Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/496

 

 

 

 

 

 

 

 

 

    2022           6          16                                  2022/ШЦТ/496

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Алтансувд хөтлөн

улсын яллагч М.Анхбаяр /томилолтоор/

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Тэлмэнд холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2105021861421 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь Үнэгүй.мн сайтад “зээл чөлөөлж өгнө” гэсэн зар байршуулсан хохирогч Ч.Б- 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 16.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч *******- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт *******- “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо нөхөн төлсөн. Маш их харамсаж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй.” гэсэн мэдүүлэг,

 

           Гурав: Эрүүгийн 2105021861421 дугаартай хэргээс:

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Б-хохирогчоор өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 18 цаг 50 минутын үед над руу 94940430 гэсэн дугаараас залгаад “...би хорооллын хаан банкны салбарт цалингийн зээлийн хүсэлт өгсөн байгаа, маргааш ирээд өмнөх зээлээ хаагаад цалингийн зээлээ нэмж авах гэсэн юм, миний өмнөх зээл болох 16.500.000 төгрөгийг төлөөд өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 09 цагийн үед нөгөө дугаараас над руу залгаад “эгч ээ би хорооллын ХААН банк дээр ирчихлээ, та хүрээд ирэх үү” гэхээр нь би яваад очсон. Тэгээд зээл хаах талаар нь ярилцсан чинь тэр залуу надад “зээл маань батлагдчихсан, одоо зээлээ хаагаад гэрээгээ хийгээд мөнгөө аваад танд эргүүлээд мөнгө өгнө” гэж хэлсэн, ..би АТМ дээрээс тэр залуугийн данс руу 16.500.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Тэгээд би шилжүүлж өгчхөөд одоо теллер очоод зээлээ хаагаад зээлээ авчих гээд тэр залууд хэлсэн чинь теллер дээр дугаараа аваад 5 минут орчим хүлээгээд теллер дээр очиж уулзсанаа теллерээс би киоск машин дээр зээлээ төлж болох уу гэсэн чинь болно гэж хэлж байсан. Тэгээд тэр залуу теллер дээр гүйлгээ хийлгүй хүрээд ирсэн. Тэгэхээр нь яасан гэсэн чинь теллер данснаас чинь татаад зээлийг чинь хаагаад гэрээгээ бэлдчихээд дуудъя гэж байна, хүлээж бай гэж байна гээд сандал дээр суугаад байсан. Тэгээд 20 орчим сууж байснаа “эгчээ би гараад ундаа аваад ирье” гээд гарсан. Тэгээд 5 минут болоод орж ирэхгүй болохоор нь гайхаад араас нь гарсан чинь алга болчихсон байсан тэгэхээр нь утсаар нь залгасан чинь утсаа авахгүй байсан. Эргэж банк руу ороод *******-гэх хүнд цалингийн зээл гаргаж байгаа эдийн засагч байна уу гээд асуусан чинь тийм зээл байхгүй байсан, ...Би “үнэгүй.мн” сайт дээр зээл чөлөөлж өгнө гэсэн зар тавьсан байсан, тэр зарыг хараад над руу холбогдсон байх. Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Элбэг их дэлгүүрийн зүүн талд байрлах хаан банкны АТМ-аас 000000000 гэсэн дугаартай *******-гэсэн нэртэй данс руу шилжүүлсэн...” гэсэн  мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал)

 

            2. Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 45 дахь тал)

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-гийн яллагдагчаар өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр фейсбүүк зараар “зээл чөлөөлнө” гэсэн зарын дагуу утасных нь дугаар луу холбогдоод “цалингийн зээл чөлөөлөх үү, өмнөх цалингийн зээлээ хаагаад дахин зээл аваад буцаагаад өгье, 16.500.000 төгрөг зээлэх үү” гэж асуухад тухайн хүн нь болно гэж хэлээд бид хоёр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элбэг” нэртэй дэлгүүрийн доор байрлах ХААН банкны салбар дээр уулзахаар болсон. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 08 цаг өнгөрөөд би тухайн уулзах газраа ирээд Ч.Б-гэх хүн рүү залгаад “би ирсэн байна, та хаана явж байна” гэхэд Ч.Б-нь “Эх нялхас дээр байна, одоо очлоо” гэж хэлээд 09 цагийн үед уулзах газраа ирсэн. Тэгээд Ч.Б-гэх хүнтэй уулзаад “зээл батлагдчихлаа, одоо зээлээ хаачих гэж байна” гэж хэлээд тухайн хаан банкин дотор байдаг бэлэн мөнгөний машинаас өөрийн эзэмшлийн 000000000 тоот данс руу 16.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан. Тэгээд би Ч.Баттулгад “одоо зээл баталгаажиж байна, эдийн засагч нь гэрээгээ бэлдээд дуудъя гэж байна, та 10-20 минут хүлээгээч” гэж хэлээд хамт ХААН банкны салбарын танхимд сууж байсан. Ингээд хүлээж сууж байгаад 10 минутын дараа Ч.Баттулгад “би ТҮЦ-ээс ундаа аваад ирье” гэж хэлээд тухайн хаан банкнаас гараад шууд Сүхбаатар дүүргийн шүүх рүү явсан. Дахин Ч.Б-гэх хүнтэй холбогдоогүй, буцаж очоогүй...бооцоотой тоглоом тоглох зорилгоор үл таних хоёр хүнээс тус бүрээс нь 8.000.000 төгрөг зээлсэн байсан юм. Тэгээд тухайн өр ширээ өгөх гээд Ч.Б-гэх хүнээс мөнгө авсан. Ч.Б- авсан 16.500.000 төгрөгийг тухайн хоёр хүн рүү тус бүр 8.000.000 төгрөгөөр шилжүүлсэн юм. Үлдэгдэл 500.000 төгрөгийг мөн адил дээрх бооцоотой тоглоомд зарцуулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч *******- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Ч.Баттулгад учирсан хохирлыг нөхөн төлсөн бөгөөд, гомдол саналгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч *******-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 155 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар *******-д холбогдох эрүүгийн 2105021861421 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч *******- нь Үнэгүй.мн сайтад “зээл чөлөөлж өгнө” гэсэн зарын дагуу 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 18 цаг 50 минутын үед хохирогч Ч.Б-руу 94940430 дугаарын утаснаас холбогдож хохирогчид “зээлээ хаалгаад, цалингийн зээл нэмж авах гэсэн юм” гэж худал хэлж, 2021 оны 10 дугаар сарын 19-нд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс 16.500.000 төгрөгийг хохирогч Ч.Б-нь шүүгдэгч *******-гийн эзэмшлийн хаан банкны 000000000 тоот данс руу шилжүүлсэн үйл баримт нь:

Ч.Б-хохирогчоор өгсөн: “...би АТМ дээрээс тэр залуугийн данс руу 16.500.000 төгрөгийг шилжүүлж өгсөн...АТМ-аас 000000000 гэсэн дугаартай *******-гэсэн нэртэй данс руу шилжүүлсэн...” гэсэн  мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 45 дахь тал), *******-гийн яллагдагчаар өгсөн: “...Тэгээд Ч.Б-гэх хүнтэй уулзаад “зээл батлагдчихлаа, одоо зээлээ хаачих гэж байна” гэж хэлээд тухайн хаан банкин дотор байдаг бэлэн мөнгөний машинаас өөрийн эзэмшлийн 000000000 тоот данс руу 16.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан...Тэгээд тухайн өр ширээ өгөх гээд Ч.Б-гэх хүнээс мөнгө авсан. Ч.Б- авсан 16.500.000 төгрөгийг тухайн хоёр хүн рүү тус бүр 8.000.000 төгрөгөөр шилжүүлсэн юм. Үлдэгдэл 500.000 төгрөгийг мөн адил дээрх бооцоотой тоглоомд зарцуулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал) зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг болно.

 

Өөрөөр хэлбэл энэ төрлийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

 

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч *******- нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, 2022 оны 10 дугаар сарын 18-нд  зээлээ хаалгаж нэмж цалингийн зээл авна гэж хохирогчид худал хэлж, 2021 оны 10 дугаар сарын 19-нд АТМ-ээс өөрийн эзэмшлийн хаан банкны 000000000 тоот данс руу 16.500.000 төгрөгийг шилжүүлэн авч, теллер данснаас татаад зээл хаагаад гэрээгээ бэлдчихээд дуудъя гэж байна, хүлээж бай гэж итгэл үнэмшил төрүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилсан нь гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.

 

Шүүгдэгч *******-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” буюу “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

 

Иймд шүүгдэгч *******-г “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хэргийн хохирогч Ч.Б-нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй болохоо мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрхийлсэн (хавтаст хэргийн 76 дахь тал) баримттай байна.

 

Иймд шүүгдэгч *******-г энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Дөрөв: Эрүүгийн хариуцлагын талаар

            Улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах ялын санал гаргасныг шүүгдэгчид танилцуулсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Шүүхээс шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулав.

 

Шүүгдэгч *******- нь урьд нэг удаагийн ял шийтгэгдсэн болох нь хэргийн 66 дахь талд авагдсан ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдсэн тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдож байна.

 

            *******- нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж,

             Түүнд оногдуулсан хорих ялаас 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар “биеэр эдэлсэн 4 сар 19 хоног, шагналын хоног 00 жил 00 сар 10 хоног, эдлээгүй үлдсэн 02 жил 01 сар 01 хоног” (хавтаст хэргийн 73 дахь тал)-д авагдсан ялын тооцооны хуудсаар тогтоогдож байна.

 

             Шүүгдэгч *******- нь Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хаан банкны АТМ-ээс хохирогч Ч.Б- 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 16.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан дээрх үйлдэл нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнөх үйлдэл байх тул дараах эрх зүйн үр дагаврыг бий болгож байна.

 

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн ... бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, 2 дахь хэсэгт “...шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэн шийдвэрлэж болно” гэж, 3 дахь хэсэгт “...хэд хэдэн шийтгэх тогтоолоор  оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж хуульчилжээ.

         

          Дээрх хуулийн агуулгаас үзвэл, ялын хугацаа дуусахаас өмнө гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулахын зэрэгцээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг бүхэлд нь нэмж нэгтгэхээр зохицуулагдсан  байна.

 

          Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан *******-д энэ тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх тогтоолоос эдлээгүй үлдсэн 02 жил 01 сар 01 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт ялыг 02 жил 07 сар 01 хоногийн хорих ялаар тогтоов.

 

         Шүүгдэгчийн эдлэх ялыг гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

Тав: Бусад асуудлын талаар

 

Хорих байгууллагын ялын тооцоо 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болж, тухайн өдрөөс Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газрын харьяа 461 дүгээр хаалттай хорих ангид 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 22 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

 

 Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурьдав.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

          1. *******-г “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

          2. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр, өмнөх тогтоолоос эдлээгүй үлдсэн 02 /хоёр/ жил 01 /нэг/ сар 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 02 /хоёр/ жил 07 /долоо/ сар 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

          4. *******-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт цагдан хоригдсон 22 /хорин хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ