| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2018/00405/и |
| Дугаар | 135/ШШ2018/00559 |
| Огноо | 2018-05-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 135/ШШ2018/00559
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2018/00405/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан сум, 8-р баг, Дархан-Уул аймгийн ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, 1 тоотод оршин суух, ******* овогт ******* А- холбогдох,
Цэвэр ус хэрэглэсэн, бохир ус татан зайлуулсан төлбөрийн үлдэгдэл 3 131 590,70 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирал *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* нь 2009 оноос өмнө 490309,44 төгрөгийн өртэй байсан. 2012 оны 7 сард 400 000 төгрөг, 2017 оны 10 сард 50 000 төгрөг, 2017 оны 12 сард 50000 төгрөг төлсөн. Түүнээс хойш төлбөр нь хуримтлагдсаар 2018 оны 2 дугаар сарын 28-ны байдлаар 3 131 590,70 төгрөг болсон байна. удаа дараа тухайн айл өрхийг хариуцсан улсын байцаагч хэрэглэсэн усны төлбөрөө төлөхийг шаардахад өгнө гэсэн тайлбарыг хэлсээр өдийг хүрсэн байна. Ам бүл 3-аар задгайгаар тооцогддог. Ам бүлд нь 2012 оны 2 сард өөрчлөлт орсон. 2009 онд ам бүл 3, хүйтэн ус задгайгаар тооцсон тохиолдолд сард нэг хүн 7,95м3 ус хэрэглэснээр тогтмол тооцдог. 3х7,95=23.85 м2 ус энэ ам бүл хэрэглэнэ. Үүнийг 1м3-ийн үнэ 420 төгрөгөөр үржүүлэхэд 23,85х420=10 017 төгрөг гарч байна. Бохир ус нь 23,85 м3 х 450 төгрөг=10 732,50 төгрөг, нэг сард цэвэр, бохир ус нийлээд 20750 төгрөг нөат нэмэгдээд 22 879,45 төгрөг гарч байна. 2010 оны 11 дүгээр сард үнийн өөрчлөлд орж 1м3 цэвэр ус 650 төгрөг, бохир ус 700 төгрөг болсон байна. 2015 оны 2 дугаар сараас цэвэр усны 1 м3 усны үнэ 900 төгрөг, бохир усных 1000 төгрөг, суурь үнэ 2000 төгрөг хураамж төлдөг болсон. 2017 оны 10 дугаар сарын 01-нд цэвэр ус 1 352, бохих ус 1495 төгрөгөөр тооцож эхэлсэн. ******* ******* ХК-ны санхүүгийн тооцоог харгалзан үзэж хэрэглэгч Алиушкагаас 3 131 590,70 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нөхөр ******* 73 настай, миний бие 67 настай, тэтгэвэрт байдаг. 4 хүүхэдтэй нэг нь ажилтай, бусад нь ажилгүй, тэтгэвэрийн зээлээ 2 жилээр авчихсан. Амьдралын боломж муу. Иймд ус ашигласны төлбөр 2 395 944 төгрөгийг боломжоороо төлж барагдуулна. Амьдралын боломжгүй байдлыг харгалзан үлдсэн 852926 төгрөгийг чөлөөлж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн ******* ******* ХК нь хариуцагч - холбогдуулан Цэвэр ус хэрэглэсэн, бохир ус татан зайлуулсан төлбөрийн үлдэгдэл 3 131 590,70 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ******* нь Дархан сумын багийн байрны 1 тоотод 20 жил 2 ам бүлээрээ амьдарч байгаа тул 3 ам бүлээр задгайгаар тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хариуцагч ******* нь цэвэр, бохир усны төлбөрт 2012 оны 7 сард 400 000 төгрөг, 2017 оны 10 сард 50 000 төгрөг, 2017 оны 12 сард 50000 төгрөг, нийт 500 000 төгрөг төлсөн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь 2009 онд ам бүл 3, хүйтэн ус задгайгаар тооцож, сард нэг хүн 7,95м3 ус, 3х7,95=23.85 м2 ус энэ ам бүл хэрэглэнэ. Үүнийг 1м3-ийн үнэ 420 төгрөгөөр үржүүлэхэд 23,85х420=10 017 төгрөг, бохир ус нь 23,85 м3 х 450 төгрөг=10 732,50 төгрөг, нэг сард цэвэр, бохир ус нийлээд 20750 төгрөг нөат нэмэгдээд 22 879,45 төгрөг, 2010 оны 11 дүгээр сард үнийн өөрчлөлт орж 1м3 цэвэр ус 650 төгрөг, бохир ус 700 төгрөг болсон байна. 2015 оны 2 дугаар сараас цэвэр усны 1 м3 усны үнэ 900 төгрөг, бохир усны үнэ 1000 төгрөг, суурь үнэ 2000 төгрөгийн хураамж төлдөг болсон. 2017 оны 10 дугаар сарын 01-нд цэвэр ус 1 352 төгрөг, бохир ус 1495 төгрөгөөр тооцож хэрэглэгч Алиушкагаас 3 131 590,70 төгрөг нэхэмжилжээ.
Хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг, Дархан сумын 5 дугаар багийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 1047 дугаартай албан бичигт *******, ******* нар нь тус багийн байрны 1 тоотод 20 жил амьдарч байгаа, ам бүл 2 болно гэжээ.
Иймд хариуцагч ******* нь 2 ам бүлээр амьдардаг болох нь дээрхи албан бичгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар хариуцагч *******гаас 2 087 727 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож, үлдэх 1 043 864 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65056 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 2 087 727 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 48354 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон бөгөөд итгэмжлэлийн дагуу *******, итгэмлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр өмгөөлөгч ******* нар шүүх хуралдаанд оролцсон болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *******гаас 2 087 727 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож, үлдэх 1 043 864 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65056 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 48354 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА