Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/463

 

 

 

 

 

 

 

 

 

    2022           6          09                                   2022/ШЦТ/463

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ  

шүүгдэгч *******-

хохирогч Н.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2205000001296 дугаартай эрүүгийн  хэргийг 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол улсын иргэн, *******-. 

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь 2022 оны 4 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” шөнийн цэнгээний газарт хохирогч Н.Ц-г үл ялих зүйлээр шалтаглан зодож түүнд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэг: Шүүгдэгч *******- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

         Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсанаа зөвшөөрч, хохирогчоос уучлалт гуйж байна. Хохирогчид хохиролыг нь төлнө.” гэсэн мэдүүлэг.

 

         Хохирогч Н.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Би өөрт учирсан хохиролтой холбоотойгоор баримттай 290.000 төгрөг нэхэмжилж байна. Цаашид гоо сайхны хагалгаанд ороход 4.200.000 төгрөг шаардлагатай байгаа тул шүүгдэгчээс нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг

 

           Гурав: Эрүүгийн 2205000001296 дугаартай хэргээс:

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Ц-гийн хохирогчоор өгсөн: “Би 2022 оны 4 дүгээр сарын 01-нд найз эмэгтэй болох Үүрийнтуяагийн хамт орсон бөгөөд тэнд ороод дундаа нэг шил 0,5 литрийн Хар Чингис архи аваад уусан. Тэгээд тэндээ бүжиглэж байгаад тамхи татахаар тамхины өрөө орох үед тэнд үл таних хоёр эрэгтэй хүн байсан бөгөөд хоорондоо юм яриад байж байсан. Тэгээд намайг хараад хоёр эрэгтэйн нэг нь болох махлаг шар залуу чи ямар онгироо сагсуу банди бэ гээд хэлсэн. Би тухайн хүнд хандаад өөдөөс нь инээгээд яасан гэж асуусан чинь намайг шууд гараараа зүүн шанаа цохиж эхэлсэн бөгөөд намайг муужраад доош унахад дээрээс хэд хэдэн удаа гар болон хөлөөрөө өшиглөж цохисон. Би өөрийн нүүр хэсгээ хаагаад хоёр гараараа толгойгоо хаагаад хэвтсэн бөгөөд хажууд байсан үл таних хоёр эмэгтэй болон хамт байсан залуу нь салгах гээд үгэнд нь орохгүй над руу дайраад байсан бөгөөд энэ үед хамгаалагч нар орж ирээд салгасан бөгөөд би цагдаа дуудсан чинь намайг зодсон залуу гараад явсан байсан. Би хамгаалагч нарт зодсон хүнийг явуулсан байна гээд хэлсэн чинь нэг хамгаалагч нь миний таньдаг хүн байсан юм гээд дугаарыг нь надад 00000000 гэж өгсөн тэгээд дуудлагаар ирсэн цагдаа нарт би дугаарыг нь өгөхөд залгаад ярьсан чинь би одоо очиж байна гэж хэлсээр байгаад ирэхгүй байсан чинь намайг цагдаагийн хэлтэст хүргэж ирсэн бөгөөд би мэдүүлэг өгч гомдол саналаа бичүүлээд гараад явсан. Тэгээд өнөөдөр дуудахаар нь ирж мэдүүлэг өгч байна...Надад одоогоор гарсан хохирол нь 200.000 төгрөг гарсан байгаа бөгөөд хамар хугараад хаана хэрхэн эмчлүүлэх талаар одоогоор шийдээгүй байгаа тул хохиролд өөрчлөлт орно. ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21 дэх тал),

 

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 5354 дугаартай “Н.Ц-гийн биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

 

            3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-ийн яллагдагчаар өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө би өөрийн хуурай ах болох Алтангэрэлтэй уулзаад гадуур гарахаар болсон бөгөөд тухайн үед бид хоёр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Стелла” шөнийн цэнгээний газар Караоке орсон юм. Тэгээд бид хоёр дотор байхдаа 1 литрийн хэмжээтэй Jack Daniel's виски 1 шилийг, хүний 2-3  шил 05 литрийн Сэнгүр гэх пиво аваад уусан юм. Би тухайн үед Алтангэрэл ах бид хоёр нилээд согтсон бөгөөд баар орж бүжиглээд гарч ирээд караоке өрөөндөө ороод суугаад байсан юм. Би баарны 00 өрөөнд ороод бие засаад зогсож байхад үл таних нэг залуу намайг хараад яриа байгаа юм уу гээд асуугаад байсан бөгөөд би тухайн үед нь хариу өгөөгүй гэтэл ахин надаас яриа байна уу залуу гэхээр нь жаахан ам мурийж байгаад гараад явсан юм. Тэгээд би тухайн баарны зааланд орж ирээд ахин Алтангэрэл ахтай хамт байхдаа 5 орчим шил Сэнгүр гэх пиво аваад нэг ширээн дээр суусан юм. Ингээд би тамхи татах өрөө орохоор явсан бөгөөд Алтангэрэл ах зааланд бүжиглээд үлдсэн санагдаж байна. Би тамхи татах өрөөнд ороод дотор өмнө нь маргаан хийгээд байсан залуутай таарсан бөгөөд би нэг мэдэхэд нөгөө эрэгтэйг газар унагаасан өшиглөж байсан санагдаж байна. Энэ үед гаднаас хамгаалагч нар нь орж ирээд бид хоёрыг салгаж байсан бөгөөд нөгөө эрэгтэй цагдаад дуудаад байсан бөгөөд би цагдаа ирээд намайг шууд хорьж цагдаад байх болов уу гэж бодоод гараад явсан юм. Би баарнаас гараад Дорждэрэм гэх найзындаа Нарангийн гол ороод амарсан байсан. Би маргааш нь өглөө босоход Самданжамц гэх найз маань над руу залгаад чи өчигдөр хүн зодоод байсан цагдаагаас залгана гэсэн шүү очиж уулзаарай гэж хэлсэн. Би баарнаас гараад хэсэг ухаан санаа орон гаран болсон байсан бөгөөд араас цагдаа болон нөгөө эрэгтэй надтай ярьсан талаар одоогоороо санахгүй байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-43 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

         Дөрөв:  Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

         Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *******- нь 2022 оны 4 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” шөнийн цэнгээний газрын тамхины өрөөнд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Н.Ц-гийн толгой нүүр рүү нь гараараа цохиж, өшиглөсний улмаас түүний биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учирсан хэргийн үйл баримт авагдсан байна.

 

Шүүгдэгч *******- нь хохирогч Н.Ц-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Н.Ц-гийн хохирогчоор өгсөн: “...Тэгээд намайг хараад хоёр эрэгтэйн нэг нь болох махлаг шар залуу чи ямар онгироо сагсуу банди бэ гээд хэлсэн. Би тухайн хүнд хандаад өөдөөс нь инээгээд яасан гэж асуусан чинь намайг шууд гараараа зүүн шанаа цохиж эхэлсэн бөгөөд намайг муужраад доош унахад дээрээс хэд хэдэн удаа гар болон хөлөөрөө өшиглөж цохисон. Би өөрийн нүүр хэсгээ хаагаад хоёр гараараа толгойгоо хаагаад хэвтсэн бөгөөд хажууд байсан үл таних хоёр эмэгтэй болон хамт байсан залуу нь салгах гээд үгэнд нь орохгүй над руу дайраад байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21 дэх тал), *******-ийн яллагдагчаар өгсөн: “...Би тамхи татах өрөөнд ороод дотор өмнө нь маргаан хийгээд байсан залуутай таарсан бөгөөд би нэг мэдэхэд нөгөө эрэгтэйг газар унагаасан өшиглөж байсан санагдаж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-43 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 5354 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Н.Ц-гийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч *******- нь хохирогчийн толгойн тус газар руу гараараа цохиж, өшиглөсөн нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэргийн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2022 оны 4 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” шөнийн цэнгээний газрын тамхины өрөөнд шүүгдэгч *******- нь хохирогч Н.Ц-гийн толгойн хэсэгт гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос *******-ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Тав. Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

       Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал дүгнэлт гаргав.  

 

        *******-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

        Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас  учруулсан хохиролын шинж чанар, хэр хэмжээ болон урьд нь ял шийтгэгдэж байсан хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун  цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

 

Зургаа: Бусад асуудлын талаар 

Хавтаст хэргийн 29 дэх талд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн 130.000 төгрөгийн баримт, хавтаст хэргийн 30 дахь талд Алхана трейд гэсэн 25.000 төгрөгийн баримт, шатахууны Ай92 гэх 100.000 төгрөгийн баримт, ЭМЖЖ эмнэлгийн 35.000 төгрөгийн баримтууд авагджээ.

Хохирогч Н.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт “цаашид гоо сайхны хагалгаанд ороход 4.200.000 төгрөг шаардлагатай байгаа” гэж мэдүүлсэн бөгөөд хохирогч нь энэ хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******-оос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 290.000 төгрөгийн нэхэмжлэлээс шатахууны нийт 125.000 төгрөгийн үнийн дүн бүхий нэхэмжлэлийг энэ хэрэгт хамааралтай эсэх нь эргэлзээтэй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, үлдэх эмнэлгийн холбогдолтой 165.000 төгрөгийн баримтыг шүүх нотлох баримтаар үнэлж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-оос гаргуулж хохирогч Н.Ц-д олгохоор шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдав.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

          1. *******-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

           2. Шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

 

          4.Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          5. Хохирогчийн нэхэмжлэлээс 125.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-оос 165.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Ц-д олгосугай.

 

         6. Хохирогч Н.Ц- өөрт учирсан хохиролтой холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******-оос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй

 

 7. *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ