Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2024/0100

 

 

 

 

 

 

А.А***гийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.О***

Гомдол гаргагч: А.А***

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс

Гуравдагч этгээд: Д.Э***, С.Э***

Гомдлын шаардлага: Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 0080006 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0028 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагч А.А***, түүний өмгөөлөгч Г.Х***, гуравдагч этгээд Д.Э***, түүний өмгөөлөгч Д.О***, С.Батцэрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э***

Хэргийн индекс: 128/2023/0552/3.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Гомдол гаргагч А.А***гаас Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан “Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 0080006 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0028 дугаар шийдвэрээр: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч А.А***гийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 0080006 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1 “....Эрх бүхий албан тушаалтныг зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаандаа шийдвэрээ гаргаагүй, зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах үүргээ хэрэгжүүлээгүй” гэх шүүхийн дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн байна. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх хугацааг 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 14 хоногоор сунгасан байхад 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийг уг сунгасан хугацаанд оруулан тооцож дүгнэлт гаргасан нь буруу,

3.2 Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн үйлдэлд шийтгэл оногдуулсныг зөвтгөсөн, зөрчил одоо ч үргэлжилж байгааг тодорхой дурдсан атлаа хууль зөрчсөөр байгаа үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авахгүй байгаа нь шүүхийн шийдвэр, дүгнэлт хоорондоо зөрчилдөөнтэй бөгөөд хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл Сууц өмчлөгчдийн холбооны тамга, тэмдэг байх ёстой газраа хадгалагдаагүй байхад нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөхгүй, харин Сууц өмчлөгчдийн холбооны болоод оршин суугчдын эрх ашиг хөндөгдөнө,

3.3 Зөрчил үйлдсэн этгээдийг хариуцлагаас чөлөөлөгдөх нөхцөл боломжийг шүүх олгож болохгүй, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах нь Үндсэн хуулийн суурь зарчим юм,

3.4 Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгах зорилго нь “зөрчил гаргасан этгээдийн үйлдлийг нотлоход шаардлагатай баримт бүрдүүлэх тохиолдол”-д хамааралтай болохоос биш шийтгэл ногдуулахын тулд хугацааг сунгах талаар хуульд заагаагүй, энэ талаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

   4. Нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор  бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3.  Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, 

3.1. Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Л.Б*** хяналт шалгалт хийж, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 0080006 дугаартай шийтгэлийн хуудсаар А.А***д Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Тамга, тэмдэг үйлдвэрлэх хэрэглэх, хадгалах журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” зааснаар 50,000 төгрөгийн шийтгэл ногдуулсныг А.А*** эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан бөгөөд гомдлын үндэслэлээ:

- эрх, ашиг сонирхол нь зөрчигдөөгүй оролцогч бус этгээдийн гомдлоор хэрэг нээсэн,

- гомдлыг хүлээж авснаас хойш ажлын 5 өдрийн дотор хэрэг нээх эсэхээ шийдвэрлэх ёстой байтал гомдол гаргах хугацаа хэтэрсэн байхад гомдлыг хүлээж авч шийдвэрлэсэн,

-Х*** СӨХ-ны удирдах зөвлөлийн даргаас өгсөн чиглэл, зөвшөөрлийн дагуу тамга тэмдгээ авч явсан байхад Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй, тухайн тамга тэмдгийг хадгалах байр сав байдаг эсэхийг шалгаж тодруулаагүй,

- зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дуусгавар болсноос хойш хугацаа сунгах тогтоол гаргаж, шийтгэл ногдуулсан гэх зэрэг үндэслэлээр тайлбарласан.

3.2 Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тамга, тэмдэг үйлдвэрлэх хэрэглэх, хадгалах журам нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 226 дугаар тогтоолоор батлагдсан Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам-аар зохицуулагдаж байх бөгөөд тус журмын 6 дугаар үйлийн 6.1-д Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудсыг ажлын байранд цоожтой шүүгээ, сейфэнд хадгална, 6.2-т Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудсыг албаны бус хэрэгцээнд ашиглах, бусдад шилжүүлэх болон Нотариатын тухай хуулийн 5.2 дахь хэсэг, Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газраас иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд хамаарахаас бусад тохиолдолд ажлын байрнаас гадагш авч гарахыг хориглоно, 6.6-д Тамга, тэмдгийг тамгын газрын дарга болон тухайн байгууллагын захиргааны асуудал хариуцсан нэгжийн дарга түших бөгөөд эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна, 6.7-д Байгууллага нь захиргааны асуудал хариуцсан нэгжгүй тохиолдолд тамга, тэмдэг түших ажилтныг удирдлагын шийдвэрээр тусгайлан томилно, 6.8-д Байгууллагын удирдлага өөрчлөгдөх болон тамга, тэмдэг түших албан тушаалтан солигдох, чөлөө авах, ээлжийн амралт авах, томилолтоор ажиллах, суралцах, эрүүл мэндийн шалтгааны улмаас эзэнгүй байх хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгэгч акт, бүртгэлээр тамга, тэмдгийг хамт хүлээлцэнэ” хэмээн тус тус заажээ.

3.3 Гомдол гаргагчийн тухайд “Х*** СӨХ-ны тэмдгийг 2022 оны 12 дугаар сард авч явж, ажил үүргээ гүйцэтгээгүй атлаа 2023 оны 3 дугаар сарыг дуустал өөрт байлгасан зөрчил тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийг эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан нь хуульд нийцжээ.

3.4 Гэтэл анхан шатны шүүх “...Хэдийгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад А.А***гаас Сууц өмчлөгдчийн холбооны тэмдгийг ажлын байранд цоожтой шүүгээ, сейфэнд хадгалаагүй зөрчил үйлдсэн нь тогтоогдсон байх боловч эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаандаа шийдвэрээ гаргаагүй байх ба энэ нь гомдол гаргагчийн эрх зүйн байдалд нөлөөлөхөөр байх тул гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэж, гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

3.5 Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд орших бөгөөд “шударга ёсны зарчим” гэж мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж зааснаас үзэхэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон зөрчил тус бүрд шийтгэл оногдуулах нь зүй ёсны байх бөгөөд “зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаандаа шийдвэрээ гаргаагүй” гэх үндэслэлээр зөрчил үйлдсэн этгээдийг хариуцлагаас чөлөөлөх нь үндэслэлгүй байх ба энэ талаарх гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “...зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах нь Үндсэн хуулийн суурь зарчим” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

3.6 Түүнчлэн гомдол гаргагч нь эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаандаа баримталбал зохих журмыг зөрчсөн хэмээн тайлбарлах бөгөөд “тамга тэмдгийг зориулалтын бус газарт хадгалсан, биедээ авч явсан” гэх зөрчлийн үйлдэл гаргасан нь тогтоогдсон, энэхүү үйл баримттай маргаагүй, энэ талаар шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гаргаагүй болно.

4. Иймд дээрх үндэслэлээр гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0028 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

  

     ШҮҮГЧ                                                    З.ГАНЗОРИГ

 

 

     ШҮҮГЧ                                                    Д.ОЮУМАА

 

 

     ШҮҮГЧ                                                     Г.МӨНХТУЛГА