Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/440

 

 

 

 

 

 

 

 

 

    2022           5          31                                   2022/ШЦТ/440

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч М.Анхбаяр

хохирогч Ц.Ц-

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205007581281 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Боззоло” бэлэн хувцасны дэлгүүрт хохирогч Ц.Ц-гийн мартаж явсан цүнхтэй эд зүйлийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Ц.Ц-д 910.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч *******- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Хохирогчид 430.000 төгрөг төлсөн. Төлөгдөөгүй үлдсэн 480.000 төгрөгийг төлнө. ” гэв.

 

          Хохирогч Ц.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би тухайн өдөр “Боззоло” дэлгүүрт бараа сонгочхоод кассан дээр очоод тооцоо хийх гэсэн чинь уг дэлгүүрт цүнхээ тавиад мартсан байсан. Цүнхээ мартаж үлдээсэн газраа очсон чинь миний цүнх алга болсон байсан. Дэлгүүрийн камер шүүж үзэхэд нэг эмэгтэй аваад гарч байгаа бичлэг байсан. Шүүгдэгч миний хохирлоос 430.000 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл 480.000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэв.

 

Гурав: Эрүүгийн 2205007581281 дугаартай хэргээс:

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Ц-гийн хохирогчоор өгсөн: “Би 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 16 цагийн орчим охиндоо хувцас авах гээд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бозолло” бэлэн хувцасны дэлгүүр орсон. Тухайн дэлгүүрт ороод нэлээн удаан бүх төрлийн хувцас үзэж байгаад халууцаад байхаар нь куртик малгай ороолтоо тайлаад явсан. Кассан дээр очоод мөнгөө төлөх гээд очсон чинь миний гар жижиг цүнх алга болчихсон байсан. Тэгээд үзэж байсан лангуунаасаа очиж үзэхэд байхгүй болчихсон байсан. Хяналтын камерын бичлэгийг ажилчинд нь хэлээд үзэхэд нэг эрээн том цүнхтэй урт хөх куртиктэй эмэгтэй аваад гарч байсан. Тэгээд цагдаад хандсан. Түрийвчинд бэлнээр хэрэглээний 188.000 төгрөг түрийвчний урд талд азын сериал дугаартай 1 ширхэг 20,000, 1 ширхэг 10,000, 1 ширхэг 5,000, 2 ширхэг 1,000 төгрөгийн дэвсгэрт болон гагнуулах гээд авч явж байсан хугарсан монетон ээмэг, оюу чулуугаар хийсэн бугуйвч байсан. Харин цүнхэн дотор агар сам, хуучны толгойн хулсан шүүр, хар өнгийн нэрийн хуудасны саванд дэлгүүрүүдийн урамшууллын картууд, хаан банкны 2 ширхэг карт байсан. Алдсан 2 ширхэг гар утсаа олж авмаар байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал)

           

2. Кости Эстимэйт ХХК-ийн “Readme note 7 загварын гар утас 1 ширхэг 280.000 төгрөг, Samsung s5 загварын гар утас 1 ширхэг 150.000 төгрөг, монетан ээмэг 4 грамм 1 ширхэг 480.000 төгрөг нийт 910.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан  (хавтаст хэргийн 26-28 дахь тал)

 

3. Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн“ гар цүнх 1 ширхэг, түрийвч, 10 төгрөгийн дэвсгэрт 9 ширхэг, картны гэр 1 ширхэг, ээмэг 1 ширхэг, карт 7 ширхэг, шашны карт 2 ширхэг зэргийг *******-ээс хураан авч, хохирогч Ц.Ц-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 35-36, 44-45 дахь тал)

 

4. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...хохирогч өөрийн цүнхээ мартан гарж байх үеийг харуулав. Хохирогчийн орхисон гар цүнхийг авч байх үеийг харуулав. Хохирогчийн гар цүнхийг аваад гарч байх үеийг харуулав.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 21-23 дахь тал)

 

5. Мөрдөгчийн “Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Хонгор би, Иргэн Ц.Ц- нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бозолло” дэлгүүр дотор цүнхтэй эд зүйлээ алдсан гэх Г- 1748 дугаартай хэрэгт “Бозолло” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг шүүж ажиллахад хохирогч Ц.Ц- нь хяналтын камерын цагаар 16 цаг 58 минутад хувцас үзэж байхдаа цагаан эрээн жижиг гар цүнхээ хувцасны сээтэг дотор тавиад мартаж байгаа нь бичигдсэн байх бөгөөд уг цүнхийг 17 цаг 04 минутад цэнхэр масктай, цагаан ноолууран өвлийн малгайтай урт цэнхэр куртиктэй, том эрээн гар цүнхтэй, түрийтэй хар өвлийн гуталтай, 160-165см орчим өндөртэй, 45-50 орчим насны эмэгтэй хүн аваад гараад “Москва” их дэлгүүрийн урдуур зам дагуу явж байгаа нь “Бозолло” дэлгүүрийн дотор талын хяналтын камерт бичигдсэн байв.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 16 дахь тал)

 

             6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-ийн яллагдагчаар өгсөн:

“Би 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зээ хүүдээ куртик авах гээд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бозолло” дэлгүүрт ороод хүүхдийн 2 давхарт байх тасгаас хувцас сонирхож байгаад доод давхраас хүүдээ гутал үзээд таалагдах юм байхгүй болохоор нь гарах замд оймс, дотуур хувцас байсан бөгөөд би үзээд явж байтал тэр дунд эзэнгүй цагаан эрээн жижигхэн цүнх байхаар нь аваад дэлгүүрийн камерын хүнд өгөх үү гэж бодож байгаад шууд авч дэлгүүрээс гараад Ахуйн үйлчилгээний автобусны буудлаас Офицер чиглэлийн троллейбусанд суугаад Улаанбаатар их дэлгүүрийн буудалд буугаад эсрэг талаас нь Зүүн салаа чиглэлийн автобусанд суугаад гэртээ ирсэн. Тэгээд цүнхийг задалж үзэхэд 1 ширхэг шаргалдуу өнгийн Самсунг эс-5 маркийн гар утас, улаан өнгийн хар оруулгатай дэлгэдэг утас-1 ширхэг, ногоон өнгийн түрийвч, дотор нь 10.000 төгрөг 1 ширхэг, 5.000 төгрөг 1 ширхэг, 1.000 төгрөг 6-7 ширхэг, 500 төгрөг 3 ширхэг байсан Улаан гэртэй утас дугараад, нэгжийн мэдээлэл ирэхээр нь нэгжийн үлдэгдлийг шалгахад 17.000-18.000 нэгж байсан. Тэгэхээр нь би тэр оройдоо өөрийн 96687665 дугаар руу 7-8 удаа нэгж шилжүүлэн авсан. Маргааш өглөө нь цүнх, түрийвчийг үлдээгээд бэлэн мөнгийг нь 2 гар утастай нь аваад ажил болох Хан зочид буудалд /Хороолол Түмэн плазагийн хажууд/ очоод ажлаа хийж байгаад чөлөө аваад гадуур явж байгаад орой 20 цагийн орчимд харих гээд талбай хүртэл найз Урнаатай алхаад буцаад ялалтын автобусны буудал руу монтелийн хажуугаар алхаж байхад эмэгтэй, эрэгтэй хоёр утас авна, зарна гээд зогсож байхаар нь энэ 2 утсыг хэдэд авах вэ гэхэд 160.000 төгрөг болно гэхээр нь өгчихсөн. Одоо тэр хоёрыг харвал танихгүй. Дүгнэлтэд тусгагдсан монетон ээмэг цүнхэнд байгаагүй. Тиймээс би 2 утасны мөнгийг төлөх саналтай байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал)

 

 7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 61 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 48 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Дөрөв:  Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар *******- нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Боззоло” бэлэн хувцасны дэлгүүрт орж тус дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа  Ц.Ц-гийн мартсан цүнхийг нь аваад гарч байгаа хэргийн үйл баримт авагдсан байна.

 

Шүүгдэгч *******- нь хохирогч Ц.Ц-гийн эд зүйлийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 910.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:          

Ц.Ц-гийн хохирогчоор өгсөн: “Би 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 16 цагийн орчим охиндоо хувцас авах гээл Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Боззоло” бэлэн хувцасны дэлгүүр орсон. Тухайн дэлгүүрт ороод нэлээн удаан бүх төрлийн хувцас үзэж байгаад халууцаад байхаар нь куртик малгай ороолтоо тайлаад явсан. Кассан дээр очоод мөнгөө төлөх гээд очсон чинь миний гар жижиг цүнх алга болчихсон байсан. Тэгээд үзэж байсан лангуунаасаа очиж үзэхэд байхгүй болчихсон байсан. Хяналтын камерын бичлэгийг ажилчид нь хэлээд үзэхэд нэг эрээн том цүнхтэй урт хөх куртиктэй эмэгтэй аваад гарч байсан. Тэгээд цагдаад хандсан. Түрийвчинд бэлнээр хэрэглээний 188.000 төгрөг түрийвчний урд талд азын сериал дугаартай 1 ширхэг 20,000, 1 ширхэг 10,000, 1 ширхэг 5,000, 2 ширхэг 1,000 төгрөгийн дэвсгэрт болон гагнуулах гээд авч явж байсан хугарсан монетон ээмэг, оюу чулуугаар хийсэн бугуйвч байсан. Харин цүнхэн дотор агар сам, хуучны толгойн хулсан шүүр, хар өнгийн нэрийн хуудасны саванд дэлгүүрүүдийн урамшууллын картууд, хаан банкны 2 ширхэг карт байсан. Алдсан 2 ширхэг гар утсаа олж авмаар байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал), Кости Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан  (хавтаст хэргийн 26-28 дахь тал), Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 35-36, 44-45 дахь тал), Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 21-23 дахь тал), Мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 16 дахь тал), *******-ийн яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр..Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Боззоло” дэлгүүрт...эзэнгүй цагаан эрээн жижигхэн цүнх байхаар нь аваад дэлгүүрийн камерын хүнд өгөх үү гэж бодож байгаад шууд авч дэлгүүрээс гараад Ахуйн үйлчилгээний автобусны буудлаас Офицер чиглэлийн троллейбусанд суугаад Улаанбаатар их дэлгүүрийн буудалд буугаад эсрэг талаас нь Зүүн салаа чиглэлийн автобусанд суугаад гэртээ ирсэн. Тэгээд цүнхийг задалж үзэхэд 1 ширхэг шаргалдуу өнгийн Самсунг эс-5 маркийн гар утас, улаан өнгийн хар оруулгатай дэлгэдэг утас-1 ширхэг, ногоон өнгийн түрийвч, дотор нь 10.000 төгрөг 1 ширхэг, 5.000 төгрөг 1 ширхэг, 1.000 төгрөг 6-7 ширхэг, 500 төгрөг 3 ширхэг байсан Улаан гэртэй утас дугараад, нэгжийн мэдээлэл ирэхээр нь нэгжийн үлдэгдлийг шалгахад 17.000-18.000 нэгж байсан. Тэгэхээр нь би тэр оройдоо өөрийн 96687665 дугаар руу 7-8 удаа нэгж шилжүүлэн авсан. Маргааш өглөө нь цүнх, түрийвчийг үлдээгээд бэлэн мөнгийг нь 2 гар утастай нь аваад ажил болох Хан зочид буудалд /Хороолол Түмэн плазагийн хажууд/ очоод ажлаа хийж байгаад чөлөө аваад гадуур явж байгаад орой 20 цагийн орчимд харих гээд талбай хүртэл найз Урнаатай алхаад буцаад ялалтын автобусны буудал руу монтелийн хажуугаар алхаж байхад эмэгтэй, эрэгтэй хоёр утас авна, зарна гээд зогсож байхаар нь энэ 2 утсыг хэдэд авах вэ гэхэд 160.000 төгрөг болно гэхээр нь өгчихсөн. Одоо тэр хоёрыг харвал танихгүй. Дүгнэлтэд тусгагдсан монетон ээмэг цүнхэнд байгаагүй. Тиймээс би 2 утасны мөнгийг төлөх саналтай байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Улсын яллагчаас *******-ийг “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

  Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч *******-ийг “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан”  гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Тав. Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

            Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******-д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон зэрэг хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

 

Зургаа: Бусад асуудлын талаар 

Хохирогчийн эд хөрөнгөд учирсан нийт 910.000 төгрөгийн хохирлоос төлөгдөөгүй үлдсэн  480.000 төгрөгийг шүүгдэгч *******-ээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ц.Ц-д олгох нь зүйтэй.  

 

            Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт ирүүлсэн сиди хоёр ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг тус тус дурдав.

           

 

 

 

 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Жавзангийн *******-ийг “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ээс 480.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Ц-д олгосугай.

 

6. *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

 

7. Хэргийн хамт ирүүлсэн сиди 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ