Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/458

 

 

 

 

 

 

 

 

 

    2022           6          08                                  2022/ШЦТ/458

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Т.Баянмөнх

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-т холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2105017101233 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь 2021 оны 9 дүгээр сарын 04-нд 22 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн автобусны буудлын орчим  явж байсан хохирогч А.Л- эзэмшлийн Самсунг А50 маркийн 412.000 үнэ бүхий гээгдэл эд хөрөнгө болох гар утсыг, мөн хохирогч А.Л- гээгдэл гар утасны хавтсанд байсан хаан банкны виза картыг ашиглан тухайн картаас 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 2.800.000 төгрөгийг мэдсээр байж хууль бусаар гарган авч, түүнд нийт 3.212.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч *******- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч *******-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу болон хэргийн үйл баримт дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хийсэн үйлдсэндээ маш их харамсаж байна. Дахиж хэзээ ч ийм үйлдэл гаргахгүй.” гэв.

 

            Гурав: Эрүүгийн  2105017101233 дугаартай хэргээс:

            1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Л- хохирогчоор өгсөн: “Би 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 22 цаг өнгөрч байхад өөрийн найз Жижгээгийн хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3, 4 дүгээр хорооллоос такси барьсан. Тухайн үед манай найз нэг хүнтэй утсаар яриад нэг тийшээ очиж авчхаад ирье гээд нэгэн гэр хороолол руу явсан юм. Би хаана гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгээд буцаад Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн автобусны буудал дээр ирсэн юм. Тэгээд таксинаас буугаад харих гээд зогсож байтал Жижгээгийн эхнэр нь ирээд бидний дунд хувийн асуудлаар маргаан болсон. Тухайн эмэгтэй Жижгээг цохиод байхаар нь би очоод ямар нэгэн буруу ойлгогдохоор асуудал байхгүй одоо болио гэхэд чамд ямар хамаатай юм гээд над руу дайрч давшлаад зууралдаад, намайг үсдсэн бөгөөд би гарыг нь тавиулах гэж хэсэг зууралдсан. Тэгээд цагдаа ирээд биднийг салгасан. Харин цагдаагийн газар ирэхэд миний халаасанд байсан гар утас алга болчихсон байсан. Би өөрийн гар утсыг хаж, гээсэн байх магадлалтай.  Би хэрэг гардаг өдөр Самсунг А50 маркийн гар утас, утасны хавтастай гэрэнд байсан иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх баримт, Хаан банкны виза карт зэрэг эд зүйлсээ хулгайд алдсан. Тэгтэл 23 цаг 48 минутад эхлээд 500.000, дараагаар нь 00 цаг 00 минутад 1.000.000 төгрөг, 03 цаг 29 минутад 1.000.000, дахиад 300.000 төгрөг уншуулж аваад 03 цаг 44 минутад 2.555.000 төгрөгийн орлого хийчихсэн байсан. Тэгэхээр надад 245.000 төгрөгийн хохирол, Самсунг А50 маркийн гар утасны хохирол учирсан.Би өөрийн хохирол болох Самсунг А50 маркийн гар утас, данснаас алдагдсан 245.000 төгрөгийг буцаан авсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй. Би тухайн үед гар утасны гэрэн дотор хамт алдсан байсан иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, хаан банкны виза карт зэрэг эд зүйлсийг буцааж сэргээлгэж авсан. Дээрх иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Хаан банкны виза карт зэрэг эд зүйлсийг үнэлгээ хийлгэж нэхэмжлэх шаардлагагүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27, 30-31 дэх тал)

 

            2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Батжавхлангийн гэрчээр өгсөн: “Би 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр үдээс хойш өөрийн ажилуулдаг Тэди гар утас худалдааны төвийн 2 давхарт байрлалтай 17-4 тоот лангуун дээрээ ажлаа хийгээд сууж байтал үл таних 30 гаран насны эрэгтэй ирээд Самсунг А50 маркийн гар утас үзүүлээд зарах гэсэн юм гэхэд нь би гар утсыг нь үзээд авч болно, бичиг баримтаа үзүүлнэ үү. Бичиг, баримтгүй тохиолдолд авч болохгүй гэж хэлэхэд тэр залуу надад бичиг баримтаа үзүүлээд гар утсаа зарахаар болсон. Би тухайн гар утсанд 91559955 дугаарын сим картаа хийгээд шалгаж үзээд 350.000 төгрөгт авахаар тохиролцож, бүртгэлийнхээ дэвтэр дээр жолооны үнэмлэх дээрх регистрийн дугаарыг тухайн гар утасны imei кодыг худалдаж авсан мөнгөн дүнгийн хамт тэмдэглэсэн. Тэгээд лангуун дээрээ тавьчихсан байж байгаад 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэгэн үл таних хүнд гар утасны гэрний хамт 415.000 төгрөгт зарсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал)

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Дуламсүрэнгийн гэрчээр өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нөхөр Батбаатарын хамт Тэди гар утас худалдааны төв дээр очиж гар утас худалдан авсан юм. Тухайн гар утас нь Самсунг А50 маркийн гар утас байсан бөгөөд 2 давхрын нэгэн лангуунаас 415.000 төгрөгөөр гэртэй нь хамт авсан. Тэрхүү Самсунг А50 маркийн гар утсаа ээждээ өгч ашиглуулсан бөгөөд 2022 оны 3 дугаар сарын сүүлээр манай нөхөр рүү Баянгол дүүргийн цагдаагаас ярьж байна, наад гар утсаа хаанаас авсан бэ мэдүүлэг өгөөрэй гэсэн байсан. Тэгээд нөхөр бид 2 эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Баярсүх гэдэг хүнд гар утас худалдан авсан лангуугаа зааж өгсөн юм. Би гар утас худалдан авсан 415.000 төгрөгийг бүрэн хүлээж авсан учир ямар нэгэн санал, гомдол байхгүй. Энэхүү 358690106988252 гэсэн imei кодтой Самсунг А50 маркийн гар утсыг хүлээлгэж өгөхөөр ирсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал)

 

4. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “Эхний хэсгийн Ch5_2021-09-04_23-47-00_2021-09-05_23-49-00 гэх нэртэй хяналтын камерын бичлэгийн 00 минут 58 секундэд гэмт хэрэг үйлдсэн этгээд АТМ-р үйлчлүүлж байгааг харуулав. Ch5_2021-09-04_23-47-00_2021-09-05_23-49-00 гэх нэртэй хяналтын камерын бичлэгийн 01 минут 32 секундэд гэмт хэрэг үйлдсэн этгээд АТМ-р үйлчлүүлээд гарч байгааг харуулав. Ch5_2021-09-04_23-59-20_2021-09-05_00-01-00 гэх нэртэй хяналтын камерын бичлэгийн 00 минут 14 секундэд гэмт хэрэг үйлдсэн этгээд АТМ-рүү картаа хийж үйлчлүүлж байгааг харуулав. Ch5_2021-09-04_23-59-20_2021-09-05_00-01-50 гэх нэртэй хяналтын камерын бичлэгийг 01 минут 07 секундэд гэмт хэрэг үйлдсэн этгээд АТМ-с бэлэн 1.000.000 төгрөг авч байгааг харуулав. Ch1_2021-09-05_00-19-30_2021-09-05_00-20-50 гэх нэртэй хяналтын камерын бичлэгийн 01 минут 07 секундэд гэмт хэрэг үйлдсэн этгээд АТМ-р үйлчлүүлж байгааг харуулав. Ch2_2021-09-05_00-19-36_2021-09-05_00-20-49 гэх нэртэй хяналтын камерын бичлэгийн 00 минут 01 секундэд гэмт хэрэг үйлдсэн этгээд ногоон өнгийн виза карт АТМ-рүү хийж байгааг харуулав. Ch2_2021-09-05_00-19-36_2021-09-05_00-20-49 гэх нэртэй хяналтын камерын бичлэгийн 00 минут 30 секундэд гэмт хэрэг үйлдсэн этгээд АТМ-с дансны хуулга үзэж байгааг харуулав. Ch2_2021-09-05_00-19-36_2021-09-05_00-20-49 гэх нэртэй хяналтын камерын бичлэгийн 00 минут 30 секундэд гэмт хэрэг үйлдсэн этгээд АТМ-ээс бэлэн мөнгө авч халаасандаа хийж байгааг харуулав. Ch3_2021-09-05_00-24-30_2021-09-05_00-25-40 гэх нэртэй хяналтын камерын бичлэгийн 00 минут 59 секундэд гэмт хэрэг үйлдсэн этгээд АТМ-с бэлэн мөнгө авч байгааг харуулав...дээрх гэмт хэрэг үйлдсэн хар өнгийн куртиктэй, хар өнгийн гуталтай, цэнхэр өнгийн масктай 30-35 орчим насны эрэгтэй нь Санжаажавын *******-тай адил төстэй байна.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 54-62 дахь тал)

 

5. Дамно ХХК-ийн гаргасан “Самсунг А50 маркийн гар утас 1 ширхэг 412.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 70-71 дэх тал)

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-ын яллагдагчаар өгсөн: “Би өмнөх мэдүүлэгтээ болсон үйл явдлуудыг тодорхой ярьсан болохоор одоо ярих зүйл байхгүй. Би бусдын эд зүйлсийг завших гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 125-126 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 74 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 75 дахь тал), шүүгдэгч *******-ын өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорт гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 132 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч *******- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч А.Л-д учирсан хохирлыг нөхөн төлсөн, гомдол саналгүй гэсэн мэдүүлэг, шүүгдэгч *******- нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг (хавтаст хэргийн 133-134 дэх тал)-д 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 114 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар *******-т холбогдох эрүүгийн 2105017101233 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч *******- нь 2021 оны 9 дүгээр сарын 04-ний шөнийн 22 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн автобусны буудлын орчим  явж байсан хохирогч А.Л- эзэмшлийн Самсунг А50 маркийн 412.000 төгрөгийн үнэ бүхий гээгдэл эд хөрөнгө болох гар утсыг, мөн хохирогч А.Л- гээгдэл гар утасны хавтсанд байсан хаан банкны виза картыг ашиглан тухайн картаас 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 2.800.000 төгрөгийг мэдсээр байж хууль бусаар гарган авч түүнд нийт 3.212.000 төгрөгийн хохирол учруулсан  болох нь:

А.Л- хохирогчоор өгсөн: “Би 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 22 цаг өнгөрч байхад...Би өөрийн гар утсыг хаж, гээсэн байх магадлалтай.  Би хэрэг гардаг өдөр Самсунг А50 маркийн гар утас, утасны хавтастай гэрэнд байсан иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх баримт, Хаан банкны виза карт зэрэг эд зүйлсээ хулгайд алдсан. Тэгтэл 23 цаг 48 минутад эхлээд 500.000, дараагаар нь 00 цаг 00 минутад 1.000.000 төгрөг, 03 цаг 29 минутад 1.000.000, дахиад 300.000 төгрөг уншуулж аваад 03 цаг 44 минутад 2.555.000 төгрөгийн орлого хийчихсэн байсан. Тэгэхээр надад 245.000 төгрөгийн хохирол, Самсунг А50 маркийн гар утасны хохирол учирсан.Би өөрийн хохирол болох Самсунг А50 маркийн гар утас, данснаас алдагдсан 245.000 төгрөгийг буцаан авсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27, 30-31 дэх тал)

   Д.Батжавхлангийн гэрчээр өгсөн: “Би 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр үдээс хойш өөрийн ажилуулдаг Тэди гар утас худалдааны төвийн 2 давхарт байрлалтай 17-4 тоот лангуун дээрээ ажлаа хийгээд сууж байтал үл таних 30 гаран насны эрэгтэй ирээд Самсунг А50 маркийн гар утас үзүүлээд зарах гэсэн юм гэхэд нь би гар утсыг нь үзээд авч болно, бичиг баримтаа үзүүлнэ үү. Бичиг, баримтгүй тохиолдолд авч болохгүй гэж хэлэхэд тэр залуу надад бичиг баримтаа үзүүлээд гар утсаа зарахаар болсон. Би тухайн гар утсанд 91559955 дугаарын сим картаа хийгээд шалгаж үзээд 350.000 төгрөгт авахаар тохиролцож, бүртгэлийнхээ дэвтэр дээр жолооны үнэмлэх дээрх регистрийн дугаарыг тухайн гар утасны imei кодыг худалдаж авсан мөнгөн дүнгийн хамт тэмдэглэсэн. Тэгээд лангуун дээрээ тавьчихсан байж байгаад 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэгэн үл таних хүнд гар утасны гэрний хамт 415.000 төгрөгт зарсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал)

Б.Дуламсүрэнгийн гэрчээр өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нөхөр Батбаатарын хамт Тэди гар утас худалдааны төв дээр очиж гар утас худалдан авсан юм. Тухайн гар утас нь Самсунг А50 маркийн гар утас байсан бөгөөд 2 давхрын нэгэн лангуунаас 415.000 төгрөгөөр гэртэй нь хамт авсан. Тэрхүү Самсунг А50 маркийн гар утсаа ээждээ өгч ашиглуулсан бөгөөд 2022 оны 3 дугаар сарын сүүлээр манай нөхөр рүү Баянгол дүүргийн цагдаагаас ярьж байна, наад гар утсаа хаанаас авсан бэ мэдүүлэг өгөөрэй гэсэн байсан. Тэгээд нөхөр бид 2 эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Баярсүх гэдэг хүнд гар утас худалдан авсан лангуугаа зааж өгсөн юм. Би гар утас худалдан авсан 415.000 төгрөгийг бүрэн хүлээж авсан учир ямар нэгэн санал, гомдол байхгүй. Энэхүү 358690106988252 гэсэн imei кодтой Самсунг А50 маркийн гар утсыг хүлээлгэж өгөхөөр ирсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал), Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 54-62 дахь тал), Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 70-71 дэх тал) *******-ын яллагдагчаар өгсөн: “Би өмнөх мэдүүлэгтээ болсон үйл явдлуудыг тодорхой ярьсан болохоор одоо ярих зүйл байхгүй. Би бусдын эд зүйлсийг завших гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 125-126 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч А.Л- гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч *******-ын дээрх гэмт үйлдлийг Баянгол дүүргийн прокуророос “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.   

 

Хэргийн шүүгдэгч нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

          Хэргийн хохирогч А.Л- нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй болохоо мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрхийлсэн (хавтаст хэргийн 30-31 дэх тал) баримттай байна.

 

Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгч *******-ыг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

          Шүүгдэгч *******- нь урьд нэг удаагийн ял шийтгэгдэж байсан болох нь хэргийн 75 дахь талд авагдсан ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдсэн тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон.

 

Шүүгдэгч *******-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах шүүх, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч А.Л- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлын дордуулахгүйгээр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Энэ хэрэгт *******- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хохирогч А.Л- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.

           

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. *******-ыг “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ