Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 1610

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2018/01610

Улаанбаатар хот

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: аймаг сум Оюут баг  дугаар хороолол  дугаар байр  тоотод оршин суух, онд төрсөн  настай, овогт Б.Г

            Хариуцагч: Баянгол дүүрэг  дугаар хороо А ХХК

3.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагчийн төлөөлөгч Т.Н, гэрч  Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.

                                                    

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Б.Г нь АХХК-ийн хэрэгжүүлсэн Завхан аймгийн Улиастай сумын “Завхан-29” орон сууцны барилгын төслийн ажлын материалыг өөрийн тээврийн хэрэгслээр зөөж тээвэрлэн хүргэж өгөхөөр тохиролцон АХХК-тай тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээ байгуулсан. Энэ хугацаанд 5-6 удаагийн гэрээ байгуулан барилгын материалыг зөөж тээвэрлэн хүргэсэн. Гэрээний дагуу АХХК нь төлбөрөө төлж явсан боловч сүүлд байгуулагдсан буюу хэрэгт өгсөн 2 гэрээний төлбөрөө дутуу өгсөн. Б.Г АХХК-ийн захирал С.Саруулсайхан, нябо н.Тунгалаг нартай тооцоо хийгээд ажлын мөнгөө авдаг байсан. Хоёр тал тооцоо нийлж 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 9.700.000 төгрөг Б.Гт өгөхөөр харилцан тохиролцсон. Тооцоо нийлсэн баримт ч бий. Тооцоо нийлснээс хойш 5-6 удаагийн төлөлт хийгдсэн. Энэ нь Б.Гын Хаан банкны дансанд АХХК-наас мөнгө шилжүүлж байсан дансны хуулгаар тогтоогдоно. С.Саруулсайхан, С.Дэлгэрбаяр нар өөрсдийн эзэмшдэг данснаас ч мөнгө шилжүүлж байсан.  Зарим гүйлгээний утганд АХХК-наас ч гэсэн байгаа. Тооцооноос үлдэгдэл 3.900.000 төгрөг үлдсэнг хариуцагч өгнө гэдэг боловч өдийг хүрсэн. Хариуцагчийн төлөөлөгч АХХК-ийн захирал нь С.Саруулсайхан биш гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэдэг боловч гэрээнд АХХК-ийн тамга дарагдсан. АХХК, Монгол дайван ХХК нь нэгдмэл нэг сонирхолтой ах дүү нарын компани. С.Дэлгэрбаяр нь Атмор, Монгол дайван ХХК-ийн гүйцэтгэх захирал. Тээвэрлэлт хийсэн жолооч компанийн захирал хэн бэ, хэн компанийн хэдэн хувийг эзэмшдэг гэдгийг мэдэх ямар ч боломжгүй. Зөвхөн тамгаа барьж ирээд дарсан хүнийг л захирал нь гэж бодож байгаа. Ер нь С.Саруулсайхан, нэхэмжлэгч Б.Г, түүний эхнэр нар нэг нутгийн хүмүүс, бие биенээ мэддэг. Тийм ч утгаараа гэрээ хийгдсэн. АХХК нь барилгын ажлаас ашиг олсон байна уу, Монгол дайван ХХК нь үр шимийг нь хүртсэн байна уу гэдэг нэхэмжлэгчид хамаагүй. Энэ нь компани хоорондын асуудал. Иймд хариуцагч АХХК-наас тээврийн хөлс 3.900.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч АХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: АХХК-ийн захирал С.Дэлгэрбаяр бөгөөд Б.Гтай гэрээ байгуулаагүй. Гэрээнд гарын үсэг зурсан С.Саруулсайхан  нь АХХК-ийн захирал биш. Тиймээс хэрэгт Монгол дайван ХХК-ийн гэрчилгээ, дүрмийг баримтаар өгсөн. Монгол дайван ХХК нь 4 гишүүнтэй, 30 хувийг нь  С.Саруулсайхан эзэмшдэг. АХХК нь нэг ёсондоо Монгол дайван ХХК-ийн охин компани. Б.Гтай байгуулсан гэрээнд Монгол дайван ХХК-ийн  хувьцааны 30 хувийг эзэмшигч С.Саруулсайхан гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч тал гэрээнд АХХК тамга дарсан гэж байгаа боловч АХХК нь Б.Гаар тээвэрлэлт хийлгэж, мөнгийг төлж байгаагүй. Мөнгө  шилжүүлсэн баримтыг харахад түүгээр нэг ч удаа тээвэрлэлт хийлгэж АХХК-ийн данснаас мөнгө нь гараагүй байна. Б.Г барилгын материалыг тээвэрлэсэн боловч Монгол дайван ХХК нь орон сууцыг бариулж үр шимийг хүртэж, барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Тиймээс Монгол дайван ХХК, Б.Г нарын хооронд тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээ байгуулагдсан. Гэрээний үнийн дүн болон нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд маргахгүй. Монгол дайван ХХК нь барилгын материал тээвэрлүүлж үр шимийг нь хүртсэн. АХХК-ийн нэрийг Б.Гтай байгуулсан гэрээнд бичсэн нь техникийн алдаа байсан. АХХК нь хариуцагч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч АХХК-нд холбогдох гэрээний үүрэг 3.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. 

            Б.Г нь хариуцагч АХХК-тай 2016 оны 09 дүгээр сарын 14, 28-ны өдрүүдэд Тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээ байгуулж, гэрээгээр Улаанбаатар хотоос Завхан аймаг Улиастай сумын Завхан-29 орон сууцын барилгын төслийн гадна тохижилт, гадна фассадын материал, 100 мкуб хөөс, паар, хар замаска зэрэг материалыг өөрийн тээврийн хэрэгслээр зөөж А талын заасан газарт бүрэн бүтэн байдлаар хүргэж өгөх,  А тал болох АХХК нь төлбөрийн нийт хэмжээ 1 рейс нь 4.200.000 төгрөгнөөс ажил гүйцэтгэхээс өмнө урьдчилгаа төлбөр 2.000.000 төгрөг, үлдэгдэл төлбөрийг материал бүрэн гүйцэт хүлээлгэн өгч тооцоо нийлэн акт үйлдэн гүйцэтгэлийн дараа 2.200.000 төгрөгийг Б тал болох Б.Гт төлөхөөр тохирсон байна.

            Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ нь Тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээ нэртэй боловч гэрээгээр талууд тээвэрлэгч нь ачааг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн тул тэдний хооронд Тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан, гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл байна.

            Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр заажээ.

            Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд “Монгол дайван ХХК нь барилга бариулж, барилгын материалыг зөөж тээвэрлүүлэх гэрээг Б.Гтай байгуулсан. Гэрээнд гарын үсэг зурсан С.Саруулсайхан АХХК-ийн захирал биш. Хариуцагч нь Монгол дайван ХХК тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан маргасан боловч гэрээ Б.Г, АХХК-ын хооронд байгуулагдаж компанийн тамга дарж баталгаажуулсан тул гэрээгээр зөөвөрлөсөн барилгын материалаар хэний ямар ажлыг хийж гүйцэтгэсэн нь хамааралгүй байна. Өөрөөр хэлбэл гэрээгээр тээвэрлэгч Б.Г ачааг тогтоосон газар буюу Завхан аймагт хүргэсэн тул тээвэрлүүлэгч АХХК нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй байхаар гэрээг байгуулсан, тул тайлбар нь үндэслэлгүй.

            Хариуцагч нь гэрээний дагуу ачааг тогтоосон газар хүргэсэн болон, Атмороос Завхан тээврийн хөлс нэртэй Б.Гын дансанд шилжүүлсэн гэх Хаан банк дахь Б.Гын дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэлийн үнийн дүн 3.900.000 төгрөгт маргахгүй гэж тайлбарласан болно.

            Атмор-24 төслийн орон сууцын барилгын материалыг Б.Г тээвэрлэж Завхан аймагт хүргэсэн болон тээвэрлэлтийн ажлын хөлсний өглөгө, авлагын тооцоог Б.Гтай хийж байсан талаар АХХК-ийн ня-бо П.Тунгалаг, АХХК-ийн ня-бо П.Тунгалаг нь Б.Гтай 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн тээвэртэй холбоотой авлага, өглөгийн тооцоо хийсэн талаар С.Одхүү нарын гэрчийн мэдүүлэг өгсөн байна.

            Хариуцагч нь Б.Гын тээвэрлэж хүргэсэн барилгын материалаар Атмор-24 төслийн 29 айлын орон сууцны барилга угсралтын ажил хийгдэж Монгол дайван ХХК улсын комисст хүлээлгэн өгсөн гэж тайлбарлан 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын актыг ирүүлсэн тул тээвэрлэлтийн гэрээний зүйл болох ачааг тогтоосон газар нь нэхэмжлэгч хүргэж гэрээний үүргээ биелүүлсэн болох нь нотлогдсон байна.

            Иймд хариуцагч АХХК-наас 3.900.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Гт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

            Хэрэгт С.Саруулсайханд зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг баримтаар ирүүлсэн нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                              ТОГТООХ  нь:

 

            1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т зааснаар хариуцагч АХХК-наас 3.900.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Гт олгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77.350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч АХХК-наас 77.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Гт олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.КУЛЬДАНА