговор авах хүсэлтээ журамд заасан нөхцөл шаардлагын дагуу ирүүлээгүй тул нөхөн олговор авах эрхгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан “...тус компанид одоог хүртэл нөхөн олговрыг шийдвэрлээгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг 2015 онд шинэчлэн найруулсны дагуу 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 289 дугаар Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан хуулийн хэрэгжилтийг хангах, Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж, гол, мөрний урсац бүрэлдэх, эхийн хилийн заагийн солбицолд өөрчлөлт оруулсан байна.

...Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 289 дүгээр тогтоолын хавсралтаар урт нэртэй хуулийн хилийн заагийн солбицлыг шинэчлэн тогтоосноор өмнө нь уг тусгай зөвшөөрлийн хэсэгчилэн давхцалтай байсан талбайн зарим хэсэг нь уг хилийн заагт хамаарахгүй болсон байна. Ашигт малтмалын тухай хууль, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрыг хамгаалалтын бус, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Засгийн газрын энэ тогтоолоор дээрх шалтгаанаар нэгэнт солбицолд өөрчлөлт орсон талбайг буцаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох зохицуулалт байхгүй. Хэрвээ төрд буцаан олгосон талбайд тусгай зөвшөөрөл олгох бол Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан чөлөөлөгдсөн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох гэсэн хуулийн зохицуулалтаар шийдвэрлэх юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 251 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй, гэхдээ шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах байдлаар өөрчлөлт оруулав.

Анх Эрчим хүч, геологи, уул уурхайн сайдын 1996 оны 145 дугаар тушаалаар “Хос хас” ХХК-д Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших Ар тамсаг нэртэй 158.12 гектар талбай бүхий ашигт малтмалын MV000926А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшүүлснээс хойш өнөөдрийг хүртэл уг талбайд нэхэмжлэгч үйл ажиллагаа явуулж байгаа болох нь холбогдох шийдвэр, тусгай зөвшөөрлийн хавсралтад хийгдсэн тэмдэглэгээ, хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогджээ. 

Улсын Их Хурлаас 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар гол, мөрний урсац бүрэлдэх эх, ойн болон усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосонтой холбогдуулан Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудаар тогтоосон хязгаарлалтын бүсийн хилийн заагт “Хос хас” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-000267 тоот тусгай зөвшөөрлийн талбайн тодорхой хэсэг хамрагдсан болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан бичгийн болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар, мөн тусгай зөвшөөрлийн 2 дугаар хавсралт дахь хасагдсан талбайн хэмжээ, солбицлоор батлагддаг.

Тухайлбал, MV-000267 тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас нийтдээ 86.39 га Засгийн газрын дээрх тогтоолоор тогтоосон солбицолд хамрагдсан буюу энэ хэмжээгээр ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ багассан байна.

Харин Улсын Их Хурлаас 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 289 дүгээр тогтоолоор өмнөх 2011 оны 177, 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн солбицолд өөрчлөлт оруулж, өөрөөр хэлбэл усны сан бүхий эргээс онцгой хамгаалалтын бүсийг 50 метрт, энгийн хамгаалалтын бүсийг 200 метрт байхаар тэмдэгжүүлэн, өмнөх 174 дүгээр тогтоолыг бүхэлд нь, 194 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болгожээ.

Дээрх хуулийн 1 дүгээр зүйлийн агуулгаас үзэхэд  Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан буюу Засгийн газрын 174, 194 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр баталсан энэхүү нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өргөдөл гаргана” гэж зохицуулсан.

Эндээс дүгнэхэд гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийг тогтоосон Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолыг болон 2012 оны 194 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсоноор “Хос хас” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-000267 тоот тусгай зөвшөөрлийн эдгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамрагдаж өмнө нь хасагдсан талбайгаас Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамаарахгүй буюу үлдсэн хэсэгт нь нэхэмжлэгчийг үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж, тусгай зөвшөөрлийн координатад зохих өөрчлөлт хийх эрх хэмжээ хариуцагчид олгогджээ.

Өөрөөр хэлбэл “...Засгийн газрын дээрх тогтоолоор өмнөх 2011 оны 174 дүгээр тогтоолоор давхцалтай гэж хассан ашигт малтмал ашиглах зөвшөөрлийн талбайг буцаан олгох асуудлыг шийдээгүй...” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүй хууль бус байх бөгөөд Засгийн газрын тогтоолоор шийдвэрлээгүй гэх асуудлыг уг тогтоолыг гаргах үндэслэл болсон хуулиар нэгэнт зохицуулсан байна. 

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасны дагуу Засгийн газрын тогтоолын биелэлтийг зохион байгуулах хүрээнд Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудаар хасагдсан талбайгаас ашигт малтмалын тухай хууль, тогтоомжид нийцүүлэн 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт ороогүй үлдсэн “Хос хас” ХХК-ийн өмнө эзэмшиж байсан талбайг буцаан олгохыг шийдвэрлэх бүрэн эрхтэй.

Чухам ямар шалтгаантай байсан эсэхээс үл хамааран нэхэмжлэгчээс Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудаар тусгай зөвшөөрлийн талбай хасагдсантай холбогдуулан нөхөн олговрыг аваагүй нь бодит факт, мөн нэхэмжлэгчээс 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 05/07 дугаар албан бичгээр Ашигт малтмалын газарт гаргасан “...хэсэгчлэн давхцал бүхий талбайг буцаан өгөх тухай” хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу өөрийн хүсэлтээр бус харин тусгай зөвшөөрлийн тодорхой хэсэг нь Засгийн газрын 174 дүгээр тогтоолын дагуу усны хамгаалалтын бүстэй давхацсантай холбогдуулан гаргажээ гэж үзэхээр байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан зохицуулалтыг энэ тохиолдолд хэрэглэх боломжгүй.

Иймд Ашигт малтмалын тухай хуулиар олгогдсон бүрэн эрх, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах чиг үүргийн хүрээнд “Хос хас” ХХК-ийн эзэмшилд байсан Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолоор хасагдсан ашигт малтмалын ашиглалтын MV-000267 тоот талбайгаас Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамаарахгүй үлдэж буй талбайг нэхэмжлэгчид буцаан эзэмшүүлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.  

Харин дээрх тусгай зөвшөөрлийн талбайгаас Засгийн газрын тогтоолын дагуу буцаан олгогдох боломжтой хэмжээг хэрхэн тогтоох нь хариуцагчийн бүрэн эрхэд хамаарах тул анхан шатны шүүхээс зөвхөн нэхэмжлэлд дурдсанаар буюу “73.69 га”-г буцаан олгохоор шийдвэрлэснийг өөрчлөх, түүнчлэн өмнө нэгэнт олгогдсон тусгай зөвшөөрлийн талбайгаас хассан, ийнхүү хассан талбайн тодорхой хэсгийг буцаан олгох гэж буй энэ тохиолдолд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшүүлэх байдлаар тусгайлсан шийдвэр гаргах шаардлагагүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн эзэмшлийн MV-000267 тоот тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулах байдлаар шийдвэрлэх боломжтой юм.  

Ашигт малтмалын тухай хуулийн үзэл баримтлал, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.8-д зааснаас үзэхэд тухайн талбай нөөцөөс болон тусгай хэрэгцээнээс чөлөөлөгдсөн тохиолдолд өмнө эзэмшиж байсан этгээдэд үргэлжлүүлэх эзэмшүүлэх давуу эрхтэй байхаар хуульчилсан байх тул дээрх тохиолдолд ч мөн адил хасагдсан талбайгаас шинээр тогтоосон солбицолд хамаарахгүй хэсгийг нэхэмжлэгч үргэлжлүүлэн эзэмших давуу эрх байхаар байна.

Хууль хэрэглээний тухайд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-ийн “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох газрын хилийн заагийг Засгийн газар тогтоох”;

-Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-ийн “нөхөх олговрыг нэг жилийн дотор олгох”, 14.6-ын “нөхөх олговрыг тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол ...үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй байх”, 14.8-ын “өмнө нь тухайн талбайг эзэмшиж байсан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгосон давуу эрх”-ийн талаарх зохицуулалтыг энэхүү маргааныг шийдвэрлэхэд удирдлага болох нь зүйтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...“Хос хас” ХХК-иас буцаан авсан дээрх талбайд сонгон шалгаруулалт явуулаагүй. Сонгон шалгаруулалт явуулах талбайд ч багтаагүй байгаа...” гэх тайлбараас үзэхэд маргаан бүхий ашигт малтмалын ашиглалтын талбайг бусдад эзэмшүүлээгүй байгааг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 251 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6, 14.8 дахь хэсэгт заасныг баримтлан “Хос хас” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тус компанийн гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, ашигт малтмалын ашиглалтын MV-000267 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудаар хасагдсан хэсгээс Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамаарахгүй талбайг буцаан олгож, уг тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайваны гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН