| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2018/01825/И |
| Дугаар | 1768 |
| Огноо | 2018-05-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 1768
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, Одонт 13 дугаар гудамж, 4 тоотод оршин суух, Боржигон Дэндэв овогт Амгаланбаатарын Мөнхзул /РД: ШЖ80051260/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 101 дүгээр байрны 100 тоотод оршин суух, Боржигон овогт Лувсанжамцын Мөнхбаатар /РД: МБ79021014/-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Мөнхзул, хариуцагч Л.Мөнхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Мөнхзул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хурадаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Мөнхбаатартай 1999 онд танилцан гэр бүл болж 2002 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2000 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр охин Халиун, 2008 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүү Замилан нар төрсөн бөгөөд бид 2008 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хамт амьдарч байсан бөгөөд түүнээс хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна. Л.Мөнхбаатар нь намайг хүүхдээ төрүүлсэний дараа өөр хүнтэй Швед улс руу явж хамт амьдрах болсон бөгөөд одоо ч энэ хүнтэйгээ Улаанбаатар хотод хамт амьдарч байгаа. Л.Мөнхбаатар нь өнөөдрийг хүртэл 2 хүүхдээ өсгөн бойжуулах, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлэлгүй ирсэн бөгөөд бид тусдаа амьдраад 10 жил болж байна. Миний бие энэ хугацаанд ганцаараа 2 хүүхдээ өсгөж, асарч хамгаалан тэжээн тэтгэж ирсэн. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, Л.Мөнхбаатараас хүү Замиланг тэжээн тэтгүүлэхээр тэтгэлэг гаргуулан өгнө үү. Мөнхбаатар нь хамт амьдарч байх хугацаандаа удаа дараалан зодож биед гэмтэл учруулж байсан. Бид тусдаа амьдраад 10 жил болсон, Л.Мөнхбаатар нь одоо өөр гэр бүлтэй, хүүхэдтэй болсон цаашид бид эвлэрэн хамт амьдрах боломжгүй тул энэ байдлыг анхааран эвлэрүүлэх хугацаа олгохгүйгээр шүүх шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч Л.Мөнхбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Мөнхзултай 1999 онд танилцан гэр бүл болж 2002 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2000 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр охин Халиун, 2008 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүү Замилан нар төрсөн. 2008 оноос өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна. Тусдаа амьдрах хугацаанд охин Халиуны бүх хэрэгцээний зардлыг бүрэн хариуцаж, хүү Замилан, А.Мөнхзул нарт тодорхой хэмжээгээр тусалдаг байсан. Бид тус тусдаа амьдраад 10 жил болж байна. Иймд цаашид бид эвлэрэн хамт амьдрах боломжгүй болсон тул энэ байдлыг анхааран эвлэрүүлэх хугацаа олгохгүйгээр шүүх шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.
Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Мөнхзул нь хариуцагч Л.Мөнхбаатарт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч А.Мөнхзул болон хариуцагч Л.Мөнхбаатар нар нь 1999 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гэр бүл болж, 2002 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2000 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр охин М.Халиун, 2008 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүү М.Замилан нар төрсөн нь 74 дугаар, 1040 дугаар төрсний гэрчилгээ болон 174 дугаар гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээгээр тус тус нотлогдож байхаас гадна талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй байна.
Гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцаанаас болж 2008 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд хамтын амьдралын хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгчийн биед гэмтэл учруулж байсан болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүгч энэ хуулийн 132.1-д заасан арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцалж болно. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална. Иймд дээрх үндэслэлээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлав.
Талууд 2008 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа нь болон тусдаа амьдрах үеэс эхлэн 2008 оны 5 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү М.Замилан эхийн асрамжинд байгаа нь талуудын тайлбараар нотлогдож байна. Иймд хүүхдийн асрамжийг өөрчлөх шаардлаггүй, мөн хүүхдийн санал, түүнчлэн гэрчлэгчид хүү М.Замиланг эхийн асрамжинд үлдээх талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг харгалзан түүнийг эхийн асрамжинд үлдээв. Харин 2000 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин М.Халиун нь насанд хүрсэн байх тул хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоох шаардлагагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хариуцагчаас тэтгэлэг гаргуулан хүүхдэд олгох нь хүүхдийн эрх ашигт нийцнэ.
Иймд дээрх үндэслэлээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг эхийн асрамжинд үлдээж, хуульд заасан хэмжээ, хугацаагаар хүүхдийн тэтгэлэг тогтоон хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Талууд эд хөрөнгийн талаар маргаагүйг тэмдэглэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигон Дэндэв овогт Амгаланбаатарын Мөнхзул, Боржигон овогт Лувсанжамцын Мөнхбатаар нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2008 оны 5 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү М.Замиланг эх А.Мөнхзулын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2008 оны 5 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү М.Замиланг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Л.Мөнхбаатараас гаргуулан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН