Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/482

 

 

 

 

 

 

 

 

 

    2022           6          15                                   2022/ШЦТ/482

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Г.Онон

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2205000001359 дугаартай эрүүгийн  хэргийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь 2022 оны 4 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Икс Эс” шөнийн цэнгээний газрын гадна хохирогч Х.С-ыг пивоны шилээр толгойн тус газар нь цохиж, хагархай пивоны шилээр цээжин тус газар нь хатгах зэргээр зодож түүний биед хөнгөн хохирол санаатай  учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч *******- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

         Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би шивээсний газарт шивээс хийдэг. Би хохирогчтой тохиролцож надаар шивээс хийлгэхээр болсон. Өөрөөр хохирол нөхөн төлөөгүй.” гэсэн мэдүүлэг.

 

           Гурав: Эрүүгийн 2205000001359 дугаартай хэргээс:

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.С-ын хохирогчоор өгсөн: “Би 2022 оны 4 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө БГД-ийн 8 дугаар хороо Икс-Эс баар руу найз Энхбаяр, Дармаа-Очир //, Билгүүнгэрэл //, Нямбаяр нарын хамт уг баар руу орж үйлчлүүлсэн. Тухайн бааранд хүний нэг нэг шил Тiger нэртэй пиво уусан. Уг бааранд Дармаа-Очирын хамт бүжиглээд үлдсэн бусад нь гадаа тамхи татна гээд гарсан. 30 минут гаран бүжиглээд ширээн дээрээ суугаад хүлээгээд бааранд орж ирэхгүй болохоор нь би Дармаа-Очир найзтайгаа гадаа гартал. Манай Нямбаяртай хүмүүс маргалдаад байхаар нь нэг халзан толгойтой үсгүй залууг нь цааш түлхтэл. Нэг танихгүй залууг нь яаж байгаа юм гээд араас нь хөөгөөд барьж аваад зууралдаж цохитол. Намайг шилээр хатгадаг залуу миний хойноос толгой руу 2 удаа шилээр цохиж шил хагалсан. Тэгээд би хойшоо эргээд хартал хүмүүс ирээд салгачихсан. Тэгтэл 2 залуугийн голоос биедээ шивээстэй цээж хэсгээрээ шалдалчихсан саравчтай цагаан малгай өмсчихсөн залуу газар байсан нэг пивоны шилийг аваад хагалаад нэг үг хэлээд над руу гүйж ирээд миний гэдэс рүү хатгах гэж оролдоод оноогүй тэгээд дахиад нөгөө шилээрээ миний зүүн хавирга руу шилээрээ хатгачхаад хүмүүс бужигнаад намайг хатгадаг залуу алга болчихсон байсан. Тэгээд миний зүүн хавирга хэсгээс нэлээн цус гараад хувцас цус болчихсон байхаар нь би найзаараа цагдаа дуудуулсан. ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-11 дэх тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******армаа-Очирын гэрчээр өгсөн: “Билгүүнгэрэл, Ганбаяр, Х.С-, Энхбаяр, Нямбаяр нартай Яармагт Ганбаярын гэрийн гадаа уулзацгаагаад надаас бусад найзууд бөөндөө нэг пиво хувааж ууцгаасан. Ууж дууссаны дараа Билгүүнгэрэл, Нямбаяр хоёр бөөндөө бааранд орцгооё гэхээр нь би приус 30 загварын 74-29 УБУ дугаартай өөрийнхөө машиныг бариад Хорооллын эцэст Икс Эс гэх нэртэй бааранд бүгдийг нь хүргэж өгөөд би цаашаа Нямбаярын ах Сүмбээг Чингэлтэйн 7 буудлаас Икс-Эс гэх нэртэй бааранд авч ирээд тэд нар бөөндөө 6-7 пиво 1 шил 0.75-тай соёрхол нэртэй архи аваад надаас бусад нь уусан. Би жолоо барьж байсан болохоор архи уугаагүй. Бид бөөндөө бүжиглэж байгаад найз Х.С- бид хоёроос бусад нь гадагшаа шорлог иднэ гээд гараад явчихсан байсан. Х.С- бид хоёр бааранд нэлээн хүлээж байж байгаад найзуудын араас баарнаас гарч тамхилах санаатай гарахад баарны үүдэнд манай найзууд хүмүүстэй муудалцаад тэр хүмүүстэй зууралдаад байсан. Х.С- бид хоёрыг баарнаас гарч ирэхэд өмнөөс Билгүүнгэрэл найз Х.С-ыг битгий нааш ойртуулж хүмүүстэй маргалдуулаарай гэж хэлхээр нь би Х.С-той ойрхон хүмүүстэй муудалцуулахгүй байх санаатай хажууд нь явж байсан. Тэгтэл Х.С- цагаан, хар өнгийн саравчтай малгайтай хар цагаантай куртиктэй, нүүр биеэрээ шивээстэй залуутай маргалдаад Х.С- тэр залуу хоорондоо зодолдоод эхлэхээр нь би болон тэр шивээстэй залуугийн хоёр найз нь Х.С- шивээстэй залуу хоёрын зодооныг салгатал тэр залуу нь машины цаагуур яваад пивоны шилээр Х.С-ын хойноос толгой руу нь цохиод авсан. Х.С- Нямбаярын гарт байсан пивоны шилийг аваад тэр залууг ална гээд хөөх гэхээр нь би найз Х.С-ын гараас пивоны шилийг нь аваад газар хагалаад хаячихсан. Нөгөө залуу нь цааш яваад дээгүүр өмссөн хувцсаа тайлж шидлээд Х.С- руу юм хэлээд маргалдаад байсан. Тэгтэл удалгүй нөгөө биедээ шивээстэй залуу гэнэт хагалчихсан пивоны шил бариад гүйгээд ална гээд Х.С- руу ирэхээр нь цааш нөгөө залууг нь холдуулсан тэгтэл Х.С- надад миний зүүн суга хавьд хорсоод байна гэхээр нь би уг хэсэгт нь хартал хувцас нь цус болоод Х.С-ын зүүн гарын суганы доод хэсгээс нь цус гараад байхаар нь би уг баарны хамгаалагчид хэлээд цагдаа болон ээжийг нь дуудсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-33 дахь тал),

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 5357 дугаартай “Х.С-ын биед зулайд цус хуралт, цээжинд зулгаралт, эрүүнд зөөлөнд эдийн няцрал, цээжинд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

 

            4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-гийн яллагдагчаар өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 02-нд шөнө 22 цагийн үед өөрийн найзуудтай фейсбүүкээр ярьтал хорооллын Икс-Эс нэртэй бааранд байна гэхээр нь би "уулзъя яваад очъё” гэж хэлээд 2022 оны 4 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 00 цагийн үед хорооллын эцсийн Икс-Эс нэртэй бааранд ганцаараа яваад очтол найзууд болох Мягмарсүрэн, Лхагва, Хишигбилэг, Баянбаатар нар ширээнд суучихсан архи ууцгааж байсан. Би ширээнд нь суугаагүй байж байгаад найзууд бүжгийн талбай дээр бүжиглэе гэхээр нь бүжгийн талбай руу гараад хэсэг бүжиглэж байтал ах болон найзууд баарнаас гадагшаа гараад явчихсан байхаар нь би араас нь баарнаас гартал хуурай ах Хишигбилэг, найз Мягмарсүрэн Баянбаатар, Лхагва нар баарны гадаа шорлог зарж байгаа хүний хажууд зогсож байсан. Тэд нар үл таних олон залуучуудтай маргалдацгаагаад байсан. Тэгээд найзуудын хажууд нь очоод зогстол. Найзуудтай маргалдаад байсан эрэгтэй хүмүүсийн нэг нь “ цаашаа зогс, шорлогын төмрөөр нэвт хатгана шүү” гээд Хишигбилэг ах руу хэлээд Хишигбилэг ахтай маргалдаад байсан. Тэгэхээр нь Лхагва, Баянбаатар бид гурав маргалдаад байгаа хүмүүсийг салгах гэтэл туранхайдуу жижиг биетэй цээж хэсэгтэй шивээстэй хар өнгийн фудволктой хар хувцастай залуу миний баруун талын хөмсөг хэсэгт гараараа 2-3 удаа цохиж авсан. Тэгээд найзууд болон тэр залуугийн найзууд голоор ороод бид хоёрыг хоёр тийш салгачихсан. Тэгэхээр нь машины зогсоол дээр байсан пивоны шилийг газраас аваад нөгөө залуугийн толгой руу нь пивоны шилээр 2 удаа цохиж авсан. Тэгээд хүмүүс салгасан, тэр үед миний уур маш их хүрэхээр нь хувцсаа тайлж байгаад дахин нэг пивоны шилийг газраас аваад уг пивоны шилийг газар цохиж хагалаад уг шилнээс гарт үлдсэн хагархай хэсгээр нь намайг цохиж авсан залуугийн зүүн талын хавирга хэсэгт нь нэг удаа хатгачихсан. Тэгтэл уг эрэгтэйн хамт явсан найзууд нь хойш нь тэр найзыгаа татаж аваад бид хоёрыг салгасан. Тэгээд гадаа байж байтал цагдаа ирээд намайг машинд суулгаж байгаад эрүүлжүүлэх рүү аваад явсан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-48 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

         Дөрөв:  Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

         Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар *******- нь 2022 оны 4 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Икс Эс” шөнийн цэнгээний газрын гадна хохирогч Х.С-той үл ялих зүйлээр шалтаглаж маргалдсаны улмаас, түүний толгойн тус газар руу пивоны шилээр цохиж, хагархай пивоны шилээр цээжин тус газар нь хатгасны улмаас түүний биед зулайд цус хуралт, цээжинд зулгаралт, эрүүнд зөөлөнд эдийн няцрал, цээжинд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учирсан хэргийн үйл баримт авагдсан байна.

 

Шүүгдэгч *******- нь хохирогч Х.С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Х.С-ын хохирогчоор өгсөн: “...залуу газар байсан нэг пивоны шилийг аваад хагалаад нэг үг хэлээд над руу гүйж ирээд миний гэдэс рүү хатгах гэж оролдоод оноогүй тэгээд дахиад нөгөө шилээрээ миний зүүн хавирга руу шилээрээ хатгачхаад хүмүүс бужигнаад намайг хатгадаг залуу алга болчихсон байсан. Тэгээд миний зүүн хавирга хэсгээс нэлээн цус гараад хувцас цус болчихсон байхаар нь би найзаараа цагдаа дуудуулсан. ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-11 дэх тал), *******армаа-Очирын гэрчээр өгсөн: “...Тэгтэл удалгүй нөгөө биедээ шивээстэй залуу гэнэт хагалчихсан пивоны шил бариад гүйгээд ална гээд Х.С- руу ирэхээр нь цааш нөгөө залууг нь холдуулсан тэгтэл Х.С- надад миний зүүн суга хавьд хорсоод байна гэхээр нь би уг хэсэгт нь хартал хувцас нь цус болоод Х.С-ын зүүн гарын суганы доод хэсгээс нь цус гараад байхаар нь би уг баарны хамгаалагчид хэлээд цагдаа болон ээжийг нь дуудсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-33 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 5357 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал) *******-гийн яллагдагчаар өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 02-нд шөнө...Тэгээд хүмүүс салгасан, тэр үед миний уур маш их хүрэхээр нь хувцсаа тайлж байгаад дахин нэг пивоны шилийг газраас аваад уг пивоны шилийг газар цохиж хагалаад уг шилнээс гарт үлдсэн хагархай хэсгээр нь намайг цохиж авсан залуугийн зүүн талын хавирга хэсэгт нь нэг удаа хатгачихсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-48 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Х.С-ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч *******- нь хохирогчийн толгойн тус газар руу пивоны шилээр цохиж, цээж хэсэг рүү нь хагархай пивоны шилээр хатгасан нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэргийн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2022 оны 4 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Икс Эс” шөнийн цэнгээний газрын гадна шүүгдэгч *******- нь хохирогч Х.С-ын толгой, цээж хэсэгт гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Тав. Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал дүгнэлт гаргав. 

 

*******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

            Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас  учруулсан хохиролын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

 

Зургаа: Бусад асуудлын талаар 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Х.С- нь хохирол төлбөртэй холбоотой баримтыг хэрэгт хавсаргагдаагүй байх ба хохирогч нь энэ хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******-гээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

 

        Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4-1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

          1. *******-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

 

          4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         5. Хохирогч Х.С- өөрт учирсан хохиролтой холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******-гээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй

 

6. *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ