Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 56

 

Т.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0159/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:

Прокурор                                      Б.Сүрмандах

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Б.Цэрэнбат

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолтой, Т-ын Б-т холбогдох, 1918001890148 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Т.Б-, түүний өмгөөлөгч Б.Цэрэнбат нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,

-Мөн шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 169 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.т зааснаар 3 жилийн хорих ял шийтгэж, 2 жилийн хугацаагаар тэнссэн, ********** регистрийн дугаартай, Б- овогт Т-ын Б-.

Шүүгдэгч Т.Б- нь согтуугаар 2019 оны 03 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын * дугаар багийн ** дугаар байрны * тоотод "утсанд нь өөр эрэгтэйгээс баярын мэндчилгээ ирлээ” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.У-ыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, дагз, баруун чих, баруун, зүүн нүдний зовхи, хамар, хацар, доод эрүү, шанаа, зүүн хөх, баруун, зүүн сарвуунд цус хуралт, дагзны хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Боржигон овогт Т-ын Б-ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5.т заасныг баримтлан, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 169 дугаар шийтгэх тогтоолоор Т.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1.т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож,

-Шүүгдэгч Т.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2.т заасныг баримтлан, шүүгдэгч Т.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.т зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг тус тусд нь эдлүүлэхээр,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Т.Б-т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Т.Б-т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.т зааснаар шүүгдэгч Т.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2.т зааснаар шүүгдэгч Т.Б-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 7 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт 105 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг эдлэх торгох ялаас нь хасаж тооцож,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7., 1.8., 1.9.т зааснаар шүүгдэгч Т.Б- нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2.т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Б-, түүний өмгөөлөгч Б.Цэрэнбат нар давж заалдах гомдолдоо:

Шүүгдэгч Т.Б-т “нэг сая төгрөгийн үнэ бүхий хүзүүний зүүлт лангуунаас авч зугтсан” гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд 3 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр заасан ба хорих ялаа эдэлж дууссанаас хойш 6 сарын хугацаанд торгох ялыг эдэлж дуусгахаар тогтоосон нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг улам их дордуулж сэтгэл зүйд нь дарамт учруулсан шийтгэл боллоо гэж үзэж байна. 3 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийтгэсэн нь өнөөдөр үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдэд шүүхүүдээс оногдуулж байгаа ял шийтгэлүүдтэй харьцуулахад Т.Б-ийг хорих ялаас суллагдахад ажилд авах байгууллага, орлого олох баталгаа байх нь эргэлзээтэй. Тэгээд ч Чингэлтэй дүүргийн шүүхээс Т.Б-ийг 2 жилийн хугацаагаар тэнссэн байхад тус шүүхийн тогтоолд заагдсан тоон илэрхийллийн дээд хязгаарыг сонгосон нь хөнгөрүүлэх, хүндрүүлэх талын аль алийг нь авч үзэх хууль зүйн үзэл баримтлалыг орхигдуулсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2.т заасан ...энэ хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарвал ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн хуулийн зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4.т Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд тухайн хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэсэн зарчимд тулгуурлан Т.Б-ийн үйлдсэн хэргийн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирлын байдлуудыг дүгнэн үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар 450 нэгжээр торгох ял шийтгэх, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.3.2-ны өдрийн 172-р шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1.т зааснаар Т.Б-т 1 жилийн хорих ял оногдуулж торгох ялыг Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2.т зааснаар энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.т заасныг журамлан хөнгөн ял /450000 төгрөг нь 30 хоногтой тэнцэх/-ыг хүндэд нь нэмж 1 жил 1 сарын ялаар шийтгэж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Т.Б-ийн өмгөөлөгч Б.Цэрэнбат тайлбартаа:

Т.Б-т оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сүрмандах дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэж шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял оногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Т.Б-ийг согтуугаар 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 30 дугаар байрны 1 тоотод "утсанд нь өөр эрэгтэйгээс баярын мэндчилгээ ирлээ” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.У-ыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, дагз, баруун чих, баруун, зүүн нүдний зовхи, хамар, хацар, доод эрүү, шанаа, зүүн хөх, баруун, зүүн сарвуунд цус хуралт, дагзны хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэж шүүгдэгч Т.Б-ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5.т заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 169 дугаар шийтгэх тогтоолоор Т.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1.т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2.т заасныг баримтлан шүүгдэгч Т.Б-т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, 3 жилийн хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэх, торгох ялыг 6 сарын хугацаанд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, түүний цагдан хоригдсон 7 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт 105 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг эдлэх торгох ялаас нь хасаж тооцон, түүнд урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Т.Б-, түүний өмгөөлөгч Б.Цэрэнбат нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх үйл ажиллагааг болон шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасныг баримтлан бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Т.Б- нь согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.У-ыг хардаж “утсанд нь өөр эрэгтэйгээс баярын мэндчилгээ ирлээ” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь    хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтууд болох хохирогч Б.У-, гэрч Э.Т-, Ж.О-, Г.Г-, Б.Б- нарын мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг, хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 226 дугаар дүгнэлт, Аюулын зэргийн үнэлгээ болон тухайн үед болсон үйл баримтаар нотлогдож тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

Шүүгдэгч Т.Б-т холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж, хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хэмжээний дотор хэлэлцсэн, анхан шатны шүүхээс түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, шүүгдэгч нь урьд шүүхээс тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул анхан шатны шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулсан нь зөв, хорих болон торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байна.    

Шүүгдэгч Т.Б-ийг урьд гэм буруутайд тооцож тэнссэн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 169 дугаар шийтгэх тогтоол нь нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон, хэн ч гомдол, эсэргүүцэл гаргаагүй байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1.т зааснаар тэнсэхдээ 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль хэрэглээний алдаа гаргасан нь илэрхий байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Б-ийг тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн гэж урьд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа хуульд заасан ялыг оногдуулсан хэдий ч тэрээр урьдах гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож гэмшиж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.т зааснаар 3 жил хорих ял оногдуулсныг 1 жил 8 сар хорих ял болгон хөнгөрүүлэн оногдуулах боломжтой байх тул түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг багасгаж, шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч Т.Б-, түүний өмгөөлөгч Б.Цэрэнбат нарын  ...ял хөнгөрүүлж өгнө үү... гэсэн гомдлыг хүлээн авах боломжтой байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4, 5 дугаар заалтуудыг:   

-Шүүгдэгч Т.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.т зааснаар 1 жил 8 сар хорих ял тус тус шийтгэсүгэй...гэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2.т заасныг баримтлан, шүүгдэгч Т.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.т зааснаар оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй...гэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Т.Б-т оногдуулсан 1 жил 8 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Т.Б-, түүний өмгөөлөгч Б.Цэрэнбат нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай. 

3.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.МАНЛАЙБААТАР

                                                                ШҮҮГЧИД                                 Ц.ТУЯА

                                                                                                                  Ц.АМАРЖАРГАЛ