Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/459

 

 

 

 

 

 

 

 

 

    2022           6          08                                   2022/ШЦТ/459

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч С.Эрдэнэбаяр

шүүгдэгч *******-

хохирогч П.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205011651287 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Эрбэл” ХХК-ийн  “Комплекс” нэртэй барилгын дэлгүүрт “Альфа Фийд” ХХК-ийн нэрийг барьж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч П.Д-өөс багцлагч 2 ширхэг, төгсгөвч 8 ширхэг, гэрэл 50 ширхэг цахилгааны лент 10 ширхэг, цахилгааны утас 95 метр зэрэг эд хөрөнгийг залилан авч 853.700 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч *******- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Хохирогчоос нийт 2.088.700 төгрөгийн бараа аваад хүнд зээлээр өгсөн. Тэр хүн надад мөнгийг нь цувуулж өгсөн учир би хохирогчид өгч чадаагүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Д- шүүхийн хэлэлцүүлэгт: “2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хамгийн сүүлд *******- бараа авсан. Тэрнээс хойш утсаа авахгүй алга болсон. 01 дүгээр сар хүртэл утсаа авч байсан. Мөнгийг чинь өгнөө гэж хэлдэг байсан. 02 дугаар сараас утас нь холбогдох боломжгүй болсон. Тэгээд арга ядаад цагдаад өргөдөл бичиж өгсөн. Надаас 11 дүгээр сарын 29-нд хоёр удаа падаан бичүүлж авсан. “Алфа фийд” ХХК авч байна гэж хэлээд авсан. Нягтлан мөнгийг нь шилжүүлнэ гэж хэлж байсан. Өмнө нь эдний компани бараа авч байхдаа нэг удаа зээлээр авч байсан. Тэгээд би итгээд мөнгөө хийчих байх гэж найдсан. Хохирлоо барагдуулмаар байна. Би цалингаар лангуун дээр суудаг. Энэ хохирлын мөнгийг миний цалингаас хасна гэсэн. Тухайн үеийн ханшаар 2.581.000 төгрөг болж байгаа.  Хохирлоо төлж барагдуулмаар байна. Тухайн мөнгийг манай компани миний цалингаас хасна гэсэн. 2.586.100 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна” гэв.

 

Гурав: Эрүүгийн 2205011651287 дугаартай хэргээс:

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Д-ий хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн: “Би Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Барилга комплекс дэлгүүрийн 1-8 дугаартай лангуунд барилгын материал зардаг юм. Тус лангуун дээр зарагдаж байгаа зүйл нь миний өөрийн өмч биш Эрбэл ХХК-ийн бараа материал бөгөөд би тус лангуу дээр сууж барааг зараад Эрбэл ХХК-аас цалин авдаг юм. Альфа фийд /6537848/ нэртэй кампани хангамж хариуцсан ажилтан М *******- гэх хүн манай байгууллагаас бараа худалдаж аваад авч явсан өдөр нь түүний ажилдаг байгууллага авсан барааныхаа мөнгийг манай байгууллагын данс руу шилжүүлдэг энэ мэт 8-9 удаа худалдан авалт тус кампани хийсэн. Бараа авсан өдөр мөнгийг байгууллагаас нь хийдэг. 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр би ажил дээрээ байж байсан чинь *******- хүрч ирээд миний ажилдаг Альфа фийд ХХК бараа аваад ир гэж байна та баримтаа бич гэж хэлээд манай байгууллагаас  багцлагч 2 ширхэг нийт 108.000 төгрөг, төгсгөвч 6 ширхэг нийт 21.960 төгрөг, 350 төгсгөвч 2 ширхэг нийт 2640,24 ваттын зууван гэрэл 50 ширхэг 990,000 төгрөг, цахилгааны лент 10 ширхэг нийт 38.500 төгрөг, АВВГ-Зх7 хэмжээтэй цахилгааны утас нийт 95 метрийн авсан мөнгөн дүн нь 1,425,000 төгрөг нийт 2,586,100 төгрөгийн барааг аваад баримт бичүүлж авсан. Тухайн үед барааг өгөөд *******-аас мөнгөө яах юм бэ гэж асуусан чинь манай нягтлан шилжүүлнэ би барааг аваад явлаа гэж хэлээд бараа бичсэн баримт болон барааг аваад явсан. Тэр өдөр барааны мөнгө ороогүй. 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр *******-ын 0000000 дугаар руу залгаад барааны мөнгө ясан юм бэ орохгүй байна гэж хэлсэн чинь санхүүжилт орж ирээгүй учир манай кампани мөнгөгүй байна мөнгө ороод ирэхээр мөнгийг чинь шилжүүлнэ гэж хэлсэн. Хэд хоног өнгөрсний дараа *******-аас мөнгөө нэхсэн чинь санхүүжилт орж ирээгүй байна гэж хэлээд байхаар нь чи өөрийн кампанийн нягтлангийн дугаарыг өг гэж хэлсэн чинь нягтлан мэдэж байгаа та ярих шаардлага байхгүй гэж хэлээд дугаарыг нь өгөөгүй. 2022 оны 01 дүгээр сар гараад түүний дугаар холбогдохгүй болсон. Тэгээд нэг өдөр 0000000 гэсэн дугаар руу нь залгаад мөнгөө яасан талаар асуусан чинь би хөдөө явж байна очоод мөнгийг чинь зохицуулаад өгнө гэж хэлээд өгөхгүй байсан. Би судалж байгаад Апьфа Фийд ХХК-ийн регистрийг хийсэн чинь нягтлангийн дугаар нь гарч ирсэн тэгээд нягтлан руу нь залгаад танай байгууллага манай байгууллагаас нийт 2,586,100 төгрөгийн бараа авсан энэ мөнгө хэзээ өгөх юм бэ гэж асуусан чинь манай байгууллага танай байгууллагаас 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр бараа аваагүй *******- нь манай байгууллагад ажиллахгүй байгаа гэж хэлсэн. Тэгээд би *******-д болсон хэргийн талаар хэлсэн чинь би байгууллага даа аваачиж өгөөгүй юм аа өөр хүнд өгсөн юм тэр хүнээс мөнгийг нь аваад танд өгнө гэж хэлээд өнөөдрийг хүрч байна. *******- манай байгууллагаас өмнө нь 8-9 удаа худалдан авалт хийгээд мөнгийг нь тэр өдөр нь байгууллагаас нь шилжүүлдэг байсан юм. 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр авсан барааг байгууллага дээрээ аваачиж өгөлгүй өөр хүнд өгсөн болохыг нь мэдсэн. Иймд *******- нь компанийнхаа нэрийг барьж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж намайг хуурч мэхлэн манай байгууллагыг хохирол оруулсанд гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14 дэх тал)

 

            2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Еркуланы гэрчээр өгсөн: “Апьфа фийд ХХК нь 2020 онд үүсгэн байгуулагдаж байсан манай үйлдвэр нь улаан буудай хадгалдаг, малын тэжээл хийдэг юм. Мягмардоржийн *******- нь 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр манай байгууллагын оффис менежерийн албан тушаал дээр томилогдон ажиллаж байсан. Түүний үүрэг бол үйлдвэрт хэрэгцээтэй бараа материал цуглуулах хангах юм аа. Манай үйлдвэр нь бүх төрлийн бараа материал ашигладаг бөгөөд түүнийг гадуур явж цуглуулах эрх бүхий ажилтан нь *******- юм. Манай байгууллага тус кампаниас бараа бүтээгдэхүүн авдаг байсан бөгөөд мөнгийг нь тэр дор нь шилжүүлдэг байсан. 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр манай байгууллагад *******-ыг дээр дурдсан барааг худалдаж аваад ир гэж явуулаагүй энэ талаар би мэдээгүй байж байгаад саяхан Эрбэл нэртэй кампаниас залгаж бараа авсан тооцоогоо хий гэж хэлэхээр нь мэдсэн. Манай байгууллага тус барааг аваагүй учир төлөх боломжгүй талаараа хэлсэн. Ажилтан *******- дээр дурдсан барааг худалдаж авсан талаараа надад хэлээгүй. Эрбэл нэртэй кампаниас над руу залгаад мөнгө нэхсэний дараа *******-аас юу болсон талаар асуусан чинь би тус барааг өөр кампанид авч өгсөн юм аа тэр кампани мөнгөө хийхгүй удаад байна гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал)

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Төрхүүгийн гэрчээр өгсөн: “2021 сарын 11 дүгээр сарын 28-ны өдөр *******- руу залгаад барилгын материал зардаг таньдаг хүн байна уу гэсэн чинь байгаа юу хэрэгтэй байгаа юм бэ гэж асуухаар нь гэрэл болон цахилгааны утас хэрэгтэй байна гэж хэлсэн чинь төлбөрийг нь яаж хийх юм бэ гэж асуухаар нь хуваагаад цувуулж өгч болох уу гэж хэлсэн чинь асуугаад эргээд хэлнэ гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа *******- эргэж залгаад болно маргааш аваад өгнө хэлсэн. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Эрбэл нэртэй ХХК аас 2,500,000 орчим/нарын тоог санахгүй байна/ төгрөгийн бараа аваад авсан барааг миний ажиллаж байсан барилга дээр буулгаад тус барааг барилгад ашигласан. Би *******-д өгөх ёстой бүх мөнгийг 2021 оны 11 дүгээр сарын 29-өөс 2022 оны 02 дугаар сарын 10-ны хооронд цувуулаад төлж дуусгасан. Бид хоёрын дунд одоо ямар нэг өр авлага байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал)

 

4. Дамно ХХК-ийн “Утас багцлагч 64.000 төгрөг, төгсгөвч 6.900 төгрөг, гэрэл 750.000 төгрөг, лент 25.000 төгрөг, цахилгааны утас 1.235.000 төгрөг нийт 2.088.700 төгрөгийн хөрөнгийн үнэлгээний” тайлан  (хавтаст хэргийн 91-93 дахь тал)

 

            5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-ын яллагдагчаар өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 29-ний өглөө Төрхүүгийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрбэл ХХК дээр очсон чинь худалдагч Дөлгөөн байсан би Дөлгөөнд хандаж “барилгын материал авна” гэж хэлсэн чинь тэр зөвшөөрсөн тэгээд би өөрийн авах барааны тоо ширхэг, хэмжээг хийлсэн чинь бүгдийг нь Апьфа фийд-н нэр дээр бичсэн байсан. Тэгээд барааг авч яваад Баянзүрх дүүргийн офицерт байх Төрхүүгийн барьж байгаа барилга дээр буулгасан. Би Төрхүүд хандаж мөнгийг нь хурдан хийгээрээ гэж хэлээд явсан. Төрхүү төлөх ёстой мөнгийг цувуулж хийсэн бөгөөд Төрхүүгээс авсан мөнгөө Эрбэл ХХК-д өгөөгүй хэрэглээндээ үрээд дуусгасан.Тэгээд мөнгийг нь өгч чадаагүй болсон бөгөөд Эрбэл ХХК-аас мөнгө нэхэхээр нь өгнө гэж хэлээд өгч чадаагүй худлаа хэлээд яваад байсан. Зарлагын баримт дээр байгаа би одоо хэлж мэдэхгүй байна. Авсан бүх барааг Төрхүүгийн барьж байгаа барилга дээр буулгасан. Төрхүү надад барааны мөнгийг бүрэн төлсөн. Төрхүүгээс авсан мөнгийг бүгдийг нь хэрэглээн дээ зарцуулсан. Эрбэл ХХК-д өгөөгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал)

 

 6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 55 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 49 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

          Гурав.Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-ыг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж хохирогчид 2.088.700 төгрөгийг гаргуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч нь өөрийн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол төлбөрийн талаар  маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрсөн болохыг дурьдав.

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *******-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

 Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, гэрч, нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

Шүүгдэгч *******- нь “А.Ф” ХХК-ийн оффис менежерийн ажлыг эрхэлж байхдаа 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Эрбэл” ХХК-ийн  “Комплекс” нэртэй барилгын дэлгүүрийн худалдааны зөвлөх ажилтан П.Д-д “Альфа Фид” ХХК-ийн нэрээр бараа худалдан авна гэж утас багцлагч 64.000 төгрөг, төгсгөвч 6.900 төгрөг, гэрэл 750.000 төгрөг, лент 25.000 төгрөг, цахилгааны утас 1.235.000 төгрөг нийт 2.088.700 төгрөгийн бараа материалыг авсан үйл баримт нь:

П.Д-ий хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн: “...нийт 2,586,100 төгрөгийн барааг аваад баримт бичүүлж авсан. Тухайн үед барааг өгөөд *******-аас мөнгөө яах юм бэ гэж асуусан чинь манай нягтлан шилжүүлнэ би барааг аваад явлаа гэж хэлээд бараа бичсэн баримт болон барааг аваад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14 дэх тал)

            Б.Еркуланы гэрчээр өгсөн: “...*******-аас юу болсон талаар асуусан чинь би тус барааг өөр кампанид авч өгсөн юм аа тэр кампани мөнгөө хийхгүй удаад байна гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал)

С.Төрхүүгийн гэрчээр өгсөн: “... Би *******-д өгөх ёстой бүх мөнгийг 2021 оны 11 дүгээр сарын 29-өөс 2022 оны 02 дугаар сарын 10-ны хооронд цувуулаад төлж дуусгасан. Бид хоёрын дунд одоо ямар нэг өр авлага байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал)

Дамно ХХК-ийн “Утас багцлагч 64.000 төгрөг, төгсгөвч 6.900 төгрөг, гэрэл 750.000 төгрөг, лент 25.000 төгрөг, цахилгааны утас 1.235.000 төгрөг нийт 2.088.700 төгрөгийн хөрөнгийн үнэлгээний” тайлан  (хавтаст хэргийн 91-93 дахь тал)

*******-ын яллагдагчаар өгсөн: “...Төрхүүгээс авсан мөнгөө Эрбэл ХХК-д өгөөгүй хэрэглээндээ үрээд дуусгасан. Тэгээд мөнгийг нь өгч чадаагүй болсон бөгөөд Эрбэл ХХК-аас мөнгө нэхэхээр нь өгнө гэж хэлээд өгч чадаагүй худлаа хэлээд яваад байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал) зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг болно.

 

Өөрөөр хэлбэл энэ төрлийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

 

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч *******- нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, 2022 оны 11 дүгээр сарын 29-нд “Эрбэл” ХХК-ийн  “Комплекс” нэртэй барилгын дэлгүүрийн худалдааны зөвлөх ажилтан П.Д-д “А.Ф” ХХК-ийн нэрээр бараа худалдан авна гэж “утас багцлагч 64.000 төгрөг, төгсгөвч 6.900 төгрөг, гэрэл 750.000 төгрөг, лент 25.000 төгрөг, цахилгааны утас 1.235.000 төгрөг нийт 2.088.700 төгрөгийн” бараа материалыг Альфа Фийд ХХК-ийн нэрээр өөрийн эзэмшил шилжүүлэн авч, хохирогч П.Д-д “Альфа Фийд ХХК-ийн нягтлан тооцоог нь хийнэ гэж итгэл үнэмшил төрүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, тухайн бараа материалыг С.Төрхүүд худалдан борлуулж залилсан нь гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.

 

Шүүгдэгч *******-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” буюу “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

 

Иймд шүүгдэгч *******-ыг “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

*******- нь залилах гэмт хэргийн үйлдэж Эрбэл ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч П.Д-д 2.088.700 төгрөгийн хохирол учруулсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар 2.088.700 төгрөг гаргуулж Эрбэл ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч П.Д-д олгож шийдвэрлэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанаар хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгч *******-аас “хохирол  төлүүлэхээр шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг бусад оролцогчид дэмжиж оролцсоныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийг 3 дахь хэсэгт “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно” гэж зааснаар шүүх хуралдааныг 2022 оны 6 дугаар сарын 08-ны  өдрийн 08 цаг 30 минут  хүртэл завсарлуулав.

 

Шүүхээс гэм буруутайд тооцогдсон  шүүгдэгч  *******-д урьд авсан урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүх хуралдаан завсарласан хугацаанд цагдан хорив.

Шүүх хуралдаан завсарласан дээрх хугацаанд шүүгдэгч *******- нь 5125063496 тоот Хаан банкны данс руу 2.100.000 төгрөгийг шилжүүлсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хяналтын прокурор яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 853.700 төгрөг гэж ташаа бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг шүүх 2.088.700 төгрөг болгож зөвтгөснийг тэмдэглэж байна.

Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагчаас шүүгдэгч *******-д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  07 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргалаа.

 

            *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

           Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******-д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв. 

 

            Шүүхээс *******-д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас түүний  цагдан хоригдсон 8 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож 64 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, үлдэх  176  цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоов.

 

          Хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн шүүгдэгч *******-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүх хуралдааны  танхимаас суллаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. *******-ыг “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 08 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон  64 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, үлдэх  176  /нэг зуун далан зургаа/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг  мэдэгдсүгэй.

 

            5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шүүх хуралдааны танхимаас суллаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг  тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ДАЙРИЙЖАВ