Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/460

 

 

 

 

 

 

 

 

 

    2022           6          08                                  2022/ШЦТ/460

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Б.Ууганбаяр  

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-т холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205001951350 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2021 оны 12 дугаар сарын 11-нээс 12н-д шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “М2” гэх нэртэй баарны үүдэнд хохирогч Ө.Ө-тай “чи намайг гүтгэдэг хэн юм бэ” гэх үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн нүүрэн тус гараараа нэг удаа цохиж, хохирогч Ө.Ө-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч *******- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

           

 Шүүгдэгч *******-ийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу болон хэргийн үйл баримт дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй.“ гэсэн мэдүүлэг

 

 Гурав: Хавтаст хэргээс:

            1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ө.Ө-ы хохирогчоор өгсөн:

 “Би Налайхад амьдардаг юмаа. 2021 оны 12 дугаар сарын 11-нд хөдөө явчихаад хотод ирсэн юмаа. Ингээд орой нь гандангийн баруун талд “+25” гэдэг бааранд ганцаараа орсон. Энэ бааранд ганцаараа пиво ууж сууж байгаад шөнийн 00 цаг өнгөрсөн байхад энэ баарнаас гарсан. Ингээд шөнийн 01 цагийн үед энэ баарны хойд талд байх “М2” баар руу ганцаараа орсон. Энэ нь караоке баар байсан. Би нэг өрөөнд нь ороод 1 цаг захиалаад пиво уугаад, ганцаараа дуулсан. Хэдэн номерын өрөөнд орсноо одоо бол санахгүй байна. Очвол зааж хэлж мэдэхгүй байна, энэ асуудал удсан болохоор би бараг мартчихсан. Би цаг дуусахаар нь тооцоогоо хийгээд, бие засчхаад баарнаас гарсан. Баарны үүдэнд гараад утсаа өрөөнд үлдээснээ санаад эргээд баар луу орох гээд хаалга тогшиход дотроос нь түгжчихээд тайлж өгөхгүй байсан. Энэ үед бас нэг залуу энэ баарны хаалга тогшоод байсан. Би болохоор энэ залууг баарны хамгаалагч юм уу, баарны гадна зогсоод хүн оруулаад байдаг хүн гэж андуураад “худлаа жүжиглээд бай, чи энэ баарны хүн биз дээ” гэхэд нөгөө залуу “үгүй, би бас утсаа орхисон байна” гээд зогсоод байсан. Тэгтэл гаднаас баарны зохицуулдаг залуу хүрээд ирсэн. Би хамт зогсож байсан залууд “өө уучлаарай, энэ залуутай чамайг андуурсан байна" гэж хэлэхэд тэр залуу “чи намайг гүтгэдэг хэн юм бэ” гэж хэлээд уурлаад миний баруун нүд рүү гараараа цохисон. Түүнийг баарны залуу надаас салгасан. Тэгэхээр нь би замын нөгөө тал руу гарч цагдаа дуудах гээд зам хөндлөн гараад зам дээрх машины жолоочийг гуйж утсаар нь цагдаа дуудсан. Ингээд эргээд зам хөндлөн гараад баарны харалдаа байх автобусны буудал дээр очиход намайг цохисон залуу хүнд зодуулчихсан газарт дээшээ харсан хэвтэж байсан. Би түүнийг хэнд зодуулсныг хараагүй. Бас цагдаа ирчихсэн байсан. Тэр цагдаа нөгөө залууг зодсон гэх 2 залууг бариад машиндаа суулгаж байсан. Тэр ирсэн цагдаа бол миний дуудсан цагдаа мөн бишийг би мэдэхгүй байна. Дараа нь түргэн ирээд нөгөө залууг аваад явсан. Харин намайг цагдаад очоод өргөдөл, мэдүүлэг өгөөрэй гэсэн. Би цагдаагийн машинд, 2 залуутай хамт суугаад цагдаагийн газарт ирсэн. Ингээд өөрийнхөө зодуулсан, утсаа үлдээсэн талаар мэдүүлэг өгөөд явсан. Дараа нь шүүх эмнэлэгт үзүүлсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 47-49 дэх тал)

 

            2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 358 дугаартай: “Ө.Ө-ы биед баруун нүдний дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 13-14 дэх тал)

 

            3. Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 31-35 дахь тал)

            4. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (хавтаст хэргийн 36-39 дэх тал)

 

            5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Ж- гэрчээр өгсөн: “...Би он сарыг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан оны өмнө буюу 2021 оны 12 дугаар сарын ажиллаж байхад хохирогч гэх залуу ганцаараа гаднаас орж ирээд караокед үйлчлүүлээд гарсан. Гараад намайг үүдэнд баар хаасан гээд байхад үүдэнд агсан тавиад байсан залуутай маргалдаад, тэр залуу нь хохирогч залууг шууд барьж аваад гүүрэн тус газарт нь цохиод байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дэх тал)

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

         6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-ийн яллагдагчаар өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 11-ний орой найз нартайгаа уулзаж бааранд хэсэг сууж байгаад, тэр баарнаасаа гарч Баянгол дүүргийн гандангийн баруун хэсэгт байрлах “М2” караоке бааранд орсон. Бид 2 цаг гаран тэнд дуулж, виски, пиво уусан. Би нэлээд согтсон байсан. Нэг мэдсэн караокены өрөөнд манай найзууд байхгүй, би ганцаараа үлдсэн байсан. Ингээд баарнаас гарахад тооцоог найзууд хийчихсэн бололтой байсан. Найзууд хаачсан нь мэдэгдэхгүй байхгүй байсан. Намайг баарнаас гармагц араас шууд хаалга тас хийтэл хаачихсан. Би найзуудаа дотор байж магадгүй гэж бодоод асуух санаатай баарны хаалгыг тогшиж зогссон. Хажууд бас нэг залуу утсаа алдчихлаа гэсэн юм хэлээд баарны хаалга тогшоод байсан. Тэгтэл нөгөө залуу намайг “Чи энэ баартай холбоотой юм биш үү, би ороод утсаа авчихмаар байна” гээд байсан. Би түүнд “үгүй, энэ баар надад хамааралгүй” гэж хэлж байсан. Би өөрөө нэлээн согтсон байсан. Нэг санахад нэг залууг нүүрэн тус газарт нь нэг удаа гараараа цохисон. Дараа нь шууд такси барих гэж явж байгаад өөрөө танихгүй хүмүүст зодуулж гэмтсэн. Энэ асуудлаараа тусад нь өргөдөл өгөөд шалгуулж байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 64-66 дахь тал)

 

         7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 72 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 73 дахь тал), хохирогч Ө.Ө-ы гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 90 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч *******- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Ө.Ө-д учирсан хохирол, хор уршгаа баримтаар нэхэмжлээгүй бөгөөд, гомдол саналгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч *******-т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 151 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар *******-т холбогдох эрүүгийн 2205001951350 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

          Шүүгдэгч *******- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М2” гэх нэртэй баарны үүдэнд хохирогч Ө.Ө-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Ө.Ө-ы хохирогчоор өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 11-нд Баарны үүдэнд гараад утсаа өрөөнд үлдээснээ санаад эргээд баар руу орох гээд хаалга тогшиход дотроос нь түгжчихээд тайлж өгөхгүй байсан. Энэ үед бас нэг залуу энэ баарны хаалга тогшоод байсан. Би болохоор энэ залууг баарны хамгаалагч юм уу, баарны гадна зогсоод хүн оруулаад байдаг хүн гэж андуураад “худлаа жүжиглээд бай, чи энэ баарны хүн биз дээ” гэхэд нөгөө залуу “үгүй, би бас утсаа орхисон байна” гээд зогсоод байсан. Тэгтэл гаднаас баарны зохицуулдаг залуу хүрээд ирсэн. Би хамт зогсож байсан залууд “өө уучлаарай, энэ залуутай чамайг андуурсан байна" гэж хэлэхэд тэр залуу “чи намайг гүтгэдэг хэн юм бэ” гэж хэлээд уурлаад миний баруун нүд рүү гараараа цохисон. Түүнийг баарны залуу надаас салгасан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 47-49 дэх тал)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 358 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 13-14 дэх тал)

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 31-35 дахь тал)

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (хавтаст хэргийн 36-39 дэх тал)

П.Ж- гэрчээр өгсөн: “...Би он сарыг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан оны өмнө буюу 2021 оны 12 дугаар сарын ажиллаж байхад хохирогч гэх залуу ганцаараа гаднаас орж ирээд караокед үйлчлүүлээд гарсан. Гараад намайг үүдэнд баар хаасан гээд байхад үүдэнд агсан тавиад байсан залуутай маргалдаад, тэр залуу нь хохирогч залууг шууд барьж аваад гүүрэн тус газарт нь цохиод байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дэх тал)

*******-ийн яллагдагчаар өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 11-ний орой найз нартайгаа уулзаж бааранд хэсэг сууж байгаад, тэр баарнаасаа гарч Баянгол дүүргийн гандангийн баруун хэсэгт байрлах “М2” караоке бааранд орсон...Би өөрөө нэлээн согтсон байсан. Нэг санахад нэг залууг нүүрэн тус газарт нь нэг удаа гараараа цохисон. Дараа нь шууд такси барих гэж явж байгаад өөрөө танихгүй хүмүүст зодуулж гэмтсэн. Энэ асуудлаараа тусад нь өргөдөл өгөөд шалгуулж байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 64-66 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Ө.Ө-ы эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч *******- нь хохирогчийн нүүр рүү гараараа цохисны улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч *******-ийн дээрх гэмт үйлдлийг Баянгол дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.   

 

Хэргийн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

          Хэргийн хохирогч Ө.Ө- нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй болохоо мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрхийлсэн (хавтаст хэргийн 91 дэх тал) баримттай байна.

 

Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгч Т.Ганзоригийг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

          Шүүгдэгч *******- нь урьд ял нэг удаа шийтгэгдэж байсан болох нь хэргийн 73 дахь талд авагдсан ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдсэн тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон.

 

Шүүгдэгч *******-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах шүүх, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч Ө.Ө- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлын дордуулахгүйгээр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Энэ хэрэгт *******- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ө.Ө- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. *******-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ