Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/400

 

 

 

 

 

 

 

 

 

    2022           5          23                                  2022/ШЦТ/400

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч С.Энхтуул

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-т холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205004821289 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ хохирогч Т.Б-той автомашин мөргөлөө гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч *******- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч *******-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу болон хэргийн үйл баримт дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй.“ гэсэн мэдүүлэг

 

 Гурав: Хавтаст хэргээс:

            1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Б-ы хохирогчоор өгсөн:

 “Миний санаж байгаагаар 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 16 цагийн үед би өөрийн эзэмшлийн Тоёота Хариар маркийн 0000 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Хан-Уул дүүргээс Баянгол дүүргийн 3 хороо 2 дугаар хорооллын 65 байрны 31 тоот руу явах замд буюу Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны гүүрний өсгөх хэсэгт 2 дугаар эгнээнд явж байхад миний хажуу тал буюу 1 дүгээр эгнээнээс Приус-30 маркийн 00-00 УАС улсын дугаартай тээврийн ямар нэгэн дохио өгөхгүй 2 дугаар эгнээнд шилжиж ороод тоормос гишгэхэд нь би тухайн тээврийн хэрэгслийн ард талын гуперыг мөргөөд машинаа зогсоосон. Би тухайн машиныг ямар нэгэн санаа зорилготойгоор мөргөсөн зүйл байхгүй. Тус тээврийн хэрэгсэл миний урдуур орохдоо ямар нэгэн дохио өгөөгүй, шууд урд гараад тоормос гишгээд зогсоосон учраас уг тээврийн хэрэгслийг мөргөсөн. Тухайн өдөр тус зам нь маш их түгжрэлтэй байсан бөгөөд Приус-30 машины жолооч ямар зорилгоор эгнээ байраа эзэлсэн талаар мэдэхгүй байна. Тэгээд би машинаа зогсоогоод тухайн машины жолоочтой уулзах гээд машинаасаа буухад тус приус машины жолооч машинаасаа бууж ирээд шууд миний гэдэс рүү өшиглөөд гараараа нэг удаа нүүр рүү цохихоор нь уур хүрээд тухайн хүнийг гараараа нүүр рүү цохиход тухайн хүн миний цохилтоос бултаас хальт эрүүнд нь шүргэсэн. Тэгэхэд нөгөө талаас цагдаа нар ирээд уг асуудлаа замын цагдаагийн хэлтэст очиж шалгуулж гээд явуулахаар нь тухайн цагдаа нарын хэлснээр тус хэлтэст очиж шалгуулахад приус-30 машины жолоочийн буруу болж таарсан. Тэгээд бид хоёр уг асуудлаа тус замын цагдаагийн хэлтэст шалгуулаад арга хэмжээнүүдээ авхуулсан. Би тухайн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэлээр торгууль, эрхээ хасуулсан. Харин приус-30 машины жолооч миний машинд учирсан хохирлыг барагдуулсан. Тэгээд би тухайн залуутай учраа олоод гэр гэр рүүгээ явцгаасан. Гэртээ очиход миний зүүн дээд уруул хөхөрч хавдаж язарсан, зүүн талын шилбэ, гуянд хөхөрсөн байсан.Тус гэмтлүүдийг эхнэр хараад уг асуудлын талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өг гээд байхаар нь уг асуудлын талаар цагдаагийн байгууллагад хандаж шалгуулж байна.Би тус тээврийн хэрэгслийн жолоочтой учраа олсон учраас тухайн хүнд холбогдуулан гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал)

 

            2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2467 дугаартай:  “Т.Б-ы биед дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын дотор салстад цус хуралт, доод уруулын доод уруулын дотор салстад няцарсан шарх, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал)

 

         3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-ийн яллагдагчаар өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Наадам Центрээс Модны-2 хорооллын Мөнх Гал төв рүү явахдаа өөрийн эзэмшлийн Приус-30 маркийн 00-00 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явж байсан бөгөөд өдрийн 16 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны гүүрээр урдаас хойш чиглэлтэй 1 дүгээр эгнээд явж байсан. Хэдхэн хоногийн дараа цагаан сар болох гэж байсан учраас замын замын түгжрэл маш ихэссэн Тус зам нь маш их түгжрэлтэй байхад миний ард талын 2 дугаар эгнээнд Хариар маркийн 61-30 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний ард талын машинтай шахцалдаад зогсоцгоосон тухайн машинууд зогсоцгооход урд талд нь нэг машины зай гарахаар нь би тус зайнд ороод зогсоход тус Хариар маркийн машин миний ард талаас ирээд зогссон. Тухайн үед би 1 дүгээр эгнээнээс 2 дугаар эгнээнд шилжин орохдоо бүрэн бүтэн ороогүйн улмаас тус тээврийн хэрэгсэл миний машиныг зогсож зам тээврийн осол гаргасан. Уг асуудлаас болоод Хариар маркийн 61-30 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Б- гэх хүнтэй маргалцаж муудахад намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдсан. Т.Б- нь намайг заамдаж байгаад нүүр рүү цохих гээд гараа далайхаар нь би тус цохилтоос нь бултахад хальт эрүүг шүргэсэн. Тэгэхээр нь би тухайн хүнийг баруун гараараа нүүр рүү цохисон. Тэгээд би уг асуудлын талаар замын цагдаад дуудлага өгөхөд замын цагдаа нар ирээд уг зам тээврийн осол нь миний буруугаас болж гарсан гээд замын цагдаад торгуулсан. Тухайн хүн надтай маргалдаж муудахаас өмнө нь нүүрэнд нь ил харагдах гэмтэл шархгүй байсан. Надад цохиж зодуулсны улмаас зүүн дээд уруул нь хөхөрч хавдсан. Иймд би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөн тухайн хүнээс болсон асуудалд уучлалт гуйгаад бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөн зарим асуудлын талаар гэрчийн мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй ярьсан..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 36 дахь тал), шүүгдэгч *******-ийн өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорт гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 58 дахь тал), хохирогч Т.Б-ы гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 59 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч *******- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Т.Б-д учирсан хохирол, хор уршгаа баримтаар нэхэмжлээгүй бөгөөд, гомдол саналгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч *******- нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг (хавтаст хэргийн 58 дахь тал) 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 112 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар *******-т холбогдох эрүүгийн 2205004821289 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

          Шүүгдэгч *******- нь 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тоёота приус 30 загварын 31-19 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа автомашины араас мөргөлөө гэх шалтгаанаар хохирогч Т.Б-той маргалдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  болох нь:

Т.Б-ы хохирогчоор өгсөн: “...тус тээврийн хэрэгсэл миний урдуур орохдоо ямар нэгэн дохио өгөөгүй, шууд урд гараад тоормос гишгээд зогсоосон учраас уг тээврийн хэрэгслийг мөргөсөн. Тухайн өдөр тус зам нь маш их түгжрэлтэй байсан бөгөөд Приус-30 машины жолооч ямар зорилгоор эгнээ байраа эзэлсэн талаар мэдэхгүй байна. Тэгээд би машинаа зогсоогоод тухайн машины жолоочтой уулзах гээд машинаасаа буухад тус приус машины жолооч машинаасаа бууж ирээд шууд миний гэдэс рүү өшиглөөд гараараа нэг удаа нүүр рүү цохихоор нь уур хүрээд тухайн хүнийг гараараа нүүр рүү цохиход тухайн хүн миний цохилтоос бултаас хальт эрүүнд нь шүргэсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2467 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал), *******-ийн яллагдагчаар өгсөн: “...Т.Б- нь намайг заамдаж байгаад нүүр рүү цохих гээд гараа далайхаар нь би тус цохилтоос нь бултахад хальт эрүүг шүргэсэн. Тэгэхээр нь би тухайн хүнийг баруун гараараа нүүр рүү цохисон. Тэгээд би уг асуудлын талаар замын цагдаад дуудлага өгөхөд замын цагдаа нар ирээд уг зам тээврийн осол нь миний буруугаас болж гарсан гээд замын цагдаад торгуулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Т.Б-ы эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч *******-ийн хохирогчийн нүүр рүү гаргаараа цохисны улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч *******-ийн дээрх гэмт үйлдлийг Баянгол дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.   

 

Хэргийн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

          Хэргийн хохирогч Т.Б- нь одоо болон цаашид гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй болохоо мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрхийлсэн (хавтаст хэргийн 59 дэх тал) баримттай байна.

 

Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгч *******-ийг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

          Шүүгдэгч *******- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 36 дахь талд авагдсан ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдсэн тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон.

 

Шүүгдэгч *******-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах шүүх, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч Т.Б- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлын дордуулахгүйгээр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Энэ хэрэгт *******- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Т.Б- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.

           

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. *******-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ