| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/07621/И |
| Дугаар | 1406 |
| Огноо | 2018-05-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 1406
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 23 дугаар байр, 70 тоотод оршин суух, Цагаан арслан овогт Бүдээгийн Алтантуяа /РД: ХД64040101/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 65 дугаар байр, 58 тоотод оршин суух, Халиугчин овогт Пүрэвсүрэнгийн Батсайхан /РД: ЧЖ69091673/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 65 дугаар байр, 58 тоотод оршин суух, Боржигин овогт Пэрэнлэйн Сосорбарам /РД: ЧЖ38060161/ нарт холбогдох
Гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах, хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Алтантуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч буюу гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин, хариуцагч П.Батсайхан, хариуцагчийн өмгөөлөгч С.Галцацрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Алтантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие охин Б.Мөнхцэцэгийг 15 настай, хүү Б.Лхагвасүрэнг 8 настай байхад буюу 2000 онд П.Батсайхантай танилцан, хамтран амьдарч байгаад 2007 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Хүү Б.Лхагвасүрэн П.Батсайханаар овоглодог. Би П.Батсайхантай танилцахаас өмнө ОХУ-аас гоо сайхны бараа бүтээгдэхүүн оруулж ирэн, “Нарантуул” ОУХТөвийн павильонд зарж борлуулан, гэр бүлийн бизнес эрхэлдэг байсан бөгөөд П.Батсайхан энэхүү бизнесийг хамтран эрхлэх болсон. 2004 онд Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 23 дугаар байр, 70 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг худалдан авсан ба одоог хүртэл охин, хүүгийн хамт амьдарч байна. Мөн гэр бүлийн дундын хуримтлалаас 2006 онд “Тоёто Ланд Круйзер-80” маркийн автомашиныг 17 000 000 төгрөгөөр, 2011 онд “Тоёто RAV-4” маркийн автомашиныг 17 500 000 төгрөгөөр, 2013 онд “Тоёто Ланд Круйзер Прадо-150” маркийн автомашиныг 103 000 000 төгрөгөөр тус тус худалдан авсан. “Нарантуул” ОУХТөвийн “Баялаг-Ундраа” зах дээр 19 276 800 төгрөгийн урьдчилгаа төлсөн боловч 88 000 000 төгрөг нэмж төлөх үүрэгтэй тул лангууг түр түрээслэн ажиллуулж байгаа бөгөөд энэ лангуу “Баялаг-Ундраа” ХХК-ийн өмч болно. Мөн “Содон” худалдааны төвд байрлах гоо сайхны бараа зардаг лангууг түрээсээр ажиллуулах эрхийг 15 000 000 төгрөгөөр худалдан авсан ба энэ үл хөдлөх хөрөнгө нь тухайн компанийн өмчлөлд байдаг. Нөхөр П.Батсайхан 2016 оны 02 дугаар сард буюу сар шинийн баярын үеэр гэнэт “сална” гэж хэлээд гэрээс явсан бөгөөд эргэж ирээгүй. Сүүлийн 3 жилийн хугацаанд гэр бүлийн уур амьсгал хүйтэн хөндий, таарамж муутай байсан бөгөөд П.Батсайхан салах шийдвэрээ эртнээс гаргаж, төлөвлөсөн байсан гэж миний бие үзэж байгаа. Дээрх хугацаанаас хойш П.Батсайхан бага багаар өөрийн гэсэн хувийн эд зүйлээ гэрээс зөөж авсан. Үүнд ХААН, Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны валют болон төгрөгийн данс бүхий хадгаламжийн дэвтрүүд орж байгаа. Эдгээр хадгаламжийн дэвтрийн гүйлгээ болон худалдаа, борлуулалтын бэлэн мөнгөний гүйлгээг П.Батсайхан хариуцан хийж, орлогыг авдаг байсан бөгөөд бэлэн мөнгөний орлого, үлдэгдлийг миний бие нарийн сайн хянадаггүй, бараа бүтээгдэхүүний борлуулалтын менежментийг хариуцан гүйцэтгэдэг байсан. П.Батсайхантай гэр бүлээ батлуулж, хамт амьдарсан 2002 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Нарантуул зах дээр гоо сайхны бараа, бүтээгдэхүүний борлуулалт маш сайн, ашиг орлого сайтай байсан бөгөөд би энэ хүнд итгэж байсан учраас тэрээр бараа, бүтээгдэхүүний борлуулалтын дансны болон бэлэн мөнгөний орлого, зарлага, гэр бүлийн хуримтлалыг дангаар захиран зарцуулж, миний оролцоо байдаггүй байсан. Дээрх хугацаанд миний бие зөвхөн борлуулалт, түгээлтийн үйл ажиллагааг дагнан хариуцдаг байсан ба бэлэн мөнгөний гүйлгээ, орлого зарлага, гэр бүлийн хуримтлалд нарийн хяналт тавьдаггүй байсан нь алдаа дутагдал болсон. Миний бие салах шийдвэр гарсан үед буюу 2016 оны 02 дугаар сард хадгаламжийн дэвтрийн гүйлгээ хийсэн хэсгийн зургийг нь гар утсан дээрээ авч, тооцож үзэхэд 37 000 ам.доллартой тэнцэх хэмжээний мөнгө байсан ба би Батсайханд банкны үлдэгдэл ийм бага байх ёсгүй, үлдэгдэл нь хаана байна гэхэд “50 000 ам.доллар л байгаа, илүү байхгүй шүү” гэж байсан. П.Батсайхан миний мэдээлэл муу, хяналт тавьдаггүй, итгэж байсныг минь ашиглан, салах шийдвэр, санаа бодол тээж байсан хугацаанаасаа эхлэн сүүлийн 3 жилийн хугацаанд хадгаламжийн дэвтэр болон бэлэн мөнгөний гүйлгээг дур мэдэн зарцуулж, өөр дансанд байршуулах эсхүл бэлэн мөнгө хэлбэрээр нуух, үл хөдлөх хөрөнгө худалдан авсан байх магадлалтай юм. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 23 дугаар байр, 70 тоотод байрлах 3 өрөө орон сууц болон 89-82 УНР улсын дугаартай авто машинийг миний өмчлөлд үлдээж, гэрлэлтийн хугацаанд нэр бүхий банк дахь хариуцагчийн хадгаламжид байсан нийт 80 564 010 төгрөгөөс болон 43-89 УБН улсын дугаартай автомашинаас, 79-43 УНД улсын дугаартай автомашинаас гэр бүлийн бүлийн гишүүнд буюу надад ногдох хэсгийг, мөн “Эрдэнэбулган” ХХК-ийн “Содон худалдааны төв” дэх Б-24 лангууны эзэмших эрхийг худалдан авахад төлсөн 11 800 000 төгрөгийн 50 хувь болох 5 900 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.Батсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 1996 онд Б.Алтантуяатай танилцан 2000 онд гэр бүл болсон ба тэрээр 2 хүүхэдтэй байсан. Хүү Б.Лхагвасүрэнг миний нэрээр овоглосон. Миний бие амьдралын төлөө үр хүүхэд, гэр орон, хань ижлээ өөриймсөг хүний адил асран хамгаалж, халамжлан, өмсөж зүүх, идэж уухаар дутаалгүй сайхан амьдарч ирсэн. Бид хамтын амьдарлаа эхлэхдээ Б.Алтантуяа нь 8 000 ам.долларын зээлтэй, сарын хүү нь 7 хувь, 2 000 ам.долларын өртэй байсан. Бидний хамтын амьдрал, хамтын бизнес наймаа тэгээсээ эхэлсэн. Улмаар би өөрийн танил Француудаар уламжилж гоо сайхны бараа бүтээгдэхүүн Монголдоо зарах, Хятад улсаас бараа авч Оросын Холбооны Улсруу гарган ашиг олох зэргээр хамтын амьдрал, хамтын бизнесээ бүтээсэн юм. Гэтэл Б.Алтантуяагийн хувийн бизнес болон бэлэн бүтээсэн амьдралд нь орж суусан мэтээр бичиж, тэдний төлөө хоёргүй сэтгэлээ гаргаж өлсөх цангах, өвдөх, сөхрөхийг умартан нэг насны амь амьдрал, залуу насаа үрсэндээ ихэд харамсаж байна. Миний бие төрсөн үр хүүхэд ч байхгүй, орох орон халамжлан асрах хань ижилгүй өтөл насанд хүрч байна. Б.Аптантуяа нь 2008 оноос хойш бөө болох нэрээр ланд унаж хөдөө хээр хэсэн өвөл зуны алинд ч гэрийн бараа үл харан ажил бизнесээ ч хайхрахгүй намайг бүх ажилдаа үлдээж бэлэн юманд хөрвөн бөөгийн өвчнөөр өвчилсөн хүн болсон. Миний бие өдөр шөнөгүй ажил хийж мөнгө олоод ч гэр орондоо халуун дулаан уур амьсгалгүй, хоол ундгүй ганцаар байж эцэс сүүлдээ намайг гэх сэтгэлгүй хүнтэй хамт амьдрах ямар ч хүсэлгүй болж, 80 нас хол гарсан хөгшин эх болон өөрийн төрсөн эгч дээрээ ирж хүний хайр халамж үзэж байна. Бид хамтран амьдарч гэр бүл болсноос хойш 2005 онд Нарантуул ОУХТөвд гоо сайхны 24 м.кв талбай худалдан авч өнөөг хүртэл үйл ажиллагаа, ашиг орлого хэвийн ажиллаж байгаа бөгөөд Б.Алтантуяа өөрөө ажиллуулж худалдагч цалинжуулдаг. Мөн 2005 онд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-5 дугаар гудамжны 95 тоот 0.7 га газарт 2 машины гарааш, 2 давхар амины орон сууцыг барьж газрын гэрчилгээг охин Б.Мөнхцэцэгийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргасан. Бидний дундын өмчийг Б.Аптантуяа шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ дурдан бичиж, надад нэг хувийг өгсөн бөгөөд дахин нэхэмжлэл гаргахдаа огт дурдаагүй байна. Бид гэр бүлийн бизнес эрхэлж, бизнесийн үйл ажиллагаа тогтворжиж хэдийнээ баталгаажсан бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Нарантуул зах руу нийт 54 572 300 төгрөгийн бараа оруулсан ба захын бүх орлогыг Б.Аптантуяа өөрөө авсан. Мөн Бэлхийн 33-5 гудамжны 95 тоотод бараа бүтээгдэхүүнээ байрлуулж, агуулахын байрны зориулалтаар ажиллуулдаг бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хуваасан миний өөрийн бараа гэхэд 100 000 000 төгрөгийн бараа хураалттай байгаа. Содон бөмбөгөр худалдааны төвийн лангууг миний бие түрээсэлдэг бөгөөд ашиг гүйлгээ муутайн улмаас бизнес доголдож адил тэнцүү хуваан авсан бараа хэвээр байгаа. Тус агуулахад Б.Алтантуяагийн хамаатан, Б.Мөнхцэцэг нь нөхөр н.Түмэнбаярын хамт манаач хийн амьдардаг. Бид 2016 оны 02 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа нь үнэн. Энэ хугацаанд Б.Аптантуяад би өөрийн зардал мөнгөөр 5 000 000 төгрөгөөр Нарантуул захад лангуу тавиур хийж өгсөн, мөн бэлнээр 1 000 000 төгрөг өгсөн гээд өгсөн, авсан бараа бүтээгдэхүүний тооцоог гаргавал Б.Аптантуяагийн авсан хожсон нь их байгаа. Иймд Б.Алтантуяагийн гаргасан нэхэмжлэлээс гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. Харин гэр бүлийн гишүүнд ногдох хэсэг гаргуулах хэсгийг зөвшөөрөхгүй. Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 33-5 дугаар гудамжны 95 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгөөс, мөн нэхэмжлэгчийн банк дахь дансанд байсан 63 811 000 төгрөгөөс гэр бүлийн гишүүний хувьд ногдох хэсэг гаргуулах, мөн “Нарантуул” ОУХТ-ийн “Баялаг Ундраа” үйлчилгээний төвийн 176 дугаар лангууг өөрийн эзэмшилд шилжүүлэх сонирхолтой байна гэжээ.
Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Алтантуяа нь хариуцагч П.Батсайханд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах тухай нэхэмжлэлийг, хариуцагч П.Батсайхан болон П.Сосорбарам нарт холбогдуулан “Toyota Land Cruiser Prado 150” маркын, 79-43 УНД улсын дугаартай автомашиныг хариуцагч П.Батсайханаас хамтран хариуцагч П.Сосорбарамд 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах” шаардлагыг тус тус гаргажээ.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Батсайхан болон П.Сосорбарам нарт холбогдуулсан “Toyota Land Cruiser Prado 150” маркын, 79-43 УНД улсын дугаартай автомашиныг хариуцагч П.Батсайханаас хамтран хариуцагч П.Сосорбарамд 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах” шаардлагаасаа татгалзсан тул /2хх-86 дугаар тал/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар татгалзалыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
1. Гэрлэлт цуцлах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Б.Алтантуяа болон хариуцагч П.Батсайхан нар 2000 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2007 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн байх бөгөөд 1985 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Мөнхцэцэг нь Баясгалангаар, 1992 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү Лхагвасүрэн нь хариуцагч П.Батсайханаар тус тус овоглодог нь иргэний үнэмлэхийн болон 0042274 Г-1456 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, гэрлэгчид гэр бүл болох үед охин Б.Мөнхцэцэг, хүү Б.Лхагвасүрэн нар нь хариуцагч П.Батсайханы хувьд дагавар хүүхэд бөгөөд хэргийг шийдвэрлэх хугацаанд хүүхдүүд насанд хүрсэн байхаас гадна гэрлэгчид дээрх үйл баримтын талаар маргаагүй.
Гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцаанаас болж 2016 оны 02 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байхаас гадна шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102ШЗ2017/14278 дугаар захирамжаар Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, гэрлэгчдийг эвлэрүүлэхээр тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй болох нь эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 40 дүгээр “эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай” тэмдэглэлээр нотлогдож байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална” гэж заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.
2. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах шаардлагын тухайд:
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн бөгөөд мөн зүйлийн 126.2.2-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө хамаарна.
Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204014834 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 23 дугаар байр, 70 тоот хаягт байрлах, 39 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, “Toyota RAW-4” /Тоёота Рав-4/ маркын, 89-82 УНР улсын дугаартай, ACA210013323 арлын дугаартай автомашин, “Toyota Land Cruiser 80” /Тоёота Ланд круизер/ маркын, 43-89 УБН улсын дугаартай, FZJ800038825 арлын дугаартай автомашин, “Toyota Land Cruiser Prado 150” /Тоёота Ланд круизер Прадо/ маркын, 79-43 УНД улсын дугаартай, JTEBH3FJ505060454 арлын дугаартай автомашин гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн буюу Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгө мөн болох нь тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэргээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, дээрх эд хөрөнгө нь гэрлэгчдийг гэрлэснээс хойш бий болсон буюу гэрлэгчдийн хувьд хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний буюу гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүний шаардлагаар гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэлт цуцалсны дараа, эсхүл гэр бүлийн гишүүн хэн нэгний нь хуваарьт эд хөрөнгө төлбөр гаргуулахад хүрэлцэхгүй бол нэхэмжлэгчийн шаардлагаар хувааж болох бөгөөд мөн зүйлийн 130.3-т зааснаар маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно.
Шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 318 дугаар дүгнэлтээр Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204014834 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 23 дугаар байр, 70 тоот хаягт байрлах, 39 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 88 160 000 төгрөг, “Toyota Land Cruiser 80” /Тоёота Ланд круизер/ маркын, 43-89 УБН улсын дугаартай, FZJ800038825 арлын дугаартай автомашины зах зээлийн үнэ цэнийг 11 000 000 төгрөг, “Toyota Land Cruiser Prado 150” /Тоёота Ланд круизер Прадо/ маркын, 79-43 УНД улсын дугаартай, JTEBH3FJ505060454 арлын дугаартай автомашины зах зээлийн үнэ цэнийг 66 000 000 төгрөг гэж тус тус үнэлсэн байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нь “Toyota RAW-4” /Тоёота Рав-4/ маркын, 89-82 УНР улсын дугаартай, ACA210013323 арлын дугаартай автомашины үнэ цэнийг 6 000 000 төгрөг гэж үнэлсэнийг хариуцагч үгүйсгээгүй.
Талуудын шүүхэд гаргасан тайлбараар Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 23 дугаар байр, 70 тоот хаягт байрлах, 39 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц болон “Toyota RAW-4” маркын, 89-82 УНР улсын дугаартай автомашин нь нэхэмжлэгчийн эзэмшилд, “Toyota Land Cruiser 80” маркын, 43-89 УБН улсын дугаартай автомашин, “Toyota Land Cruiser Prado 150” маркын, 79-43 УНД улсын дугаартай автомашин хариуцагчийн эзэмшилд байгаа нь нотлогдож байна. Иймд Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д заасны дагуу орон сууц болон “Toyota RAW-4” маркын, 89-82 УНР улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд үлдээж, уг эд хөрөнгөөс хариуцагчид ногдох хэсэг болох 47 080 000 төгрөгийг /орон сууцны үнэ 88 160 000 төгрөг/ 2= 44 080 000 төгрөг +автомашины үнэ 6 000 000 төгрөг/2=3 000 000 төгрөг/ нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид, “Toyota Land Cruiser 80” маркын, 43-89 УБН улсын дугаартай автомашин, “Toyota Land Cruiser Prado 150” маркын, 79-43 УНД улсын дугаартай автомашиныг хариуцагчийн өмчлөлд үлдээж, уг эд хөрөнгөөс нэхэмжлэгчид ногдох хэсэг болох 38 500 000 төгрөгийг /автомашины үнэ 11 000 000 төгрөг/2=5 500 000 төгрөг +автомашины үнэ 66 000 000 төгрөг/2=33 000 000 төгрөг/ хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1-д зааснаар гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарна. Нэр бүхий банк дахь хариуцагчийн эзэмшлийн дансанд нийт 80 564 010 төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад вальют болон монгол төгрөгийн гүйлгээ хийгдсэн байх боловч тухайн банкны дансны хуулга болон лавлагаа нь дээрх мөнгөн хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх үндэслэлийг нотолж чадахгүй байна.
Түүнчлэн, хариуцагч нь 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “Содон Бөмбөгөр хулдааны төв”-ийн Б-24 дугаартай лангууг бусдаас 11 800 000 төгрөгөөр худалдан авсан байх бөгөөд /2хх-55 дугаар тал/ уг лангуу нь “Эрдэнэбулган” ХХК-ийн “Содон худалдааны төв” дэх Б-24 дугаар лангуу мөн эсэхэд талууд маргаагүй байна. Хариуцагч нь уг лангууг өөрийн нэр дээр гэрээ хийн 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, улмаар лангууны дугаар нь Г-А дугаар болж өөрчлөгдсөн ба 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар хариуцагч дээрх лангууг түрээслэж байгаа нь “Эрдэнэбулган” ХХК-ийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 17/329 дугаар албан бичгээр нотлогдож байна. /2 хх-108 дугаар тал/
Нэхэмжлэгч нь дээр лангууг худалдан авахад хариуцагчаас бусдад төлсөн 11 800 000 төгрөгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарна гэж үзэн түүний 50 хувь болох 5 900 000 төгрөгийг шаардсан. Гэвч энэ нь гэрлэгчид гэрлэлттэй байх хугацаанд хамтран захиран зарцуулсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч нь дээрхээс ногдох хэсгийг гаргуулахаар хариуцагчаас шаардах эрхгүй.
Дээрх үндэслэлээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 23 дугаар байр, 70 тоот хаягт байрлах, 39 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, “Toyota RAW-4” маркын, 89-82 УНР улсын дугаартай автомашиныг тус тус нэхэмжлэгчийн өмчлөлд, “Toyota Land Cruiser 80” маркын, 43-89 УБН улсын дугаартай автомашин, “Toyota Land Cruiser Prado 150” маркын, 79-43 УНД улсын дугаартай автомашин тус тус хариуцагчийн өмчлөлд үлдээж, нэхэмжлэгчээс 47 080 000 төгрөг гаргуулан хариуцагчид, хариуцагчаас 38 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нэр бүхий банк дахь хариуцагчийн хадгаламжид байсан нийт 80 564 010 төгрөгөөс ногдох хэсэг гаргуулах болон 5 900 000 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хариуцагч нь Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 3-94 тоот хаягт байрлах хашаа, байшин, мөн Хас банк дахь нэхэмжлэгчийн эзэмшлийн данс дахь гүйлгээ хийгдсэн 63 811 000 төгрөгөөс ногдох хэсэг гаргуулах болон “Нарантуул” ОУХТөвийн “Баялаг Ундраа” үйлчилгээний төвийн 176 дугаар лангууг өөрийн эзэмшилд шилжүүлэх буюу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгө хуваалгах талаар сөрөг шаардлага гаргаагүй тул шүүх үүнийг хариуцагчийн тайлбар гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Цагаан арслан овогт Бүдээгийн Алтантуяа, Халиугчин овогт Пүрэвсүрэнгийн Батсайхан нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дүгээр зүйлийн 130.1, 130.3-т заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204014834 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 23 дугаар байр, 70 тоот хаягт байрлах, 39 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, “Toyota RAW-4” /Тоёота Рав-4/ маркын 89-82 УНР улсын дугаартай, ACA210013323 арлын дугаартай автомашиныг нэхэмжлэгч Б.Алтантуяагийн өмчлөлд тус тус үлдээж, “Toyota Land Cruiser 80” /Тоёота Ланд круизер/ маркын, 43-89 УБН улсын дугаартай, FZJ800038825 арлын дугаартай автомашин, “Toyota Land Cruiser Prado 150” /Тоёота Ланд круизер Прадо/ маркын, 79-43 УНД улсын дугаартай, JTEBH3FJ505060454 арлын дугаартай автомашиныг хариуцагч П.Батсайханы өмчлөлд тус тус үлдээж, нэхэмжлэгч Б.Алтантуяагаас 47 080 000 төгрөг гаргуулан хариуцагч П.Батсайханд олгож, хариуцагч П.Батсайханаас 38 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Алтантуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 80 564 010 төгрөгөөс ногдох хэсэг гаргуулах болон 5 900 000 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч П.Батсайхан, П.Сосорбарам нарт холбогдох, “Toyota Land Cruiser Prado 150” маркын, 79-43 УНД улсын дугаартай автомашиныг хариуцагч П.Батсайханаас хариуцагч П.Сосорбарамд шилжүүлсэн 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай шаардлагаас нэхэмжлэгч Б.Алтантуяа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 745 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 367 400 төгрөг, хариуцагч П.Батсайханаас 70 200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН