Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 190

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

    Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

    Улсын яллагч Э.Оюунтунгалаг,

          Хохирогч Н.Мөнхбаяр,

          Шүүгдэгч О.Балжинням, түүний өмгөөлөгч Ж.Батхүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Балжиннямд холбогдох эрүүгийн 201625012290 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Дархан суманд 1978 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 3 дугаар гудамжны 101 тоотод оршин суух, иргэний үнэмлэхний хаяг: Хэнтий аймгийн Батноров сумын 7-р баг, Бэрх тосгоны 1-р хороо, 56-9 тоот, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх, Боржигин овогт Осгоны Балжинням /РД: СК78082711/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

          О.Балжинням нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ИНАХИС” резинен хавтан үйлдвэрлэдэг хязгаарлагдмал хариуцлагатай компанид үйлдвэрийн даргаар ажиллаж байхдаа 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 2016 оны 04 дүгээр сарын хооронд тус үйлдвэрийн байрнаас нийт 495 ширхэг резинен хавтан үргэлжилсэн үйлдлээр, машин механизм ашиглан хулгайлж иргэн Н.Мөнхбаярт 3.217.500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Балжиннямын өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Мөнхбаярын өгсөн: “Би 2000 оноос аж ахуйн нэгж эрхэлж байгаа бөгөөд дээд тал нь 150 хүн ажиллуулж байсан. Нийгмийн байдлаас хамаарч ажилчдын тоо буурч байгаа. Манай компани хаягдал дугуйг дахин боловсруулдаг Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улсдаа анхдагч резинэн хавтангийн үйлдвэр юм. Улсаас жилд 2 удаа шагнал авдаг. Миний хувьд гадаад хүн ажиллуулахгүй харин Монгол улсынхаа хүмүүсийг ажиллуулах бодлоготой. Залуучуудыг дэмжсэн үйл ажиллагаа явуулж ирсэн. О.Балжинням хохирлоо төлж барагдуулсан. О.Балжинням хувийн байдлын хувьд гайгүй хүн байсан. Өөр нэмж хэлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Н. Мөнхбаярын өгсөн: “... миний бие 2000 оноос эхлэн аялал жуулчлал, резинен хавтан, гуейс хаусын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “ИНАХИС” компанийг үүсгэн байгуулж байсан юм. Яг резинэн хавтангийн үйлдвэрээ 2010 оноос эхлэн ажиллуулж эхэлсэн ба уг резинен хавтангийн үйлдвэртээ 2011 оноос эхлэн Осгоны Балжинням гэдэг залууг ажиллуулж эхэлсэн юм. О.Балжинням нь манай үйлдвэрт орсоноосоо хойш ямар нэгэн асуудалгүй сайн, тогтвортой ажиллаж байсан. Ингээд миний бие уг залууг сайн ажиллаад байхаар нь өөрийн үйлдвэрийн байрандаа гэр бүлийнх нь хамт ямар нэгэн төлбөр тооцоогүй амьдруулсан ба 2012 оноос эхлэн О.Балжиннямыг үйлдвэрийн даргын албан тушаалд тавьсан юм... Тэгтэл О.Балжинням нь 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн үйлдвэрийн агуулахаас манай үйлдвэрийн үйлдвэрлэсэн резинен хавтанг хулгайлан авч бусдад зарсан байсан. Миний бие О.Балжиннямыг үйлдвэрийн агуулахаас хэрхэн хулгай хийгээд байгаа талаар нь мэдсэн бэ гэхээр үйлдвэрийн дарга О.Балжинням нь үйлдвэрийн ажилчдыг үндэслэлгүйгээр халсан байсан учраас халагдсан ажилчид нь надад түүнийг агуулахаас хулгай хийдэг талаар ярьж байсан юм... О.Балжиннямыг хулгай хийж байгаа талаар манай ажилчид сайн мэдэж байгаа, тэр бүх хүмүүс гэрчээр мэдүүлэг өгнө. Би маш их гомдолтой байгаа, учир нь О.Балжиннямыг өдий зэрэгтэй болтол нь тэжээж байхад миний итгэлийг даахгүй миний үйлдвэрээс хулгай хийсэн байсан...” гэх мэдүүлэг /хх.23-26/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Ганзулын өгсөн: “... Миний бие О.Балжинням гэдэг залууг танина. Урьд өмнө нь бид 2 резинэн хавтангийн “ИНАХИС” ХХК-д хамт ажилладаг байсан. О.Балжинням зан байдлын хувьд онгироо дээрэлхүү зантай хүн байгаа юм. Хамт ажиллаж байх хугацаандаа архи уудаг байсан... мөн Балжинням нь өөртөө таалагдахгүй байгаа хүнээ өөрийн дураар халчихдаг байсан... Миний бие О.Балжиннямыг үйлдвэрээс хулгай хийгээд байгааг нь мэддэг байсан. Үйлдвэрийн дарга учраас өөрийн дураар үйлдвэрээс 30 м2 резинэн хавтанг өөрийн 88-60 гэсэн улсын дугаартай саарал өнгийн приус 20 маркийн автомашинд ачиж Монелын тэнд нэг  айлд  буюу  надтай хамт ажилладаг байсан Өлзий гэдэг залуугийн найзын гэрт

нь аваачиж 90.000 төгрөгөөр зарж байсан. Өөр миний мэдэхийн Баянхошуунд нэг айлд портер машин дээр ачсан их хэмжээний хавтан зарсан гэж байсан... Балжинням нь үйлдвэрээс хулгай хийхдээ ганцаараа л хулгай хийгээд байдаг байсан. Өөр ямар нэгэн хүнтэй хамтарч хулгай хийдэггүй байсан байх би тэр талаар нь сайн мэдэхгүй байна... резинэн хавтан машинд ач гэхээр нь яах гэж байгаа юм бэ гэхээр хүнд өгөх гэж байгаа юм гэдэг байсан ба би мэдэж байна. Та нарт хамаагүй гэж хэлдэг... энэ талаар нь хэлье гэж бодож байсан боловч О.Балжиннямаас айгаад ажлаасаа халагдчих байх гэж бодоод хэлдэггүй байсан юм...” гэх мэдүүлэг /хх.27-31/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Г.Анхбаярын өгсөн: “... Би “ИНАХИС” ХХК-нд дугуй бутлагчийн ажил хийдэг байсан. Манай үйлдвэрийн дарга О.Балжинням нь их хүн дарамталдаг муухай ааштай дээрэлхүү хүн байсан... Би Балжиннямыг яг хулгай хийж байгааг нь мэддэггүй байсан үйлдвэрийн хашаа руу машин оруулж ирээд резинэн хавтан ач гэдэг байсан. Би яг хэдэн м2 хавтан хулгайлсныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан 3 удаа аваад явж байсныг нь мэдэж байна... Ямар нэгэн хүнтэй хамт хулгай хийдэггүй байсан. Миний мэдэхийн өөрийнхөө приус 20 автомашинд ачаад явчихдаг байсан...” гэх мэдүүлэг /хх.32-33/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Х.Энхболдын өгсөн: “... Би 2015 оны 4 дүгээр сарын эхээр найз Өлзийбуянгийн хамт ИНАХИС резинэн хавтангийн үйлдвэрт хаягдмал дугуй цуглуулж аваачиж зардаг байсан... 2016 оны 3 дугаар сард найз Өлзийбуянгийн гэрт нь түүний хамт пиво уугаад сууж байсан чинь Балжинням орж ирээд “Мөнгөний хэрэг гараад байна. Энхболдоо чамд зээлэх мөнгө байна уу” гэхээр нь би түүнд хандаж надад мөнгө байхгүй гэсэн чинь Балжинням  Надад 115 ширхэг резинэн хавтан байна. Худалдаад авчих гэхээр нь би зөвшөөрөөд “Чи резинэн хавтангаа аваад ирээ, тэгээд надаас мөнгөө аваарай” гэсэн чинь Балжинням “За” гээд гарч явсан. Ингээд хэсэг хугацааны дараа гэртээ ирээд байж байсан чинь гаднаас Балжинням цагаан саарал өнгийн приус 20 маркийн автомашинтай орж ирээд уг машинаасаа 115 ширхэг хавтангаа буулгаж ирсэн ба надаас бэлэн 100.000 төгрөг авчихаад яваад өгсөн. Ингээд тэр өдрөөс хойш түүнтэй холбогдоогүй...” гэх мэдүүлэг /хх.41-42/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Л.Мөнхнарангийн өгсөн: “... би тус үйлдвэрт туслах ажилтнаар ажиллаж байсан юм. ...Би “ИНАХИС” ХХК-ны үйлдвэрт ажиллаж байхдаа уг компанийн урд талын хашаанд нь нэг байшин түрээслэн амьдардаг байсан. Би яг хэзээ гэдгийг нь санахгүй байна нэг өдөр ажил дээрээ байж байгаад гэртээ ороод ирсэн чинь миний түрээслэдэг байшингийн үүдний амбаарт дүүртэл нь үйлдвэрийн резинэн хавтан өрөөд тавьчихсан байсан. Тэгэхээр нь би нэг их тоолгүй гэртээ ороод байж байтал үйлдвэрийн дарга манай гэрт орж ирсэн. Би Балжиннямаас энд байгаа хавтангууд ямар учиртайг нь асуусан чинь Балжинням “Байж л байг” гэж хэлээд гараад явчихсан. Би ч гэсэн тухайн үедээ үйлдвэрийн дарга болохоор нь мэдэж байгаа юм байх гэж бодоод огт тоогоогүй. Тэгээд         маргааш еглеө нь ажилдаа явах гээд гараад ирсэн чинь нөгөө хавтангууд бүгд алга

болчихсон байсан. Сүүлд нь сураг сонсоход Балжинням нь намайг шөнө унтаж байхад манай хашаанд портер машинтай орж ирээд ачаад явсан гэж манай хашаанд байсан Энхболд гуай надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх.43-45/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Өлзийбуянгийн өгсөн “... Миний бие 2015 оны 4 дүгээр сараас эхэлж үйлдвэрийн дарга Балжинням гэгчийг таньдаг болсон... Би өөрийн 68-24 УНВ гэсэн улсын дугаартай портер маркийн автомашинаар “ИНАХИС” ХХК-нд машины хаягдал дугуй цуглуулж зардаг байсан... 2015 оны 6 дугаар сард санагдаж байна Балжинням нь надаас та хэдэн ширхэг резинэн хавтан ойрхон хүргээд өгөөч, таньд 30.000 төгрөг өгье гэхээр нь би зөвшөөрөөд Улиастайн гүүрний наах нь талд том тэргэн дээр 30 гаран м2 улаан, ногоон өнгийн резинэн хавтан хүргэж өгөөд ачуулж байсан юм. Түүнээс хойш би Балжиннямтай дахин таараагүй...” гэх мэдүүлэг /хх.46-47/,

 

Туршилт хийсэн тогтоол, тэмдэглэл, фото зураг /хх.48-54/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх.55-57/,

Хохирлын тооцоо /хх.58/,

 

Мөрдөн байцаалтанд О.Балжиннямын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “... Би тус компанид тасралтгүй сайн ажилласаар байгаад 2012 онд тухайн үйлдэрийн цехийн даргын албан тушаалд томилогдож одоог хүртэл ажиллаж байсан юм. Ингээд 2015 оны 5 дугаар сараас эхлэн өөрийн ажиллаж байсан компанийн агуулахаас 2 удаагийн үйлдпээр миний тооцоолж байгаагаар нийт 435 ширхэг резинэн хавтан хулгайлан авч улмаас захиралдаа баригдаж уг компаниас халагдсан юм... Би тус компанид ажиллаж байх хугацаандаа буюу 2015 оны 6 дугаар сарын дунд үед компани дээрээ байж байхад нэг танихгүй хүн над руу залгаад “Чамаас 80 м2 резинэн хавтан авъя, чамд өгөх боломж байна уу гэхээр нь” би тэр хүнд “Чамд мөнгө цаас нь бэлэн байвал өгч болно” гэсэн. Тэгээд байж байтал төд удалгүй цагаан өнгийн портертэй 40-50 орчим настай эрэгтэй хүн манай ажил дээр хүрч ирээд надаас 80 м2 хавтан бэлэн 1 сая төгрөгөөр худалдаж авсан. Түүнээс хойш компаниас дахин хулгай хийлгүй байж байгаад 2016 оны 3 дугаар сарын эхээр компанийн эзэмшлийн 88-60 УББ улсын дугаартай цагаан саарал өнгийн приус 20 маркийн автомашинаараа 115 ширхэг резинэн хавтанг 100.000 төгрөгөөр зарсан. Би резинэн хавтан хулгай хийж байхдаа ямар нэгэн хүнтэй хамт нийлдэггүй байсан. Ганцаараа л хулгай хийдэг байсан... эхний удаа хулгай хийж олсон 1.000.000 төгрөгөө зээлэндээ өгчихсөн. Харин дараа нь хулгай хийж олсон мөнгөө гэртээ түлээ нүүрс, архи, пиво авч уугаад дуусгасан... Би өдөрт хэдэн м2 резинэн хавтан үйлдвэрлэгдэж байгааг мэддэг байсан ба өдөрт үйлдвэрлэгдсэн хавтангаас 10м2 хавтанг аваад манай компанид ажилладаг байсан залуу болох Мөнхнарангийн гэрт нь зөөж аваачаад хадгалчихдаг байсан. Тэр хүүхэд дөнгөж ажилд орсон байсан учраас намайг хулгай хийж байгааг ойлгож мэддэггүй байсан... би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би бусдад өр зээлтэй байсан болохоор өр зээлээ барагдуулах гэж хулгай хийсэн...” гэх мэдүүлэг /хх.69-78/,

 

          -Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.79/,

          -О.Балжиннямын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.80/,

          -О.Балжиннямын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх.81/,

          -Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх.82/ зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирчээ.

 

О.Балжинням нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ИНАХИС” резинен хавтан үйлдвэрлэдэг хязгаарлагдмал хариуцлагатай компанид үйлдвэрийн даргаар ажиллаж байхдаа 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 2016 оны 4 дүгээр сарын хооронд тус үйлдвэрийн байрнаас нийт 495 ширхэг резинен хавтанг үргэлжилсэн үйлдлээр, машин механизм ашиглан хулгайлж иргэн Н.Мөнхбаярт 3.217.500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтанд /хх.23-26/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Н. Мөнхбаярын мэдүүлэг, мөрдөн байцаалтанд гэрч Д.Ганзул /хх.27-31/, гэрч Г.Анхбаяр /хх.32-33/, гэрч Х.Энхболд /хх.41-42/, гэрч Л.Мөнхнаран /хх.43-45/, гэрч Б.Өлзийбуян /хх.46-47/ нарын өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд /хх.69-78/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч О.Балжиннямын мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч О.Балжиннямыг бусдын эд хөрөнгийг машин механизм хэрэглэн хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор түүнд зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлж гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлаж хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүгдэгч  О.Балжинням  нь цагдан  хоригдсон хоноггүй, хохирогчид 3.217.500

өгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Мөнхбаяр нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Шүүгдэгч О.Балжиннямын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 88-60 УББ улсын дугаартай, Тоёота приус-20 загварын автомашин нь бусдын эзэмшлийнх байх тул түүний үнэ 11.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хураан улсын орлого болгож, уг автомашиныг хэрэгт битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолыг /хх.55/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлүүд, 290 дүгээр зүйлийн 290.3 дах хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Осгоны Балжиннямыг бусдын эд хөрөнгийг машин механизм хэрэглэн хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч О.Балжиннямыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар, шүүгдэгч О.Балжиннямд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч О.Балжинням нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 3.217.500 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Мөнхбаяр нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч О.Балжиннямаас гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 88-60 УББ улсын дугаартай Тоёота приус-20 загварын автомашины үнэ 11.000.000 төгрөгийг гаргуулж хураан улсын орлого болгож, уг автомашиныг хэрэгт битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5 дах хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Балжиннямд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж,

түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, уг шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         

          9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Балжиннямд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

          10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР