Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1911

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2018/01911

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх  хуралдаанаар

Нэхэмжлэгч: дүүрэг  дугаар хороо  дүгээр хороолол  дугаар байр тоотод оршин суух,   онд төрсөн  настай, овогт Г.А

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

            Үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.А, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.А миний бие Улаанбаатар хотын даатгал ХХК-наас өөрийн эд хөрөнгийг барьцаалж 50.000.000 төгрөгний зээл авсан. Зээлийн хугацаанд мөнгийг төлж чадаагүй тул шүүхийн шийдвэр гарч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан төлүүлэхээр болсон. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар барьцаанд тавьсан барьцаа хөрөнгийг эд хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-наар хөрөнгийн үнэлгээг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хийлгэсэн. 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр анхны дуудлага худалдаанд оруулсан. Дараагийн дуудлага худалдаа 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр болохыг надад мэдэгдсэн. Үнэлгээний компани миний барьцаа хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн тул зөвшөөрөхгүй. Иймээс дахин үнэлүүлэх хүсэлтэй байгаа. Миний барьцаа хөрөнгийг шүүхийн журмаар үнэлүүлэхэд өндөр үнэлсэн боловч бас л зах зээлийн үнээс доогуур байгаа. Гэхдээ дахин үнэлгээ хийлгэхийг шүүх зөвшөөрөөгүй тул энэ үнийг зөвшөөрч байгаа. Шийдвэр гүйцэтгэлийн үнэлгээг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд талбарлахдаа: Шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж оролцож байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрээр Г.Аөөс 59.701.084 төгрөг гаргуулж Улаанбаатар хотын даатгал ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгч Г.Аийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо 12 дугаар хороолол 49 дүгээр барилгын 4 давхарын 162 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, хураан авсан. Төлбөр төлөгч Г.А, үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Г.Долгион, төлбөр авагч талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.1-д зааснаар үнийн санал авахад үүрэг гүйцэтгүүлэгч болон үүрэг гүйцэтгэгч нар харилцан тохиролцоогүй, зах зээлийн бодит үнэлгээг шинжээчээр тогтоолгох санал гаргасан. Хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий Мөнх Оргил трейд ХХК-нийг шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход 180.500.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Талуудад 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4/27186, 4/27188 дугаартай үнэлгээний мэдэгдлүүдийг хүлээлгэн өгч, баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шинжээчийн үнэлсэн үнэ болох 180.500.000 төгрөгийн 70 хувь буюу 126.350.000 төгрөгөөр эд хөрөнгийн анхны дуудлага худалдаанд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Анхны албадан дуудлага худалдааны талаар мэдэгдэл мөн хүргүүлсэн. Хоёр дахь албадан дуудлага худалдааны талаар 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр талуудад мэдэгдлээр мэдэгдсэн.  Хоёр дахь албадан дуудлага худалдаанд  Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар үнэлэгдсэн үнэлгээний 50 хувь буюу 90.250.000 төгрөгөөр 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж, үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг зохион байгуулахдаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.1, 177.4-т заасны дагуу явуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох  үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Дугаар 102/ШШ2016/04672 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Улаанбаатар хотын Даатгал ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 59.458.254 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч Г.Аийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэж, шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Дугаар 102/ГХ2016/02573 гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч төлбөр төлөгч Г.А төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дугаар142/08 эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо 12 дугаар хороолол 49 дүгээр барилгын 4 давхрын хэсэг 162 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Дугаар 042/02 эд хөрөнгө хураасан тогтоолоор хураасан байна.

Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо 12 дугаар хороолол 49 дүгээр барилгын 4 давхрын хэсэг 162 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн талаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал авахад хэн аль нь шинжээч томилуулах талаар бичгээр хүсэлт гаргаж шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч, төлбөр авагч нараас гаргасан хүсэлтийг тусгасан тэмдэглэл үйлдэж, тэдгээрийн гарын үсгээр баталгаажуулснаар талууд үнийн талаар харилцан тохиролцоогүй гэж үзэж тухайн эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгож, үнэлгээ хийлгэхээр 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Мөнх Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилжээ.

Шинжээч үл хөдлөх хөрөнгөтэй газар дээр нь очиж танилцан үнэлгээг хийж орон сууцны зах зээлийн үнэ 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 180.500.000 төгрөг болохыг тогтоож, энэ тухай тайланг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлж, үнэлгээг төлбөр төлөгч Г.А, хамтран өмчлөгч Г.Долгион, төлбөр авагч Улаанбаатар хотын Даатгал ХХК-нд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдэл хүргүүлснийг тус тус хүлээн авсан байна.

Шийдвэр гүйцэтгэгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар дээрх зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн үнэлгээний 70 хувь буюу 126.350.000 төгрөгөөр 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 10.00 цагт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байранд албадан дуудлага худалдаа болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар төлбөр төлөгч Г.Ат 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мэдэгдэж, мэдэгдлийг хүлээлгэн өгч баталгаажуулжээ.

Дээрх үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, зохигч маргаагүй болно.

Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас шинжээч томилсон, шинжээч үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо шинжээчийн дүгнэлтийг талуудад мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болохоор заасан ба уг үнэлгээний талаар гомдол гаргах хугацаа 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон байна.

Нэхэмжлэгч Г.А үнэлгээний талаар шүүхэд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Гомдол гаргах хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээч томилж үнэлүүлсэн боловч нэхэмжлэгчийн шүүхэд гомдол гаргах хугацаа дууссан тул үнэлгээнд дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь гуравдагч этгээдээр Г.Долгионыг оролцуулах хүсэлтээс татгалзсан болохыг дурьдав. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

       1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.  Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь гуравдагч этгээдээр Г.Дг оролцуулах хүсэлтээс татгалзсанг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

 

 

                                   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ж.КУЛЬДАНА