Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/417

 

 

 

 

 

 

 

 

 

    2022           5          25                                   2022/ШЦТ/417

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч С.Бичинхүү

шүүгдэгч Б.Б-

хохирогч Х.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000001297 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б-.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 4 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Пламинго” нэртэй бааранд үл таних хүмүүстэй маргалдаж пивоны шил шидсэний улмаас  Х.Д-гийн толгойн тус газарт онож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч Б.Б- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчид 250.000 төгрөгийг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлнө.” гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Х.Д- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Эмчилгээний баримтууд нь гэрт байгаа. Байнгын толгой өвдөж, өвчин намдаах эм уудаг болсон. Цаашид эмчилгээ хийлгэнэ.” гэсэн мэдүүлэг.

 

Гурав: Эрүүгийн 2205000001297 дугаартай хэргээс:

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Д-гийн хохирогчоор өгсөн: “Манай найз залуу Мөнхтангараг Баянгол дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Пламинго” бааранд дижи хийдэг. 2022 оны 4 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнийн 02 цагийн үед бааранд үйлчлүүлж байсан хэсэг залуучууд хоорондоо маргаад барилцаж аваад байсан. Маргаж байсан залуучуудыг Мөнхтангараг салгах гээд очихоор нь би ямар нэг зүйл болж магадгүй гэж бодоод найз залуугаа дагаад явж байсан. Найз залуу тэр хүмүүсийг салгах гээд чадахгүй байсан тул найз залуугаа дагуулаад тэк рүү явж байсан чинь тэнд маргаж байсан залуучуудын нэг нь миний араас пивоны шил шидээд, шидсэн шил нь миний толгой хэсэгт оносон. Шил шидсэн залууг байлгаж байгаад цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Миний толгойн баруун хэсэгт хагарсан. Миний эрүүл мэндэд Б.Б- гэх хүнээс өөр хүн халдаагүй. Эм авсан баримт надад байгаа, эмчилгээ хийлгээгүй, цаашдаа эмчилгээ хийлгэх тул энэ зардлыг гаргуулах хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Мөнхтангарагийн гэрчээр өгсөн: “ Би Баянгол дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Пламинго бааранд дижи хийдэг юм...2022 оны 4 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнийн 02 цаг өнгөрч байх үед бааранд хүмүүс маргаад хоорондоо хэрүүл маргаан хийж эхэлсэн. Тэнд хэрүүл маргаан хийж байсан хүмүүсийг би очиж салгасан. Тэнд маргаж байсан нэг залуу нь ширээн дээр байх пивоны шил аваад шидсэн чинь манай найз охин Х.Д-гийн толгой хэсэгт оносон. Тэгээд шил шидсэн залууг барьж аваад цагдаагийн албан хаагчид хүлээлгэж өгсөн. ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 5461 дугаартай шинжээчийн “Х.Д-гийн биед тархи доргилт, баруун чамархайн ар дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

 

            4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б-гийн яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 4 дүгээр сарын 01-ний шөнийн 23 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Пламинго” нэртэй бааранд ганцаараа ороод найз Дашням, Болдбаяр хоёрыг дуудсан. Тэр үед удалгүй бааранд орж ирээд бид нар 0.5 литрийн хэмжээ бүхий 12 шил пиво, 0.5 литрийн хэмжээ бүхий Соёрхол нэртэй архи захиалаад хувааж ууцгаасан. 2022 оны 4 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байх үед бааранд үл таних хүмүүстэй муудалцаад зодоон хийсэн. Маргаж байсан 2 залуу над руу дайрч ирээд намайг буйдан дээр дарж байгаад холдоод явсан. Миний уур маш их хүрээд ширээн дээр байсан пивоны шилийг аваад араас нь шидсэн чинь тэр 2 залууг онолгүй үл таних эмэгтэйн толгойн хэсэг рүү оносон. Тэгээд хамгаалагч нар хүрч ирээд намайг барьж буйдан дээр суулгаад байж байсан чинь цагдаагийн албан хаагчид ирж намайг саатуулсан. Би 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 250.000 төгрөгийг нөхөн төлсөн. Дараа нь дахиж уулзаад надаас эмчилгээний зардал гэж 4.000.000 төгрөг нэхсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

         Дөрөв:  Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

         Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 4 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Пламинго”  бааранд үл таних хүмүүстэй маргалдсаны улмаас тэдэн рүү шидсэн пивоны шил маргаанд огт хамааралгүй хохирогч Х.Д-гийн толгойн тус газарт онож  түүний биед тархи доргилт, баруун чамархайн ар дээд хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учирсан хэргийн үйл баримт авагдсан байна.

 

Шүүгдэгч Б.Б- нь хохирогч Х.Д-гийн биед тархи доргилт, баруун чамархайн ар дээд хэсэгт шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

        Х.Д-гийн хохирогчоор өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 01-ээс 2022 оны 4 дүгээр сарын 02-нд шилжих шөнийн 02 цагийн үед бааранд үйлчлүүлж байсан хэсэг залуучууд хоорондоо маргаад барилцаж аваад байсан. Маргаж байсан залуучуудыг Мөнхтангараг салгах гээд очихоор нь би ямар нэг зүйл болж магадгүй гэж бодоод найз залуугаа дагаад явж байсан. Найз залуу тэр хүмүүсийг салгах гээд чадахгүй байсан тул найз залуугаа дагуулаад тэк рүү явж байсан чинь маргаж байсан залуучуудын нэг нь миний араас пивоны шил шидээд, шидсэн шил нь миний толгой хэсэгт оносон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал), Ч.Мөнхтангарагийн гэрчээр өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнийн 02 цаг өнгөрч байх үед бааранд хүмүүс маргаад хоорондоо хэрүүл маргаан хийж эхэлсэн. Тэнд хэрүүл маргаан хийж байсан хүмүүсийг би очиж салгасан. Тэнд маргаж байсан нэг залуу нь ширээн дээр байх пивоны шил аваад шидсэн чинь манай найз охин Х.Д-гийн толгой хэсэгт оносон. Тэгээд шил шидсэн залууг барьж аваад цагдаагийн албан хаагчид хүлээлгэж өгсөн. ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал), Б.Б-гийн яллагдагчаар өгсөн: “Би...2022 оны 4 дүгээр сарын 01-нээс 2022 оны 4 дүнгээр сарын 02-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байх үед бааранд үл таних хүмүүстэй муудалцаад зодоон хийсэн. Маргаж байсан 2 залуу над руу дайрч ирээд намайг буйдан дээр дарж байгаад холдоод явсан. Миний уур маш их хүрээд ширээн дээр байсан пивоны шилийг аваад араас нь шидсэн чинь тэр 2 залууг онолгүй үл таних эмэгтэйн толгойн хэсэг рүү оносон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 5461 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал), зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Х.Д-гийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.Б- нь бусад руу пивоны шил шидсэний улмаас хохирогчийн толгойн хэсэгт оносноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас “шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэргийн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2022 оны 4 дүгээр сарын 01-нээс 2022 оны 4 дүнгээр сарын 02-нд шилжих шөнө 02 цаг орчимд Баянгол дүүргийн 8 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Пламинго” бааранд үл таних хүмүүстэй шүүгдэгч Б.Б- нь маргалдсаны улмаас пивоны шил шидэж хохирогч  Х.Д-гийн толгойн хэсэгт гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос Б.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Тав. Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

       Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал дүгнэлт гаргав.  

 

Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчид учирсан  хохирлыг төлсөн, цаашид нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

            Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б-гийн гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй  хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Зургаа: Бусад асуудлын талаар 

Хавтаст хэрэгт хохиролтой холбоотой баримт авагдаагүй байх ба хохирогч шүүх хуралдаанд “толгой байнгын өвддөг, өвчин намдаах эм уудаг, шүүхэд гаргах хохирлын баримтаа гэртээ орхисон” гэж мэдүүлсэн бөгөөд хохирогч нь энэ хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Б-гаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

            Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдав.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

 1. Бэсүд овогт Болдбаатарын Б.Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

 2. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

 

          4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          5. Хохирогч Х.Д- өөрт учирсан хохиролтой холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Б-гаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6 Б.Б- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ