Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 1382

 

МАГАДЛАЛ

 

2017.06.14                                                     Дугаар 1382                             Улаанбаатар хот

 

 

 

 

 

Ц.Баярсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2017/00553 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Баярсайханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Одончимэг, Б.Ганбаатар нарт холбогдох,

Байранд хийсэн засвар болон хөрөнгө оруулалт, худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн 26 613 541 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Ганбаатарын байрны засварт шаардлагатай зардал 34 183 394 төгрөг, цахилгааны төлбөр 3 834 331 төгрөг, түрээсийн төлбөр 15 000 000 төгрөг, байр түрээслэсэн 30 сарын түрээсийн зардал 9 000 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн   2 000 000 төгрөг, нийт 64 017 725 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Б.Ганбаатарын гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Б.Ганбаатар,

Хариуцагчийн өмгөөлөгч: Я.Баатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баянжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2011 оны 8 дугаар сард Б.Ганбаатарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 3 дугаар гудамж, 66 тоот хаягт байрлалтай хувийн сууц болон газар, гараашийг зээлээр худалдах, худалдан авахаар түүнтэй харилцан тохиролцсон. Б.Ганбаатар нь Ц.Баярсайханыг байрандаа ор гээд шахаад байсан тул тэрээр 2011 оны 8 дугаар сарын 15-ны Б.Ганбаатарын хашаа, байшинд нүүн орсон. Газар болон байшингийн нэр шилжүүлэх болоход Б.Ганбаатар нь бичиг баримтгүй, иргэний үнэмлэх нь байхгүй байсан бөгөөд иргэний үнэмлэхээ Сэлэнгэ аймагт хураалгасан гэсэн тул 1 000 000 төгрөг өгсөн. Мөн шүүхийн шийдвэр биелүүлэх газарт Б.Ганбаатарын өмнөөс 2 147 000 төгрөг төлсөн. Байранд нь ороход Б.Ганбаатар нь 53 000 төгрөгийн цахилгааны төлбөрөө төлөөгүй байсан тул уг мөнгийг нь төлсөн. Охин Г.Одончимэгт нь 100 000 төгрөг өгсөн. Б.Ганбаатарын өмчлөлийн байранд 22 863 541 төгрөгийн засвар хийсэн. 380 вольтын шугам тавиулахад 450 000 төгрөгийн зардал гарсан. Б.Ганбаатарын байрандаа ор гэсэн шаардлагын дагуу Ц.Баярсайхан байранд нь нүүн орсон байсан бөгөөд засвар, үйлчилгээг цаг алдахгүй хийсэн. Хас банкинд данс нээлгэн лизингийн гэрээг байгуулж мөнгө байршуулах үед Б.Ганбаатар нь хашаа, байшингаа зарахаа болилоо гэх болсон. Б.Ганбаатар нь өр төлбөрөө төлүүлж хашаа, байшингаа бусдын өр төлбөрт алдахгүй болмогцоо худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзах болсонд гомдолтой байгаа. Худалдах, худалдан авах гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.Ганбаатартай 2011 оны 8 дугаар сард байгуулсан бөгөөд гэрээнээс татгалзсантай холбоотой заасан сайжруулалтын зардлаа нэхэмжлэх үед уг хөрөнгийн өмчлөгчөөр охин Г.Одончимэг нэмж бүртгэгдсэн тул түүнийг хариуцагчаар татан оролцуулсан. Иймд хариуцагч нараас цахилгааны төлбөрт төлсөн 53 000 төгрөг, иргэний үнэмлэх авахад нь 1 000 000 төгрөг, шийдвэр гүйцэтгэх албанд төлсөн 2 147 000 төгрөг, охин Г.Одончимэгт нь өгсөн 100 000 төгрөг, байрыг нь засан сайжруулсан засварын зардал 22 836 541 төгрөг, 380 вольтын шугам тавиулахад гарсан зардал 450 000 төгрөг, нийт 26 613 541 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ганбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2011 оны 8 дугаар сараас эхлэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчоо 3 дугаар гудамж, 66 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204019400 дугаарт бүртгэлтэй, 2 давхар хувийн сууц, авто машины гарааш, хашаа, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг хөрөнгийг худалдахаар харилцан тохиролцсон гэх боловч тохирсон үнэ хөлсийг төлөөгүйн улмаас талууд марган улмаар Б.Ганбаатар миний бие Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Б.Ганбаатар намайг байраа зарах гэж байхад Ц.Баярсайхан нь худалдан авна гэсэн атлаа мөнгөө төлөөгүй, банкаар зээл хөөцөлдөөгүй, гэсэн атлаа байранд маань өөрийн дураар засвар хийсэн байсан. Иймд Ц.Баярсайханы хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн газар болон хувийн сууцыг чөлөөлүүлж, мөн түүнээс хувийн сууцыг ашигласан төлбөр, би өөрөө дүүгийнхээ байранд түрээсийн төлбөр төлж амьдарсан төлбөр, нийт 18 020 000 төгрөгийг Ц.Баярсайханаас нэхэмжилсэн. Энэхүү маргааныг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр шийдвэрлэсэн ба Нийслэлийн давж заалдах шатны шүүх 2013 оны 6 дугаар сарын 3-ны өдөр, хяналтын шатны шүүх 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр тус тус шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгч Ц.Баярсайханы байранд хийсэн засвар болон хөрөнгө оруулалт, худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн 26 613 541 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Г.Одончимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Уг мөнгөний асуудалд миний бие ямар ч холбоогүй, огт хамааралгүй. Энэ талаарх шүүхийн шийдвэрүүдэд миний нэр огт байхгүй ба ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээгээгүй. Тиймээс уг нэхэмжлэл надад огт хамаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагч Б.Ганбаатар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Баярсайхан нь 2011 оны 8 дугаар сард миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчоо 3 дугаар гудамж, 66 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204019400 дугаарт бүртгэлтэй, 96 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууц, 4 авто машины гарааш, газрын хамт 60 000 000 төгрөгөөр худалдан авахаар амаар харилцан тохиролцсон боловч ямар нэгэн худалдах, худалдан авах гэрээг байгуулж иргэний эрх зүйн харилцаанд ороогүй бөгөөд тэрээр банкинд урьдчилгаа 30 хувиа байршуулсан хэмээн надад итгүүлсэн. 2011 оны 11 дүгээр сард хэлэлцээрээ цуцласаар байхад Ц.Баярсайхан нь банкны зээл хөөцөлдөөгүй атлаа шүүхийн шийдвэр гарч байшинг хураан авах хүртэл 2 жилийн турш миний өмчид хууль бусаар амьдарч байх хугацаандаа надад огт хэлэлгүй, дур мэдэн засвар хийсэн гэх боловч уг засвар нь чанаргүйн дээр миний байшинд хүн амьдрах нөхцөлгүй болгож эвдэн сүйтгэсэн байсан. Бид маргаж улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу ажиллагаа хийн 2014 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 01 тоот төлбөр төлөгчөөс эд хөрөнгө хураан авсан тухай акт үйлдэн байшинг газрын хамт Ц.Баярсайхан, түүний эхнэр н.Оюунчимэг нараас хүлээн авсан. Ц.Баярсайхан 2 жил миний байшинд үнэ төлбөргүй суусан, мөн амьдарч байх хугацаандаа өмчлөгч миний зөвшөөрөлгүй засвар хийх нэрийдлээр миний байшингийн галалдаг зуух болон агаар орох цонх ханыг битүүлж хүйтэн, дээвэр, хананаас ус алддаг болгон таазнууд усанд автаж унжсан байдалтай байсан. Ийм ч учраас би байшингаа хүлээн авсны дараа бүрэн хэмжээний засвар хийж эхэлсэн ба дээврээ 2 000 000 төгрөгөөр засч битүүлсэн боловч галалдаг зуух авч хаяснаас болж хүн амьдрах нөхцөлгүй болсон тул би дахин засвар хийсэн. Байшинг хэвийн хэмжээнд буюу анх байсан байдалд нь аваачихад 32 183 394 төгрөгийн зардал гарахаар байна. Мөн би Ц.Баярсайханы амьдарч байх хугацааны цахилгааны мөнгө          3 834 331 төгрөгийг өмнөөс нь төлсөн бөгөөд одоог хүртэл би өөр байр түрээслэн амьдарсаар байгаа юм. Би өөрийн байраа зарна гэхээсээ өмнө бусдад сарын 500 000 төгрөгөөр түрээслүүлдэг байсан бөгөөд Ц.Баярсайхан миний байшинг худалдаж авна гэж худал хэлэн 2 жил, 6 cap амьдрах хугацаанд 15 000 000 төгрөг олох байсныг алдсан. Мөн би өөрөө бусдын байр түрээслэн cap бүр 300 000 төгрөг төлж амьдарсан ба одоо ч төлсөөр байгаа юм. Тухайн үед би байшингаа зарж борлуулаад өөр байр авахаар тохиролцсон байсныгаа авч чадаагүй. Ц.Баярсайханаас болж эд хөрөнгө, цаг хугацаа, сэтгэл санаа бүхий л зүйлээрээ хохирсоор байгаадаа маш их гомдолтой байна. Миний байшинг хүн амьдрах боломжгүй болсныг сэргээн засварлаж буцаан хэвэнд оруулахад шаардлагатай зардалд 34 183 394 төгрөг, цахилгааны мөнгө 3 834 331 төгрөг, 30 сарын түрээсийн төлбөр 15 000 000 төгрөг, би өөрөө байр түрээслэн бусдад түрээсийн төлбөрт төлсөн 9 000 000 төгрөг, Ц.Баярсайханы буруутай үйл ажиллагааны улмаас хууль зүйн туслалцаа авсан 2 000 000 төгрөг, нийт 64 017 725 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Баярсайханаас нэхэмжилж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Б.Ганбаатараас 21 787 152 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Баярсайханд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4 826 389 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Г.Одончимэгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ц.Баярсайханаас 3 834 331 төгрөг гаргуулан хариуцагч Б.Ганбаатарт олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 60 183 394 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Ганбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 291 017 төгрөгийг болон хариуцагч Б.Ганбаатарын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 635 990 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ганбаатараас 266 886 төгрөг гаргуулан нэхэмжпэгч Ц.Баярсайханд, нэхэмжлэгч Ц.Баярсайханаас 76 300 төгрөг гаргуулан хариуцагч Б.Ганбаатарт тус тус олгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 12304/Б дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Ганбаатар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хуралд Ц.Баярсайхныг төлөөлөн оролцсон Ц.Алтанцол шүүхэд хандахдаа "Ц.Баярсайханыг байрандаа ор гэж шахаад байсан тул 2011 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байранд нүүж орсон" гэж тайлбар хийсэн бөгөөд нэхэмжлэгч Ц.Баярсайханы сөрөг нэхэмжлэлд "Б.Ганбаатартай тохирсоны дагуу түүний хашаа байшинг худалдан авах хэлцэл амаар байгуулж, түүний зөвшөөрснөөр байшинд нүүн орж байшингийн үнэлгээг дээшлүүлэх үүднээс засварын ажлыг уг объект дээр хийсэн. Нийт 30 гаруй сая төгрөгийн зардал гарсан" гэж бичсэн байсныг Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 765 дугаар шийдвэрт тодорхой бичсэн байгаа нь Ц.Алтанцолын худлаа хэлснийг нотолж байгаа юм. Нэхэмжлэгч Ц.Баярсайхан бид хоёрын хооронд хэлцэл хийх явцад ямар нэг засвар үйлчилгээ явуулах, хийх яриа огт хийгдээгүй бөгөөд худалдах, худалдан авах л хэлцэл хийгдсэн. Би байранд засвар хийсэн гэдгийг 2013 оны шүүх хурал болох үед Ц.Баярсайханы өгсөн сөрөг нэхэмжлэлээс л мэдэж авсан юм. Өгөөмөр захын хажууд 3 өрөө байрыг худалдаж авах гээд үнэ тохироогүй үнэтэй байна. Иймд танай байшинд нүүж ороод л нэг сарын дотор мөнгө бэлэн гэж ам хэлцэл хийсэн хүн байгаа юм. Миний байранд хууль бусаар амьдарч байсан Ц.Баярсайханыг 2014 оны 1 дүгээр сарын  9-ний өдөр шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлээр албадан нүүлгэх үед шүүхийн шийдвэр гүйцэтгэгч байр ямар байдалтай байсныг бичлэг хийж бэхжүүлсэн бөгөөд засвар хийх нэрээр байрыг эвдлэн сүйтгэн хүн амьдрахын аргагүй болгосон байсан. Гэтэл шүүх энэ бичлэгийг нотлох баримт гэж үзээгүй болохоор миний байрны үнэн бодит байдлыг ойлгож чадахгүйд хүрч шийдвэртээ "хувийн сууцыг засан сайжруулах засварын зардлыг              18 640 152 төгрөгийн хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв" гэсэн дүгнэлтийг хийсэнд гомдолтой байна. Уг байшинг урд нь ямар байсан одоо ямар болсныг фото зургаар харьцуулан тодорхой тайлбар хийн баримт болгон өгсөн байтал фото зургууд нь сууцыг хүлээлгэн өгснөос хойш 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдөр авсан тул уг зургуудыг үндэслэн сууцанд засвар хийх шаардлагатай гэж үзэх боломжгүй" гэж дүгнэсэн нь 2014 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Ц.Баярсайхан манай байрнаас гарснаас хойш 2 сарын хугацаанд би байрандаа ороогүй ямар ч халаалтгүй байр хөлдсөн байхад байраа ийм болгосон юм шиг шүүх хандсан.

Шүүгчээс татгалзсан учир бол хэргийг Ц.Баярсайханы талд шийдвэрлэх нь тодорхой байсантай холбоотой. Сөрөг нэхэмжлэлээ дэмжиж гомдол гаргасан болно.

Иймээс дээд шатны шүүх миний гомдлыг хуулийн дагуу шударгаар хянаж нэхэмжлэгч Ц.Баярсайханы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй боловч давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Ц.Баярсайхан нь хариуцагч Г.Одончимэг, Б.Ганбаатар нарт холбогдуулан 26 613 541 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч,      64 017 725 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...орон сууц худалдан авахаар хариуцагчтай амаар тохиролцон, түүний байранд засвар хийсэн, бусдад төлөх өрийг нь төлсөн, иргэний үнэмлэх авахад нь 1 000 000 төгрөг өгсөн...” гэж тайлбарласан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх тайлбараа “...миний орон сууцыг худалдан авахаар тохиролцсоноор байрандаа оруулсан боловч үнийг төлөхгүй 2 жил 6 сар амьдарсан, шүүхийн шийдвэрээр түүний хууль бус эзэмшлээс байрыг чөлөөлсөн, байранд засвар хийхэд 34 183 394 төгрөг шаардлагатай болсон, 30 сарын хугацаанд бусдын орон сууцыг сард 300 000 төгрөгөөр хөлсөлсөн, орон сууцаа түрээслүүлсэн бол 15 000 000 төгрөгийн орлого олох байсан...” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 765 тоот шийдвэрээр тус дүүргийн 11 дүгээр хороо Товчооны 3 дугаар гудамж 66 тоотод хаягтай, хувийн сууц, 700 м.кв газрыг Ц.Баярсайханы хууль бус эзэмшлээс чөлөөлөх, Б.Ганбаатараас 21 740 152 төгрөгийг гаргуулан Ц.Баярсайханд олгохоор шийдвэрлэсэн, энэ шийдвэрт Нийслэлийн шүүхийн Иргэний хэргийн танхимын 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 438 дугаар магадлалаар өөрчлөлт оруулан, Б.Ганбаатараас 21 740 152 төгрөг гаргуулах гэснийг хүчингүй болгосон үйл баримт тогтоогдсон байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй байна.

Тухайлбал, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн гаргасан засварын ажлын үнэлгээ гэх баримтыг шүүхэд өгсөн ба энэ үнэлгээг Б.Ганбаатар эс зөвшөөрч хүсэлт гаргаснаар шүүх “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон, тухайн орон сууцанд засвар хийсэн зардлыг шинжээч 15 377 000 төгрөгөөр тогтоосон, шүүх засварын ажлын зардлыг 18 640 152 төгрөг гэж дүгнэсэн нь шүүхийн 765 тоот шийдвэрт тусгагдсан.

Нэхэмжлэгч Ц.Баярсайхан нь засварын ажлын зардал 22 836 541 төгрөг, цахилгааны шугам тавиулахад гарсан зардал 450 000 төгрөг, цахилгааны төлбөр 53 000 төгрөгийг гаргуулах шаардлагаа нотлох баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн эсэх талаар шүүх хууль зүйн дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийг хангасан нь буруу байна.

Учир нь зохигчдын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргийг Ц.Баярсайхан зөрчиж, гэрээний зүйлийн үнийг төлөөгүй, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй, түүний эзэмшил хууль бус гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.

Зохигчид нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул уг хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх ба энэ хэлцлийг хийхэд хэн аль нь буруутай.

Дээрх байдлаас дүгнэхэд гэрээний дагуу шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй.

Түүнчлэн орон сууцанд хийсэн засварын зардал, цахилгааны шугам тавиулахад гарсан зардал, цахилгааны төлбөр зэргийг хуулийн дагуу нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж үзнэ.

Учир нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5 дахь хэсэгт “Эд хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг бүрмөсөн өөрийн болгосон гэж бодсоны улмаас түүнтэй холбоотой зардал гаргасан бол зардал, хохирлоо нөхөн төлүүлж, уг зүйлийг буцаан өгөх үүрэгтэй. Харин хөрөнгийн шинж байдлаас түүнийг бүрмөсөн өөрийн болгож авсан гэж бодох үндэслэлгүй нь илтэд байвал энэ журам үл хамаарна.” гэж зааснаар     Ц.Баярсайхан нь гаргасан зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Ц.Баярсайхан нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн дагуу өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан орон сууцыг бүрмөсөн өөрийн болгож авсан гэж бодох үндэслэлтэй байсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 2011 оны 8 дугаар сараас 2014 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл орон сууцны үнийг төлөөгүй байсан тул эд хөрөнгийг өөрийн болгож авсан гэж бодох үндэслэлгүй юм.

Харин Б.Ганбаатар нь иргэний үнэмлэх авахад нэхэмжлэгчээс төлсөн 1 000 000 төгрөг, түүний өрийг төлсөн гэх 2 147 000 төгрөгийн талаар маргаагүй тул энэ хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн хэрэглэсэн цахилгааны төлбөр 3 834 331 төгрөгийг Б.Ганбаатар төлсөн баримт хэрэгт авагдсан тул Ц.Баярсайханаас энэ мөнгийг гаргуулан хариуцагчид олгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Сөрөг нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо шүүхээс хийсэн дүгнэлт зөв байна.

Давж заалдах шатны шүүх хэргийн нотлох баримтын хүрээнд дүгнэж, шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/00553 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Г.Одончимэгээс            26 613 541 төгрөг гаргуулах тухай Ц.Баярсайханы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Б.Ганбаатараас 3 147 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Баярсайханд олгож, Ц.Баярсайханаас 3 834 331 төгрөгийг гаргуулан Б.Ганбаатарт олгож, сөрөг нэхэмжлэлээс 60 183 394 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “хариуцагчаас 65 302 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 76 300 төгрөг гаргуулж хариуцагчид олгож,” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч Б.Ганбаатараас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 471 151 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           А.МӨНХЗУЛ

                     ШҮҮГЧИД                          Ш.ОЮУНХАНД

                                                                   М.НАРАНЦЭЦЭГ