| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2018/00350/и |
| Дугаар | 560 |
| Огноо | 2018-05-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 560
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2018/00350/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан сум, 9-р баг, 4-р хороолол, 4-р байрны 191 тоот Б-ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Үйлдвэрийн дүүрэг, Н-ХК-д холбогдох,
Тээврийн хөлс 1 501 060 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Бурхантын илч ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Алтангэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Хагас коксон түлш тээвэрлэх гэрээний дагуу Бурхант Илч ХХК нь Дархан-Уул аймгаас Орхон аймаг хүртэл хагас коксон түлшийг 100 % ямар нэгэн доголдолгүй тээвэрлэсэн боловч Н-ХК нь гэрээний үүргээ ноцтой зөрчиж тээвэрлэлтийн төлбөрөө төлөхгүй байна. Иймд манай байгууллагад учирсан бодит хохирол болох 1 501 060 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Бурхантын илч ХХК нь хариуцагч Н-ХК-д холбогдуулан хагас коксон түлш тээвэрлэсний хөлс 1 501 060 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Бурхантын илч ХХК-ийн захирал Б.Алтангэрэл, хариуцагч Н-ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Баясгалан нар баталгаажуулж, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хагас коксон түлш тээвэрлэх гэрээ байгуулан 08-41 Дах улсын дугаартай шланз автомашинаар 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дархан-Уул аймгаас Орхон аймаг хүртэл хагас коксон түлш тээвэрлэхээр, нэг тээвэрлэлт нь тонн тутамд 22 000 төгрөг байхаар, тээврийн төлбөрийг тээвэрлэгчийн Хаан банкин дахь дансанд хийхээр харилцан тохиролцож талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д “Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ” гэж заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн байна.
Талууд тус хоёр байгууллагын хооронд 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлсэн байх бөгөөд Н-ХК нь 1 501 160 төгрөгийн өглөгтэй гэж Тооцооны үлдэгдлийн баталгаа болгож баримт үйлдсэн байна.
Нэхэмжлэгч Бурхантын илч ХХК нь хариуцагч Н-ХК-д тээврийн хөлс 1 501 160 төгрөг нэхэмжилж 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэх гардуулсан байна.
Хариуцагч Н-ХК-ийн захирал Б.Пүрэвбаатарт шүүх нэхэмжлэлийн хувийг 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гардуулж, эрх үүргийг тайлбарлан, 14 хоногийн дотор хариу тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримт ирүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, гарын үсэг зуруулсан боловч хариуцагч нь шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван байлцуулахгүйгээр шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй”, 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар хариуцагч Н-ХК-аас 1 501 060 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Бурхантын илч ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39 000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н-ХК-аас 39000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА