Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/481

 

 

 

 

 

 

 

 

 

    2022           6          15                                   2022/ШЦТ/481

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч С.Энхтуул

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2205009011342 дугаартай эрүүгийн  хэргийг 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол улсын иргэн, *******-.   

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 4 дүгээр байрны 12 давхарт хохирогч С.Х- “найз залуутай явалдлаа” гэх шалтгаанаар маргалдаж түүний үснээс нь зулгаах нүүр болон толгойн тус газар нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч *******- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролоо нөхөн төлсөн. Манай найз залуу А.Б- гэр рүү С.Х- гэх эмэгтэй орох гэхээр нь би маргалдсан. ” гэсэн мэдүүлэг.

 

           Гурав: Эрүүгийн 2205009011342 дугаартай хэргээс:

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Х-гийн хохирогчоор өгсөн: “...Би А.Б- гэх хүнийг танина. *******- гэх хүнийг танихгүй. Тухайн хүнтэй анх удаа уулзаад зодуулж байсан. Өмнө нь бол фейсбүүкээр нь орж зургийг нь харж байсан. Хамгийн гол асуудал нь би тухайн хүнтэй А.Б- гэх залуугаас болоод маргалдаж муудаад зодуулсан. Тэрнээс би тухайн хүний биед халдан цохиж зодсон ямар нэгэн асуудал байхгүй. Уг асуудлын талаар дахин ярьж өгье. Би тухайн залууд хоол хийж өгөхөөр дэлгүүрээс ойр зуурын юм аваад лифтнээс буугаад гэр рүү орох гэхэд тухайн залуугийн гэрийн орцны үүдэнд А.Б- гэх залуутай хуучин үерхэж байсан гэх *******- зогсож байсан бөгөөд гартаа лаазтай 0.5 литрийн пиво бариад зогсож байсан. Тэгэхээр нь би тухайн хүний хажуугаар зүгээр явж байхад чи хаашаа явж байгаа юм гэхээр нь би А.Б- буюу Баганаагын гэр рүү орох гэж байна гэхэд чи ямар учраас манай найз залуугийн гэр рүү ордог, чи ямар артай хүн бэ, чамайг ажилгүй болгоод өгч чадна, манай аав хурандаа гэх мэтээр намайг айлган сүрдүүлээд байсан. Тэгснээ намайг зайл гичий, янхан гэх мэтээр хэл амаар доромжилж байгаад гартаа байсан пивыг бие рүү цацахаар нь би арагшаа хараад нүүр рүүгээ пиво цацуулаагүй. Тэгээд би нүүрээ гараараа арчиж байхад тухайн эмэгтэй буюу *******- нь үснээс зулгааж доошоо дарж хүчээр газар унагаасан. Тэгээд тухайн хүн миний нүүр, толгой руу өшиглөөд байхаар нь нүүрээ гараараа хаасан. Би тухайн хүнд ойролцоогоор 1 минут орчим зодуулсан. Нүүрээ хааж байгаад өдий зэрэгтэй зодуулсан гэхэд болно. Би тухайн хүний биед огт хүрсэн зүйл байхгүй. Танихгүй хүн хаанаас гарч ирсэн юм мэдэхгүй нэг мэдэхэд бид хоёр дээр ирээд намайг тухайн хүн авраад *******-г барьж байгаад миний дүү зугтаарай гэхээр нь би шатаар доошоо буугаад явсан. Намайг хамгаалдаг хүнийг олох юм бол тухайн хүн уг асуудлын талаар бүгдийг нь ярьж өгнө. Намайг зодуулсан гэдгийг хүртэл харсан. Би хувийн эмнэлгээр тархи толгойны зураг авхуулахад зүгээр гэсэн учраас эмийн сангаас сорвины тос, өвчин намдаах эм авсан мөнгөн дүн нь 52.300 төгрөг болсон би тухайн хүнээс нийт 172.300 төгрөгийг нэхэмжилж байна. Би тухайн үед огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин *******- нь эрүүл согтуу гэдгийг нь мэдэхгүй байна. ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Оюунбилэгийн гэрчээр өгсөн: “Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 16 байрны 27 тоотод нөхөр, охин *******- нарын хамт амьдардаг. Миний санаж байгаагаар 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн үед шиг санаж байна, охин *******-гийн утас руу залгаад хаана байгаа талаар асуухад би найз залуу болох А.Б- байрны орцонд байна, А.Б- нь надаас өөр эмэгтэй хүнтэй харилцаад байдаг байсан, тухайн хүнтэй би сая уулзаад бид хоёр хоорондоо зодолдлоо, би тухайн хүнийг зодсон бас зодуулсан гэхээр нь чи юу яриад байгаа юм бэ хурдан гэртээ ир гээд надад өөрийнхөө зургийг явуул гэхэд миний нүүрэнд бараг гэмтэл байхгүй харин, зүүн гарын чигчий хурууны хумс нь унаад цус гарсан зураг явуулсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-39 дэх тал),

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 4345 дугаартай “С.Х-гийн биед тархи доргилт, духны гол хэсэг, зүүн хөмсөгний гадна дээд хэсэг, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 53-54 дэх тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Б- гэрчээр өгсөн: “Би Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Нарны хорооллын 4 дүгээр байрны 1 дүгээр орцны 12 давхрын 00 тоотод одоогийн байдлаар ганцаараа амьдардаг. Би *******- гэх эмэгтэйтэй 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр танилцаад тус оны 08 дугаар сарын 14-ний өдөр үерхэж эхэлсэн бөгөөд 8 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тухайн хүнтэй хамт амьдрах болсон. *******- бид хоёр 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр, мөн 3 дугаар сарын 08-ны өдрүүдэд жижиг асуудлаас болоод хоорондоо хэрэлдэж маргалдаж салсан. Би тухайн хүнээс салсан байсан учраас 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр найз С.Х-г дуудахад удалгүй ирээд надад хоол хийж өгөхөөр болоод дэлгүүрээс юм авахаар гэрээс гарсан. Нэлээн хэсэг хугацааны дараа хүн гэрийн хаалга тогшихоор нь хаалга тайлж өгөхөд С.Х- нь би танай хуучин найз охин Хүслэнд зодуулчихлаа, би уг асуудлын талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгнө гээд надад уурлахаар нь би уг асуудлын талаар яг юу болсон талаар асууж тодруулахад лифтнээс буухад Хүслэн гэрийн хаалганы хажууд зогсож байхаар нь танай гэр рүү орох гэхэд намайг гэрт чинь оруулахгүй, надтай маргалдаж муудаж байгаад цохиж зодсон гээд надад уурлаад гэрээс гараад явсан. Анх С.Х- нь манай гэрт орж ирэхдээ нүүрэндээ ямар нэгэн гэмтэл шарх учраагүй байсан, харин хэсэг хугацааны дараа *******-д зодуулсан гээд орж ирэхдээ дух нь урагдаж зулгарч шалбарсан, зүүн хөмсөгний дээд хэсэгт бага зэргийн шалбарсан байсан. Уг асуудал болсоны 3 хоногийн дараа буюу 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр *******-тэй очиж уулзахад *******-гийн зүүн нүд нь үл ялиг хөхөрсөн байх шиг харагдсан өөр гэмтэл сайн харагдаагүй. Тэгэхээр нь *******-гээс яагаад чиний нүд хөхөрсөн юм бэ гэхэд уг асуудлын талаар хэлэхгүй уйлаад л байсан. *******-, С.Х- нар нь над руу залгаад хүн тус бүр өөр өөр юм яриад надад уурлаад байхаар нь тухайн хүмүүст би та хоёр одоо бие биеээсээ уучлалт гуйгаад эвлэрээд учраа ол гээд хэлэхэд тухайн хүмүүс нь үгүй гээд уурлацгаагаад байсан. Мөн уг асуудал нь манай гэрийн орцонд болсон бөгөөд гэр дотор тухайн хүмүүс хоорондоо маргалдаж муудаж байгаа асуудал нь сонсогдохгүй байсан. Би тухайн хүмүүсийг хооронд нь зодолдож байхыг хараагүй. *******- бид хоёр 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр салаад 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Хүслэнгийн гэрийн гадаа уулзсан. Тухайн үед *******-гийн зүүн нүд шиг санаж байна бага зэрэг үл ялиг хөхөрсөн байсан. Тухайн гэмтлийг хэн учруулсан талаар асуухад хариулахгүй уйлаад л байсан. Тэгэхээр нь хэсэг хугацаанд аргадаж байгаад гэр рүүгээ явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал),

 

            5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-гийн яллагдагчаар өгсөн: “Уг асуудал нь 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр болсон. 2022 оны 3 дугаар сарын 14-ний өглөөний 10 цагийн үед гэрээсээ нохойгоо салхилуулах гээд гараад А.Б- гэрийн гадаа очсон. А.Б- гэр нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хороолол 4 дүгээр байрны 1 дүгээр орцны 12 давхрын 00 тоотод байдаг. Миний санаж байгаагаар өдрийн 12 цаг болж байсан бөгөөд А.Б- гэрийн хаалганы гадна очоод хүн байгаа болов уу гэж бодоод хаалгыг нь тогших гээд байж байтал 12 давхар дээр лифт зогсоод хүн бууж ирэхээр нь харахад С.Х- гэх эмэгтэй бууж ирээд А.Б- гэр рүү орох гэхээр нь хөөе чи энд юу хийж байгаа юм гэхэд тухайн танихгүй Хулан гэх хүн нь над руу муухай харахаар нь чи хаана ирчхиээд хаашаа орох гээд байгаа юм гээд тухайн хүний гараараа биед нь хальт хүрэхэд тухайн эмэгтэй намайг холдооч гэж хэлээд намайг баруун гараараа миний цээж рүү түлхэхээр нь би зөрүүлээд түлхсэн. Тэгээд бид хоёр бие биеийгээ хэд хэдэн удаа түлхэлцэж бие биеийнхээ үснээс зулгаалцаж байгаад дахин бие биенээ алгадсан. Мөн тухайн эмэгтэйг дахин зүүн гараараа алгадах гэхэд миний гарыг барьж аваад хойшоо дарж зүүн гарын чигчий хурууны хумсыг унагаахаар нь хоёр гараараа үснээс нь зулгааж байгаад өгзөг рүү нь өшиглөсөн.Тухайн хүн гартаа барьж байсан зүйлээ газар унагаахад харахад лаазтай пиво байхаар нь тухайн пивыг тухайн эмэгтэй рүү цацсан. Ямар ч байсан бид хоёр бие биеийнхээ үснээс зулгааж байхад гэнэт хүн гарч ирээд бид хоёрыг салгахад тухайн эмэгтэй зугтаад явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-48 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

         Дөрөв:  Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

         Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *******- нь 2022 оны 3 дугаар сарын 14-нд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 4 дүгээр байрны 12 давхарт хохирогч С.Х- “найз залуутай явалдлаа” гэх шалтгаанаар маргалдаж түүний үснээс нь зулгааж, нүүр болон толгойн тус газар нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, духны гол хэсэг, зүүн хөмсөгний гадна дээд хэсэг, хамарт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учирсан хэргийн үйл баримт авагдсан байна.

 

Шүүгдэгч *******- нь хохирогч С.Х-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

        С.Х-гийн хохирогчоор өгсөн: “...Тэгээд би нүүрээ гараараа арчиж байхад тухайн эмэгтэй буюу *******- нь үснээс зулгааж доошоо дарж хүчээр газар унагаасан. Тэгээд тухайн хүн миний нүүр, толгой руу өшиглөөд байхаар нь нүүрээ гараараа хаасан. Би тухайн хүнд ойролцоогоор 1 минут орчим зодуулсан. Нүүрээ хааж байгаад өдий зэрэгтэй зодуулсан гэхэд болно.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал), Д.Оюунбилэгийн гэрчээр өгсөн: “би найз залуу болох А.Б- байрны орцонд байна, А.Б- нь надаас өөр эмэгтэй хүнтэй харилцаад байдаг байсан, тухайн хүнтэй би сая уулзаад бид хоёр хоорондоо зодолдлоо.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-39 дэх тал), А.Б- гэрчээр өгсөн: “...Анх С.Х- нь манай гэрт орж ирэхдээ нүүрэндээ ямар нэгэн гэмтэл шарх учраагүй байсан, харин хэсэг хугацааны дараа *******-д зодуулсан гээд орж ирэхдээ дух нь урагдаж зулгарч шалбарсан, зүүн хөмсөгний дээд хэсэгт бага зэргийн шалбарсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 4345 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 53-54 дэх тал), *******-гийн яллагдагчаар өгсөн: “тухайн эмэгтэй намайг холдооч гэж хэлээд намайг баруун гараараа миний цээж рүү түлхэхээр нь би зөрүүлээд түлхсэн. Тэгээд бид хоёр бие биеийгээ хэд хэдэн удаа түлхэлцэж бие биеийнхээ үснээс зулгаалцаж байгаад дахин бие биеийнхээ алгадсан. Мөн тухайн эмэгтэйг дахин зүүн гараараа алгадах гэхэд миний гарыг барьж аваад хойшоо дарж зүүн гарын чигчий хурууны хумсыг унагаахаар нь хоёр гараараа үснээс нь зулгааж байгаад өгзөг рүү нь өшиглөсөн. Тухайн хүн гартаа барьж байсан зүйлээ газар унагаахад харахад лаазтай пиво байхаар нь тухайн пивыг тухайн эмэгтэй рүү цацсан. Ямар ч байсан бид хоёр бие биеийнхээ үснээс зулгааж байхад гэнэт хүн гарч ирээд бид хоёрыг салгахад тухайн эмэгтэй зугтаад явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-48 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.

 

Хэргийн хохирогч С.Х-гийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэргийн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******- нь “өөрийн найз залуу А.Б-тай явалдлаа” гэсэн хардалтын улмаас хохирогч С.Х-гийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Тав. Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлт гаргав. 

 

 

Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо нөхөн төлсөн  нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.  Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

            Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ...ялаас чөлөөлж ...болно” гэж хуульчилжээ.

 

            Иймд шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас  учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ болон урьд нь ял шийтгэгдэж байгаагүй хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

         

Зургаа: Бусад асуудлын талаар 

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Х-д учирсан хохирлыг баримтын хүрээнд шүүгдэгч *******- нөхөн төлсөн байх ба С.Х- нь гомдол саналгүй гэсэн хүсэлтийг шүүхийн майл хаяг руу явуулсан байна. Иймд түүнийг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурьдав.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

          1. *******-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

 2. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

 

           4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 5. *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ц.ДАЙРИЙЖАВ